ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/1045

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.З*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Г,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Гуравдагч этгээд: Б.П,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,

Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны А/ дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээд Д.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.З******* Баянзүрх дүүргийн Засааг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.2023 оны 12 дугаар сарын 18-ны А/ дугаар захирамжаар иргэн Б.П 700 м.кв газрыг газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Иргэн Г******* овогтой З******* миний бие нь 2019 онд Нийслэлийн БЗД-ийн 21-р хороо, одоогийн 27-р хорооны 8-р хэсгийн 3423 тоотод байрлах нэг айлын газарт суурьшин амьдарч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт тасралтгүй 5 жил амьдарсан байна. Тухайн газрыг өөрийн өвчлөлд авахаар тус газрын албанд удаа дараа хандсан боловч тодорхой үйлдэл хийлгүй өдийг хүргэсэн билээ. Гэтэл төрийн байгууллагын шийдвэр гаргалгүй удсан тухайн хугацаанд Б.П гэдэг хүн дур мэдэж өөрөө манай газар дээр газар шорооны ажил хийгээд тухайн асуудлаар надтай маргаан үүсгэж БЗДИХАШШүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаантай асуудлыг БЗДИХАШШүүхээс 2021 оны 7 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02127 шүүхийн шийдвэрээр надаас 1.200.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардсаны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ийм учраас Б.П хохирлыг барагдуулж бидний хооронд маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа. Миний бие нь 2020 оны 4 сарын 1-ний өдөр “Б” ХХК-ны инженер Ч.Б Газрын байршлын кадастрын зураг хийлгэж баталгаажуулж авсан. Энэ дагуу БЗД-ийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд очиж уулзахад энд газар олгох боломжтой гэж надад хэлж буцаадаг байсан. Тод удалгүй газрын албанд очиж уулзсан боловч хүлээж авахгүй гэсэн. Гэтэл надад мэдэгдэлгүй, бодитоор гэр бүлийн хамт амьдарсаар байхад эрх мэдлээ хууль бусаар ашиглаж иргэн Б.П хүсэлтээр Баянзүрх дүүргийн засаг даргын тоот захирамж гаргасанд гомдолтой байна. Тус захиргааны актыг гаргахын тулд надад мэдэгдэж, бас надаас байр суурийг маань сонссоны үндсэн дээр гаргах байсан. Тодорхой албан тушаалтан захиргааны актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй надад хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа буюу миний үзэл бодлын талаар огт ажиллагаа хийлгүйгээр тоот захирамж гаргаж миний эрх ашгийг ноцтой зорчсон байна. Миний бие нь тухайн асуудлаар БЗД-ийн газар зохион байгуулалтын албанд, улмаар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНД-нд гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн 2 байгууллагад хандсан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байна. Өмнө нь тухайн асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Хүлээн авахаас татгалзсан гол үндэслэл нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргах шаардлагатай байсан гэж дүгнэсэн. Улмаар тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Газрын маргаан шийдвэрлэх газар байгуулагдаагүй, 2024 оны 03 сарын 06 өдөр Дугаар 90 Засгийн газрын “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг баталсан боловч хэрэгжилт хангагдаагүй, комисс томилогдоогүй гэх хариу өгсөн. Ийм учраас БЗД-ийн засаг даргын тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Иргэний шүүхийн шийдвэр гарсан. Хүний газар ажил хийчхээд тэрэнтэй холбоотой нэхэмжлэл гаргаад явсан гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн  шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Иргэн Г.З*******ийн нэхэмжлэх иргэний гомдол гаргасан байршилд хээрийн судалгаа хийхэд 1332608170 тоот нэгж талбар бүхий газарт ДЗД-н 2023 оны тоот захирамжаар иргэн Б.П эзэмших эрх олгогдсон байна. Мөн тус байршилд иргэн Г.З******* амьдардаг бөгөөд иргэн Б.П олон жилийн маргаантай байсан.

Иргэн Б.П нь манай албанд 2022 оны 06 сарын 06-ны өдөр газар эзэмших хүсэлт гарган Дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/ тоот захирамжаар эрх олгогдсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.З*******ийн маргаан бүхий газар нь Дүүргийн Засаг даргын 2023 оны А/ дүгээр захирамжаар холбогдох хууль, журмын үндэслэж гарсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр иргэн гомдол гаргаад хээрийн судалгаа хийж үзсэн. Нэхэмжлэгч Г.З******* өөр газар бол санал болгож байсан. Аль алийг нь хохироогүй үүднээс зуслангийн газар болон гуравдагч этгээдтэй тохиролцуулах гэж оролцоход бол шүүхээр шийдвэрлүүлнэ гээд явсан. Тийм учраас шүүхийн шийдвэрийн дагана.” гэжээ.

8. Гуравдагч оролцуулах тухай:

1/.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар 16-ны өдрийн 8589 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Б.Пг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

2/.2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...2018.10.01-нд “П” ХХК-ийн инженер Нямдаваа гэж хүнээр хүү Э.Г, Д.С 2-ын нэр дээр 2 айлын кадастрын зураг хийлгэж баталгаажуулсан. /Э.Г, Д.С нарын 2018.10.01-ны өдрийн Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт, кадастрын зураг 5 хуудас баримтаар хавсаргав/

Би ганцаараа өвчтэй хүн асардаг тул тэндээ бууж чадахгүй, боломж олдохгүй байсаар дараа хавраас дүүргийн газрын албанд очиж ийм газрыг тэгшилж хашаалсан тухайгаа хэлж би амьдарч болох эсэх талаар лавлахад өөр ямар ч айлтай давхцалгүй байна, болно гэж хэлсэн. Миний ингэж их ажил болж засаж янзалж, хашаалсныг тэр хавийн хүмүүс мэднэ. Энэ талаар БЗД-ийн ИХАШШүүхэд ч зарим хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. /жолооч Балжинням, Банзрагч, хөрш айлын Ариунцэцэг, А.Золзаяа, Ш.Тогоожав нарын 2021 оны 9-сарын тайлбар, БЗД-ийн 21-р хорооны Засаг даргын БЗД-ийн ГЗБАлбанд хүргүүлсэн 2021.09.30-ны өдрийн 117 тоот албан бичиг, тодорхойлолт зэргийг нотлох баримтаар хавсаргав/

Мөн намайг 2019-оноос хойш БЗД-ийн газрын албаар дандаа газар эзэмшихийг хүсч явдгийг газрын даамал, газрын албаны дарга, Хороо бүгд мэднэ. Шийдвэрлэж өгнө гээд л байгаад байдаг. Гэтэл 2020 оны хавар танай хашаанд айл бууж байна гэж хүнээс сонсоод 5 сарын 1-нд хүү Э.Г******* очиход иргэн Г.З******* портер машинаар гэрээ ачиж ирсэн барьж байсан. Бид юу болж байна, энэ чинь манай хашаа гэхэд З*******ийн нөхөр нь манай хүү рүү дайрч маргалдаж үүдэн шүдийг нь цөмлөсөн, хүүгийн найз нь Цагдаад дуудлага өгч, тэд Цагдаагийн 2 хэлтэст хүргэгдсэн, манай хүүг гомдлоо бичиж өг гэхээр нь би хүний хүүхдийг айхтар гэмт хэрэгт оруулах нь гомдолтой гээд яах вэ гэсэн. Харин энэ цагаас хойш би хүүгээ чи залуу хүн учраас чамайг дээрэлхээ, зодож, аягүй бол хэрэгт хийх нь байна, ээжийг нь арай зодохгүй биз, ээж нь хөөцөлдье гээд үүнээс хойш би энэ газраа өөр дээрээ авахаар хөөцөлдсөн юм. /БЗД-ийн ЦХ-2 Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга х/ч А******* гэсэн 2020.05.01-ны өдрийн 1101.054.20.0003493 бүртгэлийн дугаартай маягтыг нотлох баримтаар хавсаргав/ Энэ баримт болон ЦГ-аас шалгавал Г.З*******ийнх 2020.05.01-нд нүүж ирснийг нотлох юм.

Мөн би гэрийн буйр засах санаатай 5 тонн хайрга ачаад очиход бас л нөхөр нь - жолоочтой заамдалцаад хэл ам гаргаад, буулгасан хайргыг хүрздэж цацаад байсан. Ер нь хөгшин намайг их дээрэлхдэг юм.

Хэд хоногийн дараа хашаагаа эргээд айл буусан байгааг үзүүлэх гэж дүүргийн газрын даамал Хадбаатарыг дагуулан очиход манай хашааны гадуур давхар хашаа барьсан, гэрт нь хүнгүй байсан. Мэргэжилтэн Хадбаатар хэргийн үзлэг хийв гэж байсан, надад иргэд хоорондын маргаанаа шийдвэрлүүл гэсний дагуу би 2021.06.11-нд ИХАШШүүхэд нэхэмжлэл гаргаж манай хашааг гаргаад хаячихсан гээд байхаар нь З*******ээс хашааны үнэ 1.200.000 төгрөг нэхсэн, шүүх гаргуулж өгсөн. Энэ мөнгө бол миний хашааны үнэ болохоос би газраа З*******т өгсөн юм биш, шүүх ч мөн тэгж шийдсэн байгаа. Анх манайх хашаа барьсныг З******* хүлээн зөвшөөрч хашааны үнийг надад төлсөн юм./Шүүхийн шийдвэрийг хавсаргав/

Намайг 2018 оноос хойш энэ газрыг өөрөө сэргээж засах, шийдвэр гаргуулах гэж хөөцөлдсөөр ирсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн миний газраа хүсэж өгсөн өргөдлийг 2021.03.01-ны өдөр, мөн 2022.04.11-ны өдрүүдэд 2 удаа хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн карт байдаг. 2021 оноос өмнө өргөдлөө өгөх гэхээр Хорооны тодорхойлолт авчир гэдэг гэтэл манай Хорооны дарга нь Г.З*******ийн хамаатан, мөн ээж нь хэсгийн ахлагч хийдэг болохоор надад тодорхойлолт өгдөггүй, харин Г.З*******т болохоор дарга нь өөрөө өөрчлөгдөхөөсөө өмнө он, сар ч үгүй тодорхойлолт хийж өгсөн байдаг. Ингэсээр иргэд хоорондын маргаантай гээд шийдвэрлэхгүй байгаад байхаар нь их удалгүй 2022.05 сард байхаа би дахиад очиход мэргэжилтэн Хадбаатар миний өргөдлийг барьж албаны дарга Шинэзоригт дээр ороод танилцуулсан, Албаны дарга хэлэхдээ Хадбаатарыг тэр З*******тэй очиж уулз гэхэд Хадбаатар би уулзсан, газар дээр нь очиж танилцсан давхар хашаа барьсан байна лээ гэсэн. Засаг дарга дахиад П гуайтай хамт очоод З*******ийн байр суурийг сонс, дараа нь эргэж танилцуул гэсэн чиглэл өгсөн. Маргааш нь Хадбаатар надтай хамт очиход З******* гэртээ байсан, Хадбаатар, З*******ээс энэ ямар газар вэ, танайх ямар үйл ажиллагаа хийсэн, ямар техник ашигласан, бичлэг, ажлын явцын зураг байна уу гэж асуухад З******* энд маш их хог байсныг цэвэрлэсэн, зэрлэгийг зулгаасан, шинээр хашаа барьсан гэхээс өөр зүйл хэлээгүй, энэ үед залгаа хашааны Золзаяа, хөрш айлын эмэгтэй нар ирсэн, намайг Ковш машинаар газрыг түрүүлж, эрүүл хөрс асгуулсныг хэлж нотолсон, Хадбаатар ч бас бичлэг хийж авсан. /бүртгэлийн картуудыг хавсаргав/

Дараа нь даваа гаригт дахин очиж өргөдлийн хариугаа асуухад Лхагва гаригт 10 цагт Г.З*******тэй хамт ир, сонсох үйл ажиллагаа явуулна гэсэн. Лхагва гаригт Газрын 2-р албаны даргын өрөөнд З*******, Хадбаатар, албаны дарга бид хамт уулзсан, Хадбаатар мэргэжилтэн үйл ажиллагааг танилцуулж бичлэгээ үзүүлсэн.

Албаны дарга: З******* таны суурьшиж байгаа газар дээр иргэн Б.П анх хашаа хатгасныг та шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байна, мөн хөрш залгаа айлууд гэрчилж байна, З******* чи миний ажлын өрөөг минийх гээд миний цай уудаг аягыг минийх гээд байвал учир дутагдалтай биз дээ гэсэн. Гэтэл Хадбаатар би явах уу ажил ихтэй байна гэсэн чинь дарга нь та байж бай, асуудлыг ил тод шийднэ, дараа нь газрын албаны дарга албан тушаалаа ашиглаж буруу шийдвэр гаргалаа гэх болно. Энэ 2-ын - хэнийх нь материалыг авсан бэ гэхэд Хадбаатар: хэнийхийг нь ч аваагүй гэсэн.

Албаны дарга: иргэн Б.П материалыг авч зохих журмын дагуу шийдвэрлэ, иргэн З******* та манай хороонд шинэ суурьшлын бүсэд газар авч болно, эсхүл сонгосон газраа мэргэжилтэн Х******* танилцуулж авах эрх чинь нээлттэй байгаа шүү, уулзалт завсарлалаа гээд тарсан.

Ингээд шийд гарахгүй байсаар надад 2023.12.28-ны өдрийн А/ тоот БЗД-ийн Засаг даргын захирамжаар надад БЗД-ийн 27-р хороонд байрлах нэгж талбарын 1332608170 дугаартай 700 м.кв газрыг, гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204050610 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 0000274141 тоот гэрчилгээг олгосон болно. /ГЭЭГэрчилгээ, кадастрын зургийг хавсаргав/

Гуравдагч этгээд би дээрх байдлыг нэг бүрчлэн бичиж байгаа учир нь Г.З******* намайг анх энэ газрыг сэргээж засаж янзалсан хойно, хүний барьсан хашааг буулгаж хууль бусаар нүүж ирсэн атлаа надаас өмнө ирж суурьшсан, 5 жил амьдарч байгаа мэтээр нэхэмжлэлдээ худлаа бичсэнийг би үгүйсгэж, өөрийнхөө эрхийг хамгаалж, нотлох үүднээс шүүхэд үнэнээ бүгдийг тайлбарлаж бичлээ. Дээрх гэрчүүд болон 21-р хорооны Засаг дарга Эрдэнэзаяа албан бичиг хийж өгсөн тул газрын мэргэжилтэн нар сайн мэдэж байгаа, зарим бичлэг, үзлэгийн тэмдэглэл ч албанд хадгалагдаж байх учиртай. Хадбаатар гэж мэргэжилтэн одоо ажлаа өгсөн, гэвч шаардлагатай бол энэ хүмүүсээс хэрэгт гэрчээр оролцуулж өгнө үү. Мөн Г.З******* тэр газарт манайхыг анх хашаа хатгасныг иргэний шүүхэд хүлээн зөвшөөрсөн байдаг. /Шүүхийн шийдвэр хавсаргав/

Ийнхүү дээрх нөхцөл байдал, бичгийн нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг би анх өөрөө олж, газрыг өөрийн хүч хөдөлмөр, зардлаар сэргээн засаж, анх хашаа босгон хамгаалж, газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу олгосон байхад нэхэмжлэгч нь худлаа гүтгэж, миний газар луу дайрч түрэмгийлэн ирээд одоо ямар ч газар эзэмших эрхгүй атлаа амьдарч, миний газар эзэмших эрхийг хөндөж, Дулмаар газрыг минь чөлөөлж өгөхгүй байгаа юм.

Хариуцагч дүүргийн Засаг дарга нь Г.З*******ийн газар хүссэн өргөдөл материалыг огт хүлээж аваагүй, харин Г.З******* энэ газрыг манай газар гэдгийг 2020.05.01-нд манай газар дээр нүүж ирснээс эхлэн мэдсэн, 2021.07.30-нд Иргэний хэргийн шүүх хуралдаанд уг газарт манайхыг анх хашаа хатгасныг хүлээн зөвшөөрч мэдсэн, 2022 оны 5 сард газрын албаны даргын өрөөнд бүгд уулзаж, сонсох ажиллагаа явуулж улмаар надад уг газрыг олгохоор шийдвэрлэснийг мэдсэн, 2023.12.28-нд Засаг даргын захирамж гарсныг мэдсэн. Ингэж дээрх байдлаар 2020 оноос эхлэн энэ газрыг миний газар болохыг мэдсээр ирсэн байтал одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Улмаар хүний газрыг чөлөөлж өгөхгүй, ядарсан хөгшин намайг дээрэлхээд зодоон цохион болгох гэдэг. Одоо өвлийн улирал болоод би түрээсийн байранд олон жил амьдарч байна. Энэ бүхэн Г.З*******ийн буруутай үйлдлээс болж байгаа тул цаашид хашаа байрны 2020 оноос хойших түрээсийн төлбөр болон бусад хохирлоо төлүүлж, гэмт хэргийн шинжтэй маргаан бүхнийг зохих газарт нь мэдүүлж хариуцлага тооцуулах болно. Иймд Г.З******* дээрх байдлаар бүгдийг аль эртнээс мэдсэн байтлаа ямар нэг албан ёсны нэхэмжлэл, гомдол гаргаагүй, шүүхэд хандахгүй өдий хүрчхээд одоо буюу 2024.09.16-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа, мөн илт хууль бус акт гэж үзэх хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байх тул ЗХШХШТХуульд зааснаар Захиргааны байгууллагаас амаар болон бичгээр удаа дараа шийдвэр гаргаж өөрт нь мэдэгдсэн буюу Г.З******* нь мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Иймд хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, өөрөөр хэлбэл ямар эрх ашиг нь хөндөгдсөн, хэрхэн сэргэх боломжтой болох нь тодорхойгүй байх тул хуулийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Г.З*******ийн тухайд газар шинээр эзэмших өргөдөл гаргаагүй. Гаргасныг нь ч хүлээж авсан зүйл байхгүй. Тийм өргөдөл гаргаагүйг ч хариуцагч хэлж байна. Б.П өргөдлийн 2 удаа хүлээж аваад шийдвэрлэсэн байдлаас нь харахад газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийн хуралд ороод танилцуулгаар хүлээгдэж байна гээд хариу өгөөд байсан. 2022 оных нь мөн адилхан. 2021 онд Б.П бол газрыг тэгшилж янзалсан. Хашааг нурааж амьдарч байгаа гэх өргөдөл гомдлыг удаа дараа амаар болон бичгээр гаргаж байсан гэж Газрын алба тэмдэглэлдээ тусгасан. Иргэн Б.П болон тус газар хашаа барьж амьдарч байгаа 2 иргэнд дүүргийн Засаг даргын албанаас газар эзэмших эрхийг олгоогүй болохыг тайлбарлаж ажилласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оноос хойш 5 жил амьдарсан гэж дурдсан байдаг. Гуравдагч этгээд Б.П оноос тухайн газрыг цэвэрлэх сэргээх ажил хийсэн байдаг. Тийм учраас хүү н.Г, бэр н.С нар Кадастрын зураг хийлгүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнээс юу харагдах вэ гэхээр 2018 оноос энэ газрыг сэргээх ажлыг хийсэн. Инженер н.Нямдаваагийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Кадастрын зураг авагдсан хугацаагаар 2018 он гэдэг нь нотлогдоно. Мөн газрыг сэргээх ажиллагаа хийсэн болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн өгсөн мэдүүлгүүд байгаа. Түүнээс гадна 2018 оноос эхлэн Газрын тухай хуульд заасан хүний үйл ажиллагаанаас үүдэн элэгдэл гэмтэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд тухайн газрыг эзэмшүүлж болно гэж заасны дагуу энэ газрыг эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгч Г.З******* 2019 оны хавар нүүж очсон гэдгийг юугааp үгүйсгэж байгаа гэхээр 2020 оны хавар хашаанд хүн буусан байна гээд очиход Г.З******* машинтай гэрээ ачаад ирсэн буулгаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хашаандаа очиход зодоон, цохион болоод Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгөөд очиж асуудлыг шийдвэрлэж байсан маягтаар бол тогтоогдож байгаа. Үүгээр 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр нүүж очсон гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Г.З******* нэхэмжлэлдээ иргэний хэргийн шүүх миний хохирлыг барагдуулсан бидний хооронд маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа гэсэн тайлбар бичсэн байдаг. 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хашааны гадуур давхар хашаа барьсан байсныг газрын даамал н.Хадбаатар өөрөө очиж үзсэн. Мөн Г.З******* давхар хашаа барьсан болон манай хашааг буулгасан гэдгээ иргэний хэргийн шүүхэд өөрөө мэдүүлсэн. Тийм учраас хашааны үнэ болох 1,200,000 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдсэн болохоос газрын маргаантай асуудлыг шийдвэрлээгүй. Г.З******* нэхэмжлэлдээ 2020 оны 04 дүгээр сард “Б” ХХК-ийн н.Б кадастрын зураг хийлгэсэн, давхцалтай байсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Баянзүрх дүүргийн газрын албанд очиход энэ газрыг олгох боломжтой гэж хэлээд удахгүй уулзахад хүлээж авахгүй гэдгээ надад мэдэгдэлгүй Б.П тоот захирамж гаргасанд гомдолтой байна гэж нэхэмжлэлдээ бичсэн. Хариуцагч Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Удаа дараа Г.З*******ийн хашаа, гэрт очиж үзлэг хийсэн. Мөн газрын албаны даргын өрөөнд бүгд цуглаж байгаад асуудлыг шийдвэрлэж хариу өгч байсан. Эдгээрийг Г.З******* үнэнээр нь тайлбарлаж хэлэхгүй байгаа. 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаа өргөдөл өгсөн гэдгийг өргөдөл хяналтын картаар нотлогдоно. Үүнээс үзэхэд 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр газар хүссэн өргөдлөө анх өгсөн. Газрын даамал н.Хадбаатар гэрт нь очиж маргаанаа шийдвэрлүүлэх талаар хэлсний улмаас 2022 оны 05 дугаар сард газрын албаны даргын өрөөнд цуглаж асуудлыг шийдвэрлэхэд газрын албаныг дарга Б.П өргөдлийг цохих журмын дагуу шийдвэрлүүлж иргэн Г.З******* та манай хороонд шинэ суурьшлын бүсэд газар авч болно. Эсвэл сонгосон газраа мэргэжилтэн н.Х******* танилцуулж авах эрх тань нээлттэй байгаа гэдэг шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг бол Г.З******* өөрийн биеэр оролцож мэдсэн. Тухайн нөхцөл байдлыг мэдсэн боловч ямар нэгэн гомдол гаргаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлдээ илт хууль бус акт гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны Байгууллагаас амаар болон бичгээр удаа дараа шийдвэр гаргаж өөрт нь мэдэгдсээр байтал Г.З*******ийн арга хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагад ямар эрх ашиг нь хэр нь зөрчигдөж байгааг, хэрхэн яаж сэргэх боломжтой талаар огт үндэслэлээ заагаагүй. Үүнийгээ ч нотолж чаддаггүй, нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.З*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр 2019 оноос эхлэн амьдарч байгаа гэх боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07/271 дугаар албан бичгээр “...Таны хүсэлт гаргасан газар нь “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”-т заасан шаардлагыг хангаагүй байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломгүй”, мөн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01-03/3930 дугаар албан бичгээр “...Б.П Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/ дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон байна.” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид өгчээ.

2. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл газрын төлбөрийг төлжээ.

3.Гэтэл маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус хуульчилсан

4.Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр амьдарч байгаа хэдий ч тухайн газрыг эзэмших, өмчлөх талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй байх бөгөөд уг үйл баримтыг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/******* дугаар албан бичгээр тодруулахад зөвхөн 2024 онд хүсэлт гаргаж байсан болох нь дээрх албан бичгүүдээр тогтоогдож байна.

5.Харин гуравдагч этгээд нь 2018 онд газрын төлөв байдлыг дээрдүүлж, хашаалсан болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2127 дугаар шийдвэрээр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших хүсэлтийг анх гаргасан болох нь газрын хувийн хэргээр тус тус тогтоогдож байна.

6.Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээд нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэлд орж хогийн цэг болсон газрыг нөхөн сэргээлт хийж, тэгшлэн хашаа барьж уг газарт газар эзэмших хүсэлтийг нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан байх тул маргаан бүхий захиргааны актаар түүнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцжээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Г.З*******ээс Баянзүрх дүүргийн Засаг дарга холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ