| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0151/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 174
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Д.У,
хохирогч Н.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т овогт Д-ын У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015900064 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил цахилгаанчин, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Д-ын У /РД: /,
Шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.У нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 42 дугаар гудамж, 882 тоот өөриын гэртээ хохирогч Н.Баттулгыг зодож, түүний биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, доод уруулын язрал, цус хуралт, баруун хацрын шарх, зуүн тохойны зөөлөн эдийн няцрап, зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орой 18.00 цагийн үед санагдаж байна дэлгүүр ороод явж байхдаа зүс таних Баттулга ахтай таарсан тухайн үед Баттулга ах архи уучихсан халамцуу байдалтай явж байсан, намайг нэг тамхи аваад өгчих гэхээр нь би нэг хайрцаг тамхи авч өгөөд өөрөө нэг шил 0.75 литрийн архи аваад бид хоёр манай гэрт очсон. Тэр үед манайд манай эхнэр Туул байсан. Бид гурав авсан 0.75 литрийн архиа уугаад дуусаад орой 21.00 цагийн үед Баттулга ахыг гэртээ очиж амар гэж хэлсэн чинь надруу дайраад агсраад чи намайг доромжилдог хэн бэ гээд байхаар нь би гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгсэн чинь Баттулга ах манай гэрээс гараад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
хохирогч Н.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зүс таних Уламнэмэх гэдэг хуурай дүүгийнхээ гэрт очиж түүний эхнэр Туултай хамт бид гурав нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан, би Уламнэмэхэд жоохон үг хаяж, хэл амаар доромжилсон юм шиг байгаа юм. Тэгсэн чинь Уламнэмэх нэг мэдсэн чинь миний дээр гараад гараа атгаж хаагаад 2 удаа нүүр лүү цохисон. Тэгээд би тэр үед нилээн согтсон байсан болохоор гэрээс нь яаж гарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан явсаар байгаад гэртээ орсон... Тэр үед миний нүүр рүү 2-3 удаа Уламнэмэх хүчтэй цохисон болохоор нүд хөхөрч, уруул хавдаж, хамар зовиуртай болсон...” /хх-ийн 7-10х/,
гэрч Н.Туулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Уламнэмэх гэрийн ойролцоо байдаг Батгулга гэх хүнтэй 18.00 цагийн үед ирсэн ба гудамжинд таарсан гэж хэлсэн. Тэгээд манай гэрт тамхи байгаа юу гээд нөхөр маань дэлгүүр орж тамхи, нэг шил 0,75 литрийн архи авсан. Тэрийг нь бид гурав хувааж уусан бөгөөд архиа дуусаад манай нөхөр та одоо гэртээ очиж амар гэсэн чинь Баттулга чи яахаараа намайг хөөдөг юм гээд тэр хоёр барилцаж аваад нөхөр маань Баттулгын нүүр рүү нэг удаа цохисон... /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хохирогч Н.Баттулгын биед үзлэг хийсэн №208 тоот дүгнэлт: Н.Баттулгын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, доод уруулын язрал, цус хуралт, баруун хацрын шарх, зуүн тохойны зөөлөн эдийн няцрап, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-ийн 17-18х/,
2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Баттулгаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол хүлээн авсан тэмдэглэл: /хх-ийн 5-6х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Уд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Уийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Уэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Д.Уийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Д-ын У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.У нь торгуулын ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ