Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 163

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /№0200/,

хохирогч Я.Алтангэрэл, Л.Зулжаргал,

хохирогч Н.Батболдын өмгөлөөгч А.Төмөрчулуун /№0987/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ийн Т-д холбогдох 201301051244 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 охин, хүргэний хамт тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороолол 73-602 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт А-ийн Т /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч А.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Т 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Зулжаргалаас "манай хүүхэд Солонгос улсад сурдаг, төлбөрийг нь төлөх гэсэн юм" гэж худал хэлэн, Ц.Бямбажавын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 10-4 тоотод байх 2 давхар байшинг барьцаалан 11.000.000 төгрөг, мөн 2013 оны 02 дугаар сард "Cap шинэ" банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэл 200.000 төгрөг төлчихөөд "Хаан" банкаас зээл авч чиний мөнгийг төлнө гэж хуурч 200.000 төгрөг нэмж аван нийт 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” нэртэй барилга дотор байрлах Хаан банкинд хохирогч Ц.Батболдоос "Улаанбаатар хот дахь зээлээ чөлөөлүүлэн Дархан-Уул аймгаас Болорсайханы нэр дээр 30.000.000 төгрөгийн зээл авна" гэж хуурч 28.556.650 төгрөгийн зээлийг чөлөөлүүлэн,

Мөн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Оюунцэцэгийн алтан нуухтай дунд гарын хөөргийг зарж өгнө гэж хуурч Ч.Мягмарсүрэнгээс авч Х.Оюунцэцэгт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Я.Алтангэрэлээс Солонгос улсад суугаа нөхөр лүүгээ өгч явуулахаар худалдан авна гэж хуурч хуучны алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэгийг залилан авч 12.500.000 төгрөгний хохирол учруулсан,

 Мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түшээ Гүн" ХХК-ийн байранд Д.Бүтэнбаярт гадаадаас элэгний эм оруулж ирэх ашигтай бизнест хамтран ажиллана гэж  хуурч 4.800.000 төгрөгийн хохирол уяруулан залилсангэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “Би Зулжаргалаас 11.200.000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ би хүүхдийнхээ төлбөрийг өгөх гэж байна гэж аваагүй. Би өөрийнхөө “Түмэн гэгээ” нэртэй сургалтын төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэх гэж авсан. Уг мөнгөний зарцуулалтыг хавтаст хэрэгт тусгасан байгаа. Би энэ хохирлыг барагдуулна. Хохирогч Батболдын хохиролтой холбоотой ярих зүйлгүй. Хохирлоо барагдуулна. Бүтэнбаяр гэдэг хүнтэй элэгний эм сураглаж ярилцаж танилцсан зүйл байхгүй. Харин түүний найз Одноогоос 2015 оны 12 дугаар сард 3.5 сая төгрөг мобайл банкаар авсан. Тухайн үед би, Улсын их хурлын гишүүн байсан Балдан-Очир гэдэг хүнээс элэгний эм оруулж ирнэ гээд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад 1000 хайрцаг тариа Оросын холбооны улсаас оруулж ирж байсан баримт бичиг байгаа. Би Бүтэнбаяраас мөнгө аваадгүй. 02 дугаар сарын 04-нд Одноо над руу залгаад би нутаг руугаа явах гэсэн юм, 4.8 сая төгрөг хэрэгтэй байна. Би машинаа хүнд зээлсэн чинь өгөхгүй байна. Та манай найзтай нотариатаар ороод 4.8 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд өгөөч гэсэн. Тэгэхэд би Одноогоос яагаад 3.5 сая төгрөг чинь 4.8 сая болж байгаа юм бэ гэхэд Түмээ эгчээ би машинаа ломбарданд тавьсан байгаа түүний хүү, зогсоолын мөнгө гээд 1.3 сая төгрөг болчихлоо, хоёулаа дараа тооцож болно гэсэн. Тэгээд намайг Бүтэнбаяр гэдэг хүнтэй 4.8 сая төгрөгийн зээлийн гэрээ хийлгэсэн боловч би 4.8 сая төгрөг Бүтэнбаяраас аваагүй. Дараа нь 3 дугаар сарын 17-ны өдөр Одноо над руу залгаад би Хятад явж чадаагүй надад мөнгө хэрэгтэй байна гэхэд нь 300.000 төгрөг Одноогийн данс руу шилжүүлсэн. Оюунцэцэг гэдэг хүнийг би таньдаггүй байсан. Мягмарсүрэнгээр хөөргөө заруулах гээд тавиулсан байсан. Намайг Солонгосуудтай хамтран ажилладаг байхад Мягмарсүрэн надтай уулзаад би танай хөрөнгө оруулалтыг сонирхож байна гээд Түмээ миний дүү мөнгөний хэрэгцээ байвал хэлээрэй гэсэн. Солонгосуудыг ирэхэд хамт хоолонд ороод явж байсан. Сүүлд Мягмарсүрэнгээс мөнгө асуухад эгчид нь одоо мөнгө алга, гэхдээ чиний урд аваад өгч хөөрөг байгаа. Тэрийг чи аваад зарж чадвал аваад яв гэсэн. Бас нэг 20 сая төгрөгийн хөөргө байгаа гэхэд нь тэрийг би авахгүй гэсэн. Тэгээд өмнө авч байсан хөөргийг аваад 4.5 сая төгрөгт зарсан. Оюунцэцэгийн хохирлыг төлсөн. Хохирогч Алтангэрэлийн хөөргүүдийг авсан нь үнэн. Би 2012 оноос хойш Зулжаргал, Батболд нараас мөнгө авсан нь үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг барагдуулна гэж бодож байна” гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Зулжаргал мэдүүлэхдээ: “2012 оны 12 дугаар сараас хойш нийт 11.200.000 төгрөгийг авсан. Түүнээс хойш мөнгө өгөхгүй байж байгаад 2017 онд 3 удаагийн төлөлтөөр 750.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл нь 10.450.000 төгрөгийг нэхэмжилж байна. Түмэндэмбэрэл хохирол төлөхгүй удаж байна. Анх авахдаа сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээл гэсэн.”гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Алтангэрэл мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр фэйсбүүкээр хөөргөө зарах тухай зар тавьсан байсан. Тэгэхэд Түмэндэмбэрэл надтай холбогдоод би хөөргийг чинь сонирхож байна. Нөхөртэй үзүүлэх гэсэн юм гэсэн. Тэгээд 2 сард цалин орохоор мөнгийг нь өгнө. Маргаашнаас урьдчилгаа болгож нэг сая төгрөг өгнө гэсэн. Маргааш нь болсон, нөгөөдөр болсон өгөөгүй. Тэгээд манай гэрийнхэн уурлаад ар өврөөс нь утасдаж байж 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Сүүлд хөөргөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст байхыг харсан. Одоо би хөөргөө авчихвал гомдол санал байхгүй” гэх, 

хохирогч Л.Зулжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр интернэт орж 10 сая төгрөг 6-н сарын хугацаатай мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавьсан. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Түмэндэмбэрэл гэдэг хүнтэй уулзсан. Түмэндэмбэрэл "манай хүүхэд Солонгос улсад сурдаг хүүгийнхээ төлбөрийг төлөх гэсэн юм. Чи 10 сая төгрөг дээрээ нэмээд 1 сая төгрөг нийт 11.000.000 төгрөг зээлдүүлж чадах уу" гэсэн. Харин би "тэр болно, та ямар хугацаатай, барьцаанд нь юу тавих юм" гэж асуухад Түмэндэмбэрэл нь барьцаанд Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг 2 хороолол 10-4 тоот гэсэн Цэндийн Бямбажав гэсэн хүний нэр дээр 000194923 улсын дугаар 2003015931 тоот гэрчилгээтэй 126 кв метр 2 давхар өвлийн байшинг “Голомт" банкинд 10 сая төгрөгний барьцаанд тавих эрхийг олгов гэсэн итгэмжлэл үзүүлсэн. Мөн үл хөдлөх хашаа байшингийн гэрчилгээний эх хувь, "Түмэн гэгээ" ХХК гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, түрээсийн гэрээ зэрэг баримт бичгийг надад барьцаанд үлдээж надаас 11.000.000 төгрөгийг бэлнээр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. 1 сарын хугацаа дуусаад Түмэндэмбэрэлээс мөнгө авмаар байна гэж хэлэхэд Түмэндэмбэрэл би банкнаас зээл хөөцөлдөж байгаа мөнгөө аваад зээлээ алданга, хүүгээ бүрэн төлнө санаа зоволтгүй гэсэн. 2013 оны 02 сард Түмэндэмбэрэл залгаад Хаан банкинд зээлийн бичиг баримт бүрдүүлж байгаа чамд барьцаанд тавьсан миний хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Түмэн гэгээ компанийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгтэй байна, Хаан банкнаас зээл аваад бүх мөнгөө төлнө гэсэн.

Нэг өдөр Түмэндэмбэрэл "Cap шинэ" гэдэг банк бус санхүүгийн газар хүнд зээл авч өгсөн байсан тэнд 200.000 төгрөгний үлдэгдэлтэй байна энэ мөнгийг төлөхгүй бол зээл өгөхгүй байна гэж хэлэхээр би Түмэндэмбэрэлд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш утсаа авахгүй зээл бүтээгүй хүлээгдээд байна гэх мэт худлаа ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй уулзахаа больсон" гэх мэдүүлэг /1хх-ийн 9х/

гэрч Ю.Болорсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Түмэндэмбэрэл зээл авч болно хэд л бол хэдэн төгрөгний зээл авч болно гэхээр нь 5 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дарханд ирээд бид 2 уулзсан. Би Түмэндэмбэрэлд манай нөхрийн нэр дээр байдаг улсын бүртгэлийн V-2003015931 тоот гэрчилгээ 126 м кв 2 давхар байшингийн гэрчилгээ, 500 м кв хэмжээтэй газрын гэрчилгээний хамт 2 гэрчилгээг 10 сая төгрөгний барыдаанд тавьж болохоор итгэмжлэл хийж өгсөн. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Түмэндэмбэрэл Голомт банкнаас 6 сая төгрөгний зээл авсан гээд надад 3 сая төгрөг өгсөн. 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 166.000 төгрөг зээлийн төлөлт гэж Түмэндэмбэрэлийн Хаан банкны 5007635846 гэсэн данс руу хийсэн. 2013 оны 2 сард Голомт банкнаас авсан мөнгөө чөлөөлсөн, Хаан банкнаас зээл авахаар болсон гээд Дарханаас манай хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа гаргуулж авсан. Түмэндэмбэрэл зээл бүтэхгүй байна гээд 2013 оны 4 сард надад 1 сая төгрөг өгсөн. Хаан банкнаас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр залгаж Бямбажав гэдэг хүний утас мөн үү гэж асуугаад та 2 Түмэндэмбэрэлд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ итгэмжлэл гаргаж өгсөн үү энэ хүн зээлээ байнга удаашруулж хэл ам татдаг одоо зээлээ төлөхгүй 20 хоночихлоо 90 хоног болвол хашаа байшинг хураана гэсэн. Хаан банк Түмэндэмбэрэлийг сард 1,7 сая төгрөг төлөх ёстой гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 10х/,

гэрч С.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "манай ээж Зулжаргал гэдэг хүнээс 11.200.000 төгрөг зээлж авсан талаар мэдэж байсан. Энэ зээлсэн мөнгөө "Түмэн гэгээ" сургалтын төвийн ажилд зарцуулсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 12х/,

хохирогч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Түмэндэмбэрэл банкнаас 30 сая төгрөг зээлж авсан одоо 28.656.650 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ зээлийг чөлөөлөөд өөр зээл авах гэж байгаа гэж надад хэлсэн. Би энэ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэн нь ямар хүн байгаа юм бэ гэж асуухад энэ үл хөдлөх эд хөрөнгийн эзэн нь Дарханд байгаа Бямбажав, Болорсайхан гэж эхнэр нөхөр 2 байгаа би энэ 2 хүнтэй хамтарч зээл авсан. Одоо энэ Хаан банкинд байгаа зээлийг төлөөд хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч байгаад Дарханд Хаан банкаас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан цалингийн зээл 40 сая төгрөг зээл авах гэж байгаа хүү нь байдаг юм гэж надад дарханы Хаан банкны зээлийн шийдвэрийн хуулбар үзүүлсэн. Тэр Хаан банкны шийдвэр дээр Дархан аймаг ажилладаг Болорсайхан Бямбажав нарт үл хөдлөх хөрөнгө цалингийн 40 сая төгрөгийн зээл олгоно гэсэн байсан. Би Түмэндэмбэрэлд эзэнтэй нь яръя гээд Болорсайхантай утсаар ярихад Хаан банкинд манай үл хөдлөхийн 2 гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан байгаа би Түмэндэмбэрэлтэй хамтарч зээл авсан байгаа надад УБ хотод Хаан банкинд таньдаг хүн байхгүй болохоор Түмэндэмбэрэлд хотод Хаан банкинд таньдаг хүн байгаа болохоор зээл авсан байсан би ДУА-н Хаан банкнаас 40 сая төгрөгийн зээл авах гэж байгаа. Одоо надад манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна. Та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ чөлөөлөөд өгчих юм бол би Дархан-Уул аймгийн Хаан банкнаас зээл авахаар шийдвэр гарсан байгаа гэсэн. Болорсайхан Хаан банкны шийдвэрийг Түмэндэмбэрэлд факсаар явуулсан байсан. Би тэр шийдвэрт нь итгээд Түмэндэмбэрэлтэй очоод 28.556.650 төгрөгийг Хаан банкинд төлж Түмэндэмбэрэлийн зээлийг чөлөөлж Бямбажавын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118х/,

гэрч Г.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Түмэндэмбэрэл гэдэг хүн 2013 оны 02 дугаар сард манай банкинд зээл авах гэж байгаа юм гэж хэлж өргөдөл, материалаа өгсөн. Би материалыг нь үзээд иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт нь дутуу байхаар нь бичиг баримтаа бүрдүүл гээд буцаагаад явуулсан. Түмэндэмбэрэл 3 хоногийн дараа бусад бичиг баримтаа бүрдүүлээд ороод ирсэн. Тэгээд би Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эзнийг нь авчирч уулзуул гэхэд Түмэндэмбэрэл энэ үл хөдлөх хөрөнгийн эзэн Бямбажавыг Солонгос улсад байгаа гэхээр би тэгвэл энэ Бямбажавын хийж өгсөн итгэмжлэл үндэслэлгүй тул зээл өгөх боломжгүй та Бямбажавтай элчин сайдын яамтай холбоо барьж итгэмжлэл хийлгээд ирэх юм бол зээл олгож болно гэж хэлсэн. Харин Түмэндэмбэрэл удалгүй элчин сайдын яамнаас авсан гээд манайд Солонгос улсын элчин сайдаар дамжуулж Бямбажав өөрөө хийж явуулсан гэсэн Итгэмжлэл эх хувийг авчирсан. Түмэндэмбэрэл 2-3 хоногийн дотор каргогоор ирсэн гэж хэлж байсан. Би энэ 2 итгэмжлэлийг хуурамч гэдгийг нь мэдээгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121х/

гэрч Ц.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр "Хаан" банкны Дарь-Эхийн салбарын Түмэндэмбэрэлтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг баталгаажуулж өгсөн. Уг зээлийн баримтанд зээлийн болон барыдааны гэрээ хавсралтын 2013 оны 3 дугаар сарын 25-нд Сөүл хотод үйлдэгдсэн гэх итгэмжлэл Ү-2003015931 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ зэргийг надад авчирсан. Би гэрээг эх хувиар нь баталгаажуулсан, харин хавсралт болгож хийсэн орон сууц барьцаанд тавих итгэмжлэл гэрчилгээ хоёрыг нь их хувиараа ирснийг тамга дарж өгсөн. Гэхдээ уг гэрчилгээ итгэмжлэл хоёрыг би баталгаажуулж өгөөгүй. Би баталж өгсөн гэрээ бусад баримт бичгийг хуулбарлаж авсан. Түмэндэмбэрэл гэдэг хүн надад ямар ч итгэмжлэл батлуулаагүй, харин иргэн Бямбажавыг Сөүл хотод амьдарч байгаа 2013 оны 3 дугаар сарын 25-нд Сөүл хотод үйлдэгдсэн гэх итгэмжлэл Ү-2003015931 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг нь тамга дарж өгсөн. Би уг итгэмжлэлийг хуурамч гэж мэдээгүй уг итгэмжлэл нь БНСУ-аас ирсэн байсан тул шалгах боломжгүй байсан. Уг итгэмжлэлийг Банк өөрөө шалгах үүрэгтэй байдаг..." гэх мэдүүлэг /1хх-ийн 180х/,

Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамны Е-К22/14/123 тоот "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тавьсан хүсэлтийн дагуу Сөүл дэх Элчин сайдын яаманд 2013 оны 03 сарын 25-ны өдөр хийгдсэн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрийг шүүж үзэхэд Ц.Бямбажав гэдэг иргэн итгэмжлэл хийсэн гэх бүртгэл байхгүй байна" гэх албан бичиг/1хх-ийн 215х/,

хохирогч Х.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2014 оны 9 дүгээр сарын эхээр найз Мягмарсүрэнд шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөргийг 14 сая төгрөгөөр заруулахаар дэлгүүрт тавиулсан. 2015 оны хавар Мягмарсүрэнгээс хөөрөг юу болсон гэхэд Мягмарсүрэн хүмүүст үзүүлж байгаа гэсэн. 2015 оны 4 сард Түмэндэмбэрэл гэх хүн бэлэн мөнгөөр авах хүн байна Мягмарсүрэнгээс аваад явсныг сүүлд нь надад хэлсэн. Мягмарсүрэнгээс хөөргөө асуусан чинь хүнд заруулах гээд өгсөн мөнгөө цувуулж өгнө, бүтнээр нь өгч чадахгүй байна гэсэн. Тэгээд Түмэндэмбэрэлд мөнгөө өгөхгүй алга болсон" гэх мэдүүлэг /3хх-ийн 61х/,

гэрч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Түмэндэмбэрэл манай лангуун дээр дээр байсан Оюунцэцэгийн алтан нуухтай шүрэн толгойтой хуучны халтар манан хөөргийг заруулахаар тавьсан байсныг Түмэндэмбэрэл энэ хөөргийг чинь би хүнд үзүүлээд ирье өмгөөлөгчийн таньдаг хүн үзье гээд гуйгаад байсан. Тэгэхээр би Оюунцэцэгээс асууж өгье гээд удаагүй байсан чинь Түмэндэмбэрэл манай дэлгүүрийн гадаа ирсэн байсан. Оюунцэцэг намайг өөрөө мэдэхгүй юу, найдвартай юм уу гэсэн. Түмэндэмбэрэл шалаад гуйгаад байхаар нь хөөргөө өгөөд явуулсан. Би Түмэндэмбэрэлд зарж чадвал мөнгийг нь аваад ир чадахгүй бол хөөргөө аваад ир гээд 1 сарын хугацаа өгсөн. 1 сарын дараа ярихад хүнд байгаа гэсэн. Тэрнээс хойш нилээн удаж байгаад асуусан чинь зарчихлаа гэсэн. Тэгсэн Түмэндэмбэрэл зараагүй ломбарданд 4,5 сая төгрөгийн барыдаанд тавьсан байсан. Оюунцэцэг хөөргөө надад 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн, би Түмэндэмбэрэлд 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн. Уг хөөрөг нь 32 грамтай 23 дм шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай хуучны дунд гарын халтар манан хөөргийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн" гэх мэдүүлэг /3хх-ийн 64х/,

хохирогч Д.Бүтэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Викториа центрийн А блокод 2016 оны 01 дүгээр сард Түмэндэмбэрэл гэх эмэгтэйтэй элэгний эм сонирхож явж байгаад танилцсан. Тэгээд утасны дугаараа солилцсон. 2016-2-05-ны өдөр Түмэндэмбэрэл над руу залгаад 4,8 сая төгрөг 14 хоногийн хугацаатай зээлээч гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. 4,8 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Түшээ гүн ХХК-н байранд бэлнээр нь авсан. 14 хоноод өгнө гэсэн ба 14 хоногийн дараа залгахад гар утсаа авахгүй алга болсон" гэх мэдүүлэг /4хх-ийн 67х/

хохирогч Я.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Түмэндэмбэрэл болон түүний хүргэн Билгүүдэй нарт хуучны алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай, дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэгийг өгсөн. Би хөөрөгнүүдээ өгөхдөө гартааман хөөргийг 3,5 сая төгрөг, харлаг манан хөөргийг 8,5 сая төгрөгөнд бодож өгсөн. Гэтэл Түмэндэмбэрэл намайг нийлүүлээд 10 саяд өгчихөөч гэхээр нь би өгсөн. Түмэндэмбэрэл анх надаас хөөрөг авахдаа Солонгос улсад суугаа нөхөр лүүгээ өгч явуулах гэсэн юм гэж хэлээд авсан. Авсанаас 1-2 хоногийн дараа урьдчилгаа олгож 1-2 сая төгрөг өгнө үлдсэнийг нь 2016 оны 02 сарын 16, 20-ны өдөр нөхрийн цалин буухаар өгье гэж хэлээд эхлээд амаар тохирч авсан. Ингээд 2 хоногийн дараа мөнгөө өгөхгүй болохоор нь би өөрөө араас нь хөөцөлдөж байж олж аваад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өөр БЗД-н хажууд байх ноториат орж гэрээ хийж авсан. Энэ хугацаанд би Түмэндэмбэрэл рүү ярихад намайг хэл амаар доромжлоод ажилтай байна гээд байсан" гэх мэдүүлэг /4хх-ийн 165х/

гэрч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Алтангэрэл 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Түмэндэмбэрэл гэх эмэгтэйд хуучны халтар манан хөөрөг, алтан нуухтай, даваа толгойтой, цагаан гартааман хөөрөг алтан нуухтай хуван толгойтой хөөргийг нийлүүлж 10 сая төгрөгөнд бодож зарсан. Мөнгийг нь бэлнээр аваагүй зээлээр өгсөн. Түмэндэмбэрэл 1 дэх өдөр 1 сая төгрөгийг өгнө үлдсэн 9 сая төгрөгийг 2 сарын 13-ны өдөр өгнө гэж хэлээд авсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй залилаад байгаа. Би тухайн үед Түмэндэмбэрэлтэй утсаар ярьж гэрээ хийе гэж хэлэхэд чи ямар сонин хүүхэн бэ эрэгтэй хүний наймаан дундуур орлоо юм үзээгүй хэдхэн төгрөгний хойноос тэрийг чинь өгч л таарна гэж загнаад байсан" гэх мэдүүлэг /4хх-ийн 166х/,

гэрч С.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... харлаг мана хөөрөг нь хуучны удам дамжсан хөөрөг байсан ба бөөрөн дээрээ имэрсээр байгаад хонхойсон мөртэй, их л гоё өнгөтэй, алтан нуухтай, даваа толгойтой, энгийн ясан халбагатай хөөрөг байсан" гэх мэдүүлэг /4хх-ийн 227х/

зээл авахад ашигласан Ц.Бямбажавын итгэмжлэл /1 хх-ийн 6, 101х/, зээл хааж төлбөр төлсөн баримт /4 хх-ийн 6х/, Ц.Бямбажавын БНСУ-аас хийж явуулсан гэх итгэмжлэл /1хх-ийн 131х/, геологийн лаборторын 2016.8.19-ны өдрийн 818 тоот албан бичиг, /4хх-ийн 102х/, хохирогч Д.Бүтэнбаяртай хийсэн зээлийн гэрээ /4хх-ийн 73х/, хэрэгт эд мөрийн баритмаар хураагдан ирсэн хөөрөг 1 ширхэг, “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-ийн 59х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Т нь бусдыг хуурч гадаад улсад сурч буй хүүхдийнхээ төлбөрийг төлөх хэрэгтэй байна, ХААН банкинд зээлтэй байгаа тэр зээлийг чөлөөлчихвөл бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авна гэж өөрийн банкиндах зээлээ чөлөөлүүлэх, ашигтай эмийн бизнес байна хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хөөргийг чинь худалдаж авч Солонгост байгаа нөхөртэй өгөх гэсийм гэх зэргээр бусдыг хуурч зохиомол байдалыг зориудаар бий болгож, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ч.Мягмарсүрэнгээс, иргэн Х.Оюунцэцэгийн эзэмшлийн хөөргийг борлуулж өгнө гэж тус тус залилан бусдад нийт 63.056.650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч А.Т нь бусдыг хуурч залилан нийт 63.056.650 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс хохирогч Л.Зулжаргалд нийт 11.200.000 төгрөгийн хохирол учруулсанаас зарим хэсгийг нь төлж барагдуулан /6хх-ийн 41-44х/ одоо 10.450.000 төгрөгийн үлдэгдэлтэй, хохирогч Ц.Батболдоос нийт 28.556.650 төгрөгийн хохирол учруулсанаас зарим хэсгийг нь төлж барагдуулан одоо 20.736.650 төгрөгийн үлдэгдэлтэй, хохирогч Д.Бүтэнбаярт 4.800.000 төгрөгийн хохирол учруулсанаас нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч А.Тээс нийт 35.986.650 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Зулжаргал, Ц.Батболд, Д.Бүтэнбаяр нарт оногдох хувиар нь олгуулахаар шийдвэрлэв. Дээрхи хохиролын тооцоог гаргахдаа шүүх хуралдаанд хохирогч Л.Зулжаргал, хохирогч Ц.Батболдын өмгөөлөгч А.Төмөрчулуун нар оролцсон бөгөөд тэдгээр нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

Харин шүүгдэгч Х.Оюунцэцэгийн хохиролын хэмжээ нь “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар 6.000.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Т, хохирогч Х.Оюунцэцэг нар нь сайн дурын үндсэн дээр хохирол төлөх график гарган гэрээ байгуулсан байх ба 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд /3хх-ийн 93, 94, 6хх-ийн 99х/ болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэв.

Хохирогч Я.Алтангэрэлээс нийт 12.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөөргийг шүүгдэгч нь залилсан байх ба үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад алтан нуухтай  түвд хуван толгойтой гартаам хөөргийг буцаан өгсөн /5хх-ийн 44х/ байна. Одоо хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн харлаг манан хөөрөг 1 ширхэг нь хохирогч Я.Алтангэрэлийн хөөрөг мөн болох нь тогтоогдож, түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч нь хохирогч Я.Алтангэрэлд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Тд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын заримыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн торгон эмжээртэй, цагаан шаргал өнгийн хээтэй, цэнхэр өнгийн торгон даалинтай, сүүлийн үеийн даваа толгойтой, нуухны тав нь мөнгөн, ясан халбагатай, хуучин цагийн харлаг манан 1 ширхэг хөөрөг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Я.Алтангэрэлийн эзэмшлийн хөөрөг болох нь тогтоогдсон, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Алтангэрэлд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт А-ийн Т-ийг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.Тд 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч А.Тийн цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тээс нийт 35.986.650 /гучин таван сая есөн зуун наян зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Зулжаргал /РД:ЙГ80112509/-д 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Н.Батболд /РД:ФБ85050839/-д 20.736.650 төгрөг, хохирогч Д.Бүтэнбаяр /РД:ШБ69092110/-т 4.800.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн торгон эмжээртэй, цагаан шаргал өнгийн хээтэй, цэнхэр өнгийн торгон даалинтай, сүүлийн үеийн даваа толгойтой, нуухны тав нь мөнгөн, ясан халбагатай, хуучин цагийн харлаг манан хөөрөг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Я. Алтангэрэл /РД:ИЕ70012478/-д буцаан олгосугай.

 

8. А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.БАТГЭРЭЛ