| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0722/З |
| Дугаар | 128/ШШ2024/1022 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/1022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Г.Урангуа, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ТББ
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Д.С******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчүй болгуулах
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Х ТББ нь 2006 онд байгуулагдсан бөгөөд байгалийн нөөцийн ашиглалт, менежментээс үүдэлтэй байгаль орчны болон хүний эрхийн зөрчлийг судлах, эдгээр зөрчлөөс сэргийлэх, хамгаалах, засаглалын үйл явцад олон нийтийн оролцооны эрхийг хангах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, монитор, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Д******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт "К" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг холбогдох хууль зөрчсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дугаар зүйлийн дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, байгаль орчноо хамгаалахаар нэхэмжлэл гаргаж байна. Д******* аймгийн Х******* сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1,830,429 га газар нутаг нь Говийн бага дархан цаазат газарт хамаардаг. Говийн бага дархан цаазат газар нь "А", "Б хэсгээс бүрдэх бөгөөд Х******* сумын С багийн нутаг, К ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь тусгай хамгаалалттай Б хэсгийн орчны бүсэд хамаардаг. Энэ газарт Монгол улсын Улаан номд орсон, Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд ЭМЗЭГ, монгол орны хөхтөн амьтны бүс нутгийн улаан дансны шалгуураар УСТАЖ БОЛЗОШГҮЙ гэж үнэлэгдсэн хулан адуу, хар сүүлт зээрийн нутагладаг гол байршил нутаг юм. Түүнчлэн эдгээр амьтдын гол ундаалдаг Х******* гол ашигт малтмалын талбайгаас 2 километр зайд, З******* булаг нь ашигт малтмалын талбайд байрладаг. "К ХХК нь 2008 оны 04 сарын 23-ны өдөр тоот хайгуулын зөвшөөрлийг анх авч 4-5 удаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулж, 2020 оны 04 сарын 23-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулийн хугацаа дууссан. Х******* сумын иргэд хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, ахин сунгахгүй байхыг шаардаж, анх 2020 оны 03-р сарын 27-ны өдөр Х******* сумын засаг дарга С.Эоор дамжуулан Д******* аймгийн засаг дарга Т.Эд хүсэлт гаргаж байсан. Үүний дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул ахин тусгай зөвшөөрөл олгуулахгүй байхаар удаа дараа холбогдох эрх бүхий этгээдэд хандаж хүсэлтээ уламжилсан. Гэтэл К" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа 2022 оны 05 сарын 26-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 257 тоот шийдвэрээр тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ тухай бид 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27/23 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт "хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" гомдол гаргасан. Гомдлын хариуг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/3112 тоот албан бичгээр ирүүлэхдээ маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний газар, нөөц газар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбай болон стратегийн ордод хамаарах талбайтай давхцалгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. К ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь дор дурдсан хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнд: 1. Уг компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын тусгай хамгаалалттай газрын "Говийн бага дархан цаазат газар-ын Б хэсгийн орчны бүсэд хамаарна. Маргаан бүхий талбай нь Баярт, Х******* голын эхтэй ойролцоо оршдог бөгөөд уг газрууд нь бэлчээрийн даац сайтай, мал, амьтан бэлчээрлэхэд тохиромжтой, аргаль, хулан, хар сүүлт зэрэг 2021 оны 1 сарын 11-ний өдрийн 07 тоот Засгийн газрын баталсан Ховор амьтны жагсаалт"-д орсон амьтдын ихэнх буюу 70-80 хувь нь ундаалдаг Х******* гол оршдог. 2011 оны 9 сарын 21-ны өдрийн 277 дугаар Монгол улсын Засгийн газрын тогтоол "Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд нэн ховор, ховор амьтдыг хамгаалах зорилгоор 3.2 дугаар хэсэгт нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь хамгаалж, байгалийн жамаар өсөж үржих тааламжтай нөхцөлийг хангах зорилгоор тэдгээрийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, хамгаалалтын менежментийг төгөлдөржүүлэх гэсэн зорилтыг тусгасан. Гэтэл К" ХХК тус нутагт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг явуулснаар ховор амьтад дайжих, хамгаалагдах, өсөж үржих боломж хязгаарлагдах нөхцөл үүсэж байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх юм; 2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд З******* булаг байгаа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно" гэж заасныг, 4.5 дэх хэсэг "Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж заасныг зөрчсөн; 3. Ашиглалтын талбайд булаг байгаа нь Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Маргаан бүхий газар нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан усны сав газарт хамаарах бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг "тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Гэтэл К" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо тус сав газрын захиргааны саналыг аваагүй; 4. БОАЖЯ-ны 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 13/2202 тоот Ерөнхий шинжээч Г.Эийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, гүйцэтгэлийн хуудасны 3, 4, 10, 11-р заалтуудад заасан анхаарах зүйлсийг биелүүлээгүй, ерөнхий үнэлгээгээр тухайн газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд, иргэдийн эрүүл мэндэд, ан амьтан, түүх соёлын биет өвд сөрөг нөлөөлөхөөр дүгнэсэн. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн ч "К" ХХК нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй өнөөг хүрсэн бөгөөд 2022 оны 04 сарын 22- ны өдрийн Байгаль орчны ерөнхий үнэлгээний хугацаа дууссан байна. (Нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй болох нь ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 03 сарын 24-ны өдрийн 10/1405 тоот хариу албан бичигт дурдсан: "К ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлэн өгсөн материал болох 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 2022/J043 дугаартай ерөнхий үнэлгээний дүгнэлтийг бүрдүүлэн ирүүлсэн гэснээс тогтоогдож байна.) 5. 2020 оны 03 сарын 19-ны өдөр Д******* аймаг, Х******* сумын соёлын төв болон Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж судалгаа шинжилгээ хийлгэсний үндсэн дээр Х******* сумын нутаг дэвсгэрт 32 дурсгалт газар, 2 хөшөө чулуун дурсгалыг судлан тогтоосон. Үүнээс 2 дурсгал нь "К ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дотор байрлаж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалт "Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно", 38.1.3 дахь хэсэгт "палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариал******* талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох"-ыг хориглосон. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтыг хориглосон газар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болно; 6. Ашигт малтмал газрын тосны газраас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлаагүй. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл "Нөхцөл байдлыг тогтоох", 43 дугаар зүйл "Захиргааны актыг мэдэгдэх журмыг баримтлаагүй. Тухайн ашиглалтын талбайд түүх, археологийн олдвор, булаг байрлаж байгааг судлан тогтоох, С багийн нутгийн иргэдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх зэрэг судалгаа, нөхцөл байдлыг тогтоолгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд нутгийн иргэдэд нэг ч удаа захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нутгийн иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэх, нутгийн иргэдийн нийгмийн байдалд сөргөөр нөлөөтэй эсэхэд дүгнэлт хийж сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэсэн байтал захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөх иргэдэд мэдэгдэх ажиллагаа явуулаагүй нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлаагүй. Нутгийн иргэд "К ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж аймаг, сумын Засаг дарга, холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж, шаардлага тавьж байсан ч үр дүнд хүрээгүй. К ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа нь нутгийн иргэд төдийгүй, ан амьтад, гол, мөрний урсац бүрэлдэх эх газар, говийн бага дархан цаазат газрын байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Амьтны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчиж ашигт малтмалын "ашиглалтын тусгай зөвшөөрөл" олгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалын "К ХХК-д холбогдох хэсгийг хүчүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээ сарын 21-ний өдрийн өөрчилсөн нэхэмжлэлдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй "Х" ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б холбогдох "Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалын "К" ХХК-д холбогдох хэсгийг хүчүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Учир нь нэхэмжлэгчээс захиргааны маргааны бүхий актыг хүчүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас цуцалжээ. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн "Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгох"-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үндэслэл: Х ТББ-с маргаан бүхий захиргааны актыг хүчүй болгуулах нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь хариуцагчийн хууль зөрчиж, хуулиар хориглосон газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон явдал байсан. Тодруулбал нэхэмжлэгч нь хүчүй болгох нэхэмжлэлээр дамжуулан байгаль орчныг хамгаалах, тухайн тусгай зөвшөөрөл олгосон газарт дахин ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгуулахгүй байх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн зүгээс К ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "төлбөр төлөөгүй" гэх үндэслэлээр цуцалсан нь маргаан бүхий хууль зөрчсөн захиргааны акт ахин гарах магадлалтай нөхцөлийг үүсгээд байна. Иймд нэхэмжлэгч нь маргааны бүхий захиргааны акт гарахдаа анхнаасаа хууль зөрчсөн захиргааны акт байсан болохыг тогтоолгох нь ач холбогдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодорхойлж байна. Үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагад тавигдах тусгай урьдчилсан нөхцөлийг хангасан тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлохдоо үргэлжлүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд тавигдах хугацааны, эрх зүйн үйлчлэлийн, ашиг сонирхлын тусгай урьдчилсан нөхцөлүүдийг хангасан. 1. Нэхэмжлэгчийн зүгээс эхэлж маргаан бүхий захиргааны актыг хүчүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан: Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б холбогдуулан хууль бус захиргааны актыг хүчүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Харин 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 244 дүгээр шийдвэрээр тус "К ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах"-аар шийдвэрлэсэн байна. Тодруулбал нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон: Нэхэмжлэгчээс захиргааны акт хүчүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус маргаан бүхий захиргааны актыг цуцалсан буюу эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна. 3. Нэхэмжлэгчийн ашиг сонирхлын тухайд: К ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын талбай нь говийн бага дархан цаазат газрын орчны бүсэд хамаардаг, Монгол орны ховор амьтны тоонд орсон хулан адуу, хар сүүлт зэрэг амьтдын гол бэлчээр нутаг, мөн түүнчлэн тухайн талбайд булгийн эх, соёлын өвийн олдворууд байдаг. Тус талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, цаашид ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Иймд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын зүгээс дахин нэхэмжлэлийн зүйлтэй адилхан хууль зөрчсөн, алдаатай захиргааны акт гаргуулахгүй байх, цаашлаад байгаль орчныг хамгаалах ашиг сонирхолтой байна. Иймд "нэхэмжлэгчээс захиргааны акт хүчүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус маргаан бүхий захиргааны актыг цуцалсан" байх тул "Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай Зөвшөөрөл олгох тухай" 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг Үргэлжлүүлэн тогтоож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрөл олгосон газар нь Монгол орны нэн ховор аргал, янгир, хулан сүргийн бэлчээр нутаг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу булаг шанд байдаг. Булаг шанд ан амьтны бэлчээрийн нутаг байгаа. Мөн энд лиценз олгохдоо Ан амьтны тухай хууль барьдаг. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөл олгохдоо Сав газрын захиргаанаас дүгнэлт санал авах ёстой. Энэ ажлыг хийгдээгүй байдаг. Энд соёлын өвийн тухай хуульд зааснаар маш олон төрлийн Археологи, Палеонтологийн газрууд байгааг тогтоосон газрууд байгаа. Энэ газар дээр лиценз олгосон байна. Энэ утгаар тус талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байсан гэдэг асуудлаар нэхэмжлэл гаргасан. Д аймгийн Х******* сумын С хээр багийн иргэд сумын төвийн байгууллагад удаа дараа хандаж Байгаль орчны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнд зөвлөн туслах хамтын нөлөөлөл хийх асуудлаар удаа дараа хандаж байсан. Иймд бидний зүгээс аймаг сумын удирдлага болон улсын их хурлын гишүүдээр нь дамжуулж олон хүний гарын үсэгтэй өргөх бичгийг холбогдох талуудад тавьж байсан. Үүний ул мөрөөр аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газарт удаа дараа хүсэлтийг тавьж байсан. Сүүлийн 3 жил үргэлжилж буй үйл явцад үндэслэж 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 "энэ хуульд заасан нехцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах", 24 дүгээр зүйлийн 24.1 "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй", 26 дугаар зүйлийн 26.3.2 "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гэж заасан. Хуулийн дээр дурдсан зохицуулалтын хүрээнд "К" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг АМТХ-ийн холбогдох зохицуулалтын хүрээнд хянан үзээд Қадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг олгож байсан байна. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуулиар тухайлан зохицуулсан онцлогтой. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж хуульчилсан. Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхэд "К" ХХК-ийн эзэмшлийн Д******* аймгийн Х******* сумын нутагт Хуурай сайр нэртэй 2826.39 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний газар, нөөц газар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбай болон стратегийн ордод хамаарах талбайтай тус тус давхцалгүй байдаг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан онцгой эрхийнхээ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Төрийн захиргааны байгууллага хүлээн авч тус хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч "К" ХХК ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байх тул ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл нэгэнт хүчүй болсон байх тул түүнийг олгосон шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргаж маргах нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд эрх зүйн ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй байна. Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд: Нэхэмжлэгч анх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27/23 дугаартай албан бичгээр "К" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байх тул цуцлуулах тухай агуулга бүхий хүсэлт гаргадаг. Тус албан бичгийн хариуг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/3112 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр маргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 54.1.3-т "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн", 109 дүгээр зүйлийн 109.2 "Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Учир нь нэхэмжлэгч "К" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг мэдсэн цаг үеэсээ буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар маргах боломжтой байсан, цаг хугацааг ямар нэгэн этгээд хязгаарласан, нөлөөлсөн зүйл байхгүй байна. Гурав. Нэхэмжлэгчийн болон нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн шүүхээр сэргэх эрх байхгүй тухайд: Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хөндөгдсөн эрх ашиг нэхэмжлэл гаргах үед тодорхой байх хуулийн шаардлага тавигддаг бөгөөд мөн шүүхээр сэргэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50/23 дугаартай нэхэмжлэлд "К" ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөс үүдэн байгаль, орчин хүрээлэн буй орчинд хэрхэн хохирол учруулсан, нэхэмжлэгчийн эрх хэзээ хэрхэн зөрчигдсөн талаар үйл баримт тодорхойгүй бөгөөд бүрхэг, хэрэгт энэ нэг байр байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэг авч шийдвэрлэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэл түүний шаардлага тодорхой байхыг эцэст нь зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой байх шаардлагыг хангасан эсэхийг шүүх нэн тэргүүнд хянан үзэх ёстой. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай хууль хэрэглээний албан ёсны тайлбарын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 5 дугаарт шүүхүүдийн хууль хэрэглээний алдааг засаж, хуулийн зохицуулалтыг хэрхэн нэг мөр ойлгох талаар маш тунгалаг тайлбарласан тайлбарыг батлан гаргаж мөрдүүлсэн. Дөрөв. Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаарх эрх зүйн байдлыг тогтоогоогүй тухайд: Энэхүү захиргааны маргааны тухайд нэхэмжлэгч нь Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тайлбарын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 2 дугаарт дээрх зохицуулалтыг бүхэлд нь маш тодорхой тайлбарласан. Тус захиргааны хэрэгт хуулийн тайлбарт дурдсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий субъектийг нотолсон /"хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах зорилгыг тодорхойлсон бөгөөд уг дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагааг гурваас дээш жил явуулсан нь тогтоогдсон тохиолдолд, Дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа тогтвортой явуулсан гэдгийг шүүх тогтоохдоо хуульд заасан журмын дагуу татварын алба, улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, хүргүүлсэн тайланг үндэслэнэ./ баримт нэг ч байхгүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг Монгол Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээний албан ёсны тайлбарт дурдсан үйл Баримтын дарааллаар хянан нягталж тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь, ажиллагаа хийж байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас илт хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гуравдагч этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хайгуулын талбайг Засгийн газраас баталж өгдөг. Засгийн газраас батлагдсан талбайг сонгон шалгаруулалт зарлаж байж аж ахуй нэгж байгууллагуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэлт өргөдөл гаргах бүрэн эрхтэй гэж хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Энэ эрхээ эдэлж байгаа нь К ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж өгсөн байгаа. Мөн 22, 23 дээр ямар ямар материал бүрдүүлэх талаар тодорхой зааж өгсөн байгаа. Энэ утгаараа холбогдох материалыг бүрдүүлсний үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосын газрын кадастрын хэлтсийн дарга 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгсөн. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд хортой, амьтан ургамалд нөлөөлөх зэрэг асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаараа тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэгчийн эрх ашиг нь өнөөдрийн байдлаар ямар эрх, ашиг хөндөгдсөн талаар ямар ч нотлох баримт, тайлбар байхгүй байна. Үнэхээр хүн ам, амьтан, ургамалд хортой нөлөөлж байна гэдгийг Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу үнэлгээ хийлгэж байж түүгээрээ амьтан, ургамалд хохирол учирч байна гэдэг үнэлгээг тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээрээ 2, 3 өгүүлбэр бичээд амьтан, ургамал, гол ус бохирдож байна гэдэг асуудал ярих үндэслэл байхгүй гэж үзэж байна. Кадастрын хэлтсийн даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х ТББ-ийн 2023 оны 09-р сарын 21-ны өдрийн гаргасан 50/23 дугаартай "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "К" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгох" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компанид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257-р шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МѴ-022131 дугаартай тусгай зөвшөөрөл хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Гэвч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07-р сарын 19-ны өдрийн 244-р шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байтал тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байгаа. Энэ шаардлагын хүрээнд мэтгэлцээн явагдах болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хүчүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа уг маргаан бүхий акт цуцалсан эсвэл ямар нэгэн байдлаар хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байсаар байгаа бол хууль бус байсан болохыг тогтоон гэж хуульчилж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан шаардлагын хувьд зөвхөн субьектив эрхийн маргааны хүрээнд хэрэглэгдэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Анхны нэхэмжлэл нийтийн эрх ашгийг төлөөлж гаргаж байсан. Нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн буюу Х ТББ хувь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай асуудал яригдахгүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төсөв төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын газраас лицензийг хүчүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа вэ гэдэг талаар нэхэмжлэгч тодорхойлох ёстой. Энд нийтийн эрх ашиг сонирхол гэсэн агуулга тус хуулийн 106.3.3-т байдаггүй. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөнтэй холбоотой маргаан шүүхээр хэрхэн шийдэгдсэнээс хамаарч дахин нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийн асуудал байгаа. Шийдэгдээгүй хэргийн үр дагаврын асуудлыг өнөөдөр дүгнэх боломжгүй. Компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдож хайгуул хийгдэж, нөөц батлагдаж , эрдэс баялгийн эрдсийн зөвлөл хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хувиар, ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах онцгой бүрэн эрхийн дагуу А зөвшөөрөл гаргах өргөдөл гаргасан. Өргөдлийг захиргааны байгууллага хянаж үзэж Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна гэж үзэж А зөвшөөрөл олгогдсон байгаа. Одоо Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээ хийгдээд явж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа усны сав бүхий газартай давхцалтай, ан амьтан байдаг гэж нөхцөл байдал нь ерөнхий нөхцөл. Хариуцагч талаас тайлбарлаж хэлсэн шиг нөлөөллийн үнэлгээ хийж мэргэжлийн байгууллага ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлаар дүгнэлтээ тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох ёстой. Гэтэл ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж гарсан. Нарийвчилсан үнэлгээ хийлгэх замаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, ан амьтан хамгаалах үйл ажиллагаа явагдах болно. Өнөөдрийн хувьд ерөнхийд нь ан амьтан, гол ус байгаа гэдэг зүйл нь нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэл дээр Археологи, Палеонтологийн дурсгал гэж хэлээд байна. Үүнийг шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтдийн багт К ХХК өөрөө хүсэлт гаргаж судалгаа хийлгэсэн. Эртний Археологи, Палеонтологийн дурсгал зүйл байна гэж бүгдийг нь илрүүлж судалгааны дүгнэлт дээр бичсэн байдаг. Соёлын өв хамгаалах хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нийцэж байна. Судалгааны байгууллагад мэдэгдэж Археологи, Палеонтологийн судалгааг хийлгэсэн нь зөв байна. Цаашид үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж ашиглалтын үйл ажиллагаанд булш, бунхан хэрэгслүүр, Археологи, Палеонтологийн дурсгалын эвдэж гэмтээхгүй сүйтгэхгүй байх арга хэмжээг авч ажил гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан. Харин ч Археологи, Палеонтологийн дурсгалын олж илрүүлж судалгаа хийж соёлын өв Соёлын яам дээр албан ёсоор бүртгэлд орсон нөхцөл байгаа. Хайгуулын үйл ажиллагаа ашиглалтын үйл ажиллагаа явуулж эдгээрт хүрэхгүй байх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтарч авч ажиллана гэж ажил хийгдээд явж байгаа. Нарийвчилсан үнэлгээг техник эдийн засгийн үндэслэлтэйгээр К ХХК-ийн захиалгаар хийгдсэн Археологи, Палеонтологийн дурсгалт зүйлийг яаж уялдуулж болох вэ гэдэг нь нарийвчлагдаж гарах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х төв ТББ нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Харин нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн болно.
Гуравдагч этгээд К ХХК-д анх 2008 онд Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь ******* уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар шийдвэрээр К ХХК-д ******* дугаартай өргөдлийн дагуу Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь ******* уул нэртэй газар 2826.39 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай 13/2202 тоот К ХХК-д хаяглагдсан уг албан бичгээс үзэхэд, Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь ******* уул нэртэй газарт орших Алтны шороон ордыг ашиглах төсөл-д байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ хийсэн байх ба уг Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тус төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байна.
2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас-ны онцгойлон анхаарах зүйлс хэсгийн 3-д Төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүний хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах; гэсэн байна, 4-д Тухайн орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах; гэсэн байна.
Гуравдагч этгээд К ХХК нь дээрх Ерөнхий үнэлгээний дүгнэлтийн дагуу байгаль орчны нөлөөллийн Нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Маргаан бүхий Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь ******* уул нэртэй газарт байрлах дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо Х******* гол, З******* булаг байрладаг болох нь, тус дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас үүсэх нөлөөлөлд Х******* гол, З******* булаг өртөж болзошгүй болох нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 117 дугаар тушаал, Г*******-Д******* говийн сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №289 тоот албан бичгийн хавсралт зураг, нэхэмжлэгчийн тайлбар гэх мэт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь ******* уул нэртэй газарт байрлах дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улсын улаан номд орсон ховор амьтан дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд ЭМЗЭГ, Монгол орны хөхтөн амьтны бүс нутгийн улаан дансны шалгуураар УСТАЖ БОЛЗОШГҮЙ гэж үнэлэгдсэн хулан адуу, хар сүүлт, зээрийн гол байршил нутаг болон эдгээр амьтадын гол ундаалдаг Х******* гол байрладаг болох нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай №61 тоот албан бичиг , нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтууд, үйл баримтаас үзэхэд, хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д усны сав газар" гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг; 17 дугаар зүйлийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. гэж тус тус заасан байна.
Хариуцагч нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар шийдвэрээр К ХХК-д дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо дээрх хуулийн зохицуулалтын дагуу сав газрын захиргааны буюу Г*******-Д******* говийн сав газрын захиргааны саналыг аваагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудад үндэслэн авч үзвэл, говь газар ус нэн хэрэгтэй болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гуравдагч этгээдэд дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосноор говийн усны эх үүсвэрт ноцтой нөлөөлж, улмаар ховор, нэн ховор амьтдын амьдрах орчин нөхцөлд хортой нөлөөлөл үзүүлж болзошгүй болох нь тогтоогдож байх тул тус дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашиг буюу байгаль орчныг хамгаалах зорилго, үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Мөн түүнчлэн гуравдагч этгээд К ХХК нь маргаан бүхий ашиглалтын талбайд гол ус, ан амьтанд буюу байгаль орчинд хор нөлөөгүйгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэсэн үндэслэлээ нотлоогүй, энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Маргаан бүхий дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд археологи, түүх, соёлын дурсгалууд байрладаг болох нь Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №01/217 тоот албан бичиг , Соёлын үндэсний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай №01/478 тоот албан бичиг , түүний хавсралт тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн шаардлагыг хангасан болох нь хэрэгт цугларсан татварын тайлан, үйл ажиллагааны тайлан гэх мэт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч Д.С******* нь шүүх хуралдаанд Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд ан амьтан, усан сан бүхий газартай холбоотой асуудал хөндөгдөж байна гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.
Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй адил байх ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэлээр дэмжигдэж байна.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х төв НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ