Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00171

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00171

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Т сумын ....... баг, ..Б гэх газар оршин суух хаягтай, Суйт овогт Чын Эийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

Хүсэлт гаргагч Ч.Э ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Ч.Э миний бие 1985 онд Т сумын ЕБС-д 8 дугаар анги төгсөж, нэгдлийн үйлдвэрлэлд гарсан. Т сумын Я зам нэгдэл, Б бригадад малчнаар ажиллаж байгаад, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. 2 жилийн цэргийн алба хааж, цэргийн албанаас 1989 оны 10 дугаар сарын 15-нд халагдсан. Цэргээс ирээд Я нэгдэлдээ малчнаар ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, дээрх ажилласан цаг хугацааны ажилд орсон гарсан тушаал, цалин хөлс бусад баримт архивт хадгалагдаж үлдээгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд Т сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 939 тоот тодорхойлолт,

- Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/567 дугаартай архивын лавлагаа,

- Хүсэлт гаргагч Ч.Эийн 37 дугаартай хөдөлмөрийн дэвтэр

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч Ч.Эийн  ХААТР-1, МАЯГТ-1 маягт

- Ч.Эийн 1991-2000 оныг нөхөн тооцуулсан талаарх баримтууд /А аймгийн нийгмийн даатгалын газрын   2025 оны 03 сарын 26-ны өдрийн 01/165  дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн баримтууд/

- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй талаарх Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/317 тоот албан бичиг,

- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П...ийн хүсэлтээр Ж.А, М.Э нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            1. Хүсэлт гаргагч Ч.Эийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 2. Хүсэлт гаргагч Ч.Э нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 939 тоот тодорхойлолт, Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/567 дугаартай архивын лавлагаа, Хүсэлт гаргагч Ч.Эийн 37 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч Ч.Эийн  ХААТР-1, МАЯГТ-1 маягт, Ч.Эийн 1991-2000 оныг нөхөн тооцуулсан талаарх баримтууд /А аймгийн нийгмийн даатгалын газрын   2025 оны 03 сарын 26-ны өдрийн 01/165  дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн баримтууд/, Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй талаарх Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/317 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ж.А, М.Э нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Т сумын Я нэгдлийн 1984-1988, 1990 онуудын баримтыг шүүн үзэхэд Чын Эид холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна’’гэсэн 939 дугаартай албан бичиг,

- Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Ч.Э нь БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар А аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (169) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 631646 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэсэн архивын лавлагаа,

- Ч.Эид 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1983 оны 04 дүгээр сар,
  • 1985 оны 10 дугаар сараас 12 дугаар сар,
  • 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар,
  • 1987 оны 04 дүгээр сар,
  • 1989 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар,
  • 1990 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар, 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан цалин бичилттэй,

- Ч.Эийн хаягийн хуудсанд: “Чын Э, 1969 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, одоо хаана ямар ажилтай-Т сумын Б бригадад тугалчин-1986.03.11” гэсэн,

- Ч.Эийн 1991-2000 оныг нөхөн тооцуулсан талаарх баримтууд /А аймгийн нийгмийн даатгалын газрын   2025 оны 03 сарын 26-ны өдрийн 01/165  дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн баримтууд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

- гэрч Ж.Аын: Би А аймгийн Т сумын Б багт төрж өсөөд Мөрөн багийн бага сургуулийг 3 жил сурсан, 1980-1982 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1982-1985 оны хугацаанд цэргийн алба хааж халагдсанаас хойш олоог хүртэл малчнаар ажиллаж байна. Ч.Эийн хувьд 1985-1987 он хүртэл Жадамба гэдэг хүнтэй мал маллаж байгаад 1987-1989 оны хооронд цэргийн алба хаагаад халагдаж ирээд 1989-1992 оныг дуустал хугацаанд өөрийн ах Лхамрагчаатайгаа хонь харж, суурийн ахлагч хийж байсан. 1995 онд гэр бүл болж одоог хүртэл А аймгийн Т сумын Б багийн Усан зүйл гэдэг газартаа малаа маллаж байгаа. Би Ч.Этэй айл саахалт олон жил мал маллаж байгаа учраас түүнийг 1985-1987, 1989-1992 оны хугацаанд мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

- гэрч М.Эын: Би 1966 онд А аймгийн Т суманд төрсөн. 1983 онд цэрэгт явахаас өмнө мал маллаж байгаад 1986 онд цэргээс халагдсанаас хойш одоог хүртэл Т сумын Б багтаа мал маллаж байна. Ч.Э 1986 онд намайг цэргээс ирэхэд Жадамба гэдэг хүнтэй хонь маллаж байсан. 1987 оны орчимд цэрэгт яваад 2 жил цэргийн алба хаагаад ирсэн. 1989 онд халагдаж ирээд А аймгийн Т сумын Б баг, Усан зүйл гэдэг газарт одоог хүртэл мал маллаж байна. Цэргийн албанаас халагдаж ирсний 3, 4 дараа гэр бүл болж байсан, оныг нь сайн санахгүй байна. Маллаж байх хугацаандаа өөр ажил хийгээгүй. Би Ч.Этэй айл саахалт олон жил мал маллаж байгаа учраас түүнийг мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            Иймд хүсэлт гаргагч Ч.Эийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Суйт овогт Чын Эийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР