Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/60

 

 

                                   У.Маргад, Н.Жаргалсайхан нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч У.Маргадын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор У.Маргад, Н.Жаргалсайхан нарт холбогдох 2131002550188 дугаартай, 175/2022/0147/Э/208/2023/0039 индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Угтахбаярын Маргад, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын*****-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ***эгтэй, ******** боловсролтой, Сэлэнгэ аймгийн ****** ангийн сурагч, ам бүл******нарын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум * ****баг, ******** хэсэг **** байр************ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*****/,

Мөөшөө овогт Нямсүрэнгийн Жаргалсайхан, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ******* боловсролтой, ******курсийн оюутан, ам бүл ********нарын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *** баг, **** хэсэг **** тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД.********/,

Шүүгдэгч У.Маргад нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 5 давхрын голд болон 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор Н.Жаргалсайхантай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 5 давхрын дунд болон цэнхрийн 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор У.Маргадтай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.Жаргалсайхан, У.Маргад нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Угтахбаярын Маргад, Мөөшөө овогт Нямсүрэнгийн Жаргалсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Маргадыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.Жаргалсайханыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч У.Маргадад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.Жаргалсайханд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдан,

Шүүгдэгч У.Маргад, Н.Жаргалсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Маргадын өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...У.Маргадыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 5 давхрын голын 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор Н.Жаргалсайхантай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр хэргийг хэлэлцээд гаргасан 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс У.Маргадыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэжээ.

Гэтэл эрүүгийн хавтас хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал:

Гэрч Хангал, Сүхбат нарын мэдүүлэг, Жаргалсайхан Маргад нар нь facebook-ийн messenger-ээр харьцсан олон удаагийн зурвасуудаар Жаргалсайхан нь Маргадыг удаа дараа дуудаж байсан, сүүлийн тохиолдолд ч мөн дуудаж гэрээс нь гаргаж ирж хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, түүнчлэн Маргадыг Жаргалсайхантай зодолд гэж Сүхбат шаардсан, Баярзориг нь Маргадын нүүр хэсэг рүү алгадаж, зодолдохыг тулган шаардсан нөхцөл байдал маш тодорхой тогтоогдсон.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлд заасан өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, эрх, ашиг сонирхолд тулгарах аюул нь гол төлөв гэнэтийн шинжтэй, асар түргэн явцтай, ер бусын онцгой нөхцөлд болдгоос хамааран аюулыг зайлуулж байгаа хүн өөрөө гол төлөв сэтгэл санааны гэнэтийн цочирдол, балмагдалд ордог учир зан үйлийнхээ оновчтой хувилбарыг тэр болгон зөв сонгон үйл ажиллагаагаа явуулах боломж нь хязгаарлагдмал байдаг бөгөөд өөрт нь аюул заналхийллийн улмаас бусдын хүчинд автаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийн жинхэнэ байдалд дүгнэлт огт хийлгүйгээр, Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлд заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, У.Маргадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолд өөрт оруулж, шүүгдэгч У.Маргадад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Цагаатгах үндэслэл байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг У.Маргад, Н.Жаргалсайхан нарын үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхээс гарсан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Маргадын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр У.Маргад, Н.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн 2131002550188 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч У.Маргад нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 5 давхрын голд болон 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор Н.Жаргалсайхантай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 5 давхрын дунд болон цэнхрийн 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор У.Маргадтай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-насанд хүрээгүй гэрч Т.Хангалын “....Тухайн өдөр би шар байрны голын сагсны талбай дээр байхад Тэлмэн ирээд цэнхэр оръё Маргадыг Жаргалсайхан найз нартайгаа нийлээд зодох гээд байна орцноосоо гарч чадахгүй байна гэхээр нь Баярзориг, Тэлмэн, Мөнхцэнгэл, Энх-эрдэнэ бид нар цэнхэр явсан. Тэгээд Цэнхэр байрнуудын сагсны талбайны хажууд байдаг 4 ширхэг сандал дээр очоод Маргад руу залгасан чинь Маргад гарч ирээд Жаргалсайханыг утсаар дуудсан юм. Жаргалсайхан, Санчир, Төгөлдөр, Хангал нарын хамт 10 минут орчим болоод ирж байхад Баярзориг Жаргалсайханд хандаж ямар удаан явдаг юм. Яасан хүнд сурталтай юм гэж хэлэхэд Жаргалсайхан өөдөөс нь чи надтай ингэж ярьдаг болсон юм уу гэх зэрэг зүйлсийг хэлээлд орилоод ирсэн тэгээд л тэр духаар нийлээд маргалдсан тэгэхэд Баярзориг Жаргалсайханы цээж рүү түлхэхэд Жаргалсайхан Баярзоригийн нүүр рүү цохиод тэр 2 барьцалдаж аваад ноцолдож байхдаа хогийн сав мөргөөд Жаргалсайхан Баярзоригийг татаад газарт унасан. Жаргалсайхан Баярзоригийн дээр гараад унасан юм. Тэгээд тэр хоёр 2 тийшээ салсан. Тэгээд Жаргалсайхан гадуурхаа тайлаад Баярзоригоо чи ийм болсон юм уу чи намайг танихгүй байгаа юм гэж хэлээд байж байхад Маргад Жаргалсайханы нүүр хэсэгт нь цохиход шууд газарт унаад босож ирэхдээ уруулаас нь цус гараад байсан. Тэгээд бид нар салах гээд явж байхад Жаргалсайхан болон найзууд орилоод одоо зодолдъё гээд ирсэн юм тэгэхэд Сүхбат гэдэг хүүхэд нэмэгдээд ирсэн байсан Тэгээд Маргадыг чи зүгээр байсан 2 хүүхэд зодолдуулчхаад одоо өөрөө зодолдооч гээд амбаардахад Баярзориг Сүхбатыг түлхээд холдуулахад Сүхбат Баярзориг 2 түр маргалдсан сүртэй зүйл болоогүй. Тэгээд Жаргалсайхан Маргад 2 зодолдохоор болоод цэнхэр 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу Би Төгөлдөр, Жаргалсайхан, Маргад бид 4 явсан юм. Тэгээд тэнд очоод Маргад Жаргалсайхан 2 өөд өөдөөсөө харж зогсоод зодолдсон нэг нэгнийхээ нүүр рүү цохиод Жаргалсайхан ухарч байгаад унахад Маргад дээр гарсан тэгээд тэр 2 өнхөрч тэмцэлдэж байгаад Маргад дээр нь гараад одоо болсон уу гэхэд Жаргалсайхан босож байгаад үзье гээд байсан тэгэхэд Маргад босоод шууд явсан Жаргалсайхан араас дахиад үзье гээд орилоод байсан. Нийлж бүлэглэж зодсон үйл явдал болоогүй..” гэх /1-р хх-ийн 100 тал/,

-насанд хүрээгүй гэрч Т.Тэлмэнгийн “...Тэгээд удалгүй Жаргалсайханы утас дугараад буцаад цэнхэр байрны тийш явсан. Төгөлдөр дугуйтай явж байсан болохоор түрүүлээд явсан араас нь Санчир, Жаргалсайхан бид нар явж байсан би утсаар яриад ард нь жаахан зайтай явж байхад сагсны талбайны хажууд баахан хүүхдүүд сууж байсан. Баярзориг гэх хүүхэд Жаргалсайханыг хурдан яваач яасан хүнд сурталтай юм гэхэд Жаргалсайхан өөдөөс нь явж л байна ш дээ гэж хэлээд яваад очсон. Тэгээд очиход Баярзориг нүүр хэсэгт гараараа цохихоор нь би утсаа салгаад гүйж очоод Төгөлдөр бид 2 Жаргалсайхан Баярзориг 2-г салгаад би Жаргалсайханы урдуур ороход Баярзориг миний эрүү хэсэгт мөргөсөн тэгэхэд хажуугаас нэг хүүхэд намайг цохисон юм. Тэгээд би хэсэг манараад хөл алдсан юм тэгээд дээшээ босоод харахад Жаргалсайхан цохиулаад газарт унасан байхад би Жаргалсайхан дээр очиход Жаргалсайханы хувцас энэ тэр нь цус болсон байсан Тэгээд Жаргалсайхан босоод Маргадтай учраа олмоор байна би та нартай асуудал байхгүй. Би Маргадтай учраа олно гэхэд Баярзориг нь Маргадыг чи одоо үзээч одоо учраа ол гэж хэлж шахаад Маргадыг алагдсан юм тэгээд Жаргалсайхан Маргад 2 зодолдохоор болоод 18 дугаар байрны цаана байдаг уурын зуух руу бүгд явсан. Би замдаа "Болор" дэлгүүрийн хажууд суугаад ардаас нь очиход зодоон болоод дууссан байсан тэнд байсан хүүхдүүд Жаргалсайханыг Маргадад зодуулсан гэж хэлж байсан...” гэх /1-р хх-ийн 102 тал/,

-насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн “....."...Тэгээд байж байхад Жаргалсайхан ирээд араас нь Санчир, Хангал 2 ирсэн. Тэгэхэд Баярзориг Жаргалсайханд хандаж чи ямар хүнд сурталтай юм гэхэд Жаргалсайхан яасан юм гэхэд Баярзориг чи ийм болсон юм уу гээд Баярзориг босож ирээд уруул шанаа хэсэгт гараараа цохихоор би Баярзоригийг татаад холдуулахад Баярзориг Жаргалсайхан луу дахиж дайраад зүүн шанаа хэсэгт нь гараараа цохисон. Хангал бид 2 Жаргалсайхан Баярзориг нарын голоор ороод салгаад байж байхад Баярзориг Хангалыг мөргөсөн. Бас хажуугаас нэг найз нь Хангалыг цохиход Баярзориг Жаргалсайханыг 2 хөлийг давхар хамаад түрээд гүйхэд хойд талд нь байсан хогийн савыг тэр 2 мөргөөд газарт унаад босоод ирэхээр би Баярзоригийг тэврээд авсан. Тэгэхэд Маргад нь Жаргалсайханы араас нь чихний ард хэсэгт цохиод Жаргалсайхан газарт дагзаараа унасан юм. Тэгэхэд Шар байрын Хангал больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд байж байхад Цэнхэр байрны Пүрэвбат, Золбоо гэдэг ах нар ирээд одоо болио 21 дүгээр зуунд зодоон хэрэггүй гэж хэлсэн.

Тэгэхэд Жаргалсайхан Баярзоригт би Маргадтай учраа олно гэж хэлээд байж байхад Сүхбат гэдэг манай найз ирээд Маргадад чи зүгээр байсан 2 хүүхдүүдийг зодолдуулаад гэж хэлээд Маргадыг бөгс хэсэгт нь амбаардаж өшиглөхөд Баярзориг Сүхбатыг хавираад газарт унагаасан юм тэгэхээр би уур хүрээд Баярзоригийг түлхээд Баярзоригт чи Сүхбатыг танихгүй байгаа юм уу? найзууд байж гэж хэлсэн юм. Тэгээд Баярзориг Маргадыг баруун шанаанд нь зүүн гараараа алагдаад одоо өөрөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд Маргад Жаргалсайхан нар зодолдохоор болоод би Шар байрны Хангал, Жаргалсайхан, Маргад бид нар 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явж очсон. Нөгөө хэд араас ирж байсан. Тэгээд Жаргалсайхан Маргад 2 зодолдсон. Эхлээд Маргад Жаргалсайханы нүүр хэсэгт цохисон. Тэр 2 барьцалдаад авахад Жаргалсайхан Маргадын нүүр хэсэгт 2 гараараа цохиод зууралдаад газар унахад Маргад дээр нь гарсан. Тэгээд Маргад Жаргалсайханы гар хэсэгт 2 удаа гараараа цохиод Маргад одоо ингээд болих уу гээд дээрээс босоод хурдан алхаад доошоо буугаад яваад өгсөн. Тэгээд тэр үйл явдал болоод дууссан..” гэх /1-р хх-ийн 98 тал/,

-насанд хүрээгүй гэрч Э.Санчирын “...Цэнхэрт очиход Маргад, Баярзориг гэх хүүхдүүд найз нарын хамт хүлээж байсан. Би замаараа "Бүрэн" дэлгүүр ороод гараад ирэхэд тэд нар зодолдоод дууссан Жаргалсайхан газарт унасан байсан. Би явж очоод Жаргалсайханыг босгосон бөгөөд Жаргалсайхан би та нартай асуудал байхгүй Маргадтай учраа олно Маргадтай нэг нэгээрээ зодолдъё гэж хэлэхэд Маргад би зодолдохгүй гээд байсан. Тэгэхэд Баярзориг Маргадыг алагдаад чи юунаас айгаад байгаан одоо үз гэж хэлсэн. Тэгэхэд Сүхбат гэдэг хүүхэд Маргадын бөгс рүү нь амбаардаад чи зодолд гэхэд Баярзориг Сүхбатыг хавираад унагаахад Сүхбат Баярзоригт чи яагаад байгаан чи бид 2 найз биз дээ гэх зүйл хэлж байсан. Сүхбат Баярзориг 2 зодолдоогүй. Тэгээд Маргад, Жаргалсайхан хоорондоо зодолдохоор болоод 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явсан юм. Би араас нь Жаргалсайханы цамц, Хангалын цүнх, борооны шүхэр гэх зүйлсийг газраас хамаад очиход зодоон дууссан байсан..."  /1-р хх-ийн 96 тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай: 1.У.Маргадын  биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх    гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.У.Маргадын биед учирсан дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй"гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63 дахь тал/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай: “1. У.Маргадын биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №317 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.У.Маргадын биед тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун шуу, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.У.Маргадын биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 5.У.Маргадын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 188-189 тал/,

-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаартай: 1.Н.Жаргалсайханы  биед дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх      гэмтэл нь мохоо зүйлийн цохилт, үрэгдлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Н.Жаргалсайханы      биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн  дарааллыг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-66 тал/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай: 1.Н.Жаргалсайханы биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №316 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Н.Жаргалсайханы дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Н.Жаргалсайханы биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 5.Н.Жаргалсайханы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 199-200 тал/ болон бусад баримтуудаар нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Н.Жаргалсайхан, У.Маргад нарын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Жаргалсайханд 300 цагийн, У.Маргадад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаад мөн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Маргадын өмгөөлөгчийн зүгээс “....Анхан шатны шүүх нь хэргийн жинхэнэ байдалд дүгнэлт огт хийлгүйгээр, Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлд заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, У.Маргадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолд өөрт оруулж, шүүгдэгч У.Маргадад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Шүүгдэгч Н.Жаргалсайхан, У.Маргад нар нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй байхдаа хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн Сэлэнгэ аймгийн нь Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тэдэнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулаад тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялаас чөлөөлж   шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Маргад нь тухайн өдөр маргаан болж дууссаны дараа өөрийн найз Баярзориг, Тэлмэн, Мөнхцэнгэл, Энх-Эрдэнэ нарыг дуудан Цэнхэр 5 давхар байрнуудын дунд ирүүлж улмаар шүүгдэгч Н.Жаргалсайхан руу утасдаж талбай дээр харих гээд явж байхад нь буцааж дуудан ирүүлж маргааныг үүсгэсэн байдал гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байх тул түүнийг бусдын эрхшээлд гарцаагүй автаж зодолдсон гэж үзэж үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1-д “Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан энэ нь дээрх шүүгдэгч нарын үйлдэлд хамаарахгүй хууль зүйн ойлголт юм.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2.Шүүгдэгч У.Маргад, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ