| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331000400066 |
| Дугаар | 2023/ДШМ/63 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ДШМ/63
Б.Пүрэвдамбад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Т.Нансалмаа
Хохирогч Б.Анужин /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим/
Шүүгдэгч Б.Пүрэвдамба
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Пүрэвдамбад холбогдох 2331000400066 дугаартай, 175/2023/0105/Э/208/2023/0048 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Болдын Пүрэвдамба, Монгол Улсын иргэн, ****** оны **** дүгээр сарын ****ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ***эгтэй, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******** ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, *** дугаар баг, **** дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/;
Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Сайханы хөтөл” гэх газарт 29-19 СЭҮ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Анужингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Пүрэвдамбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Боржигон овогт Болдын Пүрэвдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдамба нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.Анужингийн эмчилгээний зардалд 2,485,772 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяад хохирогчийн тусламж үйлчилгээний зардал 1,164,500 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдаж, хохирогч Б.Анужин нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.Пүрэвдамбад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтад ... хохирогч Б.Анужингийн эмчилгээний зардалд 2,485,772 төгрөгийг гаргуулж, ....цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 415,772 төгрлөегийг хохирогчид нөхөн төлснийг дурдах нь зүйтэй гэх боловч хохирогч уг мөнгийг шүүгдэгчээс бодитоор аваагүй болно.
Шүүх шийдвэртээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн тооцож тогтоогоогүй. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг баримтыг гаргаж өгсөн байтал шийдвэрлэхгүйгээр нээлттэй үлдээсэн.
Хохирогч Б.Анужин миний бие учирсан хохирлын эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, цалинд нийт 11,187,217 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрлээгүй.
Нөгөөтээгүүр хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн үнийн дүн хэрэгт авагдсан баримттай зөрж байна гэх үндэслэлээр шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн сэтгэл санааны хохирлын талаар шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй байгаа нь хохирогч миний эрхийг зөрчиж байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж хохирлын асуудлыг Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Миний үйлчлүүлэгч Б.Пүрэвдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно... гэж заасан.
Гэтэл Б.Пүрэвдамбыг хэрэг болсон өдөр согтуурсан гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоож чадаагүй байна.
1.Тухайн хэрэг гарсан өдөр нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ба хохирогчийн зүгээс гомдлыг Цагдаагийн байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргахдаа Б.Пүрэвдамбыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 09 сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Б.Пүрэвдамба нь 6 лааз пиво авч очсон ба түүнээс 1 бүтэн 1 талыг уугаад амарсан байна.
Гэтэл осол нь 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим гарсан ба Б.Пүрэвдамба нь урд шөнө уусан пивоноос өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад зөвхөн хохирогчийн өгсөн мэдүүлгээр согтуурсан байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын баталсан тушаал гарсан.
Уг журмын 1.4-т Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажсан, зориулалтын багаж ашиглана.
1.6-т Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.
2.5-т Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0) эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ... гэжээ.
Гэтэл энэ журамд заасан ажиллагаа огт хийгдээгүй хэрнээ Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/шцт/117 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцож бана. Анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн дутуу заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж оролцож байна. Яагаад гэхээр анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой баримтыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр авто ослын улмаас нурууны гэмтэл авсан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Үүний улмаас 3 сар эмчилгээтэй байсан. Эмчилгээтэй байж байгаад үргэлжлүүлээд 50 хувийн группт орсон. ... Хохирогчоос баримтаа гаргаж өгсөөр байтал шүүх үнэлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан шууд хохирлыг заасан. 2.5 дугаар зүйлийн 5-т зааснаар шууд учирсан хохирол нь эмчилгээний зардалтай холбоотой зардал, шууд бус зардал нь цалин хөлстэй холбоотой зардал. Үүнийг шүүх яагаад шийдвэрлэхгүй байна вэ.
...Хохирогч гомдолтой цаашид эмчилгээ хийх шаардлагатай гээд байхад яагаад шүүхээс 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулаад байна вэ. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Цаашид миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа алдалтыг тогтоосон баримтаа бүрдүүлээд өгөөд байхад шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүнд гэмтэл ч гарах боломжтой. Анхан шатны шүүх хохирогчийн зөрчигдсөн эрхийн талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн гол зорилго юу вэ. Зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирол төлбөр төлүүлэх. Гэтэл би гомдолтой байна, миний эрх зөрчигдөөд байна гэхэд шүүх үнэлдэггүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан зүйл заалт нь сонгох санкцтай, үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, үлдэх зардлыг гаргуулахаар нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймагт зуны улиралд гаднаас хүмүүс их ирдэг. Би хүнд сайхан сэтгэл гаргаад явсан чинь осол гаргаад, хохирогчийг гэмтээсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Хууль ёсны жинхэнэ хохирол байвал би гаргаж өгье гэдгээ хэлсэн. Уучлаарай гэдэг үгийг байнга хэлсэн. ...Хохирогч дандаа худлаа ярьдаг би нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргаж өгнө. 4 шил пиво уусан асуудал гарсан. Дахин пиво авч уусан зүйл байхгүй. Бид Монголжин зоогийн газрын бичлэгийг авъя гэтэл 3 сараас дээш хугацаанд хадгалдаггүй, утстсан байсан. Шүүх өөрөө нотлох баримтаа үнэлэх байлгүй гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг согтуурсан буюу хүндрүүлэх нөхцөлөөр ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь хөнгөрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Энэ талаар анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлж байсан. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө 4-5 пиво уусан зүйл ярьдаг. Гэтэл энэ үйл баримт 18-аас 19-нд шилжих шөнө уугаад, үргэлжлүүлээд хохирогч болон найзуудыг газар үзүүлэх замаар авч яваад, Монголжин нэртэй зоогийн газарт хоол идэх гэж ороод, дахин пиво авч уусан гэдгийг хохирогчоос гадна, хамт явсан гэрчүүдийн мэдүүлгээр гэрчилдэг. Гэрч Ариунсайханы хувьд шүүгдэгч Пүрэвдамбатай танилын харилцаатай. Ариунсайханы мэдүүлэг хохирогчийн талд нөлөөлөхөөр мэдүүлэг биш. Согтуурсан гэдэг Ариунсайханы мэдүүлгээр давхар нотлогддог тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Пүрэвдамбад холбогдох эрүүгийн 2331000400066 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Сайханы хөтөл” гэх газарт 29-19 СЭҮ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Анужингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогч Б.Анужингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...Тэр хүн 8 ширхэг пиво авчраад тэрнээс Уранзаяа бид хоёрт нэг нэгийг өгсөн. Бид 2 түүнийг нь уугаад Дамба, Учрал хоёр үлдсэн пивийг нь уугаад амралтын газраас гараад явцгаасан. Сэлэнгэ аймгийн төв рүү ороод Учрал гээд залууг гэрт нь буулгаад бид 4 Монголжин гэх зоогийн газар ороод хоол захиалаад Дамба ах Сэнгүр нэртэй пиво 3-ийг захиалсан. Уранзаяа бид хоёр тэр пивоноос уугаагүй. Пүрэвдамба өөрийнхөө захиалсан пивийг уусан. Тэндээс гараад “та хэдэд газар үзүүлье” гээд Орхон Сэлэнгийн бэлчир гэх газарт очно гээд өндөр уулархаг газар очсон. Уранзаяа бид хоёр “өндрөөс айдаг” гэхэд “яах ч үгүй ээ” гээд дээшээ гарсан. Уулын орой руу гараад зургаа авахуулаад бичлэг хийгээд бууж байх замдаа онхолдсон. Би газар хэвтсэн амьсгалж болохгүй, хөдөлж чадахгүй байсан....” гэх,
-хохирогч Б.Анужингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Пүрэвдамба гэдэг хүн машин барьж яваад онхолдсон “эмчилгээний зардал болон шаардлагатай туслалцааг үзүүлнэ цагдаад хандвал албаны машин унаж явсан эрхээ хасуулна дээр нь ажилгүй болно” гэж гуйгаад байхаар нь тухайн хүнийг бодоод цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аваарт ороод Сэлэнгэ аймгаас 20:30 цагийн вагонд сууж Улаанбаатар хотод ирээд шууд Гэмтэл Согог сэргээн засах төвд очиж нуруу, нугасны зургаа авахуулсан Томографик зургаар сээр нурууны ТН8 нугалам хугарсан гэж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө жолооч Пүрэвдамба ажлаас дуудлаа гэж Сэлэнгэ руу яваад түүний дүү эмэгтэй, нөхрийн хамт намайг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.... ......2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлэгт бүсэлхий, нурууны томографикт орсон. Сээр, нурууны Тh10 нугаламын их бие дээд урд гадаргууд дарагдаж шахагдсан шинэ хугарал гэсэн онош тавигдсан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөн газарт толгойны томографикт орсон. /тархи доргилттой гэж бичигдсэн/ байгаад Брилиант эмнэлэгт бүтэн нурууны эмрад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орсон. ТН6, 8, 10 гэсэн 3 хугаралтай, бүсэлхий нурууны L4,5 хоёр талыг дамжих мэдрэлийн язгуурыг дамжсан мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдалтай болох нь батлагдсан. Түүнээс хойш “45 хоногийн хэвтрийн дэглэм барь” гэж хэлэхээр нь аймгийн эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтад орсон Пүрэвдамба нь энэ хугацаанд 1.370.000 төгрөг өгсөн. Цалин гэж 700.000 төгрөг өгсөн. Нийт 2.070.000 төгрөг өгсөн байгаа. 2022 оны 11 дүгээр сард “би эмнэлэгт явж үзүүлж харуулна мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхэд Пүрэвдамба би ажил төрөлгүй болсон, мөнгө өгч чадахгүй” гэхээр нь “тэгвэл цагдаад өглөө шүү” гэхэд “тэг, тэг” хэлсэн. Түүний дагуу Сэлэнгэ аймгийн цагдаад гомдол гаргасан юм.... ....Намайг босож ирэхэд Дамба ах болон хамт ирсэн хүн пиво ууж байсан. Тэдгээр хүмүүстэй танилцаад сууж байхад нөгөө Дамба ахтай хамт ирсэн залуу өөрийгөө Учка гэж байсан ба тэр залуу Уранзаяа бид 2-т Лаазтай боргио пиво өгсөн. Би “уудаггүй” гээд амсаад ширээн дээр тавиад цаг харахад 06 цаг өнгөрч байсан. Ариунсайханыг “явах уу цаг болох нээ” гэж хэлсэн. Тэр үед Пүрэвдамба ах “үдээс хойш манай энэ дүү Учка хот явна, та 3 хамт машинд нь суугаад явчих” гэж хэлсэн. Бид 3 яарч байсан тул машин вагоноос хурдан юм чинь “тэгье” гээд үлдсэн. Пүрэвдамба ах авчирсан пивоо ууж байгаад бид 3-г амралтын газарт хүргэж өгсөн таксины ахыг дуудаж пиво захисан. Тэр такситай ах өглөөний 07 цагийн алдад “байгаа пиво нь” гээд 8 ширхэг лаазтай Боргио пиво авчирч өгөөд явсан. Дахиж авчирсан пивоноос бид хэдэд Пүрэвдамба задалж өгсөн. Сүүлд авчирсан пивоноос нь Уранзаяа бид хоёр 1,1 пиво уусан.... .....Уулын уруу буухдаа нилээн зөөлөн явсан тэгж явахдаа замын нүхтэй хэсэгт дугуй ороод жолооч сандараад дарсан байх ямарч байсан онхолдож 3 эргэлдээд буусан. Уг машиныг албаны машин гэж ярьж байсан. Осолд орчихоод хөдөлж чадахгүй амьсгаа авч чадахгүй байж байхад Пүрэвдамба 2 хүн дуудсан. Ажлынх нь юм уу найз нар нь юм уу мэдэхгүй 2 хүн ирээд бид 3-г Сэлэнгэ аймаг руу эмнэлэгт хүргэж өгөхөөр 1 хүн нь жолооч Пүрэвдамбатай осол болсон газарт машин дээрээ үлдсэн. Сэлэнгэ аймгийн эмнэлэг дээр түрдэг тэргэн дээр ороод өвчин намдаах тариа хийлгээд цагийн дараа рентген зураг авхуулсан. Рентгений эмч “таны нуруу хугарсан байна яаралтай хот яв” гэж хэлсэн. Эмнэлгээс бид 3-г Пүрэвдамбын гэрт аваачсан. Гэрт нь ороход Пүрэвдамба дусал хийлгэчихсэн хамт ослын газарт үлдсэн ах болон 1 эмэгтэйгийн хамт 3 уулаа байсан. Намайг жижиг өрөөнд оруулж хэвтүүлээд цагийн дараа дарга нь гэж 1 хүн ирж бид 3-тай уулзсан. Нуруу нь хугарсан хүүхэд аль уу гэж асуухаар нь “би байна” гэхэд чиний биеийн байдлаас шалтгаалан энэ хүний ажилтай үгүй нь шийдэгдэнэ гэж хэлсэн. Уранзаяа түрүүлээд Учка гэдэг залуутай машинаар хот руу явсан. Ариунсайхан бид 2 Пүрэвдамба ахтай Улаанбаатар хот руу машинаар явсан. Цаашид хэр хугацаанд хэвтэж эмчлүүлэхээ мэдэхгүй, эмчилгээний зардал болон цалингаа нэхэмжилнэ гэж бодож байна.” гэх /хх-ийн 31-32 тал/
-хохирогч Б.Анужингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Одоогийн байдлаар зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардалд 13,257,217 төгрөг зарцуулсан байгаа. Үүнээс анх осолд орсны дараа Пүрэвдамба нь надад 2,070,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 11,187,217 төгрөгийг би Пүрэвдамба гэж хүнээс нэхэмжилж байна. Осолд орсноос хойш байнга эмнэлгээр эмчилгээ хийлгэж хэвтрийн байдалд байгаагийн улмаас ажлаа хийж чадаагүй, улмаар группэд орсон байгаа. Цаашид мөн эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх учраас ирээдүйд гарах зардлыг мэдэхгүй байна. Зардал гарсны дараа нэмж нэхэмжлэлээ гаргаж өгнө. Гомдолтой байна. Пүрэвдамба нь пиво уусан, согтуу байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” гэх /хх-ийн 34 тал/
-Иргэний нэхэмжлэгч Ш.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд орой ажил тараад ирэхэд миний машиныг хашаанд авч ирээд юмаар хучаад тавьчихсан байсан. Би очиж харахад жолооч талын 2 хаалга хонхойсон, жолоочийн хаалганы шил хагарсан, жолооч талын урд кирло хонхойсон, урд дугуй хагарсан, кирлоны дотор талын хамгаалалт төмөр үрчийсэн, жолоочийн эсрэг талын хойд булангийн дээвэр ачааны мөрний хэмжээтэй хонхойсон, урд хамгаалалт жолооч талын булан хэсгээрээ хугарсан, ачааг нь аваад тавьчихсан байсан. Пүрэвдамба “ах машиныг чинь хашаанд чинь аваачаад тавьчихлаа” гэж хэлэх үед нь би "ямар машин авч явсан яг тэр хэвээр нь болгож засварлаж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өөрөө ирээд миний машиныг аваад явсан үүнээс хойш 20 орчим хоногийн дараа засварлуулаад аваад ирсэн байсан...” гэх /хх-ийн 37-40 тал/,
-Гэрч Э.Ариунсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд Пүрэвдамба ахтай утсаар холбогдож асуухад “Хонгор морьт нэртэй амралтын газарт очоод амарчих, маргааш би та хэдийг очиж аваад вокзал хүргээд өгье” гэж хэлсэн..” гэх /хх-ийн 43 тал/,
-Гэрч Б.Мөнх-Учралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хилийн тагнуулынхан манай хажуугийн гражид машинуудаа тавьдаг болохоор машиныг тэнд нь үлдээгээд Пүрэвдамба ах нөгөө 3 эмэгтэйгээ суулгаад явсан. Би гэртээ ороод Улаанбаатар луу явах юм аа бэлдээд явсан. Үүнээс хойш Пүрэвдамба ах тэр 3 эмэгтэйгийн хамт хаагуур явсан, ямар асуудал болон талаар мэдэхгүй...” гэх /хх-ийн 45-46 тал/,
-Гэрч У.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ганцаараа машинтай яваад очиход саарал өнгийн Тоёота Ланд Круйзер-80 загварын тээврийн хэрэгсэл уулын хажуу, хазгай газарт шороон зам дээр хөндөлсөөд зогсчихсон байсан. Машин 4 дугуйн дээрээ зогсож байсан. Намайг очиход Пүрэвдамбаас гадна 3 эмэгтэй байсан ба нэг эмэгтэй нь газар хэвтчихсэн, Пүрэвдамба хажууд нь сууж байсан. Би нэг хүн газарт хэвтэж байсан болохоор гэмтэж бэртээд янз бүр болчихсон юм биш байгаа гэж сандарсан байдалтай байсан болохоор машинд ямар эвдрэл учирсан, хэрхэн осолд орсон болохыг анзаарч харалгүй шууд Пүрэвдамба дээр очоод “эмнэлэг дуудах уу яах уу” гэхэд тэр эмэгтэйчүүд “өөрсдөө машинд суугаад очоод эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. Нөгөө хэвтэж байсан эмэгтэйгийн гарнаас нь би татаж босгоод машинд суулгаад шууд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж тухайн эмэгтэйг тэргэнцэр дээр суугаад эмчид үзүүл гээд дотогш оруулсан...” гэх /хх-ийн 48-49 тал/,
-Гэрч А.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Тэгээд Пүрэвдамба над руу залгаад “хүрээд ирээч, мод боловсруулах үйлдвэрийн хойд талын уулан дээр байна” гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Эрдэнэ-Очир гээд найз нь ирчихсэн, Пүрэвдамба, Эрдэнэ-Очир нар саарал өнгийн “Тоёота Ланд Круйзер” 80 маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан. Тэгээд Пүрэвдамба “найзууд ирээд уул руу гарчихаад бууж яваад ховил руу ороод уначихлаа” гэсэн. Машин нь 4 дугуйн дээрээ байсан ба машины жолооч талын хэсэг нь эвдэрсэн байдалтай байсан....” гэх /хх-ийн 51 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1. Б.Анужингийн биед сээр нурууны Тh6, Тh8 ,Тh10 нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, L4-L5 нугалмуудын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.09.19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Сээр нурууны Тh6, Тh8 ,Th10 нугалмуудын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. L4-L5 нугалмуудын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.
3.Шүүгдэгчийн талаас гэм буруугийн асуудлаар гомдол гаргаагүй боловч харин зүйлчлэлийн талаар уг гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийг согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг лавтай баримтаар нотлож чадаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шийдвэрлэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн гомдол гаргасныг,
Хохирогчийн талаас осолд орж бэртэл гэмтэл авсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардалд 11.187.217 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдвэрлэж өгөөгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах гомдол гаргасныг тус тус ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн урдны танил Э.Ариунсайханыг өөрийн найз Уранзаяа, Б.Анужин нарын хамт аялж явах үед нь уулзаж Орхон Сэлэнгийн бэлчир гэх газрыг үзүүлэхээр 29-19СЭҮ улсын дугаартай Ш.Батжаргалын эзэмшлийн Тоёота ланд круйзер-80 маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсний улмаас осол гаргаж хохирогч Б.Анужингийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
27.10 дугаар зүйлийн 2-д
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Пүрэвдамба нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг хохирогчид нөхөн төлсөн, хохирогчид ирээдүйд эмчлэгдэх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Пүрэвдамбын согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаа болно. Учир нь:
Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь ихэвчлэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэдий ч шүүгдэгч Б.Пүрэвдамбын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл нь хөнгөмсгөөр найдсан болгоомжгүй үйлдэл мэт байх боловч түүнийг зөвтгөн үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй.
Мөн Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын баталсан тушаал байдаг ба уг журмын
1.4-т Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажсан, зориулалтын багаж ашиглана.
1.6-т Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.
2.5-т Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0) эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж тус тус заасан боловч шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Пүрэвдамбыг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож, түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Хохирогч Б.Анужингийн зүгээс эмчилгээний зардалд 3.849.680 төгрөг, 2022 оны 10, 11, 12, 2023 оны 1, 2, 3 дугаар суруудад тус тус ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас авах ёстой байсан цалин хөлс 7.328.800 төгрөг, нийт 11.178.680 төгрөг болж байгаа ба үүнээс хохиролд хүлээн авсан 2.070.000 төгрөгийг хасч 9.108.480 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс анхан шатны шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 2.485.772 төгрөг байгаагаас шүүгдэгчийн өгсөн 2.070.000 төгрөгийг хасч 415.772 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, тусламж үйлчилгээний зардалд 1.164.500 төгрөгийг завсарлага авч нөхөн төлснийг дурьдаж шийдвэрлэсэн байгааг дурьдаж, хохирогчийн авах байсан цалин хөлстэй холбоотой баримтуудыг нягтлан шалгаж үзэв. Үүнд:
Хохирогч Б.Анужин нь Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн даргын тушаалаар 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сан хөмрөгч, хүний нөөц, программист гэх албан тушаалд ажилласан болох нь нотлогдож байх боловч дээрх хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг хавтаст хэрэгт баримт болгон ирүүлээгүй тул түүний цалин хөлсийг тооцож олгох боломжгүй байна.
Хохирогч Б.Анужин холбогдох баримтаа бүрдүүлэн авах ёстой байсан цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргахад энэ тогтоол, магадлал саад болохгүйг дурьдав.
5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосгай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ