Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0720

 

 

 

 

 

 

 

 

   2024          09           19                                     128/ШШ2024/0720

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:М******* ү******* п******* с******* м******* х*******" төрийн бус байгууллага /РД:*******/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******;

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******, А.Э,

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч М******* ү******* п******* с******* м******* х*******" төрийн бус байгууллага анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйл гараагүй боловч шүүх хуралдаан дээр тодруулж:

1.2.1.”М******* ү******* п******* с******* м******* х*******” төрийн бус байгууллагын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан  Хууль зүй, дотоод хэргийн яамны татгалзлыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах;

1.2.2.”М******* ү******* п******* с******* м******* х*******” төрийн бус байгууллагын гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан.

Хоёр.Процессын түүхийн талаар:

2.1.М******* ү******* п******* с******* м******* х*******" төрийн бус байгууллага нь “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүсэлт”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан байна.

2.2.Уг хүсэлтийн хариуг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр “тус яамнаас энэхүү зохицуулалтыг нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэх хариуг хүргүүлсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгчийн  гаргасан тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах, хянах, шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн  үйлдэл гаргасан болох нь тогтоогдлоо.

2.3.Шүүх нэхэмжлэгч М******* ү******* п******* с******* м******* х*******" төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

 “Холбогдох хууль зүйн эх сурвалж”-ийг ашиглан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

"М******* ү******* п******* с******* м******* х*******" нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь Монгол Улсад п*******ын спортыг хөгжүүлэх, п*******ын мэргэжлийн тамирчин дасгалжуулагчдыг бэлтгэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, олон нийтэд сурталчлах, гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг х*******дтой хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан бөгөөд зорилго биелүүлэх чиглэлээр п*******ын с******* чиглэлээр уулзалт, сургалтын шинжтэй арга хэмжээ зохион байгуулж, боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгөхийн тулд Зөвшөөрлийн тухай Хууль (цаашид "ЗтХ" гэх)-ийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй авах хүсэлт гаргасан. Учир нь тус төрийн бус байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангасан тул тус хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан баримт бичгийг хавсарган тус хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлтийг тус 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд болох Монгол Улсын Засгийн газрын гишүүн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлт гаргасан.

Тус хүсэлтэд заасан зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн ангилалд багтах тул тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.2 дох хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлтэй байтал тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олохгүй байгаа тул Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна" гэж татгалзсан хариуг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/2795 дугаартай албан бичгээр өгснийг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч гомдлын хариуг 30 хоногийн дотор өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 Учир нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 болон 7-д зааснаар төлөх тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20.1.3-т заасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 179 дугаар тогтоолын хавсралтаар нарийвчлан тогтоосон нь тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлийг илэрхийлж байна. Иймд "М******* ү******* п******* с******* м******* х*******” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагад тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хүсэлтийг буцаасан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/2795 дугаартай албан бичгээр өгсөн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгана уу” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“М******* Ү******* п******* с******* м******* х******* нь п******* спортыг Монголд хөгжүүлэх, олон тамирчдыг дасгалжуулж бэлтгэх зорилгоор байгуулагдсан. Манай байгууллага үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхийн тул Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрлийг хүсэж, Хууль зүй дотоод хэргийн сайдад хүсэлт гаргасан. Учир нь Тусгай зөвшөөрлийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар нийтлэг шаардлагыг хангасан этгээд нь хуулиар тусгайлан зөвшөөрлийн эрхийг авдаг. Гэтэл Хууль зүйн дотоод хэргийн сайдад гаргасан хүсэлтийн хариуг 2024 оны 05 дугаар сарын 28-ны 3/2795 тоот дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийг батлан гарах хүртэлх хугацаагаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хүсэлтийг буцаасан. Манайд хариу тайлбараар ирүүлсэн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Зөвшөөрлийн тухай хуулиар тодорхой нэг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг төрөөс олгох, аж ахуй нэгж зөвшөөрөл олж авахтай холбогдсон харилцааг зохицуулагддаг. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрлийн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь тусгай зөвшөөрлийн хуулийн төсөлд хамаарахгүй. Энэ нь тухайн төрлийн харилцаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийг тусгасан органик шинжтэй хууль гэж үзэж байна.

Энэ хуулийн төсөл нь тусгай зөвшөөрлийг олж авахад саад болохгүй гэж үзээд, шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн этгээдэд нь гомдол гаргаж, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдад гомдол гаргасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.7-т зааснаар тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийг зохицуулсан хэмжээтэй холбогдуулан. Улсын тэмдэгтийн хураамжийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно гэсэн эрхийг олгосон. 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 179 дугаартай тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийг олгоход, 2,150,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэж заасан. Энэ нь тусгай зөвшөөрлийг олгохтой х*******той харилцааг зохицуулсан нь тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд хариуцагч талаас ерөнхий үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн шаардлагыг нэхэмжлэгч тал хангасан тул хүсэлтийг шийдвэрлээд, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“М******* ү******* п******* с******* м******* х*******” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад "Тусгай зөвшөөрөл хүсэх тухай" албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн байна. Зөвшөөрлийн тухай хуулиар ү******* аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байдаг. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан. Тус компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцаад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй тухай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 7/2795 дугаар албан бичгээр хариу өгсөн. Хариуг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1." ү******* аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах", 1.2."хууль дээдлэх", 1.3."ил тод, шударга байх", 1.4."бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх" зарчимд үндэслэсэн. go Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа болно. Иймд тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хүсэлтийг буцаасан Хууль зүй, дотоод хэргийн яамны 7/2765 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгана уу" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэхүү маргаан нь хуулийн этгээдээс зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа явуулах эрх олж авах, зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэхтэй х*******той харилцааны хүрээнд үүссэн байна.

1.2.Нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид “М******* ү******* п******* с******* м******* х******* ТББ” гэх/ нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж” байгаа болохоо мэдэгдсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3/2795 дугаартай албан бичгийг “хууль бус шийдвэр” гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан боловч хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дэх заалтуудад заасан “захиргааны байгууллагыг шийдвэр гаргахаас татгалзсан үйл ажиллагаа” буюу хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, орхигдуулсан” болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байгаа  тул уг маргааныг нэхэмжлэлийн зарим шаардлагыг  хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг баримтлан шийдвэрлэж байна.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ нь  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн байгууллагын үйл ажиллагааны зорилгын дагуу п*******ын с******* чиглэлээр уулзалт, сургалтын шинжтэй арга хэмжээ зохион байгуулж,  боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааны чиглэл бүхий “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” хүссэн өргөдлийг гаргаж, өргөдөлдөө хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, төлөөлөх этгээдийн итгэмжлэл зэргийг хавсарган өгсөн байна. /ХХ-ийн 22-30 дахь тал/

2.2.Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/2795 дугаар албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй гэж тайлбарлан, “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ын хүсэлтийг /өргөдлийг/ буцааж байгаагаа бичгээр илэрхийлж, мэдэгдсэн буюу хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. /ХХ-ийн 21 дэх тал/

2.3.Нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж, “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг хүссэн хүсэлтдээ /өргөдөлдөө/ п*******ын с******* чиглэлээр явуулах үйл ажиллагаа гэдэгт юу хамаарахыг тодорхойлсон баримтууд, нийтлэг хэрэглэгддэг болоод өөрийн тогтоосон дүрэм журам, тусгай зөвшөөрлийг авахад шаардагдах баримтыг гаргаж өгөөгүй байх боловч энэ үндэслэлээр хариуцагч “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаагүй, зөвхөн хууль, зохицуулсан журам байхгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байх тул шүүх энэхүү  маргаж буй зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгсөн  болно.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд мөн зүйлийн 11.1.1-д “захиргааны акт” гэж,  37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан байна.

3.2.Хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь албан бичгээр “энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэх тайлбар хийж, хүсэлтийг хүлээн авахгүй болохоо мэдэгдсэн нь захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг тохиолдлыг зохицуулах зорилго бүхий бөгөөд нэхэмжлэгч рүү чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу  захиргааны актын шинжийг агуулсан татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

3.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 1.2-т “хууль дээдлэх”, 1.6-д “энэ хуульд заасан зөвшөөрөл олгох” гэж заасан тул зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан буюу зохих журмаар гаргасан хүсэлтээр /өргөдөл/ холбогдох зөвшөөрлийг олгоход эдгээр зарчмыг шууд мөрдөх ёстой.

3.4.Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана” гэж, мөн зүйлийн 3-т “Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана” гээд, мөн зүйлийн 3.1-т “зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг”, мөн зүйлийн 3.3-т “хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь болоогүй байх тул шаардлага хангаагүй “хүсэлт” /өргөдөл/ гэж үзэх үндэслэл шүүхэд тогтоогдохгүй байна.

3.5.Мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана” гэж, 5.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөлийг олгох”-оор тус тус заажээ.

3.6.Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар ү******* аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газарт хамаарч байгаа ба Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байх”, эсхүл “зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх” эрхийг хуулиар олгоогүй байна.

3.7.Иймд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүссэн хүсэлтийг /өргөдлийг/ хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

3.8.Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалтуудаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохоор, зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй байхад хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа” гэх үндэслэлээр буцаасан нь зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй буцаах үндэслэл биш гэж үзсэн болно.

3.9.Дээрх үндэслэлүүдээр Хууль зүй, дотоод хэргийн яамны  2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/2795 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан /буцаасан/ үйлдэл нь нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, тус байгууллагын гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.10.Ингэхдээ хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ын зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн хүрээнд хянан, шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзсэн болно.

3.11.Дээр дурдсанаар хариуцагч нь “захиргааны байгууллагын үйлдэл хийхээс татгалзсан үйл ажиллагаа” буюу хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, орхигдуулсан” болох нь шүүх хуралдаанаар нотлогдож байгаа учраас ийнхүү захиргааны байгууллагын хийх ёстой үйлдлээ хийхээс татгалзсан үйл ажиллагааг шүүхээс хүчингүй болгох эрх зүйн боломжгүй тул уг маргааныг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг баримтлан шийдвэрлэж байна.

3.12.Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.13.Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” гэж тодорхойлсныг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

3.14.Учир нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь нэгдүгээрт, “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй, авахаас татгалзсан байгаагийн хууль зүйн үр дагавар нь тус яамнаас нэхэмжлэгчийн өргөдөл нь тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангасан эсэх, тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх, шийдвэрлэх шатанд хүрээгүй, ийм эрхээ хэрэгжүүлээгүй байгаа тул тусгай зөвшөөрлийг олгох ёстой гэж шийдвэрлээгүй, зөвхөн хүсэлтийг /өргөдлийг/ хүлээн авахыг даалгаж байгаа явдал болно.

3.15.Хоёрдугаарт, хуульд зааснаар “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай тусгай зөвшөөрөл” олгох эрх хэмжээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад хадгалагддаг тул шүүхээс тусгай зөвшөөрлийг олгохыг шууд тус сайдад даалгах боломжгүй, хэрэв шүүхээс ийм шийдвэр гаргавал  Хууль зүй, дотоод хэргийн сайдын “тусгай зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийг хүлээн авч шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх, шалган шийдвэрлэх” эрх хэмжээнд халдаж байгаа явдал учраас шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ийнхүү шийдвэрлэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь маргаан бүхий актын үндэслэл болсон буюу  хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Ирцийн талаар:

4.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, А.Э нарт шүүх хуралдааны товыг тэдгээрийн шүүхэд мэдүүлсэн гар утсанд мэдэгдсэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, А.Э нар нь шүүх хуралдаанд “заавал” оролцох хүсэлтээ  хүсэлт болон нотлох баримтыг бичгээр ирүүлээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу шүүх хуралдааныг явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.6, 5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, нэхэмжлэгч “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан  Хууль зүй, дотоод хэргийн яамны татгалзлыг хууль бус болохыг тогтоон, “М******* ү******* п******* с******* м******* х*******” ТББ-ын гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж, бусад “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаасан шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ