Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч Ж.Б

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох 1816000160022 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овогт Б-ын Ц гэв.

Шүүгдэгч Б.Ц нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын гадна 2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө тус захыг гэрээгээр хамгаалж байгаа “Бүрэн дуулга Алтай” компанийн хамгаалалтын албаны ажилтан Ж.Б-ыг зодож, Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд үхэр тэжээдэг. Манай ээж гурилын контанерт суудаг. Тэгээд хөдөө явах гээд контанераас гурил авах гэтэл орой цаг аажуу болсон байсан. Тэгээд гурил авах гэж байгаад тэрнээс болоод зодоон болсон. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Хохирлыг төлж барагдуулна. ...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би шөнийн 12 цаг 20 минутад постоо тойроод гараад ирэхэд энэ хүн юм авна гэхээр нь захын менежерийн утас руу залгуулаад хэрэв чи тэжээл аваад хөдөө явах гэж байгаа бол энэ хүнээс асуугаад ав гэж хэлбэл өгч явуулъя гэж хэлсэн. Тэгээд захын менежертэй яриад юм өгч болохгүй гэхээр нь би энэ хүнийг буцаагаад явуулсан. Хэсэг хугацааны дараа эргээд ирэхэд  энэ хүн онгойлгох гээд зогсож байсан. Тэгээд энэ хүн намайг цохиж унагасан. Тэгээд цагдаа дуудах гэтэл миний гарыг утастай хамт хазсан тэгээд би утас эвдэлчихлээ гэж хэлэхэд би төлөөд өгье гэж хэлсэн. Тухайн үед би 99999999 гэдэг утсаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа... Энэ хүн контанерын нэг цоожийг нь онгойлгочихсон нэг цоожийг нь онгойлгох гээд байж байсан. Тэгээд би гарыг нь бариад авахад намайг цохиод унагасан. Би энэ хүнийг цохисон зүйл байхгүй ... Тархиа 10.000 төгрөгөөр бариулсан, 12000 төгрөгөөр эм тариа авсан, 350.000 төгрөгөөр шүд хийлгэ гэсэн, шүүх эмнэлэгт 8000 төгрөг төлсөн. Би одоо 630.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ц.Ц-ийн “...Ж.Б нь гурил, тэжээлийн контанераас танихгүй хүн ирж юм авах гэхлээр нь оруулалгүй явуулчихлаа гэж эхлээд ирсэн. Удалгүй 30 минутын дараа ирээд мөн контанераас юм авах гэхээр нь өгөөгүй, тэгтэл намайг зодчихлоо гэж хэлсэн ... Нүүр хэсэгтээ нилээн шалбархайтай, уруул нь хавдчихсан байсан. Мөн шүд хөдөлгөчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ32/,

Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дугаартай “... 1. Ж.Б-ын биед тархины доргилт, үүдэн 1 шүдний мултрал, хамар, баруун, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чих зулгаралтай. Баруун 1-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 % нөлөөлнө.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /ХХ34-35/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын гадна 2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө тус захыг гэрээгээр хамгаалж байгаа “Бүрэн дуулга Алтай” компанийн хамгаалалтын албаны ажилтан Ж.Б-ыг зодож, Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ж.Б-ын шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нэхэмжилсэн 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй мөн гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх гар утас нь хохирогчийн өмчлөлийн зүйл биш харин “Бүрэн дуулга Алтай” хамгаалалтын албаны албан хэрэгцээнд ашиглагдаж байсан болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу үнэлгээчний үйлчилгээний хөлс 20.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Угалз мэргэн” ХХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б-ын Ц-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 / нэг зуун/ мянган төгрөгөөр таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Ц-д сануулсугай.

5. Хохирогч Ж.Б-ын нэхэмжилсэн 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 20.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-оос гаргуулж, “Угалз мэргэн” ХХК-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА