Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 0351

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: М.Оюунчимэг

улсын яллагч:  М.Хэрлэнчимэг

 хохирогч Б.Б

шүүгдэгч: Б.Э   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д  овогт Б Э  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806009970311 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Б Э,  1991  оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д аймгийн Ч суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн  дунд   боловсролтой,  мэргэжилгүй, Шинэ Их Холдолт ХХК-д барилгын туслах ажил хийдэг,  ам бүл 3,  эхнэр, хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр байрны 2-20  тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЖЯ

       

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Б ажилдаа явах замд нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.  

          Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө ажил руугаа гэрээсээ гараад явж байсан чинь нөхөр гэрийн гадаа байж байсан. Тэр үед бид 2 маргаантай байсан. Тэгсэн намайг татсан чинь би уначихсан. Бид 2 хөдөө ажиллаж байхдаа банкинд зээлтэй байсан. Би ажлаасаа гараад хотод ирсэн. Манай нөхөр бас ажлаасаа гараад хотод ирсэн. Тэгээд бид 2 банкны зээлнээс болж маргалдсан. Би унагаасан. Миний үсийг зулгаасан. Тухайн үед унахдаа шагайгаа цохьсон юм шиг байна лээ. Хөл аяндаа зүгээр болсон. Урд талын орцноос нэг эгч гарч ирээд, намайг дагуулаад явсан. Бид 2 энд ирээд ажилгүй байсан болохоор зээлээ төлж чадахгүй байсан. Цаашид ийм алдаа гаргахгүй гэж манай нөхөр хэлсэн. Одоо хамт амьдарч байгаа. Намайг намар гуйсан байгаа. Хүүхэд маань 2014 онд төрсөн. Одоо надад гомдол санал байхгүй гэв.    

           Шүүгдэгч  Б.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Б хамт амьдраад 5 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд маань 3 настай. Би 2018 оны 1 дүгээр сарын 11-ны өдрөөс Төмөрболдтой 10 дугаар хороололд 2 шил 075 граммын Чингис архи хувааж уусан. Тэгээд ганцаараа өглөө 08.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 4-1-00 тоотод байдаг эхнэр дээрээ ирсэн. Эхнэртэйгээ гэрийх нь үүдэнд таарсан. Тэгээд эхнэр маань одоо чамтай яриад байх юм байхгүй гэхээр нь би уурлаад үснээс нь зулгаагаад арагшаа нь дарсан. Тэр хооронд урд байрнаас нэг эгч гарч ирээд боль гэсэн би наад гар утас аваад ир гээд Б Самсунг  Галакси Эс-5 гар утсыг аваад 10 дугаар хороололд очоод ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Тэр мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Би тухайн үед согтуу байсан болохоор цохисноо мэдэхгүй байгаа юм. Үсдэж аваад хойш нь дарсанаа мэдэж байна. Гар утсыг нь авсан нь үнэн. Өмнө нь нэг удаа бид хоёр маргалдаад би арга хэмжээ авагдаж байсан  гэжээ.              

          Хохирогч   Б.Б мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өглөө 08.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Шархадны 4 дүгээр байрны 2 дугаар орцноосоо гараад явах гэж байтал нөхөр Э үүдэнд хүлээгээд зогсож байсан. Бид хоёр 2017 оны 7 дугаар сар хүртэл Х аймгийн Б суманд уурхайд ажиллаж байсан юм. Тэгээд муудалцаад би Улаанбаатар хотод хүүхдээ дагуулаад ирчихсэн байсан юм. Бид хоёр муудалцсан ч гэсэн байнга харилцаатай байсан юм. Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Шархадны 4 дүгээр байрны 2 дугаар байрны 20 тоотыг худалдаж авсан байсан түүндээ хүүтэйгээ байсан. Гэтэл манай нөхөр Э өнөөдөр ирээд согтуугаар надтай мөнгө төгрөгний асуудлаас болоод маргалдсан. Э миний үснээс зулгааж чирч унагааж байгаад нүүр лүү цохисон. Намайг чирсэн чинь миний зүүн хөлний шагай хэсэг чулуунд цохигдож одоо явахаар хөндүүр байна. Тэгээд миний ар талаас дагаад байхаар нь би нэг эгчийг хамт явий эгчээ манай нөхөр намайг зодоод байна гэж хэлээд таксинд суух гэтэл миний гар утсыг булааж авсан. Тэгэхээр нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. Намайг буцааж Бор Өндөр лүү авч явах гээд байгаа юм. Бид хоёр суугаад 5 жил болж байгаа юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Сүүлийн 2 жилээс надад гар хүрдэг болсон гэжээ. /хх-н 7-8,13,34-39/    

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 11/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1409 тоот шинжилгээ   Дүгнэлтэд:

            1.Б.Б биед зүүн шагайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

            3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 52-53/

           Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 49/

           Б.Э  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-46/

    Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 51/, зэрэг болно.          

           Шүүгдэгч Б.Э нь хамтран амьдрагч Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:    

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

  Иймд Б.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

            Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Б.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д  овогт Б Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Б.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин  мянган / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар           Б.Э нь торгох ялыг  2 /хоёр/ сарын   дотор  нэг сард 225.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан             Б.Э нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.   Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН