| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00138/И |
| Дугаар | 303/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 303/ШШ2025/00199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн дизел моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай протокол, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай тогтоол, түүний хавсралт, Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/258 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ХААТР-1 маягт, гэрч ******нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ******* нь 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан болох нь түүний 1987-1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай архивын лавлагаа, цэргийн албанаас халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаартай тушаал, түүний хавсралт, нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд шилжүүлэх талаар дурдсан Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай протокол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Ц.Болдбаатарын талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 039 дугаар бүртгэлд: “овог, нэр-*, ажи*********лладаг байгууллага-Дөл нэгдэл, эрхэлдэг ажил-Цахилгаан моторчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Жинст гэж тэмдэглэжээ.
5. Харин ******** 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иймд хүсэлт гаргагч **********1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн туслах үйлдвэрт моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч * ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА