Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01276

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 102/ШШ2016/03406 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1426 дугаар магадлалтай,

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

Б.Энхцэцэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29.560.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Болормаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов,

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхцэцэг нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь өөрийнхөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн 40 дүгээр байрны подвалд байрлах 8 тоот гараашийг барьцаалсан боловч нэгч төгрөг төлөөгүй. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр машинаа засуулах шаардлагатай байна гээд 400.000 төгрөг өгөөч гэхээр би дансанд нь шилжүүлсэн. Иймд үндсэн зээл 18.000.000 төгрөг, 2 сарын хүү 1.440.000 төгрөг, алданги 9.720.000 төгрөг, сүүлд авсан 400.000 төгрөг нийт 29.160.000 төгрөг гаргуулж өгнө үү. Б.Энхцэцэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт барьцааны гэрээг бүртгүүлэхгүй болохоор нь би өөрөө очиж бүртгүүлсэн. Түүнээс биш барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Б.Энхцэцэг анхнаасаа хүү, алдангийг хүлээн зөвшөөрч байсан гэжээ.

Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Болормаа нь миний ах Б.Амартүвшинтэй хамтран амьдардаг байсан. Би 2011 оны 10 дугаар сарын 14- ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газар явж байгаад Л.Болормаатай таарсан, “...намайг байраа яаж авсан бэ” гэж асуухад нь “машинаа барьцаанд тавиад ломбарднаас зээл авсан” гэхэд “би Б.Амартүвшин ахад чинь мөнгө өгөх ёстой, чи аваад хэрэглэ, ломбарданд хий дэмий хүү төлж байснаас” гэсэн. Би тэгдэг юм билүү гэхэд “мөнгөний асуудал хэцүү, чи гараашийнхаа ордерийг аваад ирээрэй” гэхээр нь “Б.Амартүвшинг ирэхээр болох уу” гэхэд яах гэсэн юм, хүнд сул мөнгө өгч байснаас гэхээр нь очсон. Л.Болормаа юм бичсэн цаас гаргаж ирээд надаар “18 000 000 төгрөг авсан” гэж бичүүлж гарын үсэг зуруулж аваад нотариатаар баталгаажуулсан. Гэхдээ мөнгөний асуудал хэцүү гараашийнхаа ордерийг үлдээчих гэхээр нь би бэр болох хүн гэж итгээд үлдээсэн. Маргааш нь Б.Амартүвшин ирэхээр нь асуухад “тиймээ надад мөнгө өгөх ёстой, хэрэг болохоор мөнгөө авна шүү” гэсэн. Би ч уг мөнгийг түүнд увуулан цувуулан өгч дууссан. Түүнээс хойш Л.Болормаа, Б.Амартүвшин хоёр байрныхаа зөрүү мөнгө дээрээс болж маргалдаж хамт амьдрахаа больсон. Үүнд Л.Болормаа дургүйцэн удалгүй намайг шүүхэд өгсөн. Би очоод түүний өгсөн материалыг үзэхэд нөгөө баримтанд хүү, алданги тооцох заалт нэмж бичсэн бөгөөд барьцааны гэрээ хуурамчаар үйлдсэн байсан. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахад хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ч цагдаагийн байгууллага бидний асуудлыг иргэд хоорондын асуудал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Л.Болормаа намайг “Уран-Ган” ХХК-аас 4 хувийн хүүтэй мөнгө зээлснийг мэдсэн. Хүү төлөөд явж байвал “Уран-Ган” ХХК-ийн зээл автоматаар сунгагддаг. Би энэ хүнд ямар ч мөнгө өгөхгүй. Мөн нэмэгдүүлсэн шаардлага болох 400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Л.Болормаа ямар санаатай ах Б.Амартүвшинд өгөх мөнгөө миний дансанд хийснийг би мэдэхгүй. Машинаа засах засварын мөнгөө надаас зээлж байсан, тэр мөнгөө хийсэн байна гээд манай ах авсан. Дахин нэхэмжлэх санаатай миний дансанд хийсэн гэж үзэж байна. Анх зээлийн гэрээг байгуулахад н.Сугарням гэж хүнтэй хамт байсан. н.Сугарням нь тухайн үед гэрээнд ямар нэгэн хүү, алданги тооцсон байгаагүй гэдгийг мэдэж байсан. Шүүхэд уг асуудалтай холбоотой материалуудыг өгсөн боловч өнөөдөр эдгээр материалууд байхгүй байгаа. Энэ 18.000.000 төгрөгийг Л.Болормаа нь Б.Амартүвшинд өгөх ёстой мөнгө байсан бөгөөд харин Б.Энхцэцэг нь уг мөнгийг Л.Болормаагаас аваад ах Б.Амартүвшинд төлж дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ах Б.Амартүвшин нь Л.Болормаагаас мөнгөний авлагатай байсан. Л.Болормаагаас надаар дамжуулж өөрт нь өгүүлсэн 18.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ гэрчилнэ. Банкны хуулгууд нь байгаа. Л.Болормаагаас мөнгө авах гэж очиход “Амараад өгөх ёстой 18.000.000 төгрөг” гэж хэлж байсныг манай нөхөр М.Дорждэрэм гэрчилнэ. Хэрэг шалгагдаж байх үед Л.Болормаа нь худал ярьж /Уран-Ган/ ломбарднаас албан бичиг авч барьцааны гэрээг хуурамчаар үйлдэж, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан болохыг ломбардны эзэн, шинжээчийн дүгнэлт батална. Үүнээс дүгнэлт хийхэд Л.Болормаа нь анхнаасаа намайг хуурч мэхэлж төөрөгдүүлэн хэлцэл хийсэн нь илэрхий байх тул Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Л.Болормаагийн зээлийн болон хуурамчаар хийсэн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү. Энэ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдгийг би 2 жилийн дараа мэдсэн. Уг гэрээнд хэн гэдэг ажилтан бүртгэсэн талаар дардас байдаггүй учир уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Мөн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ миний гарын үсгийг хуурамчаар зурж бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр бус болно. Зээлийн гэрээг гэр бүлийн дотно харилцаагаа ашиглаж, төөрөгдүүлээд ахад нь өгөх ёстой байсан мөнгийг буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан солилцох ёстой байсан өртэй холбоотой эрх зүйн харилцаа хийсэн болохоос зээл төлөхтэй холбоотой харилцааг Б.Энхцэцэг хийгээгүй. Анхнаасаа энэ зээлийн гэрээгээр авсан мөнгөө ахдаа өгөх ёстой юм байна гээд ахынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихсэн байгаа гэсэн бодолтой байсан. Барьцааны гэрээ нь эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл эрх бүхий байгууллагад бүртгүүлэх баримт бичиг нь шинжээчийн дүгнэлтээр Б.Энхцэцэгийнх биш Л.Болормаагийнх байна гэдэг нь тогтоогдсон байгаа. Тэгэхээр барьцааны' гэрээ нь эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг хангаагүй учраас уг зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Болормаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан бөгөөд нотариатчаар гэрчлэгдэж, хуулийн дагуу хийгдсэн. Барьцааны гэрээ хуурамч гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүй. Үүнийг Улсын бүртгэлийн газарт хэн бүртгүүлсэн талаар ярьдаг болохоос биш барьцааны гэрээ дээрх гарын үсэг минийх биш гэж хариуцагч хэлдэггүй. Энэ талаар нотариатын үйлдэл хийсэн эрх бүхий хүн нь хэлдэг бөгөөд нотариатын үйлдэлд маргаагүй байгаа. Анхнаасаа зээл авах шаардлага байгаагүй гэдэг нь нотлогддоггүй. Энэ мөнгийг аваад барьцаат зээлийн газарт өгөх зайлшгүй шаардлага байсан. Байрны мөнгөний тооцооны асуудал нь Б.Амартүвшин бид хоёрын асуудал. Б.Амартүвшин энэ талаар шаардлага гаргах эрхтэй. Б.Энхцэцэг нь энэхүү зээлийн гэрээг хийсэн. Гэхдээ гэр бүлийн гишүүнийх нь хувьд итгээд хийсэн гэж байна, Зээлийн гэрээг төөрөгдөөд хийсэн болохоос биш ер нь бол гэрээ хийсэн гэж хэлж байна. Энэ зээлийн гэрээг хийгээд гэрээний дагуу Б.Энхцэцэгт мөнгө шилжсэн. Хийсэн зээлийн гэрээнээсээ татгалзаж байгаа болохоо өөрөө өмнө илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ өнөөдөр хуулийн дагуу бичгийн хэлбэрээр хийгдсэн байгаа учраас энэ сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 102/ШШ2016/03406 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 29.560.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Болормаад олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Л.Болормаа, Б.Энхцэцэг нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305.750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 303.750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 305.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Болормаад, нэхэмжлэгч Л.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Энхцэцэгт тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1426 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Л.Болормаад холбогдох 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.Энхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дугаар зүйлийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй ИХ-ийн 238 дугаар зүйлд заасны дагуу төрсөн ахынхаа эхнэр болох гэж байсан Л.Болормаад итгэж, хийсэн хэлцлийг ноцтой төөрөлдөл биш байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэр, магадлал зэрэгт энэхүү хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу болон зохих төвшинд үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн.

Хариуцагч нь өөрт хэрэгцээтэй байсан мөнгөө ломбарднаас аваад 4 хувийн хүү төлөн хугацаагүй ашиглаж байсан гэрээгээ цаг заваа гарздан байж, дуусгавар болгоод өөр Л.Болормаа гэдэг хүнд мөн л ломбардтай ижил нөхцөлөөр /4 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, 2-хон сарын гэрээ/ мөнгө зээлэх энэхүү илүүц алхамыг хариуцагч нь өөртөө ажил удан байж хийх шаардлага байсан уу? гэдэг асуудал юуны өмнө урган гарна. Тэгэхээр үүнээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Л.Болормаагаас Б.Амартүвшинд өгөх ёстой байсан гэх мөнгөний асуудал шууд үүссэн гарна. Уг зээлийн гэрээг чин санаасаа байгуулах хүсэлт Б.Энхцэцэгт байхгүй байсныг дараах үндэслэлүүдээс харж болно. Үүнд:

1. Л.Болормаатай байгуулсан Зээлийн гэрээний нэхэмжлэгч Л.Болормаагийн өөрийн гараар нөхөж бичсэн хэсэгт зээлийн гэрээний хугацааг 2 сараар л тусгасан. Гэтэл хугацаагүй, хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээгээ цуцлаад нэгхэн сарын дараагаас үндсэн төлбөрийнхөө 10.000.000 /үндсэн зээл 18 000 00/-ийг шууд төлөх хатуу нөхцөлтэй гэрээг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, өмнөх гэрээнээсээ илүү эрсдэлд оруулсан гэрээгхэн ч байгуулахгүй.

Мөн тухайн Б.Болормаатай байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” зэрэг нь бүгд нөхөж бичих зориулалттай гэрээнүүд байгаа бөгөөд нөхөж бичсэн этгээд нь нэхэмжлэгч Л.Болормаа юм. Мөн “Барьцааны гэрээ”-ний “Нэмэлт нөхцөл” гэсэн 8 дугаар бүлэгт “хэрээс татаад юм, бичигдээгүй болно гэсний тэмдэглэсний дээр Л.Болормаа нь өөрийн гараар нөхөж бичсэн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хамгийн гол нь Л.Болормаа Б.Амартүвшинд мөнгөний өртэй байсан гэдгийг өөрөө хайхрамжгүйгээсээ хүлээн зөвшөөрсөн баримт байдгийг анхан шатны шүүх нь үнэлж чадаагүй юм.

Энэ нь Л.Болормаа миний мөнгийг Б.Энхцэцэг нь ломбарданд төлөх гэж, мөнгө хэрэгтэй болчлоо гэдэг шаардлагаар л зээлсэн тэрнээс бол өөр зүйл мэдэхгүй гэж өдийг хүртэл хэлдэг байсан атлаа Зээлийн гэрээ байгуулагдаад 2 сарын дараа буюу “2011 оны 12 дугаар сарын сүүлчээр Б.Амартүвшингээс чамд танай дүү Б.Энхцэцэг надаас зээлсэн мөнгийг өгсөн үү? гэж асуухад “мөнгө өгсөн гэж хэлээгүй” гэж өөрөө тус шүүхэд өгсөн Л.Болормаагийн өмнөх нэхэмжлэл, уг нэхэмжлэл нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1331 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 27 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 162 дугаар тогтоол зэрэгт тусгагдан баталгаажсан байдаг бөгөөд энэхүү өөрийнх нь мэдүүлэг нь хөтөлбөргүй нотлох баримт юм. Мөн уг мөнгөний зориулалтыг ломбарданд өгөх гэж зээлсэн хэмээн өнөөдрийг хүртэл тус 18.000.000 төгрөгний зориулалттай байсан талаар тайлбарладаг. Хавтаст хэргийн 62 дугаар хуудсын сүүлчээсээ 6 дах мөрөнд “Би Б.Энхцэцэгт зээлдүүлсэн мөнгийг ахынх нь мөнгө, ахдаа өгөөрэй, хүүгүй зээлдүүлнэ, надаас мөнгө зээл гэж огт хэлээгүй.” гэх тайлбарт Л.Болормаа нь зээлийн мөнгөний зориулалтыг анхнаасаа зөвхөн ломбарданд өгөх л байсан гэдэг тайлбар нь нотлогдоод байгаа. Тэгэхээр Л.Болормаа нь Б.Амартүвшинд 18 000 000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд “Зээлийн гэрээ”-г амаар болон бичгэн хэлбэрийн аль алинаар нь байгуулж болдгийн дагуу аман гэрээний дагуу Л.Болормаа нь Б.Амартүвшинд өртэй байсан гэдэг нь нотлогдож байна.

Мөн Б.Энхтуяа нь Б.Амартүвшинрүү уг 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөний баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ба Б.Энхцэцэг нь Зээлийн гэрээ байгуулагдаад төд удалгүй бага багаар Б.Амартүвшинд 18 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн байдаг. Б.Энхцэцэг би үнэхээр энэхүү 18 000 000 төгрөгийг Б.Амартүвшинд бага багаар тогтмол шилжүүлж байх ямар шаардлага надад байсан бэ? гэвэл дээр дурдсанчлан Л.Болормаагийн Б.Амартүвшинд төлөх ёстой мөнгийг өөрөө тодорхой хэрэгцээний дагуу /хүүгүй, цаг хугацаанд баригдахгүй мөнгө байсан тул/ хамааралтай болж, тэр 2-ын дундах гуравдагч мөнгө дамжуулах этгээд болсон. Л.Болормаа нь Б.Амартүвшинд өгөх ёстой мөнгөө түүний дүү Б.Энхцэцэг надад зээлдүүлж, түүгээр өөрийнхөө гүйцэтгэх үүргийг гүйцэтгүүлсэн байдаг. Тус мөнгийг Л.Болормаа нь ахад чинь өгөх мөнгийг чи хэрэглэж бай, хүүгүй хэмээн хэлж байсан нь дээр дурдсаны дагуу нотлогдохын хажуугаар дараах үйл баримт нотлох баримт зэргээр тогтоогдоно. Б.Энхцэцэг нь хэрвээ Л.Болормаагаас хүүтэй, алдангитай мөнгө зээлэх байсан бол ломбарданд мөн хүү, алданги төлөөд зээлэх байсан мөнгөнөөс ямар ч ялгаагүй бөгөөд өөртөө төвөг удан Л.Болормаагаас ижилхэн хүүтэй мөнгө зээлэн байж ломбарднаас мөнгө зээлээд 10-хан хоног өнгөрч байсан тус зээлийн харилцаагаа Ломбардны хүү, алданги зэрэгтэй ижил зээлийн гэрээний харилцаагаар солин байж цаг хугацаагаа алдан илүү үйлдэл хийх шаардлагагүй байсан. Л.Болормаа нь Б.Энхцэцэгийн шүүхэд өгсөн цорын ганц үнэн гэрээний хуулбарыг шүүхээс аваад явсан байсныг мөн тус гэрээнд хүү алданги тооцоогүй байсныг харсан, мэдүүлсэн Б.Сугарням гэрчилнэ.

Мөн “Өр шилжих” тохиолдолд талууд харилцан тохиролцсон байх ёстой бөгөөд Л.Болормаа нь Б.Амартүвшинд өгөх мөнгөө Б.Энхцэцэг надаар дамжуулан өгөхөөр тохиролцсон тохиролцоогоо “Б.Энхцэцэг чамд мөнгө өгсөн үү гэж Зээлийн гэрээ байгуулагдсанаас 2 сарын дараа түүнрүү утасдаж асуусан тухай мэдүүлэгт Л.Болормаа нь хүлээн зөвшөөрч тохиролцсон гэдгийг харж болохоор бөгөөд мөн Б.Амартүвшин, Б.Энхцэцэг нарын хооронд 2011.10.19-ний /Зээлийн гэрээ байгуулагдсаны дараах 2 өдрийн дараа/ өдөр 18 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 01-ний дотор өгч авалцахаар тохиролцсон баримт /ХХ-98 дугаар хуудас/ зэргээс харахад Б.Амартүвшин нь өр шилжүүлэх тухай Л.Болормаа, Б.Энхцэцэг нартай тохиролцсон гэдэг нь харагдаж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн 1426 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Болормаагийн нь “...зээл, хүү, алдангид 29.560.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Энхцэцэг эс зөвшөөрч, 2011 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Энхцэцэг нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн 40 дүгээр байрны подвалд байрлах 8 тоот гаражийг /авто зогсоол/ барьцаалан нэхэмжлэгч Л.Болормаагаас 2011 оны 10 дугаар сарын 17-ний өдөр 18.000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохирч зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 18.000.000 төгрөг, мөн 2012 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 400.000 төгрөгийг хариуцагчийн ХААН банк дах 5023154471 тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т нийцсэн боловч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Л.Болормаа нь барьцааны гэрээг улсын бүртгүүлэх тухай мэдүүлэгт Б.Энхцэцэгийн гарын үсгийг зурсан нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т нийцээгүйгээс гадна маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглэж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1426 дугаар магадлалын 1 дэх заалтын “Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Л.Болормаад холбогдох 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.Энхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлгүй тул 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.Энхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 303.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ