Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0599

 

2017 оны 08 сарын 23 өдөр           Дугаар 221/МА2017/0599              Улаанбаатар хот

 

“Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “...“Х А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсэгтэй холбогдуулан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Х миний бие Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны дарга Т.Д-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот гэрээний үндсэн дээр Ховд аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд дараах гомдлыг гаргаж байна.

1. “Б Т Ү” ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримтын эх хувийн 79-98 дугаар хуудсанд 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн ба уг дүгнэлтэд “Б Т Ү” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон зөрчилгүй аудитын дүгнэлт ирүүлсэн байдаг. Гэтэл шүүхэд хэргийг хянаж шийдвэрлэхдээ “Б Т Ү” ХХК-ийн тендерийн бичиг баримтын хуулбар хувийг авч дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэл болгосон явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,1 дэх хэсэгт заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэснийг зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

2. Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн хуралдаанаар "Б Т Ү" ХХК-ийн тендерийн бичиг баримтыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж Ховд сумын наадмын талбайн их засварын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохоор захиалагчид уламжлахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг тухайн өдөр нь Засаг даргын тамгын газрын дарга Х.Ө-д хүргүүлсэн. Ховд сумын засаг дарга Ш.Е нь 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 244 тоот албан бичгээр “Х А” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтуудын дагуу үнийн саналаар шалгараагүй болохыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад мэдэгдсэн болох нь хавтаст хэргийн 28, 54, 72, 73, 131, 132-р хуудсанд цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаа. “Х А” XXK нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 06 дугаартай шалгарсан компанийн материал болон үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй танилцах албан хүсэлтээ Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт гаргасан байдаг. Дээрх хүсэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан гомдол гэж үзэх боломжгүй юм. Учир нь гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргаагүй ба зөвхөн шийдвэр материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Мөн “Х А” ХХК-д Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н-ийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/2605 тоот албан бичгээр хуулийн 55.1-д заасан хугацаанд гаргаагүй гомдлыг тус яам хянан үзэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн байдаг.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Н-ийн 6-1/2605 тоот албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан аль нэг шийдвэрийг гаргаагүй юм. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг тооцолгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа.

3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Х А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Х А” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шалгарсан компанийн материалтай танилцах хүсэлтээ гаргасан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан гомдлыг гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”, 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана” гээд 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд Сангийн яаманд гомдол гаргаагүй, Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргаагүй байна.

Шүүх “Х А” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн “Ховд аймгийн Ховд сумын наадмын талбайн засварын 2007.А/01 тоот тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Х А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарт олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                  Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР