Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 650

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: С.М*******  

        Хариуцагч: Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд 

        Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /цалин хөлс нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал/ гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, түүний өмгөөлөгч М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.М******* миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-нд Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдсон. Хэнтий МСҮТ-ийн захиралаар томилогдон ажиллаж байх хугацаанд ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, ажлыг эзэмшүүлэн байгууллагын дотоод журмыг шинэчлэн хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж ажлын хариуцлагыг сайжруулан ажлын амжилт бүтээл гаргасан албан хаагчдыг урамшуулах системийг нэвтрүүлэн хамт олны санаа бодлыг шийдвэрт тусган ажиллаж байсан.

Хөдөлмөрийн яамнаас баталсан элсэлтийн квотыг эрэлтэд нийцүүлэн зохион байгуулснаар өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж 90 гаруй хувьд хүрсэн. Элсэгчдийг зөвхөн элсүүлээд зогсохгүй тэдний харилцаа, хандлагыг дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, баялаг бүтээгчдийн эзэмшвэл зохих соёл зан заншлыг тусгай хөтөлбөрөөр заан сургаж байсан. 

Төгсөгчдөд төрөлх сургуулиараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, тэднийг ажлын байраар хангахад түлхүү анхааран ажилласнаар төгсөгчдийн 8 бүлэг үүсгэн 4-ийг нь хөдөлмөрийн хэлтсийн “Залуучууд” хөтөлбөрт хамруулан дэмжлэг авч тоног төхөөрөмжөөр хангуулсан зэрэг ажлын нааштай алхамууд бий болж МСҮТ-ийн талаарх ойлгоц хандлага орон нутгийн хэмжээнд эерэг болох эхлэлийг тавьсан. 

Энэ бүх хийж буй ажил зарим нэг хүмүүсийн өөрөөр хэлбэл улс төрийн хэрэгцээ шаардлагад таарахгүй үзэгдэл ажиглагдаж байсан. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Хөдөлмөрийн яамны дотоод аудитаас 7 хоногийн хугацаатай шалгалтын удирдамжтай 2 мэргэжилтэн ирж, өрөө тасалгаа тоног төхөөрөмж бэлтгүүлээд буудалд байрлаад шалгасан. 

Гэтэл 3 хоноод бид өнөө орой буцлаа, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс унаа яриад бэлтгэчихсэн гэж хэлсэн ба энэ үед манай сургуулийн ажилд ямар зөрчил дутагдал байна вэ гэтэл яамны мэргэжилтнүүд гайгүй байна гэж хэлсэн. 

2015 оны 12 дугаар сарын 25-нд аймгийн ЗДТГ-ын дарга утсаар ярихдаа Хөдөлмөрийн яамны сайдын тушаал ирсэн маргааш ажлыг чинь авна, бэлтгэж бай, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Жаргалсайхан очно, хуучин ажиллаж байсан захиралд өгнө гэж хэлсэн. 12 дугаар сарын 16-нд 3 хүн ирээд ажил авна гэсэн ба ямар үндэслэлээр ажлаас халж байна вэ гэхэд бичиг ирсэн, гэхдээ танд үзүүлэхгүй нууц гэж хэлсэн. 

Миний хувьд улсад 30 жил ажилласан ба МСҮТ-ийн захирлын ажлыг хүлээн аваад Төсвийн тухай хуулийн дагуу ажиллаж байсан ба МСҮТ-ийн захирлын ажилд алдаа гаргасан зүйл байгаагүй, гаргасан тушаал шийдвэрүүдэд хууль журам зөрчсөн зүйлгүй болно. 

Би Хөдөлмөрийн яамнаас нээлттэй зарласан ажлын байранд 3 хүнтэй өрсөлдөн хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэн энэхүү ажилд орсон. Ажилд ороод удаагүй байх хугацаанд Хөдөлмөрийн яамнаас хяналт шалгалтыг явуулахдаа МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан намайг ажлаас халах зорилготойгоор, зориуд зохион байгуулж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халсанд гомдолтой байна. 

МСҮТ-үүдийн захиралууд нь Хөдөлмөрийн сайдтай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд надтай хийсэн энэхүү гэрээгээ эрх бүхий этгээдээс нэг ч удаа дүгнээгүй байсан юм.

Иймд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал/ гаргуулан нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10 /өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх/-д заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч болох Хөдөлмөрийн сайд 2015 оны А/203 дугаар тушаалаар салбарын төсөвт байгууллагуудад дотоод аудит хийх удирдамж, хөтөлбөрийг баталсан. 

Хөдөлмөрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас удирдамж, хөтөлбөрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 27-ноос 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2014 оны болон 2015 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийхэд Төрийн аудитын тухай хуулийн дагуу санхүүгийн аудит хийхэд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 /төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/, 16 дугаар зүйлийн 16.5.5 /батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 /анхан шатны баримтыг бүртгэлгүй ажил гүйлгээ бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно/ дахь хэсгийг зөрчиж өөр зориулалтад төсөвлөсөн хөрөнгийг сургуулийн машинд мэргэжлийн байгууллагаар оношилгоо хийлгэлгүйгээр 11 сая төгрөгийн сэлбэг худалдан авсан. 2 сая орчим төгрөгийг шатахуунд зарцуулсан, хууль зөрчин 2 сая орчим төгрөгийг 15 суралцагчаас “сургалтын төлбөр” авсан, шатахууны баримт, тооцоогүйгээр зарцуулсан зэрэг 16 төрлийн нийт 58.813.600 төгрөгийн зөрчил илэрсэн. 

Яамны дотоод аудитын хяналт хийхээс өмнө Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Б******* Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/1324 дүгээр албан бичгээр тус МСҮТ-ийн багш Х.М гомдол, хүсэлт гаргасны дагуу аудитын шалгалт хийх хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт, шалгалт хийж 6 төрлийн зөрчил /эдгээр яамны дотоод аудитын дүгнэлтэнд дурдагдсан/ илрүүлж авах арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн. 

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 / “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг”/, 4.1.38 / “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг/-д зааснаар МСҮТ-ийн захирал, тухайн байгууллагын төсвийн шууд захирагч С.М******* нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалтын “батлагдсан төсвийг аудитын дүгнэлт нотолж байна. 

Нэхэмжлэгч С.М******* нь Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба болон Хөдөлмөрийн яамны дотоод аудитын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь эдгээр дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу заасан хугацаанд нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд энэ тухай гомдол гаргаагүй нь үүний нотолгоо билээ. 

Аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал бий болоод байсан тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч,  нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлийг хянаад   нэхэмжлэгч С.М*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал/ гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад “Хөдөлмөрийн яамнаас 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлын байранд зарласан Хөдөлмөрийн сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  бөгөөд уг нэмэгдүүлсэн шаардлагаасаа нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

“Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал/ гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагын тухайд:

Хариуцагч хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ Хөдөлмөрийн сайд 2015 оны А/203 дугаар тушаалаар салбарын төсөвт байгууллагуудад дотоод аудит хийх удирдамж, хөтөлбөрийг баталсан үүний дагуу Хөдөлмөрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас удирдамж, хөтөлбөр гарч 2015 оны 10 дугаар сарын 27-ноос 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2014 оны болон 2015 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дараах зөрчлийг тогтоосон.  Үүнд:

1.Сургуулийн автомашины сэлбэгийг техникийн комиссын акт тогтоолгож, оношлогоо хийлгэлгүйгээр худалдаж авсан,

2. Дотуур байрны агааржуулалтын хоолойг засварлахаар төсөвлөсөн хөрөнгийг техникийн комиссын акт тогтоолгож, оношлогоо хийлгэлгүйгээр сургуулийн автомашины сэлбэг худалдан авахад зарцуулсан,

3. 2015 онд хичээл үйлдвэрлэлийн зардлаас зориулалт бусаар зарцуулсан,

4. 2015 онд хичээл үйлдвэрлэлийн зардлаас зориулалт бусаар зарцуулсан.

5. Сургуулийн жолоочид цалингийн урьдчилгаа олгож, ажлаас гарахад тооцоог дуусаагүй,

6. Сургуулийн туслах аж ахуйгаас 21 толгой малыг дутаасан,

7. Ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан суутгал,

8. Хуулийн хугацаанд олгогдоогүй амралтын мөнгө,

9. Хичээл үйлдвэрлэлийн дадлагын материалаас зориулалт бусаар зарцуулсан банзны үнэ,

10. 2014 оны хичээл үйлдвэрлэлийн зардлаас зориулалт бусаар зарцуулсан,

11. Сургуулийн туслах аж ахуйгаас дутсан малын үнэ,

12. Жолооны сургалтын төлбөрийн дутуу орлогыг төвлөрүүлэх,

13. Нарийн бичгийн шалгалтаас хууль бус төлбөр авсан,

14. Туслах аж ахуйн сүүний үнийг орлогын дансанд төвлөрүүлээгүй.

15. 2014 оны дадлагын орлогыг дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан,

16. Шатахууныг анхан шатны баримтгүйгээр зарцуулсан гэх зөрчлүүдийг гаргасан байна.

Дээрх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан учраас Хөдөлмөрийн сайд  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ыг тус тус үндэслэн С.М******* нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээ бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, санхүүгийн тайланг иж бүрэн үнэн зөв байх зарчмыг алдагдуулж, төсвийн шууд захирагчийн үүргийг хангалтгүй биелүүлсэн тул С.М*******ийг Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын ажлаас чөлөөлсөн гэжээ. 

Нэхэмжлэгч С.М******* нь 2015 оны 05 дугаар сарын 25-нд Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдсон болох нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/28 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.М******* нь 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу ажлаас чөлөөлөгдөх хүртлээ нийт 7 сар ажилласан байна.

Гэтэл хариуцагч нь дээрх зөрчлийн талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй,  хэдээс хэдэн сарын хоорондох зөрчил нь С.М*******т хамааралтай болохыг шалгаж тогтоогоогүй, үр дүнгийн гэрээг дүгнээгүй, аудитын дүгнэлтэнд гомдол гаргах эрхээр нь хангаагүй мөн төсвийн захирагчийн үүргийг яаж хангалтгүй биелүүлсэн талаар шалгаж тогтоолгүйгээр Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээ бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж С.М*******ийг “төрийн албанаас чөлөөлсөн” нь хууль бус байна. 

Түүнчлэн 2014 оны зөрчлийг нэхэмжлэгчид хамаатуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд “Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитаар илэрсэн зөрчлийн төлбөрийн жагсаалтаас” үзвэл хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн зөрчил болох нь тодорхойгүй С.М******* 7 сар ажиллах хугацаандаа ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, түүнийг нарийн шалгаж он сар хугацааны хувьд зааглаж тогтоолгүйгээр хариуцагч нь зөвхөн аудитын дүгнэлтийг үндэслэн С.М*******ийг ажлаас чөлөөлсөн гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож  байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлттэй танилцсан ба уг дүгнэлтэнд тайлбар гаргаж нотлох баримт гаргах боломж огт *******оогүй, дээрх зөрчлүүд бүгд С.М*******т хамааралгүй, хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл зөвхөн 2015 оны 05 дугаар сарын 25-наас хойших ажлаас чөлөөлөгдөх хүртлэх 7 сарын хоорондох санхүүгийн баримттай холбоотой асуудлыг нэхэмжлэгчтэй холбогдуулж ярих ёстой” гэх  тайлбар үндэслэлтэй байна.

Мөн дотоод аудит,хяналт-шалгалт хийх удирдамжийн 6-д “Мэргэжилтэн бүр шалгасан асуудлаар дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан боловсруулан тухайн байгууллагын санал, тайлбарыг тусган Төсвийн ерөнхийлөн захирагч болон Дотоод аудитын хороонд танилцуулан шийдвэрийг хамрагдсан байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч С.М*******т шийдвэрийг хүргүүлж танилцуулаагүй, тухайн байгууллагын санал тайлбарыг тусгаагүй болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу С.М*******ийн ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна.

Дээрх байдлуудыг нэгтгэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.М*******ийн өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, С.М*******т ажилгүй байсан хугацаа ажлын 185 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний 5,470,751 /таван сая, дөрвөн зуун далан мянга, долоон зуун тавин нэгэн төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй тул С.М*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.7, 106.3.12 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/208 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.М*******ийг Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******ийн ажилгүй байсан хугацааны 185 хоногийн цалин хөлстэй тэнцэх 5,470,751 /таван сая, дөрвөн зуун далан мянга, долоон зуун тавин нэгэн төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох, мөн хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөдөлмөрийн яамнаас 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлын байранд зарласан Хөдөлмөрийн сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОЮУНГЭРЭЛ