| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2232001620126 |
| Дугаар | 2023/ДШМ/65 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/65
О.Халиунд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Д.Шинэбал /цахим/
Хохирогч Ч.Пүрэвбадам /цахим/, Б.Туяа
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат /Цахим/, Б.Билгүүн /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Б.Туяагийн давж заалдах гомдлоор О.Халиунд холбогдох эрүүгийн 2232001620126 дугаартай, 149/2022/0119/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Отгонбаатарын Халиун, Монгол улсын иргэн, Увс аймаг Улаангом суманд 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ***** настай, ******эгтэй, ****** боловсролтой, ********* мэргэжилтэй, ам бүл *******хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ********* дугаар баг, ************* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ***********ХХК-д талх, нарийн боовчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:*********, урьд
-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлж байсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: О.Халиуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаатарын Халиуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Халиуныг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Халиунд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.Халиун нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Халиун нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №00997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 213 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Халиунаас 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 4-451 тоотод оршин суух, Боржигон овогт Батчулууны Туяад /РД:МЗ90111164/ олгох, хохирогч Б.Туяа нь байрыг худалдан авч засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,
Иргэний нэхэмжлэгч А.Одонтуяа нь байрыг худалдан авсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжпэл гарган Б.Туяагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Халиунд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Туяа давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 2023/ШЦТ/52 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
НЭГДҮГЭЭРТ. Уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн болно. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар өмнөх хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцаасан байдаг. Үүнийг эс зөвшөөрч хохирогч Ч.Пүрэвбадамын зүгээс Монгол улсын дээд шүүхэд гомдол гаргасанг хүлээж авахаас татгалзсанг надад огт мэдэгдээгүй бөгөөд шууд шүүх хурлын товыг мэдэгдсэн болно. Уг хэргийг өмнө нь шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү явуулсантай холбогдуулан нэмэлтээр огт ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Миний зүгээс уг маргаан бүхий орон сууцыг шүүгдэгч О.Халиуны ээж Я.Удвалтай шууд худалдах худалдан авах гэрээг байгуулж, түүний нэр дээрх зээлийг хааж худалдан авсан байдаг бөгөөд Я.Удвалын уг хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсоныг огт шалгаж тогтоогоогүй бөгөөд дээрх зөрчлийг гаргаснаар анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Я.Удвалын уг гэмт хэрэгт ямар холбогдолтой талаар нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаах хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн болно.
ХОЁРДУГААРТ. Анхан шатны шүүхээс хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тус эрүүгийн хэргийг даргаж буй Б.Хэрлэн шүүгчээс миний өмгөөлөгч Б.Билгүүн татгалзан гаргах хүсэлт гаргасан байдаг. Учир нь Б.Хэрлэн шүүгч нь уг эрүүгийн хэргийг үүсэхээс өмнө болсон үйл явдлын талаар тодорхой мэдээлэлтэй байсан буюу анх хохирогч Ч.Пүрэвбадамтай уг асуудлаар, мөн анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан шийдвэр гүйцэтгэгч н.Цэцэгсайхантай тус тус уулзаж байсан нь тухайн хэргийн талаар урьдчилсан мэдээлэлтэй, дүгнэлт хийсэн байдаг, Мөн Б.Хэрлэн шүүгч нь хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж байх явцад хохирогч Ч.Пүрэвбадамтай ганцаарчилж уулзсан байдаг бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралд Ч.Пүрэвбадам өөрөө хэлсэн байдаг нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлийн 7 дахь хуудсанд тусгагдсан байдаг ба Б.Хэрлэн щүүгч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Дараа нь Б.Туяа миний болон нөхрийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд шүүхийн тогтоолыг гардаж авахаар очиход мон хэргийн бусад оролцогчийг байлцуулалгүй уулзаж бидний хооронд шүүх хурлыг тов мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулаагүйтэй холбоотой маргаан үүссэн буюу хувийн таарамжгүй харилцаа үүссэн байдаг. Эдгээр нь Б.Хэрлэн шүүгч нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон үйлдлийг гаргаж удаа дараа хэргийн нөгөө талыг байлцуулалгүй нэг талтай уулзан хууль зөрчсөн нь энэ хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй нь харагддаг. Хамгийн гол нь тухайн хэргийг шийдвэрлэсэн Б.Хэрлэн шүүгчийг уг асуудалтай холбогдуулан Авиалгалтай тэмцэх газраас албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх цаг үед өөрийнхөө хувийн ашиг сонирхолд тулгуурлан өмнөх өөрийн шийдвэрлэсэн шийдвэрийг хамгаалах журмаар хэргийг шийдвэрлэсэн байдаг.
Мөн тус хэрэгт төрийн нэрийн өмнөөс оролцож буй прокурор Д.Шинэбалаас татгалзан гаргах хүсэлт гаргасан байдаг. Түүний зүгээс давж заалдах шатны шүүх хуралд хэргийн нэг оролцогч болох хохирогч Ч.Пүрэвбадамтай нэг цахим хаягаар оролцож түүнд дэргэдээс нь үг зааж өгөх зэрэг хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж мөн намайг шүүгдэгчтэй хамтран бусдыг залилсан буюу гэмт хэрэг үйлдсэн хэмээн тайлбар гаргасан нь давж заалдах шүүх хурлыг бичлэгт тодорхой тусгагдсан байдаг. Иймд уг үйлдэл нь тухайн хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэсэн үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх тул түүнийг татгалзан гаргах хүсэлтийг миний өмгөөлөгчийн зүгээр гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
ГУРАВДУГААРТ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах талаар зөв дүгнэлт хийгээгүй талаар. Ч.Пүрэвбадамын нэхэмжлэлтэй Я.Удвалд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг тус тус биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг даалгасан байдаг.
Гэвч дээрх шүүгчийн захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 74'.4 дэх хэсэгт “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн. гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” хэмээн заасныг зөрчсөн буюу уг шүүгчийн захирамжаар миний эрх ашгийг ноцтой зөрчсөн байдаг. Мөн дээрх шүүгчийн захирамж нь Иргэний хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд “байрыг суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөх” хэмээн заасан ихээхэн ойлгомжгүй, тодорхойгүй заасан нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” үүснэ гэх хуулийн шаардлагыг хангахгүй байдаг.
Хэрэв талуудын эвлэрлийн гэрээ хуульд нийцэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 74*.7 дэх хэсэгт “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй. тодорхой бус болсон. эсхүл энэ хуулийн 74.4-т заасныг зөрчсөн бол шуугч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана” гэх хуулийн заалтыг мөн л зөрчсөн байна. Уг захирамжид зааснаар байрыг суллаж, гэрчилгээний хамт буцаах өгөх” хэмээн заасан нь улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг үүрэгдсэн бус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөх туйлын ойлгомжгүй, хэрэгжүүлэх боломжгүй мөн миний болон А.Одонтуяагийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр огт байхгүй атал өөрийн эрх хэмжээнд байхгүй хүрээнд буюу иргэний хэргийн шийдвэр гүйцтгэх ажиллагааг явуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Миний зүгээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн байрыг шударгаар олж авсан хууль ёсны өмчлөгч мөн байх бөгөөд анхан шатны шүүхээс нэг хохирсон иргэний хохирлыг барагдуулахын тул хоёр өөр гэмт буруугүй иргэнийг хохироосон буюу намайг болон А.Одонтуяаг хохироосон шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн үзэл санааг шууд зөвчсөн байна. Мөн шүүгдэгчээс 26.000.000 төгрөг гаргуулж надад олгож шийдвэрлэсэн нь энэ төрлийн буюу бусдын өмчлөх эрхийг залилсан гэмт хэрэгт хамаарахгүй байх бөгөөд үүний дагуу тухай эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлсэн үнэлгээг хэргийг мөрдөн шалгах явцад хийсэн байдаг атал үүнийг анхан шатны шүүхээс хуулийн дагуу ашиглаагүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 2023ЩЦТ/152 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Б.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр ээжийг нь оруулж ирэх ёстой гэж үзэж байна. Итгэмжлэлийг үндэслээд О.Халиунд олго гэж шийдвэрлэсэн. Гэтэл О.Халиунд өгсөн итгэмжлэл нь мөнгө авна, 12.800.000 төгрөгийг олго гэж заагаагүй байхад шүүхийн шийдвэрээр О.Халиунд 12.800.000 төгрөгийг олго гэж заасан. Итгэмжлэлд мөнгө авна, төлөөлж оролцоно гэж л заасан. Иймд шийтгэх тогтоол үндэслэлгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа журмыг удаа дараа ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэргийг өмнө нь нэг удаа давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан. Үнийг эс зөвшөөрөөд хохирогч Ч.Пүрэвбадамын зүгээс гомдол гаргасан. Дээд шүүх гомдлыг хэлэлцээгүй талаар манайд мэдэгддэггүй. Анхан шатны шүүх рүү буцаасантай холбогдуулаад нэмэлт ажиллагаануудыг хийгээгүй, хийх боломжийг хангаагүй. Миний үйлчлүүлэгч Б.Туяа нь Удвалтай гэрээ хийж, мөнгийг нь өгсөн авсан асуудал байгаа. Удвалын үүрэг оролцоо юу байсан бэ шалгуулах боломжтой байсан. Энэ эрхийг хязгаарласан.
Мөн хэргийг шийдвэрлэхдээ хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэргийг шийдвэрлэсэн Хэрлэн шүүгч эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө энэ талаар мэдээлэлттэй байсан. ...Миний үйлчлүүлэгч Б.Туяатай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэрлэн шүүгч нь ганцаарчилж уулзаж, хоорондоо маргалдсан зүйл байдаг. Гэвч Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т зааснаар “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан. Гэтэл хэргийн оролцогч нартай ганцаарчилж уулзаад байдаг.
Мөн Улсын яллагч Д.Шинэбалд холбогдуулан бидний зүгээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Яагаад гэвэл өмнөх давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэл, бичлэгийг үзэхэд Прокурор нь хохирогч Пүрэвбадамтай нэг хаягаас хуралд орж, хажуугаас нь үг зааж өгдөг, хурлын тэмдэглэлд маш тодорхой харагдана. Хохирогч Пүрэвбадамтай нийлж сууж байгаад миний үйлчлүүлэгч Б.Туяа руу ...Б.Туяа нь О.Халиунтай нийлж, Пүрэвбадамыг залилсан... гэж нөгөө хохирогч руу дайрдаг. Эдгээр нөхцөл байдал сэжиг бүхий санагдсан учраас шүүгч, прокуророос татгалзаж, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Энэ хэргийг шийдвэрлэж болохгүй эргэлзээтэй, хэргийн оролцогчтой таарамжгүй харилцаатай, хэргийн талаар өмнө нь мэдээлэлтэй зэрэг шалтгаанаар шүүгч, улсын яллагчаас татгалзсан.
Хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзсэн. ...Эдгээр гурван үндэслэлээр анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Ч.Пүрэвбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль буруу хэрэглээгүй, шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвйээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийдвэр хүчин төгөлдөр болоход 26.000.000 төгрөгийг Б.Туяад өгөхөд бэлэн байгаа.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч О.Халиун нь иргэн Ч.Пүрэвбадамыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
2.Анхан шатны шүүх О.Халиунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийж шүүхийн хэлэлцүүлэг явуулсан боловч тодорхой шалтгааны улмаас 2023 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минут болтол хойшлуулах захирамж гаргаж оролцогчдод танилцуулжээ.
3.Гэтэл иргэний нэхэмжлэгч А.Одонтуяад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байдлаар буюу шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ...шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул ирээгүй байна... гэх илтгэлийг үндэслэн шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад буюу товлосон хугацаанаас 04 цагийн өмнө эхлүүлж түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Улмаар, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн талаарх баримт, иргэний нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.9 дэх заалтад заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” тухай иргэний нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, шүүх хуралдаан эхлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч ...хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчоос асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн ажиллагааг явуулалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу байна.
Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүхээс бүрэн хангаж, оролцогчийн эрхийг эдлүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчим хангагдах учиртай.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тэдний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримт, санал, хүсэлт гаргах гэх мэт эрхийг эдлэх боломжгүй байдлыг үүсгэж, тэдгээрийг эрхийг хязгаарласан байна.
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ хэргийн улмаас түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн А.Одонтуяаг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөлд хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлэх шаардлагатай бөгөөд тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд түүний эд хөрөнгө өмчлөх эрх хөндөгдөх асуудал гарахтай холбоотой юм.
Учир нь хэрэгт залилуулсан гэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны 04 тоот орон сууц нь анхны өмчлөгчөөс, шүүгдэгч О.Халиуны ээж Удвалын өмчлөлд, Удвалын өмчлөлөөс Б.Туяад, Б.Туяагаас одоогийн өмчлөгч гэх А.Одонтуяад тус тус шилжсэн гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Туяаг Ү-1307001307 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ./2-р хх-ийн 09-р ху/
Хохирогч Б.Туяа иргэний нэхэмжлэгч А.Одонтуяатай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны 04 тоот байрыг түүнд худалдан эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан, одоогоор уг байранд А.Одонтуяа амьдарч буй гэх боловч энэ талаархи баримт болох Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа хэрэгт авагдаагүй, өөрийнх нь амьдарч буй өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн асуудал хөндөгдөхөөр байхад түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн үйлдэл болно.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, оролцогчийн эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн тухайн хэрэгт шүүгдэгчийн ээж болох Удвал нь гэмт хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай талаар хохирогч Б.Туяа удаа дараа мэдүүлж шалгуулах талаар гомдол гаргаж байсан байх ба түүний гомдол хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй энэ талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.Туяагийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатн ышүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хохирогч Б.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч О.Халиунд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр хэрэглэсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ