Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0718

 

                                       

 

 

 

 

 

 

  2024          09          18                                     128/ШШ2024/0718

 

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-Э,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Гэрэлмаа

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л*******

Гуравдагч этгээд: “Юу ******* *******” ХХК

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:Т.Ц******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С******* нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай ******* дугаар захирамжийн “Юу ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, татгалзсан хүсэлт гаргаагүй.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

2.1.Нэхэмжлэгч прокурор нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах "хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах" зарчмыг тодорхойлж, прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаартай албан бичгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах" агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах" эрхийг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль болон "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" зөрчиж “хавсралтын 7-д заасан ******* дүүргийн 15 дугаар хороонд нэгж талбарын ******* дугаар бүхий 999 метр квадрат газрыг "Юу ******* *******" ХХК-д "Үйлчилгээ, контор"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх"-ээр шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор хориглосон, хууль бус, нийтийн ашиг сонирхол зөрчсөн үйлдэл болжээ.

Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно"; 22.2.1. "онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах"-ыг хориглосон;

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно";

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын: 2.3. "Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:

2.3.2. гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж, 2.3.6. үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байхаар заасныг зөрчжээ.

Прокурор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэр, үйл ажиллагааг таслан зогсоох, хүчингүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арra хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Ерөнхий сайдаас прокурорын байгууллагад ирүүлсэн хүсэлтийг судлах, шийдвэрлэх явцад хүсэлтэд дурдагдаагүй, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаснаар үерийн далан,  суваг таглан барилга, байгууламж барьж иргэдийн амь нас, эрүүл мэнд, иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө үер усны аюулд өртөх эрсдэлийг бий болгон, олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж дүгнэсэн.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд, бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус зохицуулсан.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 30 дугаар тогтоолоор, прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болохыг тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоохыг тус тус зохицуулж, эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох гомдол, нэхэмжлэлийг түүний үйлчлэх хүрээ, хугацаа, шинж, үр дагавар, иргэн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн байдал зэргийг харгалзан шийдвэр гаргасан тухайн албан тушаалтанд, дээд шатны байгууллагад нь эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг хуулиар олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хууль тогтоомж зөрчин онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхийг "Юу ******* *******" ХХК-д олгосон шийдвэрийн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шинж учирч болзошгүй үр дагавар зэргийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн "Юу ******* *******" ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан үндэслэлээр шүүхийн зардлаас, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн ерөнхий  прокуроруудаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн газар эзэмших эрх олгох тухай 423 дугаар захирамжийн Юу ******* *******” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн газар эзэмших эрхийг гэрчилгээтэй газар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтот нийцээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа. Хэрэг маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төлөөлөх хэлтсийн төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С- Э нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаар захирамжийн "Юу ******* *******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" ******* дугаар захирамжаар "Юу ******* *******" ХХК-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /РД: / дугаар бүхий 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. "Юу ******* ******* ХХК-ийн уг маргаан бүхий газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй болно” гэжээ.

2.4.Гуравдагч этгээд "Юу ******* ******* ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Тус шүүхэд хянагдаж байгаа Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-Э нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн "Юу ******* *******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт Эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээд "Юу ******* *******" ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэг: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай: 1.1. Шүүхээс нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-Э нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үндэслэлгүй гэж үзэж байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. 41.2. Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна гэж тус тус зохицуулжээ. Гэтэл хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, гэж, 17 дугаар зүйлийн 17.1. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ хэмээн тодорхойлсноос үзвэл уг хуульд зохигч гэж байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох талаарх хуулийн зохицуулалт байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаас үзвэл "хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг ... хүлээн зөвшөөрсөн байх” гэж заасан  бөгөөд Прокурорын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг "Нийтийн өмчийн хамгаалах" асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, нийтийн ямар өмчийг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Захиргааны эрх зүйд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахаар өмгөөлөгч Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч тус шүүхээс Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 "Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална" гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нэгэнт шүүхэд жишиг болсон. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд"-ийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн дурын асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой эсэх энэ зүйлийн 18.3.1д заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Гэтэл чухам яагаад Прокурорт дээрх хуулийн аливаа нөхцөл шаардлага тавихгүйгээр шууд нэхэмжлэл гаргаж байгааг шүүх хянан үзэлгүйгээр Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа явуулж байгааг эргэн нэг харна уу. Бодит байдал дээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь Газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан, эрхийн актуудыг гаргасан албан тушаалтнууд хуулиар олгосон хяналтаа тавьж, ажил үүргээ гүйцэтгэн захиргааны актуудыг хуульд үндэслэж гаргасан болно

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" асуудлаар гаргасан, мөн хуулийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэх үндэслэлээр 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “прокурор нийтийн эрх зүйн хүрээнд нийтийн эрхийг хамгаалж шаардах эрхийг хэрэгжүүлсэн” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-э нар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төрийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгаа, холбогдох баримтуудад үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаас Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах  эрх олгосон газраас тухайн газарт барилга байгууламж бариагүй нөхцөлд байдал бүхий “Юу ******* *******” ХХК-д шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /ХХ-1-ийн 7 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгч прокурорын явуулсан судалгаа нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны гаргасан сансрын зураг дээрх тэмдэглэсэн “Юу ******* *******” ХХК-ийн эзэмшиж буй газрын зураг болон газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтууд байна. /ХХ-1-ийн 9-20 дэх тал/

            2.3.Гуравдагч этгээд “Юу ******* *******” ХХК нь  2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамжинд 1000 метр квадрат газар эзэмших хүсэлтийг бичгээр гаргажээ. /ХХ-1-ийн 72 дахь тал/

2.4.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Юу ******* *******” ХХК-д Хан-уул дүүрэгт худалдаа конторын зориулалтаар 1000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  мөн оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газрын кадастрын зураглалыг үйлджээ. /ХХ-1-ийн 52-64 дэх тал/

2.5.Ингэхдээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Юу ******* *******” ХХК-д газрын дуудлага худалдааны үнэ болгож 140,659,200 /Нэг зуун дөчин сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэл үйлдсэн /ХХ-1-ийн 65 дахь тал/ байгаа ба ийнхүү уг төлбөрийг төлсөн эсэх талаар талууд маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, уг төлбөрийг төлсөн гэх баримтыг хариуцагч болон гуравдагч этгээдээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар маргаагүй тул шүүх дүгнэлт өгөхгүй.

 2.6.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээд “Юу ******* *******” ХХК нь энэхүү газрыг усан сан бүхий онцгой хамгаалалтын 999 метр квадратаар, үерийн далангийн хамгаалалтын бүсэд 999 метр квадратаар буюу бүхэлдээ давхацсан гэдэгтэй маргаагүй тул энэ талаар нэмж нотлох баримт цуглуулах, шинжээч томилох ажиллагааг явуулах болох шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

2.7.Өөрөөр хэлбэл, “Юу ******* *******” ХХК-д олгосон  газар нь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон болох нь тогтоогдож байгаа тул Нийслэлийн Засаг дарга нь хууль зөрчиж уг газрыг эзэмшүүлсэн гэдэг нь нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

2.8.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч гуравдагч этгээд маргаж байгаа тул маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Гурав.Нэхэмжлэгч прокурорын нийтийн эрх зүйн хүрээнд үүсэх шаардах эрхийн тухайд:

3.1. Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-Э нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Юу ******* *******” ХХК-д  холбогдох хэсгийг” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

3.2.Анхан шатны шүүхээс өмнө гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзээд  “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2024/0568 дугаар тогтоолоор “нийтийн объектив эрх зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй гэж дүгнэн тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй хэмээн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийн шүүгчийг буруутгасан байна. /Хх-1-ийн 135 дахь тал/

3.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2024/0568 дугаар тогтоолоос үзвэл анхан шатны шүүх энэхүү хэргийг хэрхэх ёстой гэдэг нь тодорхой биш боловч  нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх, шүүгчээс заавал биелүүлэх нь үүрэг үүссэн тул уг магадлалаар “нэхэмжлэгч прокурор нь нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэ” гэсэн дүгнэлт гэж ойлгон ийнхүү шийдвэрлэлээ.

3.5.Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд, бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.

3.6.Прокурорын нэхэмжлэл гаргах эрх буюу нийтийн объектив эрхийн хамгаалал хүсэж шүүхэд шаардах эрхийг хэт өргөн хүрээгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь прокурор нь  хууль зүйн зөрчилтэй актыг болгоныг хууль зөрчсөн учир нийтийн эрх ашиг хөндсөн гэж үзэж, ямар нэг шалгуургүйгээр нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй гэж үзэхгүй эрх зүйн боломжгүй юм.

3.7.Прокурор нь хууль зүйн зөрчилгүй боловч нийтийн эрх ашгийг хөндсөн үр дагавар бүхий захиргааны актаар маргах ч боломжтой ба “нийтийн эрх ашиг хөндсөн” гэдэг ямар тохиолдол нь прокурорт шаардах эрх үүсгэх гэдгийг ялгаатай авч үзэх ёстой гэж анхан шатны шүүх үзсэн.

3.8.Тухайлбал,  маргаан бүхий захиргааны акт нь Усны тухай хууль, Газрын тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх журам” зөрчин  “Юу ******* *******” ХХК-д усны онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн болох нь нотлогдсон хууль зүйн зөрчилтэй захиргааны акт мөн байна.

3.9.Гэвч Нийслэлийн Засаг даргаас “Юу ******* *******” ХХК-д  усны хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлснээс үүсэх сөрөг үр дагавар нь нийтийн объектив эрх ашигт  бодитойгоор хохирол учруулсан, эсхүл учруулахуйц байдал баримтаар тогтоогдсон  зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа буюу прокурорын шаардаж байгаа буюу энэ хэрэгт хамгаалах гэж байгаа “нийтийн эрх ашиг” гэдэг нь юу болох, яаж “нийтийн эрх ашиг” зөрчигдсөн, шүүхийн шийдвэрээр хэрхэн хамгаалагдах “нийтийн эрх ашиг” хамгаалж байгаагаа нотлох баримтаар нотлохын зэрэгцээ, маргаан бүхий актын үр дагавар нь нийтийн эрх ашгийг зөрчсөн, нөлөөлсөн гэдгийг бодит баримтаар гаргаж маргах ёстой.

3.10.Харин прокурор нар нь “голын сав газарт газар эзэмшүүлсэн нь нийтийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй” гэж “болзошгүй” гэх үйл баримтаар маргаж байгааг шүүхэд шаардах эрхтэй гэж үзэхгүй.

3.11.Тодруулбал, шүүх нь нэгдүгээрт, нотлох баримтгүйгээр “болзошгүй” гэдэг үйл баримтыг урьдчилан тогтоох боломжгүй, хоёрдугаарт “нийтийн объектив эрхийн зөрчигдсөн” гэх бодитой факт байхгүй бол прокурорт шаардах эрх үүсэхгүй гэж үзлээ.

3.12.Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гээд 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэжээ.

3.13.Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Прокурор …, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж, мөн зүйлийн 20.2-т “Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Прокурор шүүх хуралдаанд дараахь бүрэн эрхтэй оролцоно” гээд, мөн зүйлийн 21.12-т “шүүхэд нэхэмжлэл, … гаргах” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж, мөн зүйлийн 41.2-т “Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна” гэж тус тус  заасан байна.

3.14.Хуулийн дээр заалт нь прокурорыг шүүхэд нэхэмжлэл гаргах өргөн эрх олгож байгаа явдал биш харин прокурор нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль зөрчсөн эсэхээс үл хамаарч  аливаа этгээдэд газар эзэмшүүлсний үр дагавар, үүнтэй уялдаатай үйл ажиллагаанаас үүдэн хүн ам суурьшсан, тэдгээрийн олон тооны иргэдийн эд хөрөнгө оршин байгаа, амь нас эрүүл мэндэд хохирол учруулах “бодит” нөхцөл байдал үүсгэсэн бол үүнийг бодитой нотлох баримтад тулгуурлан нийтийн объектив эрхийн хувьд хамгаалалт хүсэж шаардах эрхтэй буюу ийм шаардах эрх үүссэн гэж үзвэл шүүх хэргийн маргааны үйл баримтыг хянах үүрэгтэй юм.

            3.15.Нөгөө талаас  маргаан бүхий актын улмаас  нийтийн эрх буюу объектив эрх, хувь этгээдийн эрх болох субъектив эрхийн “бодитой”  зөрчил үүсээгүй тохиолдолд шүүх нь хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох зорилго бүхий гэх нэхэмжлэлийг эрх зүйн маргаан үүссэн гэж  үзэхгүй бөгөөд  нэхэмжлэгч прокурор болон хариуцагч дүүргийн Засаг дарга нарт хуулийг мөрдүүлэхээр шаардах, мөрдөх, хууль зөрчсөн үйл баримтыг  таслан зогсоох бүрэн эрхийг хуулиар олгосон байхад шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хандаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзлээ.

3.16.Тодруулбал, прокурор энэ тохиолдолд өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээсээ захиргааны байгууллагад хандаж хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шаардах, эсхүл өөрөө хянан шалгах, шийдвэрлэх бүрэн эрхтэй, ийм боломжтой байна.

3.17.Иймд дээр дурдсан үндэслэлээр Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Юу ******* *******” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Ирцийн талаар:

5.1.Шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан байхгүй тул хариуцагчийг заавал байлцуулах шаардлага үүсээгүй болно.

5.2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхээс хуралдааны товыг түүний 91069016 дугаарын утсанд мэдэгдэхэд “За” гэсэн нь хуралдааны товыг мэдсэн, бас зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдож байна.

5.3.Гэтэл шүүх хуралдаанд бичгээр “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд И.Болдцэцэгийн нэхэмжлэлтэй Я.Цт холбогдох  хуралтай давхацсан гэх тайлбарыг гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байгаа боловч  уг хэргийн  И.Болдцэцэг, Я.Ц нарын хэний өмгөөлөгчөөр оролцох нь тодорхойгүй, үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг нь нотлогдоогүй гэж  үзсэн ба нэхэмжлэгч прокурорын нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэдгээрийг заавал байлцуулах хүсэлт гаргаагүй, мөн түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж, уг хугацаа нийт “230 гаруй”  хоногоор хэтэрсэн байгаа тул шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 91 дүгээр зүйлийн 91.5, 91.6-д заасныг баримтлан шүүх хуралдааныг явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь заалтыг баримтлан  Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С-э нарын “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаар захирамжийн “Юу ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасны дагуу нэхэмжлэгч прокурор нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ