Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00254

 

 

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн **** дүгээр хороо,******* хотхон ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:

         Хүсэлт гаргагч: Х.*******,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч  Х.******* нь 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн Барилга ангид нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

          Хүсэлт гаргагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн Барилга   ангид нормчиноор ажиллаж байгаад 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээрээ тус ажлаас гарсан юм.

Төв аймгийн Батсүмбэр дахь барилга ангийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдийн ажлаас гарсан болон ажилд орсон тушаалуудыг Төв аймгийн архив болон Төв аймгийн Батсүмбэр сумын архивуудаар шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа тул намайг  1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Барилга  ангид нормчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Миний хөдөлмөрийн  дэвтрийг Төв аймгийн Барилгын ТМС-д байхад нээсэн юм. Би 1987 оны 9 дүгээр сард 10-р ангиа төгсөөд Барилгын ТМС-д ороод  1988 онд төгссөн. Тэнд өрлөгчин,  угсрагч мэргэжилийг  эзэмшсэн.  Сургуулиа төгсөөд хилийн цэргийн 0119 дүгээр ангид 2 жил цэргийн алба хаасан, тэгээд 1990 онд цэргээс халагдаад сумандаа очиж ажилд орсон.  Нормчин хүн тухайн үед барилгын бүх туслах ажлыг хийдэг байсан. Гэрч  мужаанаар ажиллаж байсан гэж мэдүүлэгтээ дурдсан байсан. Энэ талаар тайлбар хэлэхэд манай бригад Залуучуудын баригадад байсан, тухайн үед удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүгдийг нь хийдэг байсан, мужаан, өрлөгчин, зуурагч гэх мэт бүх ажлыг хийж байсан боловч ажлын байр нь нормчин гэсэн нэрээр явдаг байсан. Би тогтоолгох гэж буй хугацаанд тасралтгүй ажилласан учраас хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1988.06.28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаартай тодорхойлолт, цэргийн батлахын хуулбар зэргийг ирүүлсэн болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.******* мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                          ҮНДЭСЛЭХ нь:                                                                                            

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Х.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм” гэжээ.

3.Хүсэлт гаргагч Х.******* нь 1970 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 55 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан талаарх бичилт хийгдсэн боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаал архиваас олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ. 

4.Хүсэлт гаргагч Х.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

            5.Хүсэлт гаргагч  *******  Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн Барилга ангид нормчиноор ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажилд орсон, ажлаас гарсан тушаал эх хувиар байхгүй, олдохгүй байгаа болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 56 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.  

            6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

7.Хүсэлт гаргагч Х.******* нь1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Барилга ангид нормчиноор ажиллаж  байсан болох нь 

           - Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар ,   

           -1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 196869 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт Батсүмбэрийн САА-ын барилга ангийн даргын 1990.12.21-ний өдрийн 161 дүгээр тушаалаар 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  өөрийн хүсэлтээр тус барилга ангид нормчиноор ажиллуулав, Батсүмбэрийн САА-ын барилга ангийн даргын 1992.04.21-ний өдрийн 09 дүгээр тушаалаар 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтийн дагуу нормчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн байв,

           -1988 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон 664322 дугаартай цэргийн батлах, уг цэргийн батлахад 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 557-р тушаалаар хугацаат алба дууссан тул бэлтгэлээр халж Төв аймагт явуулав  гэсэн байв,

           Гэрч Л.******* шүүхэд өгсөн: “Х.*******ыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 1985 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн  барилгын трестэд  ажилд орсноор *******ыг таньдаг болсон. Х.******* нь 1990 онд цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн барилгын трестэд мужаанаар ажилд орж байсан. Манай байгууллага 1990 оноос хувьчлал явагдаад 1992 оны намар 8 сард шиг санаж байна, татан буугдсан. Х.******* бид 2 татан буугдах хүртэл хамт ажилласан, би нормчин, ******* мужаанаар ажилладаг байсан. Х.*******  1990 оноос 1992 онд байгууллага татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан, ямар нэгэн шагнал авч байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай сангийн аж ахуй барилгын трестийн даргаар ******* гэдэг хүн байсан. Дотроо 3 бригадтай залуучуудын бригадын дарга нь Нардорж гэх хүн байсан. Нийт 70 гаруй ажилчинтай байсан. ******* бид хоёр тухайн үед залуучуудын бригадад байсан, сумынхаа орон сууц, фермерүүдээр явж засвар үйлчилгээ хийдэг байсан. Тухайн үед манай байгууллага хувьчлагдахад ******* дарга өөрөө аваад л хамаг юмаа зараад л дууссан даа Миний ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн гэх”  мэдүүлэг зэрэг болно.     

          8.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул  эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын САА-н Барилга ангид нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ТУЯА