| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0145/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 167
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч У.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /¹0024/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт У-ын О-д холбогдох 1811000140032 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг эх, эмээ, дүү нарын хамт тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт У-ын О, РД:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч У.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын 6-268 тоот болох хохирогч Л.Оюунжаргалын гэрт түр оршин сууж байхдаа гэрт хүнгүй үед нь ил байсан сэйфэний түлхүүрээр сейфийг онгойлгож дотор нь байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 1.130.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний хувьд гадагшаа их явдаг учраас гэр орон эзэнгүй байдаг. Тиймээс хамаатны хүүхдүүд болох Аззаяа, Очирсүх нарыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн гэртээ байлгасан. Ингээд би ажлаар Өвөр монголын өөртөө засах оронд яваад 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Сэйфэндээ мөнгөн аяганууд хийх гэтэл дотор нь байсан 1 ширхэг манан хөөрөг, 2 ширхэг мөнгөн аяга, 9 ширхэг ном зэрэг эд зүйлүүд алга болсон байсан.Халтар манан хөөрөг нь даваа толгойтой, ясан халбага, мөнгөн нуухтай их гарын хөөрөг байсан. 2 аяга нь 6,7-гийн хэмжээтэй үйлдвэрийн мөнгөн аяганууд байсан. Номнуудыг үнэлэхгүй нэхэмжлэхгүй. Сэйфийг өөрийнх нь түлхүүрээр онгойлгосон байсан. Эвдрэл гэмтэл байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед: "... Би хувиараа Урт цагаан үйлчилгээний төвийн 2 дугаар корпусын 4 тоотод алт мөнгөний дархан ажиллуулдаг. Он сарыг нь тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 11 сарын сүүлээр байх ажил дээр байж байхад хөөрөг зарна гээд 20 орчим насны залуу орж ирсэн. Хөөрөг нь бор өнгийн манан, даваа толгойтой, ясан халбага, мөнгөн нуухтай байсан. Хөөргийг 80.000 төгрөгөөр зарна гэхээр нь хэний хөөрөг юм бэ? Гэхэд миний хөөрөг, би хөдөөнөөс ирсэн, хотод ирээд машин шүргэсэн чинь мөнгөний хэрэг болоод байгаа учраас хөөргөө зарах гэж байгаа юм гэсэн. Тэгэдэ би хөөргийг 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Хөөргийг ямар нэг байдлаа зарж борлуулаагүй, өөртөө байлгаж байсан. Одоо буруутай этгээдээс 80.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8х/, У.Оээс иргэний нэхэмжлэгч Б.Адъяасүрэнд хөөрөг зарсан тухай өөрийн гараар бичсэн баримт /хх-ийн 40/, хөөрөгний фото зураг /хх-ийн 42/, алдагдсан хөөргийг хураан авч хохирогч Л.Оюунжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 47/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч У.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр өөрийн түр оршин сууж байсан айлын гэрт хүнгүй үед, ил байсан сейфний түлхүүрээр сефийг онгойлгон, дотор байсан эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба түүний гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Отгонжаргалд нийт 1.130.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож /хх-ийн 50х/ байх ба үүнээс 800.000 төгрөгийн үнэ бүхий манан хөөргийг биет байдлаар нь буцаан өгсөн, одоо 330.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяганы хохирол төлөгдөөгүй. Мөн шүүгдэгчийн хулгайлсан манан хөөргийг худалдаж авсан иргэний нэхэмжлэгч Б.Адъяасүрэнд 80.000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч У.Оээс нийт 410.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Оюунжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Адъяасүрэн нарт ноогдох хувиар нь олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Оэд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт У-ын О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оийг шүүхээс оногдуулсан нийтэд тус ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.О-ээс нийт 410.000 /дөрвөн арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.О/РД: /-д 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Адн /РД: 7/-д 80.000 /наян мянга/ төгрөг тус тус олгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ