| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0301/э |
| Дугаар | 0361 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 0361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: М.Оюунчимэг
улсын яллагч: М.Цэнд-Аюуш
шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цолмон
шүүгдэгч: А.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт А-н С-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706032800271 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт А С, 19 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, Төрийн Н т төвийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
А.С нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороололын 8 а дугаар байрны 7 тоотод байх гэртээ эхнэр Х.Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би эхнэр хүүхдүүдээсээ 3 сар гаруй хугацаанд тусдаа амьдарсан. Би олон зүйл ухаарсан. Эцэг хүн гэр бүлээ авч үлдэх хамгийн чухал юм байна гэдгийг ухаарч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан амьдарч байна. Цаашид өнгөрсөн зүйлээ мартаад ирээдүйгээ харж амьдарна гэв.
Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 8-ны орой 17.00 цагийн үед манай эхнэр Х.Өнөр утсаар залгаж ярихдаа манай Капитал банкны удирдлагууд нэгжийн захирлуудтайгаа ганцаарчлан уулзаж байгаа юм байна. Одоо 2-3 тооцооны төв байна дараа нь би орохоор байна жаахан оройтох нь байна шүү гэж хэлсэн. Тэгээд 19.24 цагийн орчимд миний утас руу мессэж бичихдээ би ажлыхантайгаа хамт хоолонд орохоор боллоо та хэд хоолоо идэж байгаарай гэсэн байхаар нь би утас руу нь залгахад би таксины мөнгөгүй явж байна шүү таксины мөнгө шилжүүлээрэй гэж хэлэхээр нь миний интернет банкны хугацаа дууссан байсан тул би мөнгө шилжүүлж чадаагүй. Тэгээд 21.00 цагийн үед залгахад одоо тараад гараад алхаж байна автобусанд суугаад очий гэсэн. Тухайн үед би гэртээ хүлээгээд байж байтал 21.45 цагийн орчимд гар утсанд эхнэрээс миний ажил сайн дүгнэгдээд албан ёсоор 100.000 төгрөг нэмэгдэхээр болсон тул манай хэд намайг ажлын туршлага ярь гээд байхад нь орхиж явах тиймэрхүү байна гэсэн утгатай мессэж ирсэн. Тэгээд удалгүй байж байгаад залгатал холбогдох боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Миний сэтгэл санаа зовоод хүлээгээд байж байтал шөнө 02.00 цаг болж байхад байрны зүүн талын замаар алхаад ирж байгаа нь харагдсан. Хэрвээ таксигаар ирсэн бол байрны үүдэн дээр буух ёстой. Хүнээр хүргүүлсэн болохоор хол буугаад алхаж ирж байсан байх. Тэгээд гэрийн хаалгыг ганцхан тогшиход нь онгойлгоод өгтөл маш их цочоод гайхсан. Намайг хүлээж байгаа гэж бодоогүй байсан байх. Тэгээд халамцуу хамрынхаа баруун хэсэгт 1см орчим хэмжээтэй самардуулж маажуулсан байдалтай байхаар нь би чи чинь яачихваа утас чинь ч холбогдох боломжгүй байлаа ямар их санаа зовов гэхэд би ганцаараа бааранд унтчихсан байсан байна нэг сэрсэн чинь хажууд байсан хүмүүс бүгд байхгүй орхиод явчихсан байсан байна би сэрээд зөөгчөөс тооцоогоо хийсэн үү гээд асуухад хийсэн гэж хэлсэн ба надад таксины 1000 төгрөг үлдээгээд явсан байна тэр мөнгөөр нь такси барьж ирлээ гэсэн. Би хаанаас ирсэн юм гэхэд Сүхбаатарын талбайн тэнд байдаг нэг баарны арын хаалгаар гарч ирлээ гэсэн. Тэндээс энд ирэхэд 1000 төгрөг хүрэхгүй биздээ гэхэд таксины жолоочид маргааш ажил дээрээс очоод авчих гэхэд яахав гэлээ гэж ярьсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад цэнэглэх гэтэл арын зай нь байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө семийг хийгээд хамт явсан хүмүүстэй нь ярих гэтэл заримых нь утас холбогдохгүй зарим нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр орондоо ороод унтсан. Бид хоёр 2007 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байна. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны орой ажлаасаа би 18.30 цагийн орчимд ирээд зурагт үзээд байж байтал эхнэр Өнөр ирсэн. Би эхнэрээсээ өчигдөр юу болсон талаар асуухад хамт явсан хүмүүсээ муулаад намайг хаяад явсан хүмүүстэй дахин уулзахгүй энэ тэр гээд байхаар нь би хоёулаа өчигдөрийн бааранд чинь очий гэхэд би одоо мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь хамт явсан хүмүүс чинь мэдэх байлгүй дээ асуучихий гэхэд хорооллын эцэст байсан гэхээр нь би чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ гэж хэлээд зүүн гуяны хэсэгт нь баруун гараараа нэг удаа ёвроход өвдөөд байна гэж хэлээд босоод яваад өгсөн. Тэгээд коридорт зогсож байснаа гэнэт хаалга дуугараад гараад явчихсан. Би хоёр хүүхэддээ хоолыг нь хийж өгөөд байж байтал хаалга тогшсон манай хүү хаалга онгойлгож өгөөд над дээр ирэхдээ цагдаа ирлээ гэсэн. Бидний хооронд ам зөрөх явдал байсан үүнийг үгүйсгэхгүй. Гэтэл Өнөр гэр бүл цуцлуулах өргөдөл шүүхэд өгсөн байсныг би сүүлд мэдсэн. Маш их материал бүрдүүлж өгсөн байсан. Би маш их гомдож байна. Би энэ амьдралыг эвтэй авч явах гэж л зүтгэж байсан. Биднийг яаж амьдарч байсныг манай гэрт байсан хамаатнууд мэднэ гэжээ. /хх-ийн 31/
Хохирогч Х.Өнөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 9-нд би гэртээ байж байхдаа нэг хүн рүү утсаар ярихаар залгасан юм. Гэтэл намайг хардаад зодсон. Ер нь өмнө нь байнга зоддог. Хүүхдүүдээ хүртэл блокон дээр гаргаж байгаад зоддог. Эрүүлдээ хэрцгий зантай хажууд нь байхад маш их дарамттай. Архи маш их уудаг. Би энэ хүнээс болж маш их сэтгэл санааны дарамтанд байдаг. Хүүхдүүд хүртэл айдастай амьдардаг. Хүүхэд маань айгаад өмдөндөө шээж байсан гэжээ. /хх-н 19-23/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14124 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Х.Өнөрийн биед тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, зүүн дал, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25/ /
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 26-27/
Гэрч Л.Цэрэнтогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 8-ны орой төв Капитал банкин дээр хуралтай байж байгаад 18.00 цаг өнгөрч байх үед хурал тараад Байгалмаа, Өнөр, Мөнгөнтуул нарын хамтаар 3 дугаар хорооллын Овоотэл гэх нэртэй ресторанд ороод тэнд хоол захиалаад хүн болгоны тоогоор тус бүр 2 шил Сэнгүр авч ууцгаасан. Тэндээсээ гараад талбайн хажууд байдаг нэг караокед орсон. Өнөртэй 2008 онд ХААН банкинд цуг ажиллах болсон цагаас хойш бие биенээ мэддэг болсон. Өнөр эгчийн тухайд маш их зөөлөн ааш зантай, хамт олонтойгоо эвсэг, хариуцсан ажилдаа хариуцлагатай ажилдаа нэр хүндтэй чадварлаг эмэгтэй би түүнийг хүндэлж явдаг юм. Серикийн тухайд гэр бүлийх нь хүрээнд танилцаж байсан. Науризын баяраар гэрт нь очиход маш сайхан ааштай, гэр бүлдээ халамжтай харагдсан. Өнөр эгчтэй хамт олны баяр цэнгэлд л хамт байж байсан. Түүнээс өөрөөр наргиж байгаагүй гэжээ. /хх-н 32-33/
Гэрч Х.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 8-ны орой төв Капитал банкин дээр хуралтай байж байгаад 18.00 цаг өнгөрч байх үед хурал тараад Цэрэнтогтох, Өнөр, Мөнгөнтуул нарын хамтаар 3 дугаар хорооллын Овоотел ресторанд орсон. Тэнд хоол идээд хүн бүр 2 шил пиво авч уусан. 20.20 цагийн орчимд би гэр бүлийхээ хүн рүү яриад 20.40 цагийн орчимд харьсан. Би Х.Өнөртэй 2015 онд Капитал банкинд ажиллах болсон үеэс мэднэ. Х.Өнөр хариуцсан ажилдаа маш сайн, хүмүүстэй эелдэг зөв боловсон харьцдаг зан чанартай хүн байгаа юм. Өнөр надад гэр бүлийхээ хүний талаар янз бүрийн зүйл ярьж байгаагүй болохоор надад мэдэх зүйл алга байна. 2016 оноос хойш бид нар янз бүрийн ажил зохион байгуулаад явж байсан гэр бүлийн талаас нь ямар нэгэн дарамт шахалт ирж байгаагүй. Надад мэдэгдэх зүйл байгаагүй гэжээ. /хх-н 34-35/
Гэрч А.Бахытгүл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А.С нь эцэг эхээсээ есүүлээ бөгөөд дээрээсээ 6 дахь хүүхэд нь байгаа юм. Би болохоор айлын отгон хүүхэд би өвөө ааваараа овоглож явдаг юм. А.С ах Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 8а байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Гэр бүлдээ маш их хайртай гэртээ хөгжилтэй маш их зочломтгой хүн байгаа юм. Би 2016 онд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод оюутан болж ирсэн цагаас хойш байнга ахынхаа гэрээр зочилж хоол унд хийж идэж уугаад хонож өнжөөд явдаг байсан. Намайг тэдний гэрт очих болгонд гэр бүлийн уур амьсгал нь халуун дулаан эв эетэй байдаг байсан. Би ахыг их архи уучихсан байхад таарч байгаагүй болохоор ямар ааш гаргадаг талаар би мэдэхгүй байна. Серик ах 2 хүүхэддээ маш их хайртай цаг заваа тэр хоёртой л зарцуулж байдаг юм байлаа гэжээ. /хх-н 36/
Гэрч С.Лаура мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Серик ах миний нагац ах болдог юм. Серик ах бол гэр бүлдээ халамжтай бид нарт байнга туслахыг хичээдэг их сайн хүн байгаа юм. Серик ах эхнэртэйгээ маш сайхан харьцаатай бөгөөд би хагас бүтэн сайн болгонд очдог. Хоёр хүүхдийнхээ хичээл сургуульд байнга бэлдээд тэр хоёртойгоо цагаа өнгөрөөж байдаг юм байлаа гэжээ. /хх-н 37/
Гэрч А.Еркеш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Энэ хоёр гэр бүл их сайхан эвтэй амьдардаг юм байлаа. Намайг гэртээ уриад би тэднийд очиж хоол унд хийлгэж идэж ууж байгаад явсан. Гэтэл удалгүй 3-4 хоногийн дараа тэр хоёрыг маргалдаад Өнөрийг хамгаалах байранд очсон гэнэ гэж дуулсан. Намайг тэднийд очиход янз бүрийн хэрүүл маргаан гарч байгаагүй. Энэ хоёр хүн амьдраад 10-д жил болж байгаа байх. Би энэ хоёрыг хэрэлдэж маргалдаж байгааг сонсоогүй. Би Өнөртэй ойр байсан бөгөөд тэр надад нөхрийнхөө талаар янз бүрийн зүйл ярьж байгаагүй гэжээ. /хх-н 38-39/
Гэрч Х.Гулзат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөр, Серик хоёр 2007 онд Баян-Өлгий аймагт гэрлээд тэр цагаас хойш Улаанбаатар хотод өнөөг хүртэл амьдарч байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны орой хоорондоо маргалдаж Серик эхнэр Өнөрийг зодож цохьсоноос болоод тусдаа амьдарч байгаа байх. Би 2017 оны 3 дугаар сараас хотод ирж сургалтанд суух болсоноос энэ хоёрын харьцааг мэдэх болсон. Серик долоо хоногийн 1-2 өдөрт нь тогтмол архи уудаг юм байлаа. Архи уусан үед нь манай дүү Өнөр хэлсэн үгээр л байдаг юм байлаа. 2017 оны 9 дүгээр сарын 20-дын үеэр байх намайг эгчийндээ хоночихоод орой 17.00 цагийн орчимд гэрт нь ирэхэд Өнөр орцондоо хөөгдөөд гарчихсан зогсож байсан. Би үүдийг нь цохиод гэрт нь ороход Серик согтуу байсан. Миний дэргэд ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй. Харин Өнөрийн гуталнуудыг болконоор гаргаад шидээд байсан Өнөр дараа нь гарч гуталнуудаа авч ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны орой би Серикийн гэрт хоносон бөгөөд орой 20.00 цагийн орчимд Өнөрлүү яриад ирэх болж байгаа юм уу гэхэд ажлыхаа хүмүүстэй хоолонд орж байна гэж хэлсэн. Шөнө 01.45 цагийн орчимд гэртээ орж ирсэн байх шиг байсан тэр хоёр юм яриад л байсан. Надад яг юу ярьж байгаа нь сайн сонсогдоогүй. Гэтэл Серик хаашаа явсан гээд хүмүүс рүү ярьж байгаа бололтой Өнөр яаая гээд байх шиг байсан. Тэгээд унтаад өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр би тэднийхээс юмаа аваад өөр байр түрээслэхээр явсан. Би Серикийн төрсөн эгч Еркешд хоёр удаа утсаар Серик архи уугаад байна шүү гэж хэлж байсан гэжээ. /хх-н 40/
Насанд хүрээгүй гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай аав архи уусан үедээ байнга агсам тавьж ээжийг гэрээсээ хөөдөг. Өмнөөс нь юм хэлэх юм бол гартаа таарсан болгоноор цохидог. Аав надаар хөлдөө массаж хийлгээд өөр тийшээ харах юм бол шууд л цээж рүү өшиглөдөг. Согтуудаа хөл гар хугалчих гээд мушгиж, мөн диван руу толгой шахдаг, намайг өргөөд шидчихдэг юм. Ээжийг хөөж гаргаад гадаа хонуулж байсан нь маш олон удаа байгаа. Ээж дүү хоёрыг гаргачихаад намайг аваад үлдчихдэг юм. Тэгээд баарлуу авч ороод өөрөө архи уудаг юм. Аав намайг нэг удаа шкаф руу авч шидсэнээс болоод миний толгой өвддөг болсон. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр гэртээ дүүтэйгээ байсан юм. Аав орой 18.00 цагийн орчимд ирсэн. Ээжийг 19.00 цагийн орчимд ажлаасаа ирсэн чинь аав ээжийг зодсон. Тэгээд намайг харахад намайг цаашаа бай гээд байсан. Ээжийг буйдан дээр суулгаж байгаад цохиод байсан. Манай дүү аавыг архи ууж ирэхээр их айдаг тэгээд хумсаа мэрдэг болчихсон юм гэжээ./хх-н 42-43/
Насанд хүрээгүй гэрч С.К мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай аав байнга архи уудаг. Аав гэртээ архи уудаг бөгөөд эхлээд хүн авчирч хамт уудаг байсан. Сүүлдээ ганцаараа уудаг болсон. Би аавыг архи уусан байх үед их айдаг бөгөөд ээжийн эгч болох н.Гулзатын хажуугаар ороод унтаад өгдөг. Харин ээж, ах 2-ыг хажуудаа суулгаж байгаад уудаг юм. Аав архи уусан үедээ манай ээжийг зодоод, гэрээс хөөж гаргадаг. Би өөрөө ээжтэйгээ цугтаа гардаг юм. Манай ахыг нэг удаа өргөж байгаад шкаф руу шидчихсэн. Мөн намайг эрүүл байхдаа алчуураар зодож байсан. Үүнээс болоод миний толгой өвддөг болсон. Аав ээжийг гараараа цохиж зоддог. Мөн ээжийг хөөдөг. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр гэртээ хичээлээ хийгээд байж байсан чинь ээж гаднаас орж ирсэн тэгэхэд аав ээжийг зодсон. Би айгаад жижиг өрөөнөөс гараагүй гэжээ. /хх-н 44/
Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөр бид хоёр найзууд юм. Би тэр хоёрыг гэр бүл болсоноос нь хойш мэднэ. Би тэднийхээр орж гардаг юм. С ер нь архи уудаг юм. Гэхдээ надтай янз бүрийн юм ярьж байгаагүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд Серик гэр бүлийхээ асуудлыг ярихаа больсон. Гэр бүлийхээ асуудалд найз нөхдөө оруулах дургүй юм шиг байлаа. 2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр байх нэг шөнө Өнөр над руу утасдаад асуудал хэцүүдлээ цагдаа дуудаарай гэсэн. Би ямар утаснаас залгаж байсныг нь санахгүй байна. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь хоёр болкон дээр гаргачихсан байсан гэж би сонсож байсан. Үүнээс өмнө зодууллаа хөөгдлөө гэж надад ярьдаг л байсан. Би 2013-2015 оны хооронд Монголд байгаагүй. Над руу чатаар хөөгдлөө зодуулсан гэж бичдэг байсан. Энэ талаар ээжид нь хүртэл хэлж байсан гэсэн. Тэгэхээр тэд нар нь мэддэг байх. Нэг удаа Өнөрийг зодсон чинь Өнөрийн дүү нар өмөөрөөд зодоон болсон гэж сонсож байсан. Сүүлийн 2-3 жилд найз нөхдөөрөө нийлээр Ө ирэхээ больсон. Би Өнөрийг хамгаалах байранд орсон гэнэ гэж сонсож байсан гэжээ. /хх-н 46/
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Ө танина. Ө манай тооцооны төвийн захирал бөгөөд 2017 онд захирлаар ирсэн юм. Бид нарт гэр бүлийхээ талаар бараг ярьдаггүй юм. Захирлын нэг удаа хөл нь мөн нүд нь хөхөрчихсөн байсан. Өөрөөс нь асуутал унаад гэж хэлж байсан. Манай ажилчдын ойлголтоор захирлыг нөхөр нь дарамтлаад байдаг юм байлаа. Гэхдээ бид нарт энэ талаар ярьдаггүй юм гэжээ. / хх-н 50-51/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найзаараа дамжуулаад Ө танилцаж байсан юм. 2000 оноос найзууд болсон. Ө заримдаа С хонон өнжин архи уугаад гэж ярьж байсан. 2016 оны 10 дугаар сарын үеэр байх Ө над руу залгаад гэрийн хаягаар цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би явуулсан хаягаар нь цагдаа дуудсан. Дараа нь надад энэ талаар юм яриагүй. 2017 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна Ө над руу манай хаягаар цагдаа дуудаад өгөөч гэсэн би цагдаа дуудсан. Дараа нь би яасан бэ гэхэд цагдаа ирээд С аваад явсан гэж байсан. Нэг удаа ажил дээр нь очоод уулзахад нүд нь хөхрөөд эдгэрч байгаа бололтой байсан яасан бэ гэхэд С архи уугаад гэж хэлж байсан. Би хүний амьдрал юм гэж бодоод нэг их юм асуудаггүй юм гэжээ. / хх-н 92-93/
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: С миний аавын хамаатан болохоор хааяа гэр орноор нь ордог юм. Би амьдарлын нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй. С архийг тааруулаад хэрэглэдэг байх. А.С даруухан зантай янз бүрийн авир ааш багатай гэжээ. / хх-н 94-95/
А.Ст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-100/
А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 88/, зэрэг болно.
А.С нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороололын 8 а дугаар байрны 7 тоотод байх гэртээ эхнэр Х.Өнөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд :
Х.Ө биед тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, зүүн дал, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14124 тоот дүгнэлт хх-н 25/
Хохирогч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. намайг хардаад зодсон. Ер нь өмнө нь байнга зоддог. Хүүхдүүдээ хүртэл блокон дээр гаргаж байгаад зоддог. Эрүүлдээ хэрцгий зантай хажууд нь байхад маш их дарамттай. Архи маш их уудаг. Би энэ хүнээс болж маш их сэтгэл санааны дарамтанд байдаг. Хүүхдүүд хүртэл айдастай амьдардаг. Хүүхэд маань айгаад өмдөндөө шээж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 19-23/
Насанд хүрээгүй гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Манай аав архи уусан үедээ байнга агсам тавьж ээжийг гэрээсээ хөөдөг. Өмнөөс нь юм хэлэх юм бол гартаа таарсан болгоноор цохидог. Аав надаар хөлдөө массаж хийлгээд өөр тийшээ харах юм бол шууд л цээж рүү өшиглөдөг. Согтуудаа хөл гар хугалчих гээд мушгиж, мөн диван руу толгой шахдаг, намайг өргөөд шидчихдэг юм. Ээжийг хөөж гаргаад гадаа хонуулж байсан нь маш олон удаа байгаа. Ээж дүү хоёрыг гаргачихаад намайг аваад үлдчихдэг юм. Тэгээд баарлуу авч ороод өөрөө архи уудаг юм. Аав намайг нэг удаа шкаф руу авч шидсэнээс болоод миний толгой өвддөг болсон. 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр гэртээ дүүтэйгээ байсан юм. Аав орой 18.00 цагийн орчимд ирсэн. Ээжийг 19.00 цагийн орчимд ажлаасаа ирсэн чинь аав ээжийг зодсон. Тэгээд намайг харахад намайг цаашаа бай гээд байсан. Ээжийг буйдан дээр суулгаж байгаад цохиод байсан. Манай дүү аавыг архи ууж ирэхээр их айдаг тэгээд хумсаа мэрдэг болчихсон юм гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
А.Ст холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул А.Сийг гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
А.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт А С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 А.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН