Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00525

 

 

 

 

 

 

 

 

 

Жэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00358 дугаар шийдвэртэй, Жэгийн нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 12 753 108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн В1 давхарт байрлах өөрийн ажлын өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан.

Р.С нь 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ1105038687 тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийн орон сууцны зээл авсан ба 11105038687/21105038687 тоот даатгалын гэрээгээр амь нас болон эд хөрөнгөө “М” ХХК-д даатгуулсан.

Мөн Р.С нь “Н” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ2715115082 тоот зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээл авч 16502715115082 тоот даатгалын гэрээгээр зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны өв залгамжлагчид олгоно гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч болох Жэг нь нөхөн төлбөрийг авах тухай хүсэлтийг “М” ХК-д гаргасан.

Гэтэл “М” ХК нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20/731 тоот албан бичгээр нөхөн олговор олгохоос татгалзсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч тус хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/3788 дугаар тоотоор иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.  

Р.С нь тус даатгалын газарт амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгал хийлгэсэн. Энэхүү даатгалын амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 11105038687 дугаар гэрээнд даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үүнд: үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэл учирвал даатгалын нөхөн төлбөр авахаар заасан байна.

Р.С ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болох нь яаралтай тусламжийн эмчийн тодорхойлолт, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 м-1б/1924 тоот албан бичиг, мөн дүүргийн прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 615 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа. Энэ нь үйлдвэрлэлийн осолд хамаарагдах тохиолдол байхад “М” ХК нөхөн төлбөр олгохгүй хохироож байна.

Иймд даатгуулагч Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор өөрөөр хэлбэл, ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын ачаалалд өртөж нас барсан тул “Н” ХХК-аас 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 11 344 691 төгрөгийн нөхөн төлбөрийг, “Н” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан цалингийн зээлийн үлдэгдэл 1 408 417 төгрөг нийт 12 753 108 төгрөгийн нөхөн төлбөрийг “М” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Даатгуулагч Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд нас барсны гэрчилгээнд гэртээ зүрхний урд ханын цочмог нэвт шигдээс өвчний улмаас нас барсан гэж дурдсан, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 615 тоот тогтоолоор Р.С нь өвчний улмаас нас барсан, гаднын ямар нэгэн нөлөөгүй болохыг тогтоосон. Дээрх баримтуудын хүрээнд даатгуулагчид даатгалын гэрээний эрсдэл болох үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдлийн улмаас үүссэн хохирол, гуравдагч этгээдийн учруулсан хохирол учраагүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй тул Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу тохиролцсон болзол бүрдээгүй буюу даатгалын тохиолдол болоогүй гэж үзнэ. Мөн өвчний улмаас нас барсан нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарч байгаа.

Даатгуулагчийн төлөөлөгч нэхэмжлэлдээ үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж бичсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2.1-т Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж заасан бөгөөд үйлдвэрлэлийн осол болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарах ёстой. Гэвч даатгуулагчийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд гэртээ өвчний улмаас нас барсан гэсэн байгаа.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолтод “Улсын их дэлгүүрийн В1 давхарт гадны ямар нэгэн нөлөөгүй, ил харагдах гэмтэлгүй нас барсан” гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд даатгуулагч гэртээ эсхүл ажлын байрандаа алинд нь ч нас барсан бай ямар нэгэн ослын улмаас гэмтэл бэртэл авч нас бараагүй буюу өвчнөөр нас барсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, цалингийн зээлийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1.1 болон Ипотекийн зээлдэгчийн ам нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.1 даатгалын хамгаалалт хэсэгт заасан аль ч эрсдэл үүсээгүй болно.

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 11105038687 тоот гэрээний 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан зэрэгт нөхөн төлбөр олгохгүй гэх заалт, Цалингийн зээлийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.1.2-т даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй, 8.2-т дараах тохиолдлуудыг даатгалын эрсдэлд хамаарахгүй буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ. Үүнд: 8.2.4-т Аливаа өвчний улмаас гэсэн заалтууд болон Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т Даатгалын төлбөр олгохоос татгалзаж болно гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд даатгуулагчид даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй тул даатгалын нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХК-аас даатгалын нөхөн төлбөр 12 753 108 төгрөг гаргуулах тухай Жэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 219 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

“М” ХК-д даатгуулагч Р.С нь “Номин Холдинг” ХХК-д харуул хамгаалалтын салбарт хэсгийн даргын ажил, албан тушаал эрхэлж байсан ба 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын их дэлгүүрийн В1 давхарт байрлах өөрийн ажлын өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Р.С нь “Н” ХХК-аас 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийн орон сууцны зээл авсан ба 11105038687/21105038687 тоот даатгалын гэрээгээр амь нас болон эд хөрөнгийн даатгалд хамрагдсан. Мөн банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээл авч 16502715115082 тоот даатгалын гэрээгээр зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байсан.

Даатгуулагч Р.С нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын ачаалал, стресст өртөж нас барсан болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын шийдвэрээр Р.Сийн амь нас үйлдвэрлэлийн ослын улмаас эрсдээгүй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн нөхцөлийн өөр бусад сөрөг хүчин зүйл даатгуулагчийн суурь өвчнийг хүндрэхэд буюу үхэлд хүргэх хэмжээнд хүргэсэн гэж үзэх үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүх даатгуулагчийг үйлдвэрлэлийн осолтой адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Даатгуулагч Р.С нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад “...зохион байгуулагч Г.Нарангарав нь хамгаалалтын албаны дарга Р.С руу ... та ажлаа хийхгүй байна, таны хийх ёстой ажлыг би хийж байна гэж чанга орилж ярихад тэрээр амнаасаа маскаа аваад царай нь цонхийгоод ширээ түшээд эхэлсэн. Тэгээд түргэн дуудсан” гэх мэдүүлгүүдийг гэрч нар мэдүүлсэн.

Дээрхи нотлох баримтуудаас харахад даатгуулагч Р.С ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын ачаалалд өртсөний улмаас нас барсан нь нотлогдож байна. Энэ нь үйлдвэрлэлийн осолд хамаарна гэж үзэж байна.

Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Жэг нь хариуцагч “М” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 12 753 108 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Р.С нь “Н” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлсэн, мөн өдөр Р.С, Жэг нар нь барьцааны гэрээ байгуулсан, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Р.С, Жэг нар “Н” ХХК-тай Орон сууцны зээлийн болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хамтран зээлдэгчээр Жэг оролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх16-21/

 

Р.С “Н” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь “Н” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16/0002 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх24/

 

Р.С нь “М” ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгө даатгалын гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр даатгагч “М” ХК нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг даатгаж, гэнэтийн осол, гэмтлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал “Н” ХХК-аас 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ1105038687 тоот зээлийн гэрээгээр авсан зээлийн үлдэгдэл дүнгийн хэмжээтэй тэнцүү даатгалын үнэлгээнээс тооцож, нөхөн төлбөрийг олгох, даатгуулагч Р.С нь тохирсон хураамжийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /хх15, 114-115/

 

Иймд Р.С болон “М” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

 

Даатгуулагч Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан байх бөгөөд анхан шатны шүүх нас барагч Р.Сийн амь нас “үйлдвэрлэлийн ослын улмаас эрсдээгүй, хөдөлмөрийн нөхцөлийн өөр бусад сөрөг хүчин зүйл даатгуулагчийн суурь өвчнийг хүндрэхэд буюу үхэлд хүргэх хэмжээнд хүргэсэн гэж үзэх үйл баримт нотлогдоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.  

 

Улсын бүртгэлийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1567 дугаар гэрчигээнд Р.Сийн нас барсан шалтгааныг “өвчний” учир гэж, Чингэлтэй дүүргийн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 615 дугаар тогтоолд “Р.С нь өвчний улмаас нас барсан, гадны ямар нэгэн нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон” гэж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27м-1б/1924 тоот албан бичигт “Р.С нь Улсын их дэлгүүрийн В1 давхарт байрлах өөрийн албан өрөөндөө ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байгааг хэргийг газрын үзлэгээр тогтоогдсон” гэж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Жэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өглөө 09:12 цагийн үед манай нөхөртэй хамт ажилладаг нэг залуу надруу залгаж Р.С ах ухаан алдаад уначихлаа гэхээр нь түргэн дуудаарай гэж хэлээд ажил дээр нь очтол эмч зүрх нь хаагдсан байна, нас барсан байна гэж хэлсэн, тэгээд ажлын байран дээр ийм асуудал болсон учраас цагдаа дуудна гээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг гэх бичиг баримт, “Номин холдинг” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/08 тоот албан бичигт “Р.С 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ухаан алдан унаж, амьсгал хураасан бөгөөд өвчний улмаас нас барсан тул үйлвэрийн осолд тооцоогүй” гэж, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр инфаркт миокерди оношоор нас барсан болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл талийгаач Р.Сийг ажлын байран дээрээ зүрх хаагдсаны улмаас нас барсан буюу гэнэтийн шинжтэй гэж дүгнэнэ.

 

Иймд Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгө даатгалын гэрээний “үйлдвэрийн осол”, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний “гэнэтийн осол” гэх даатгалын тохиолдол бий болж, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан даатгуулсан зүйл болох амь насанд хохирол учирсан гэж дүнэнэ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажлын байрандаа... ажил үүргээ гүйцэтгэх явцад гарсан үйлдвэрлэлийн осол...” гэж дүгнэсэн боловч энэ хуулийн зохицуулалтаас үзвэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, төлбөр өгөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар байна. Иймд даатгалын гэрээний дагуу үүссэн даатгалын харилцааны хүрээнд тохиролцсон “үйлдвэрийн осол” гэх даатгалын тохиолдлыг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлохгүй юм.

 

Ипотекийн гэрээний зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд “үйлдвэрлэлийн осол” гэж бичсэн нь нас барагч Р.Сийг ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа амь нас эрсдсэн нөхцөлд хамаарахаар гэрээний зааьыг тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасанд нийцнэ.  

 

Нэхэмжлэгч Жэг нь Баянгол дүүргийн нотариатч Н.Туяад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатч мөн өдөр нь Жэгт зээл болон даатгалын гэрээний асуудлаар “М” ХК-д холбогдох даатгалын эрсдэлийн тухай шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг өвөөр шилжүүлсэн тухай, Өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх10, 11/

 

Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж зааснаар Жэг нь “М” ХК-аас даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр шаардах эрхтэй юм.

 

“Н” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх тухай албан бичигт талийгаач Р.Сийн цалингийн зээлийн үлдэгдэл 1 111 503 төгрөг, сууцны зээлийн гэрээнй үлдэгдэл 11 269 641 төгрөг гэж тодорхойлсноор дүгнэвэл “М” ХК-аас цалингийн зээлийн үлдэгдэл 1 111 503 төгрөг, орон сууцны зээлийн гэрээ нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх тул уг зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь буюу талийгаачид ногдох хэсэгт 5 634 820 төгрөг, нийт 6 746 323 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00358 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “М” ХК-аас 6 746 323 төгрөгийг гаргуулж Жэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 006 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 122 891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жэгт олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА