| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00059/И |
| Дугаар | 303/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 303/ШШ2025/00153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 55 нас хүрч малчнаар өндөр настын тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч 180 эм хонь авч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Миний эцэг ********** нь 1924 онд төрсөн. Намайг мал дээр гарахад тэтгэвэрт ороод 2 жил болсон байсан. Тухайн үеийн бригадын дарга болох айл сахалт амьдардаг хүмүүс үүнийг гэрчлэх байх. Тухайн үед миний хөдөлмөрийн хөлс миний эцэг ******** нэр дээр бодогдож ордог байсан. Мөн миний цалин авч байсныг нотлох МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх эх хувиараа байгаа ба авсан цалин, төлсөн татвар нь байгаа.
Иймд 1986-1988 онуудад Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, МХЗЭ-ийн гишүүний 458288 дугаар бат илэрхийлэхийн хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2181 дүгээр лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн батлахын хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13/136 тоот албан бичиг, хүсэлт гаргагч ****** ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, Үндэсний архивын сан хөмрөгийн 03-10/1153,1154 дүгээр хүн амын тооллогын лавлагаа, гэрч ******нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******** 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******** нь 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнийг анх 1986 онд Чойбалсангийн зам нэгдэлд ямаанчаар ажиллаж эхэлсэн тухай байдлыг бүртгэсэн 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан ХААТР-1 маягт, 1986-1988 онуудад авсан цалингаасаа татвар хураамж төлсөн байдлыг бүртгэсэн МХЗЭ-ийн гишүүний 458288 дугаар бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ****** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 004 дугаар бүртгэлд: “овог, нэр- ******** ажилладаг байгууллага- мал аж ахуй, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баацагаан гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ****** 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************* 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА