Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/58

 

                                            *******ад холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.*******ад холбогдох эрүүгийн 2231002730002 дугаартай 175/2023/0062/Э/208/2023/0043 индекстэй 2 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, 1 дүгээр баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт олон улсын А0403 дугаар авто зам дээр ******* сумаас Сүхбаатар сумын чиглэлд ******* улсын дугаартай “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.2, 11,3-т заасныг зөрчиж, урсгал сөрж эсрэг урсгалд зорчиж явсан улсын дугаартай “Нүүдэлчин” маркийн мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсfний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 17,700,000 төгрөг нөхөн төлснийг, 7,000,000 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурьдаж,

Иргэний нэхэмжлэгч Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны өмчлөлийн улсын дугаартай, “Нүүдэлчин” маркийн мотоциклийн эвдрэлийн 925,000 төгрөгийг шүүгдэгч ******* нөхөн төлснийг дурьдан,

...Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2023 оны 06 сарын 23-ны өдрийн №24 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг прокурор 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар “... эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн эхлэн тоолсугай” гэж хуульд зааснаас өөрөөр тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохоор заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай” гэж заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа ба шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах заалтыг тайлбарлан, хэрэглэж шийдвэрлээгүй нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарч байх тул мөн зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс ...шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг нэмж оногдуулсан бол хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан. Дээрх шийдвэрийг харах юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна гэдэг заалтыг зөрчиж ойлгомжгүй байдлыг бий болгож байна гэж үзэж байна. Тэгэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг ойлгох юм бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхэлж тоолох юм уу, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох юм уу гэдэг ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт маш тодорхой заасан.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай” гэж заасан байгаа. Ингэж ял оногдуулахдаа хэрхэн ямар журмаар оногдуулах юм бэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ямар зүйл заалтыг баримталж оногдуулах юм бэ гэдгийг тодорхой заагаагүй байна гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах заалтыг тайлбарлан заасан. Тэгэхээр энэ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад бичсэн нь хэтэрхий ерөнхий байдлаар тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд ойлгомжтой байх гэдэг байдлыг зөрчсөн гэж үзсэн. Дээрх хоёр зүйл заалттай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарч байх тул мөн зохих өөрчлөлтийг оруулах зөвтгүүлэх шаардлагатай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуулийн хувьд шийтгэх тогтоолын 2 дугаар заалтаар тэнссэн. 5 дугаар заалт дээр тэнссэн өдрөөс эхлэн тоолно гэж бичсэн. Уг нь бол прокурорын гаргаад байгаа саналтай нэг байна. Ойлгомжгүй буюу эргэлзээтэй байдал биш. Хууль мэдэхгүй хүнд хамгийн ойлгомжтой гарсан зүйл. Тэнссэн өдрөөсөө эхэлж тоолохын байна гэж ойлгогдож байна. Хуульд албадлагын арга хэмжээ авсан өдрөөс эхлэн тоолно гэж заасан. Эргэлзээтэй асуудал гэж үгний л юм байх шиг байна. Хугацаа бол ижил. Би үүнд нэг зүйлийг ойлгохгүй байна. Албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох юм уу, тэнссэн өдрөөс тоолох юм уу. Тэнссэн өдөр 2023.05.30-ны өдөр, албадлагын арга хэмжээ авсан нь ч бас 2023.05.30-ны өдөр буюу нэг л өдөр байгаа. Энэ ялыг авсан өдрөөс эхлээд машинаа барихгүй байгаа. Тэр өдрөөсөө эхэлж тоолох зүйл дээр хоёр өдөр байгаа юм шиг яриад байгааг нь ойлгохгүй байна. Хууль хэрэглээний хувьд тэнссэн өдрөөс эхлээд гэсэн үг байхгүй албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлээд тоолно гэсэн байгаа. Үг үсгийн хувьд засаад шийдчих боломжтой гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмэгдэл ялаар оногдуулсан гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт улсын яллагч тайлбарласныг буруу гэж үзэж байна. Харин ч хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж тодорхой заасан. Үүрэг хүлээлгэсэн байна. Ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гээд үүрэг хүлээлгэсэн. Ийм учраас анх эрх хасах ял оногдуулсан тэнссэн учраас ялын үр өгөөжтэй байх тал дээр онолын хувьд үзсэн болов уу гэж үзэж байна. Хэрвээ тэнссэн хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд албадлагын арга хэмжээ авна гэж үзэх юм бол тэнссэн хугацаандаа машинаа бариад явж болох юм уу. Тэнссэн хугацаагаа оруулаад 3 жил гэж үзэх юм бол бүр эрх зүйн байдал нь дордоод 5 жил болох гээд байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн 2231002730002 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт олон улсын А0403 дугаар авто зам дээр ******* сумаас Сүхбаатар сумын чиглэлд ******* улсын дугаартай “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.2, 11,3-т заасныг зөрчиж, урсгал сөрж эсрэг урсгалд зорчиж явсан улсын дугаартай “Нүүдэлчин” маркийн мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Амарсайханы мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 40-41,45, 2-р хх-ийн 11-16-р ху/, гэрч /1-р хх-ийн 47-48-р ху/, /1-р хх-ийн 50-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07 ны өдрийн №59 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 56-59-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23 ны өдрийн №252 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 61-62-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №253 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 67-68-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №138 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 75-76-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №139 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 82-83-р ху/,Тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийсэн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №18-07-022/14 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 89-91-р ху/, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийсэн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №18-07-022/15 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-100-р ху/, Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06 ны өдрийн №13 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 114-115-р ху/, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

3.Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

4.Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д ...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно... гэж хуульчилсан тул уг хугацааг тэнссэн үеэс тоолохоор заасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.  

5.Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага буюу ирээдүйд үүсэж болох нөхцлийн талаар заагаагүй боловч Тодорхойлох хэсэгтээ шүүх тодорхой эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн  

5 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан өдрөөс эхлэн тоолсугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

           3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ