Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00667

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00667

 

 

 

 

                                         Б.Хнэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00253 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ххариуцагч М.Б, М.Мнарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 6 290 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин агуулахын урд төв зам дагуу нэгдүгээр эгнээгээр төмөр замын гарам өнгөрөөд явж байхад М.Б нь замын хоёрдугаар эгнээнээр баруун гар тал руу дарж орж автомашиныг гэмтээсэн. Эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч Б.Хыг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, М.Бы буруугаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. М.Б тухайн үед өөрийн бурууг хүлээн зөвшөөрч хүсэлт гаргаад гарын үсэг зураад явсан. Автомашины сэлбэг хэрэгсэл байхгүй учраас Япон улс руу захиалж авчруулсан, хаанаас сэлбэг авч засуулах нь нэхэмжлэгчийн сонголт. Үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар М.Мийг хамтран хариуцагчаар татсан. Гэвч М.М нь өөрийн хүү М.Бд автомашинаа унуулж байхад уг осол гарсан. Хариуцагч М.Б осол гаргасан талаар маргадаггүй, төлбөрийг өөрөө төлнө гэдэг. Мөн М.Мөндөр настай байдал зэргийг харгалзан М.Баас хохирлыг гаргуулахад татгалзах зүйлгүй. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 5 530 000 төгрөг, шууд бус буюу ажлын хөлсний зардал 460 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 240 000 төгрөг, автомашинд оношилгоо хийлгэсэн төлбөр 60 500 төгрөг, нийт 6 290 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч М.Бы тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 50 минутын үед 22-ын товчоо руу явах замд байрлах Номин дэлгүүрийн уулзвар дээр баруун гар тийш эргэх дохио өгч байхад Б.Х буруу талаар хурдтай орж мөргөсөн. Б.Х согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул эрүүл эсэхийг нь шалгуулах гэхэд багаж байхгүй байсан тул тухайн үед шалгаагүй. Тухайн өдрийн орой 17.00 цагийн үед Цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөхөд эрүүл гэсэн хариу гарсан. Б.Хсогтуугаар жолоо барьсан илт хайхрамжгүй үйлдэл нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл байж болзошгүй юм. Автомашины хохирлын үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндрөөр тогтоосон байна. Бодит байдал дээр зүүн урд талын их гэрэл нь доод хэсгээр үл мэдэг цуурсан байхад эвдрэлийн зэргийг их гэж шинээр солихоор тэмдэглэсэн байна. Мөн бусад сэлбэг зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлэгдсэн тул үнийн дүнг багасгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мтайлбарт: Уг асуудалд М.М нь ямар ч холбоогүй бөгөөд түүний хүү М.Б автомашиныг унаж яваад осол гаргасан тул нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг М.Б хариуцах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ослын улмаас учирсан хохирлыг хэт өндөр дүнгээр нэхэмжилсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн зардлыг гаргаж автомашинаа засч, янзлуулж бусдад худалдсан гэдэг нь тодорхойгүй ба энэ талаар баримтгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баас 5 830 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 469 500 төгрөг гаргуулах болон хариуцагч О.Монхоожид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 108 238 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Нэхэмжлэгч Б.Х нь гэмтэл авсан 74-77 УБМ улсын дугаартай автомашинаа засварлаагүй байсан бол үнэлгээний тайлангийн дагуу нотлох баримтаар үнэлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Х нь автомашиныг засаж янзалж бусдад худалдсан гэдгээ тайлбарладаг. Үнэлгээний компанийн үнэлгээ нь тухайн автомашиныг засварлахад иймэрхүү хэмжээний зардал гарч болзошгүй талаар төсвийн таамаглал болохоос шууд энэ хэмжээний зардал гарсан гэдгийг нотолсон баримт биш гэж үзэж байна. Тухайн автомашиныг засаж янзлахад гарсан бодит зардал нь үнэлгээний тайлангаас их эсхүл бага ч гарж болох боломжтой. Хариуцагч М.Бы зүгээс авто тээврийн хэрэгслийн осол гаргасан, буруутай гэдгээ, мөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн нь хэт өндөр, ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээ өндөр гарах үндэслэлгүй гэж маргадаг. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохын тулд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирлын хэмжээг хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч автомашинаа бусдад засварлаад худалсан гэж тайлбарласан. Гэтэл шүүх үнэлгээний объект байхгүй гэх үндэслэлээрхүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Автомашиныг засаж бусдад худалдсантай холбоотой зардлуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч талын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангалгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн автомашинаа засаж янзлаагүй байсан бол “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан нь ач холбогдол бүхий баримт мөн болох боловч тухайн автомашиныг засаж янзлуулсан тохиолдолд бодит байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл биш болох юм. Харин тухайн эвдрэл гэмтэл учирсан автомашиныг засаж янзлахад бодитоор гаргасан зардал нь хуулийн дээрх заалтын дагуу нотлох баримт болно гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгч автомашиныг засч янзлуулсантай холбоотой баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан гэж хүлээн зөвшөөрсөн атлаа үнэлгээний тайлангийн шууд зардлууд гэсэн хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, уг хэсэг нь баримтаар нотлогдоогүй мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон нотлох баримтуудыг өгөөгүй байхад анхан шатны шүүх үнэлгээний тайланд дурдсан шууд зардал гэх 5 530 000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч М.Б, М.Мнарт холбогдуулан автомашинд учруулсан хохирол 5 530 000 төгрөг, ажлын хөлс 460 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 240 000 төгрөг, оношилгооны зардал 60 500 төгрөг, нийт 6 290 500 төгрөг нэхэмжилж байна. 

Хариуцагч Б.Х 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны Номин дэлгүүрийн урд замд ... УНЛ улсын дугаартай “Тоёота эстима” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчин ... улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, ослын талаарх эрх бүхий албан тушаалтны магадлагаа, үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Дээрх зөрчлийн улмаас хариуцагч М.Бд 2020 оны 4 дүгээр сарын 02ы өдөр 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна./хх5-8, 94/

Хэдийгээр автомашины эзэмшигч нь хариуцагч М.М боловч ослын үед автомашиныг хариуцагч М.Б унаж ашиглаж байсан, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч М.Мөндөр настай байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Харин шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзах хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

Нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад “... төмөр замын гарам дөнгөж гараад Номин агуулах руу эргэх эргэлтэн дээр 1-р эгнээгээр явж эргэх гэж байгаад 2-р эгнээнээс Эстима маркийн машинд шахуулж осол гаргасан нь үнэн” гэсэн тайлбар гаргасан ба зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгээр нэхэмжлэгч 40 км цагийн хурдтай, хариуцагч 20 км цагийн хурдтай явж байсан үйл баримт тогтоогдож байна.  /хх84-86/

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3-т “.., Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, “хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасна” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Номин агуулах руу эргэх үедээ хажуу эгнээнээс ирэх хөдөлгөөнөөс аюул, осол үүсэхээс сэрэмжлэн тээврийн хэрэгслийн хурдыг багасгах үйлдлийг хийгээгүй нь хохирлын хэмжээг ихэсгэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч “... 6 300 000 төгрөг төлөх боломжгүй, 4 000 000 төгрөг төлөх боломжтой илүү төлөхгүй, нотлох баримт шаардлагатай ...” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх135/

Ослын улмаас автомашины зүүн урд их гэрэл, урд буфер, зүүн урд крило, зүүн урд нэмэлт гэрэл, зүүн урд под крило, зүүн урд цаап, зүүн доод гар, зүүн өндгөн тулгуур, шарнер, обуд их хэмжээний эвдрэлтэй нийт 5 990 000 төгрөгийн шууд хохирол учирсан нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. /хх12-13/

Хэрэгт нэхэмжлэгч автомашинд учирсан эвдрэлийг засварласан гэх баримт авагдаагүй, дээр дурдсан осол гарсан үеийн тэмдэглэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг харьцуулан хохирлын хэмжээг багасгаж хариуцагч М.Баас 4 000 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Баас гэм хорын хохиролд 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 290 500 төгрөгт болон хариуцагч М.Мид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “108,238” гэснийг “78 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                                                          

                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                      А.МӨНХЗУЛ