Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э /РД:****/

Хариуцагч: Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч М.Б,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагч улсын байцаагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч М.Бын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Монополын эсрэг газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтран баталсан Хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамж-ийн дагуу цахим орчинд 1XBET гэх нэр логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг явуулж, нэхэмжлэгч Б.Эийн фэйсбүүк дэх......... пэйж хуудсанд нийтэлсэн зар сурталчилгаа нь зар сурталчилгаанд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Процессын түүх: Нэхэмжлэгч Б.Эээс шийтгэлийн хуудсыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдсэнээр шүүхэд гомдлоо 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Д нараас гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр түүнийг түгээж байгаа арга хэрэгслээр үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна хэмээн зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагыг зохицуулж, мөн хуулийн 6.5-д Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно, 6.5.2-д Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улмын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах, 6.5.8-д хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил үйлчилгээг сурталчлах гэж заасан бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна, 7.2-т дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно, 7.2.3-д хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэж тус тус заасан.

4.2. Гэтэл миний өөрийн .......... хаягт дурдсан хуулийг огт зөрчөөгүй байхад надад шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт ........... гэдэг энэ агент нь энэхүү байгууллагынхаа үйл ажиллагаа гэхээс илүүтэй агентын үйл ажиллагаагаа сурталчилсан. Өөрөөр хэлбэл 1xbet-ийн үйл ажиллагааг бол сурталчлаагүй юм. Хэсэг бүлэг залуус агент бий болгон урамшууллаа санал болгож, уг урамшуулалд хамрагдахдаа тус агентын нэрийг бичин 1xbet рүү хандахаар агентын оноо нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор...........хаягаас агентын үйл ажиллагааг сурталчилсан.

4.3. Хавтаст хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн постуудаар зөвхөн агентын сурталчилгааг явуулсан. Хариуцагч байгууллага нь гомдол гаргагч Б.Эээс зөрчилтэй холбоотой мэдүүлэг авсан байдаг. Б.Э уг мэдүүлэгтээ агентаас н.Д гэдэг хүн надад санал тавьсны дагуу сарын төлбөрийг тохиролцож байсан гэж үйл баримтын талаараа 2 удаа тайлбар хэлсэн байсан. Б.Э өөрийнхөө цахим хаягтаа агентын үйл ажиллагааг сурталчилсан зар оруулсан байхад 1xbet-ийн үйл ажиллагааг сурталчлан зар оруулсан гэж зөрчлийн хэрэг үүсгэж торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Тухайн үед бооцоот тааврын тоглоом гэдгийг хүлээн зөвшөөрсөн бичгийг Монополын эсрэг газарт өгсөн хэдий ч гомдол гаргагч нь агентаа юу эсхүл 1xbet-ийн үйл ажиллагааг сурталчилж байгаа юу гэдгээ мөн Зар сурталчилгааны тухай хуулийг сайн мэдэхгүй байсан. Мөн ямар асуудалд холбогдуулан шалгагдаж байгаа талаар тайлбарлаагүй, мэдэхгүй байсан. Хожим хууль, тогтоомжид заасан ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байхад зөрчлийн арга хэмжээ авсан тул улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандсан. Хариуцагч тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг сурталчлахын тулд тусгай зөвшөөрөл авсан байх ёстой гэдэг агуулгаар хариу тайлбар өгсөн байдаг. 1xbet гэдэг компани Монгол улсад бооцоот тааврын үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой байсан боловч тусгай зөвшөөрлөө аваагүй. Тусгай зөвшөөрөл аваагүй компанийн үйл ажиллагааг сурталчилж байна гэж тайлбарлаж байгаа боловч бодит нөхцөл байдалд гомдол гаргагч нь 1xbet-ийн үйл ажиллагааг сурталчлаагүй. Харин 1xbet гэдэг компанийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг агентын үйл ажиллагааг сурталчилсан. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Хяналт шалгалтын явцад иргэн Б.Э-ээс тайлбар авч хяналт шалгалтын тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Мөн иргэн Б.Эийн .............. гэх фэйсбүүк пэйж хаягт үзлэг хийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, холбогдогчийн мэдүүлэг авч тэмдэглэл тус тус үйлдэн баталгаажуулсан. Мөн иргэн Б.Э нь Монополын эсрэг газарт тухайн зөрчлийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн өргөдөл бичиж өгсөн гэх материалуудаар зөрчлийг тус тус баталгаажуулсан.

5.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлын нотлох талаар зөрчлийг хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан шийтгэлийг **** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлнэ гэж мөн хуулийн 3.1.5-д мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гэж, 11.4-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэж тус тус заасан.

5.3. Хуулийн дээрх заалтаас үзэхэд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас өөрийн бараа, ажил, үйлчилгээний зах зэлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор мэдээлэл түгээхдээ тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа хэлбэрийн зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Мөн зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагыг мөрдөх ёстойг нарийвчлан тогтоож өгсөн.

5.4. Иргэн Б.Э нь 2024оны 03 дугаар сараас эхлэн цахим орчин ашиглан ................... гэх фэйсбүүк пэйж хаяг дээр 1XBET гэх этгээдийн үйл ажиллагаа, урамшууллын талаар сурталчилгааг явуулсан нь хуулиар зөвшөөрөл авч байж явуулах ёстой үйл ажиллагааг зөвшөөрөл авалгүйгээр эрхэлсэн үйлдэл бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гэж, 11.4-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно гэж заасны дагуу тус зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах гэж заалтыг зөрчсөн.

5.5. Зөвшөөрөл аваагүй XBET гэх нэр, логог ашиглан хууль бус төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг явуулж буй үйлдэл нь иргэдэд асар их хэмжээний санхүүгийн хохирол учруулж байгаа. Зар сурталчилгааны тухай хуулийг дагаж, мөрдөх, биелүүлэх нь аж ахуй нэгж байгууллагын үүрэг тул хуулиа биелүүлэх ёстой. Иймд иргэн Б.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч М.Баас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсаар ...тусгай зөвшөөрөл аваагүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг 1xBet платформын үйл ажиллагааг сурталчилсан үндэслэлээр Б.Эт торгох шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, ...хууль зөрчөөгүй, 1xBet-ийн үйл ажиллагааг сурталчлаагүй, агентын үйл ажиллагааг сурталчилсан... гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургаас үзэхэд, фэйсбүүк олон нийтийн сүлжээний цахим хаягт байрлах нэхэмжлэгч Б.Эийн хөтлөн явуулдаг RIOANA1хAGENT пэйж хуудсанд 2024 оны 11 дүгээр сарын 13, 25, 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус ... 1xBet супер урамшуулал, 100к цэнэглэлт тутамд 1 эрх..., ...манайхаар хийлгэсэн 100 цэнэглэлт тутам нэг эрхтэй болох бөгөөд нэг ялагч цоо шинэ Iphone16 Pro Max 512GB утасны эзэн болох болно. Жич: Эрх олон болох тусам хожих магадлал нэмэгдэнэ шүү... гэсэн нийтлэл оруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаангүй.

4. Тус нийтлэлд бичигдсэнээр 1xBet платформд RIOANA1хAGENT гэсэн эрхээр нэвтэрсэн тохиолдолд урамшуулал олгохоор зарласан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгоно гэж заасан зар сурталчилгаанд хамаарч байх ба 1xBet платформд нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд урамшуулал олгох мэдээллийг олон нийтэд хүргэсэн агуулгатай байна.

5. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх бол Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс зөвшөөрөл авсан байх, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:, 6.5.1.-д зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах; гэж заасан.

6. Хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох **** ХХК-аас спортын бооцоот тоглоомын үйл ажиллагааг 1xBet платформыг ашиглан эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүсэж байсан хүсэлт, тус платформын ажиллах нөхцөл, дүрэм зэрэг баримтууд, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус яамнаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай албан бичгээр 1xBet платформд тусгай зөвшөөрөл олгоогүй болох тодорхойлолт, түүнчлэн зөрчлийн хэргийн холбогдогч Б.Эээс 1xBet платформын үйл ажиллагааг сурталчилсан болохоо хүлээн зөвшөөрч байсан мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл аваагүй этгээдийн үйл ажиллагааг сурталчилсан болох нь тогтоогдож байна.

4. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д Зар сурталчилгааны тухай хуульд заасан:, 1.1.-д зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн; үндэслэлээр Б.Эт торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эийн Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч М.Бын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ