Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Шүүгдэгч Б.Эр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Б-ы Эр-т холбогдох 1816000440025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй,Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, ... өдөр төрсөн, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б-ы Эр, РД: ... гэв.

Яллагдагч Б.Эр нь “...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн ... багийн нутаг *** нурууны алт гарч байгаа газарт Б.Эн-н нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Эр нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** сумын нутагт байх чулуу буталдаг тээрэм дээр байхдаа Б.Эн-н нүүрэн тус газарт цохиж түүний биед 31-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн авах заалттай, зүүн чихний доод хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эр гэм буруутай болох нь:

  Шүүгдэгч Б.Эр -ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2 дугаар сарын 05-ны өглөө хоёр уут чулуутай тээрэм дээр очсон. Тэгсэн Эн гэдэг хүн чулуун дээрээс ороод ирчихсэн Т гэдэг хүнтэй уулзаад зогсож байсан. Тэгээд намайг очиход яагаад нэг уут чулуу худлаа хэлээд аваад явчихав пизда минь гээд бариад авсан. Тэр чулууг нь хагас, бүтэн сайн амралтын өдрөөр дээр очиж хүмүүстэй ажил хийгээд чулууг нь зөөж өгөөд уутны тал чулуу авсан. Тэрийг худлаа хэлээд чулуу аваад явчихлаа гээд тээрэм дээр ирээд тэрнээс болж муудалцсан. Намайг нэг цохиод авахаар нь зөрүүлээд нэг цохиж авсан. Барьцалдаж байхад хүзүүний гинж тасраад гинжээ аваатхая гээд гинжээ хайгаад байж байхад цуг явж байсан З гэдэг хүн нь гарч ирээд ахын дүү боль согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм гээд намайг тээрмийн хаалгаар дагуулаад гарсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Буцаж ирээд Эн-той уулзаад уучлал гуйгаад гар барьсан. Уучлаарай ахын дүү цагдаа шүүхээр яах юм гомдуузай ах нь шийдэж өгнө гээд салсан. Хохирогч Б.Эн-н шанаа хэсэгт нэг удаа цохисон. Хохирогчийн шүд нь хөдөлсөн байсан учир шүдээ солиулах шаардлагатай гээд шүдийг солиулж өгье гээд гэм буруугаа хүлээгээд 2.000.000 төгрөг өгсөн. Өөрийн хийсэн зүйлд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээнэ. Хамгийн бага нэгжээр торгож өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,  

  Хохирогч Б.Эн-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эр гэх залуутай таараад чи худлаа ярьж хүнээс чулуу авсан байна гэж хэлсэн чинь надруу дайраад би угаасаа чулуу авдаг юм. Миний мэдлийн газар гэх мэтийн зүйл ярьж намайг хэл амаар доромжилж дайраад миний нүүр шанаа орчим руу гараараа нилээн хэд цохисон. Мөн миний өмсөж явсан ноолууран цамцыг урж хаясан. Миний нэг шүд хөдөлсөн, шанаа хавдсан байсан. Нэг шүдийг янзлаад өгчихвөл гомдол санал байхгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-18-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэ-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр чулуу буталдаг тээрэм дээр байж байтал Бо гэх хүн намайг дуудаад бид 2 гадаа уулзаж байсан чинь Эр ах  ирсэн. Тэгсэн Бо гэх хүн Эр ахруу пиздаа гэж хараасан чинь уурлаад барилцаад авсан. Тэр хоёр нэг нэгнийгээ нэг нэг удаа цохиод салсан...”  гэсэн мэдүүлэг /хх-23-рт/,

1. Б.Эн-н биед 31-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн авах заалттай, зүүн чихний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлэгийн нэмэлт үзлэг хийсэн 47 дугаартай акт, эмчийн үзлэг, эмнэлгийн магадлагаа зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эр-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүгдэгч Б.Эр нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсох хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Эр-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Эр-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эр-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Эн нь цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “*** аймгийн*** сумын *** баг Н*** тоотод оршин суугч Б овогтой Эн намайг Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн иргэн Б овогтой Эр нь надтай маргалдаж, миний үүдэн шүдийг хөдөлгөж гэмтэл учруулсан бөгөөд миний эмчилгээний зардлыг бүрэн төлж дуусч хохиролгүй болгосон тул Б.Эн миний зүгээс Б.Эр-с нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй” гэжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний цахим  үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Эн-д 2.000.000 төгрөгийг төлж хохирлыг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ны Эр-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эр -ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эр-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 150.000 /нэг зуун тавин/ төгрөгөөр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эр-т танилцуулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний цахим  үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Эн-д 2.000.000 төгрөгийг төлж хохирлыг төлсөн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эр-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эр-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА