| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0125/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 166
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Г.М,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа /№5120/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Г-ын М, Б овогт Л-гийн Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013580007 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын М /РД: /,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт хяналтын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Б /РД: /,
яллагдагч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 55-830 тоотод иргэн Л.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, баруун шагайнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Заяа хашаа давж орж ирээд байшингийн хаалгыг нь татаж орж ирээд шууд надруу дайрч үснээс зулгаагаад, гутлаараа олон удаа миний гар, гэдэс, цээж хэсэг рүү 10-аас дээш удаа цохиж өшиглөсөн. Тухайн үед Заяа арзгар ултай том гуталтай явж байсан. Би тэр үедээ нүүрээ хамгаалаад газар хэвтэж байхдаа хоёр гараа нүүрнийхээ урд бариад хамгаалаад хэвтэж байсан. ...Надад зодуулсан асуудал дээрээ ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
гэрч Ш.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Бадамханд нь илүү түлхүүр аваад гэрээс гараад гаднаас нь түгжсэн. Манай хаалга дотор талаасаа ямар нэгэн түлхүүр шаардахгүйгээр онгойдог болохоор бид нар араас нь гарсан юм. Харин тэрийг Бадамханд, Мөнхзаяа цонхоор гарсан гэж буруу ойлгосон юм шиг байгаа юм. ...эхлээд Мөнхзаяа хашааны хаалга цохиод орилоод байсан. ...хаалга нүдэж орж ирээд шууд Бадамханд руу дайраад үсдээд байсан. Тэр үед нь ээж Цээгий орж ирээд хүүеэ болиочээ гээд салгасан. Мөн Бадамхандыг өшиглөөд байсан. Дараа нь бас гадаа гарсаны дараа гудамжинд ноцолдоод үснээс нь зулгаагаад байхаар нь Бадамханд тавиулах гээд гуянаас нь хазсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №14279 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Бын биед баруун гарын бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, баруун шагайнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 33х/ гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55-830 тоот хашааны гадаа иргэн Г.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны сорви /шарх/, баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үеэлийнд буяны ажил гараад би туслахаар очсон. Г.Мтай үеэлээрээ дамжуулж 2015 онд гутал өгөлцөж, авалцсан мөнгөний тооцоо байсан. Мөнгөө нэхэх гэхээр миний утсыг блок хийгээд надтай харьцахгүй байсан. Би “чи өөрийн боломжоороо л өгчих” гэж би хэлдэг байсан. Тухайн өдөр би ээжээс нь Г.Мгийн гар утасны дугаарыг нь тодруулах зорилгоор гэрт нь орсон. Тэгтэл ээж нь согтуу байсан бөгөөд надруу сэрээ барьж дайрахаар нь би үеэлийндээ ороод буяны ажилд нь тусалж байтал Г.М гаднаас орж ирээд “чи яахаараа манай гэрт орж мөнгө нэхдэг юм гэж” намайг заналхийлээд үсдэж дарсан. Г.М нь согтуу байсан. Миний үсийг маш их хэмжээгээр зулгааж, арзгар ултай гутлаараа миний нүүрлүү хөшиглэх гэхээр нь би нүүрээ хамгаалсан. Айлын эхнэр нөхөр 2 салгах гээд дийлээгүй. Би Г.Мд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би арай гэж салаад айлын гэрээс түлхүүрийг нь авч хаалгыг гаднаас нь түгжээд тавчиктай гараад хашааны үүдэнд нь зогсож байтал Г.Мгийн барьж ирсэн такси мөнгөө авах гээд гадаа хүлээж байхаар нь “эгч нь хувцасаа авчихаад чамтай явъя, чи түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би гудамж уруудаад тавчиктай гүйхэд Г.М миний араас ирээд намайг дахин үсдэж доошоо дараад толгой руу олон удаа цохисон. Хаалга үүд нүдээд ална, хядна гээд байхаар нь би 5 удаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаа зодоон болсон газар ирсэн. Хэрэг болсон өдрөө 20 цагын үед би цагдаад хандтал та согтуу байна, таниас мэдүүлэг авахгүй гэхээр нь “би зүгээр байна, зодуулсан болхоор тэгж харагдаж байна” гэхэд намайг тандалд багаж үлээлгээд зүгээр байна гэж хэлээд надаас мэдүүлэг авсан юм. Хэдэн өдөр би ажилдаа явж чадаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, хараагүйчүүдийн барианы газар толгойгоо бариулсан. Би өөрийгөө гэмт хэргийн хохирогч гэж үзэж байна. Эрүүл мэнд, мөнгөөр би хохирсон. 2015 оны 350.000 төгрөгөө одоо хүртэл авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй боловч тэр баруун гарын хоёрдугаар хурууны сорви гэдгийг нь би мэдэхгүй. учруулаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 47х/,
хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би тэгэхээр нь Бадамхандад хандаж яагаад надтай нэг ч удаа утсаар яриагүй байж манай гэрт агсан согтуу тавиад мөнгө төгрөг нэхээд байгаа юм бэ гэсэн чинь Бадамханд гуталны мөнгөө авмаар байна гэсэн. Тэгсэнээ намайг Бадамханд үсдээд дараа нь бид хоёр газар шалан дээр бие биентэйгээ ноцолдоод Мөнхөө, Энхээ хоёр бид хоёрыг салгах гээд бужигнаж байтал Бадамханд гэрээс гарч явсан ба бид нар бас араас нь гарсан чинь Бадамханд хашааны гадаа зогсож байсан. Тэгээд бид хоёр дахиад гудамжинд дээр доороо орж ноцолдоод байж байтал Бадамханд миний баруун талын гуянаас хазсан. ...Надад одоо ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/
гэрч Б.Пүрэвцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөнхзаяагийн дуу гараад байхаар нь би гарсан чинь Энхээгийн гэрийн гадаа байж байхаар нь би очоод Энхээгийн гэрлүү орсон чинь Мөнхзаяа, Бадамханд хоёр хоорондоо гуталны мөнгөнөөс болж маргалдаад хоорондоо үсдэлцээд байсан ба би Мөнхзаяаг салгаад байж байтал Бадамханд гэрээс гарч яваад хашааны гадаа байж байсан чинь Мөнхзаяа араас нь гараад би болон Мөнхөө, Энхээ нар хамт бас гарсан чинь манай охин Мөнхзаяа, Бадамханд хоёр дээр доороо гараад ноцолдож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
гэрч А.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг тэнд очих үед хоёр эмэгтэй, нэг эрэгтэй халамцуу байдалтай гудамжинд бид нарыг хүлээж байсан. Эрэгтэй нь нилээн согтуу байсан ба зодуулсан гэх эмэгтэйгийн үс нь нилээн унасан байсан. Харин зодсон гэх эмэгтэйгийн гэрт нь очиход орон дээрээ хэвтэж байсан ба ойртоход архи үнэртэж байсан. ...Тэр эмэгтэйгийн баруун гуянд хазуулсан шарх байсан. Тэрнээс өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №154 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Мгийн биед баруун гарын 2 дугаар хурууны сорви /шарх/, баруун гуяны шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-ийн 36х/ гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үед “...энэ хэргийг үйлдээгүй, аргагүй хамгаалалт хийж Г.Мгийн гуя хэсгийг хазсан...” гэж маргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтад шүүхээс дүгнэлт хийхэд:
мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Мгийн хохирогчоор өгсөн: “...Тэгсэнээ намайг Бадамханд үсдээд дараа нь бид хоёр газар шалан дээр бие биентэйгээ ноцолдоод...” гэх,
шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй боловч тэр баруун гарын хоёрдугаар хурууны сорви гэдгийг нь би мэдэхгүй. учруулаагүй..." гэх,
гэрч Ш.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Дараа нь бас гадаа гарсаны дараа гудамжинд ноцолдоод үснээс нь зулгаагаад байхаар нь Бадамханд тавиулах гээд гуянаас нь хазсан гэж хэлсэн..." гэх,
гэрч Б.Пүрэвцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөнхзаяагийн дуу гараад байхаар нь би гарсан чинь Энхээгийн гэрийн гадаа байж байхаар нь би очоод Энхээгийн гэрлүү орсон чинь Мөнхзаяа, Бадамханд хоёр хоорондоо гуталны мөнгөнөөс болж маргалдаад хоорондоо үсдэлцээд байсан..." гэх мэдүүлгүүд болон гэрч А.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр Г.М, Л.Б нарын хооронд урьдын өр авлагаас болж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан болж, улмаар харилцан зодолдож хэн алиндаа хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.М, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь хэн алиндаа хохирогч бөгөөд энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиоролд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Г.М, Л.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.М, Л.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох зодооныг Г.М эхлүүлсэн зэргийг харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр, Л.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.М, Л.Б нарт оногдуулсан торгуулын ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М, Л.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ