| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2021/0662/З |
| Дугаар | 128/ШШ2025/0141 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** ХХК /РД:***/,
Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цр, хариуцагч улсын байцаагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт явуулж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар дүгнэлтүүдээр ***** ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлш нь заавал мөрдөх стандартын шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон гэж үзээд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Агаас зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан байна.
3. Процессын түүх:
3.1. Нэхэмжлэгч ***** ХХК нь шийтгэлийн хуудсыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдсэнээр шүүхэд гомдлоо 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0**** дүгээр магадлалаар дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч ***** ХХК гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Л.А /хуучнаар/ нь тус компанийн худалдан борлуулж буй шатахуун нь стандартын шаардлага хангахгүй нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий *** тоот шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгийн торгуулийг тус компанид оногдуулсан.
4.2. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх торгуулийн шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийг эрхээр хангах арга хэмжээ огт аваагүй, хуульд заасан процессын ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмыг зөрчсөн.
4.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах шатанд холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг дуудан ирүүлэх, тайлбар авах процессыг алдаатай хийсэн. Итгэмжлэл болон бусад тушаал, шийдвэрээр холбогдогчийг төлөөлөх эрхгүй этгээдийн утасны дугаарыг тус компанийн лавлах дугаараас авч холбогдсоныг мэдэгдэл, дуудан ирүүлэх хуудас ирүүлсэн гэж тооцож, мөн шуудангаар дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн гэх боловч 2021/07/19 өдөр дуудан ирүүлэх тов бүхий хуудас нь 2021/07/20 өдөр баталгаат шуудангаар ирсэн ба түүний дагуу хууль ёсны төлөөлөгч очиход хэргийн материалтай танилцуулалгүй, ээлжийн амралтаа авч байгаа гэсэн тайлбартайгаар буцаасан.
4.4. Холбогдогчийн зүгээс Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын болон Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн шинжилгээний хариуны алдаа, зөрүү, бүрэн бус байдал, дээрх 2 лабораторийн хариунаас өөр үр дүн гаргасан итгэмжлэгдсэн лаборатори, Гаалийн төв лаборатори, **** ХХК-ийн лаборатори, роснефть зэрэг шатахуун нийлүүлэгч компаниудын чанарын паспорт зэрэг нотлох баримтын үндсэн дээр шатахууны чанарын стандарт зөрчсөн гэж буй дүгнэлтийг үгүйсгэх, стандартын зөрчил гаргаагүй гэдгээ нотлох боломж, тайлбар хийх, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөх боломж, эрхээр хангалгүй шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах, 4.15 дугаар зүйлд заасан зөрчлийг нотлох, 4.16 дугаар зүйлд заасан дуудан ирүүлэх, 6.9 дүгээр зүйлд заасан Зөрчлийн хэргийг танилцуулах зэрэг заалтуудыг шууд зөрчсөнөөс гадна, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
4.5. Хоёр лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд эрх зүйн зөрчил бүхий процесс, алдаатай баримтад үндэслэн шийтгэл оногдуулсан, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч тус компани нь торгуулийн төлбөр төлөх үр дагавар бүхий эд хөрөнгийн хохирол амсахаас гадна, стандартын шаардлага хангаагүй, чанаргүй шатахуун худалдан борлуулж буй гэж хэрэглэгч, зах зээл, худалдан авагч нарт буруугаар ойлгогдож, улмаар компанийн нэр хүнд, борлуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
4.6. Автобензиний үзүүлэлт Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн шинжилгээний хариу 91,7 Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний хариу 94 гэж хоёр өөр хариу гарсан байхад хариуцагч 91,7 гэх хариуг сонгож аваад, 94 гэж гарсан хариуг огт хараагүй мэт стандарт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Ийм маргаан үүсвэл хэрхэн шийдвэрлэх вэ гээд маргаан хагалах гээд 3 дах дээжийг авсан ч хяналт шалгалтын баг удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас шинжилгээ хийж чадаагүй хугацаа нь хэтэрсэн гэж устгалд оруулсан. Яг ижил бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн 2 лабораторийн хариу нэг нь стандартад нийцсэн нэг нь нийцээгүй гэж гарсан байхад нийцээгүй дүгнэлтийг ашигласан нь буруу. Лаборатори ямар байсныг бид мэдэх боломжгүй улсын байцаагчийн дүгнэлт гарсан гэх тайлбар үүнд хамааралгүй. 94, 91,7 гэх тоог гаргаж байгаа лаборатори байгаа. Шинжилгээний үр дүнг тоогоор хэмжихийн тулд нэг тоног төхөөрөмж ашигладаг. Тоног төхөөрөмж нь Хэмжил зүйн тухай хуулийн 8.1, 10.1, 10.8-д зааснаар төхөөрөмж нь хяналт баталгаажуулалтад орсон байх ёстой. Гэтэл шинжилгээ хийсэн лабораториудын баталгаажигдаагүй төхөөрөмжөөр хэмжилт хийсэн нь Стандарт хэмжил зүйн газрын даргын албан бичгээс харагддаг.
4.7. АИ-92 автобензиний тухайд ***** ХХК-ийг буруутгасан хоёр үзүүлэлт байсан. Нэг дэх нь октан, хоёр дахь нь механик хольц гэх үзүүлэлт бий. Тус үзүүлэлтийг хэмжихэд 2 лабораторийн хариу бас л зөрсөн. Механик хольц байхгүй гэдэг дүнг хаячхаад илэрсэн гэх дүнгээр дүгнэсэн нь хууль бус. 20 гаруй шатахууны компаниас 300-400 дээж авахаар ажлын хэсгийн уулзалт хийжээ. Монгол Улсын Стандартад зааснаар дээжийг нь шилэн саванд авдаг, шилэн сав олдохгүй байгаа учраас хуванцар саванд бүтээгдэхүүний дээж авахаар ярилцаж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалд ***** ХХК-аас авсан бүтээгдэхүүний дээжийг шилэн саванд хийж авав гэж тэмдэглэсэн байгаа. Газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах стандартад шилэн саванд хийж авна гэж байдаг. Гэрч нар шилэн саванд хийх ёстой бүтээгдэхүүнийг хуванцар саванд хийвэл бүтээгдэхүүний дээж дээр хийсэн уусгагчийн хэмжээ их байвал химийн нэгдэл үүсээд шинжилгээний хариу буруу гардаг гэж мэдүүлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар дээж авах ажиллагаагаа явуулахдаа өөрсдөө стандартаа зөрчсөн. Энэ нь маргаан бүхий захиргааны актын хууль ёсны байдлыг үгүйсгэж байна. Стандарт зөрчсөн, процесс ажиллагааны алдаатай хяналт шалгалтын үндсэн дээр гарсан акт хууль бус.
4.8. Дизелийн түлш гэх бүтээгдэхүүний тухайд ялгаагүй хоёр лабораторийн шинжилгээний дүнгээс муу дүн гарсныг хэрэглэсэн. Цетаны тоо гэх үзүүлэлт стандартад зааснаар 45 байх ёстой. Хоёр лабораторийн шинжилгээний дүн 41.5, 47.2 гэх хариу гарсан. Автобензинтэй адил хуванцар саванд дээж авсан, маргаан хагалах дээжийг ашиглаагүй. Шинжилгээ хийх лабораторийн итгэмжлэлийн хүрээ гэж байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид итгэмжлэлээр олгогдсон дүгнэлт гаргах үзүүлэлтийн хүрээнд цетаны тоо гэх үзүүлэлт байгаагүй, сүүлд авсан. Чанартай холбоотой маргаанд хамгийн том асуудал болдог зүйл нь цетаны тоо. Хариуцагчийн хувьд шинжилгээ хийлгэж байгаа лаборатори нь итгэмжлэлийн хүрээнд цетаны тоо гэх үзүүлэлт гаргах эрхтэй эсэхийг шалгах үүрэгтэй байсан. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.5 итгэмжлэл, 15.6.2 итгэмжлэлээр тогтоосон хүрээнд шинжилгээ хийх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн лабораторийн шинжилгээ хийлгэж үр дүнг үндэслэж дүгнэлт гаргасан нь хариуцагчийн шалгаж, тогтоох ёстой байсан ажил.
4.9. Дизелийн түлш дээр дөл үүсгэх температур гэх үзүүлэлт стандартад нийцээгүй гэж торгосон. Автобензин, дизелийн түлш хими физикийн нарийн горимтой учир өвлийн, зуны стандартад заасан хэмжээ хоёр өөр байдаг. Манай тохиолдолд өвлийн тоон үзүүлэлт ашиглагдах ёстой байтал лаборатори шинжилгээ хийхдээ зуны үзүүлэлт тавьсан учраас стандартад нийцэхгүй хариу гарсан. Сорилын үр дүнг нь өвлийн стандартад нийцэж байгаа. Зун улиралд илүү өндөр шаардлага тавигддаг өвөл, зуны норм үзүүлэлтийг илтэд андуурч хариуцлага алдсан. Хянаж байгаа баримтынхаа зөв бурууг нягтлан харах ёстой. Мэдсэн ч мэдээгүй мэт дүгнэлт гаргаж болохгүй байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын 21129 дугаартай ***** ХХК-ийн сорилын үр дүн байгаа. Үүн дээр цетаны индексийн үзүүлэлт 10 гэж гарсан гэтэл нормоороо 46 байх ёстой. 36 бүхэл нэгжээр дутуу гарсан. Хэчнээн чанаргүй түлш байлаа гээд, дээр нь нэмж ус хийсэн байлаа гэхэд 10 гарах боломжгүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн эрхлэгч Сайнбаяр ийм дүн гарах боломжгүй, тооцооллын алдаа гарсныг сүүлд анзаарсан гэх мэдүүлэг өгсөн.
4.10. Нэгтэн дүгнэвэл, нэг зөрчлийг тогтоосон хоёр өөр баримт буюу нэг нь стандартад нийцсэн нөгөө стандартад нь нийцээгүй гэх дүгнэлт гаргасан хоёр өөр баримт байсан. Тийм байхад стандартад нийцээгүй дүгнэлтийг ашигласан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Маргаан таслах дээжийг ашиглах ёстой байтал стандартаа зөрчөөд албаар дээжийнх нь хугацааг дуусгаж устгалд оруулаад анх гаргасан шийдвэрээ хамгаалж үлдсэн. Хариуцагчийн гаргасан захиргааны актын үндэслэл сорилын үр дүнг гаргасан лабораторийн чадамж, хуулиар олгогдсон итгэмжлэлийн хүрээ, ашигласан тоног төхөөрөмжүүд нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуулиудад заасан шаардлагыг хангаагүй байсан. Хариуцагч хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй. Хариуцагч тал анхнаасаа стандартаа зөрчиж, хуванцар саванд авсан. Хуванцар саванд дээж авсан нь ***** ХХК-тай шууд хамааралтай. Хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаагааг урт хугацаагаар хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан үйл баримт байгаа. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. ...гэжээ.
5. Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучнаар/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.
5.2. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ***** ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх системийн 27 дугаарт салбарт эрхлэгч Г.Х /орлож байсан/, менежер н.Н, түгээгч С.А, С.Д, Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Б.Эрдэнэчулуун нарыг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс дээж авч 210711, 210752 гэсэн кодоор кодолж тэмдэглэл үйлдсэн. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ***** ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо сонсголонгийн 98-1-д байрлах шатахууны төв агуулахын дарга Н.Ж, лабораторийн эрхлэгч Д.Ч нарт хяналт шалгалтын удирдамжийн талаар танилцуулж, тус лабораторийн химич У.Н нь АИ-92 автобензин, дизелийн түлшнээс зориулалтын саванд дээж авч, дээжийг 0 кодоор кодол 0000ж тэмдэглэл үйлдсэн. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хилээр орж ирсэн ***** ХХК-ийн вагоны дизелийн түлшнээс тус компанийн экспедитор Э.С дээж авч, 0000 кодоор кодолж тэмдэглэл үйлдсэн. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга стандартын дагуу түүвэрлэгдсэн шатахуун түгээх станцуудын шатахуун түгээгүүрийн хошуу, савнаас авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.
5.3. Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудаас ирүүлсэн дээжийг шинжилсэн сорилтын үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучнаар/-ын Дүгнэлт гаргуулах тухай 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.
5.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтээр ***** агуулахын АИ-92 автобензин, шатахуун түгээх систем буюу жижиглэнгээр борлуулж буй дизелийн түлш, агуулахын дизелийн түлш нь хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин нь техникийн шаардлага MNS 0217:2017 стандарт, дизелийн түлш евро, техникийн шаардлага MNS 0216:2017, дизелийн түлш нь техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасныг зөрчсөн байна.
5.5. Иймд тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: гэж, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол. гэж заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
5.6.Тус компанид 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 01/1474 дугаартай албан бичгээр дуудан ирүүлэх тухай албан бичгийг Монгол шуудан ХК-аар хүргүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ***** компанийн утсанд хандаж дээрх албан бичгийг авсан эсэх талаар лавлаж асуухад ирээгүй, дуудан ирүүлэх тухай албан бичгийн талаар мэдээлэл өгч хууль ёсны төлөөлөгчөө томилж ирүүлэх тухай мэдэгдэхэд холбогдох албан тушаалтнуудтай дамжуулж хэлнэ гэсэн хариу өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр залгахад хуульч н.Ш*******ын утсыг өгсөн. Хуульч н.Ш*******тай холбогдож дуудан ирүүлэх бичиг авсан эсэхийг лавлахад аваагүй, ирээгүй гэв. Тус бичгийн талаар мэдээлэл өгч хууль ёсны төлөөлөгчөө ирүүлж, мэдүүлэг тайлбар өгөх талаар хэлэхэд албан бичиг ирээгүй тул боломжгүй, тэгвэл албан бичгийг цахимаар илгээе цахим хаягаа өгнө үү гэхэд цахимаар авахгүй, албан бичиг ирсэн цагт болно гэсэн хариуг өгсөн тул 2021 оны 07 дугаар 20-ны өдөр хаягаар тус албан бичгийг илгээсэн.
5.7. Мөн хуульч гэх н.Ш утас руу 14 цагийн орчим удаа, дараа залгахад утсаа аваагүй. ***** ХХК нь санаатайгаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлээгүй байна. Иймд холбогдогчоос мэдүүлэг тайлбар авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлтэй танилцуулах боломжгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шуудангаар хүргүүлсэн.
5.8.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан Шатахууны чанарын тухай албан бичиг зэрэг нь тухайн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн эцэслэн гарсан шийдвэр бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Төрийн хяналт шалгалт хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
5.9. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийг н.Б******* байцаагч ахалсан, гэхдээ дээж авах ажиллагаанд оролцуулахгүй гэж ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэж тэмдэглэл тусгасан. Учир н.Б байцаагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч, газрын тос, хийн улсын ахлах байцаагч учраас дүгнэлт гаргуулах шаардлагатай гэдэг байр сууринаас дээж авах ажиллагаанд оролцуулаагүй учир нь дүгнэлт гаргахад ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлсэн.
5.10. ***** ХХК-ийн шатахуун түгээх станцаас дээж авахдаа 03 дугаар сарын 19-ний өдөр шилэн саванд авсан гэж улсын байцаагчийн тэмдэглэлд бичсэн байна. . Агуулахаас 3 дугаар сарын 24 ний өдөр дээж авахдаа хуванцар саванд авсан гэж тэмдэглэсэн, вагоноос 4 дүгээр сарын 7-ны өдөр зориулалтын саванд авсан гэж тэмдэглэсэн. Улсын байцаагчийн тэмдэглэлд дээж авах үед өвлийн 3 дугаар сар байсан учраас өвлийн түлш гэж тэмдэглээд лабораторид хүргүүлсэн. Тухайн үед ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байсан учраас улсын хэмжээнд ариун сав хомсдолтой 100 гаруй шилэн сав байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Стандартчилал хэмжил зүйн газраас оролцсон төлөөлөл Газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах MNS0218:2008 стандартын 7.1-т Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилэн буюу цагаан төмөр саванд хийнэ. Газрын тосны хатуу бүтээгдэхүүний дээжийг полиэтилэн, целлофан уут, хальс, дээж хадгалж болох зузаан цаасанд боох буюу цаасан уутанд хийнэ гэж заасан. Полиэтилэн гэдэг нь хуванцар сав бөгөөд хуванцар савны түүхий эд нь газрын тосны бүтээгдэхүүн байдаг учраас хуванцар саванд авч болно гэж шийдвэрлэсэн. ***** ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох А ХХК-иас цэвэр хуванцар сав авсан. Агуулахаас дээж авсан 3 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд агуулахын лабораторийн эрхлэгч нь хуванцар саванд дээж авахыг зөвшөөрөөд гарын үсгээ зурж, тэмдэглүүлсэн. Дээж авах ажиллагаа стандартын дагуу явагдсан.
5.11. Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн 2 лабораторид шинжилгээний дээжүүдийг өгсөн. Маргаан таслах дээжийг Гаалийн ерөнхий газрын лабораторид 3 дугаар сарын 09-ний өдрийн 24-ний хооронд дээж аваад лабораториудад хүргэж өгсөн өдрөө хадгалуулсан. Лабораториуд бүтээгдэхүүний дээжүүдэд шинжилгээ хийж сорилын дүн гарахад стандартад заасан хадгалалтын хугацаа дууссан байсан. Ковид-19 цар тахлаас шалтгаалан Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн хөл хорио тогтоосон. Нэг аж ахуй нэгж биш 26 аж ахуй нэгжийн дээжийг шинжилж байгаа учир сорилын дүн гарахад хугацаа их бидэнд орохыг урьдчилж мэдэгдэж байсан. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 15-ны өдөр сорилын дүн ирсэн.
5.12. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сорилын дүнг дүгнэлт гаргаж өгнө үү гэх албан бичгийг тухайн өдөрт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 7 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр улсын байцаагчийн 000000 дугаар дүгнэлтүүдийг ирүүлсний үндсэн дээр бид баталгаат хэмжилтийн төхөөрөмжөөр баталгаажсан, зөрчил ил тодорхой учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-1.1, 6.6.-1.3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар явуулсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хэлэлцэж байх хугацаанд хяналт шалгалтыг заавал мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулахгүйгээр өөрсдөө хийх ёстой байсан. Адилхан улсын байцаагч хяналт шалгалтын үнэн зөвийг хариуцна гэж хэлдэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасан. Сорилын дүнг хараад уншиж дүгнэх эрх бидэнд байхгүй.
5.13. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрх бий. Хууль тогтоомжоор олгогдсон заасан эрх, үүргийнхээ хүрээнд сорилын дүнг үндэслэж гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулсан. ***** ХХК-ийн сорилын дүнгээс үзвэл АИ92 бензинийн октаны тоо бага стандартдаа хүрээгүй. Стандарт дээр заасан тоог барих ёстой. Стандартаар 92 байх ёстой гэж заасан байхад 91 хангахгүй 94 хангана гэсэн үг биш 92 байх ёстой гэдгийг гэрч нар мэдүүлсэн. Сорилын дүнгээр өвөл зуны түлшийг ялгаагүй гэж хэллээ. Сорилын дүн дээр өвлийн түлш 47, зуны түлш 51 байх ёстой гэж заасан байхад цетаны тоо нь 46 гарсан учраас аль ч стандартаа хангахгүй. АИ92 октаны тоо хүрээгүй, механик хольц илэрсэн, дизелийн түлш нь шатахуун түгээх болон агуулах цетаны тоо, индекс, хувийн жин, дөл үүсгэх температур бага зэрэг стандартад заасан 10 гаруй үзүүлэлтээс 1 дээж 2 үзүүлэлт хангаагүй. 1 дээж 1 үзүүлэлт хангаагүй тохиолдолд стандартын шаардлага хангахгүй гэж үзнэ дундаж гэх үзүүлэлт байхгүй учир нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Дүгнэлтээр ***** ХХК-ийн дээжүүд шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасан эрх зөрчигдсөн гэж үзсэн. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-д заасны дагуу 9,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль ёсны үндэслэлтэй. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар ***** ХХК-ийг заавал мөрдөх стандартын шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш худалдан борлуулсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, лаборторийн сорилтын дүнгээр тогтоогдсон гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
3. Нэхэмжлэгч ***** ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...агуулахад хадгалагдаж байсан автобензин, дизелийн түлшнээс дээж авахдаа стандартын дагуу аваагүй буюу хуванцар саванд дээж авсан, үүний улмаас шинжилгээний дүн буруу гарах боломжтой бөгөөд лаборторийн сорилтын дүнгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бүрэн бус байхад ашиггүй хувилбарыг сонгож зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүйн улмаас лаборторийн сорилтын дүн, улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах боломж олгоогүй, хянан шалгах хугацааг баримтлаагүйгээс маргаан хагалах дээжид дахин шинжилгээ хийлгэх боломжгүй болгосон, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
4. Хариуцагчаас шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ ...лаборторийн сорилтын дүнг шалгах шаардлагагүй, тус сорилтын дүнг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр стандартын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш худалдан борлуулсан нь тогтоогдсон учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн, 2 шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан болохыг тогтоосон, ***** ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, дээж авах ажиллагааны стандарт зөрчигдөөгүй, газрын тосны хатуу бүтээгдэхүүний дээжийг полиэтилэн буюу хуванцар саванд авч болно, дээж хадгалах 45 хоногийн хугацаа дууссан учраас устгасан... гэж тайлбарласан.
5. Талуудын тайлбараас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэх үндэслэл бүрдсэн эсэх үйл баримтын маргаан үүсээд байна.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас дараах үйл баримт тогтоогдлоо.
6.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучнаар/ даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгээс ***** ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс 3 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторит тус тус 2 дээжийг хүргүүлэн шинжилгээ хийлгэсэн, маргаан таслах гурав дахь дээжийг Гаалийн төв лаборторид хадгалуулсан байна.
6.2. Ингэхдээ шатахуун түгээх станцаар борлуулж буй АИ-92 автобензиний дээжийг 210711, дизелийн түлшний дээжийг 00000, агуулахад хадгалагдаж буй АИ-92 автобензиний дээжийг 210696, дизелийн түлшний дээжийг 0000, вагоноор оруулж ирсэн дизелийн түлшний дээжийг 518384 гэж кодлосон, шатахуун түгээх станц, вагоноос авсан дээжийг шилэн саванд, агуулахаас авсан дээжийг хуванцар саванд хийсэн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдсон, энэ үйл баримтын талаар маргаангүй.
6.3. Лаборториудад хийсэн шинжилгээний дүнгээр 00000 кодтой автобензин, 00000 кодтой дизель түлшний дээж стандартад заасан шаардлагыг хангасан[1], харин бусад дээжид хийсэн шинжилгээний үр дүнгээр байвал зохих үзүүлэлтүүдээс автобензиний октан тоо бага, механик хольцтой, дизелийн түлшний цетан тоо, индекс, дөл үүсгэх температур бага гэсэн үр дүн гарсан боловч хоёр лаборторийн тайланд бичигдсэн шинжилгээний дүнгүүд зөрүүтэй байна.
6.4. Тухайлбал, Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандартад заасан автобензиний октан тоо >92 /92 ба түүнээс их/ байхаас 210696 кодтой дээжид шинжилгээ хийсэн **** дугаартай тайланд октаны тоон үзүүлэлтийг 94.00.1 гэж гаргасан бол нэг адил дээжид шинжилгээ хийсэн GT042 дугаартай тайланд 91.7 гэж, мөн ******* дугаартай тайланд тус автобензинийг үл ялиг механик хольцтой гэсэн бол GT042 дугаартай тайланд хольцгүй гэсэн үр дүнг гаргажээ.
6.5. Дизель түлшний хувьд, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос шинжилгээний дүнг Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS6861:2020 стандартад нийцсэн эсэхийг шалгасан бол Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторит Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага MNS0216:2017 стандартын дагуу шинжилгээ хийж, сорилтын тайланг үйлдсэн буюу өөр өөр стандартаар дизелийн түлшний чанарыг шинжилсэн зөрчил гаргасан, үүнээс шалтгаалан дизелийн түлшид байх зохих үзүүлэлтүүд зөрөх, үнэн гарах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
6.6. Лабораторийн сорилтын үр дүнгийн тайлангаас стандартад нийцээгүй гэж дүгнэсэн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулав.
| № | Стандартын шаардлага хангаагүй гэж үзсэн үзүүлэлт | Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан | Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан | Байвал зохих стандартын шаардлага |
| АВТОБЕНЗИН | ||||
| Агуулахаас авсан дээж, код 210696 | Сорилтын тайлангийн дугаар | |||
| СШ21/103, **** | GT042 | /MNS0217:2017/ | ||
| 1 | Октан тоо, доошгүй | 94.00.1 | 91.7 | >92 |
| 2 | Механик хольцийн хэмжээ /өнгө, гадаад төрх/ | Үл ялиг механик хольцтой | 0 | 0 |
| ДИЗЕЛИЙН ТҮЛШ | ||||
| Агуулахаас авсан дээж, код 210760 | Сорилтын тайлангийн дугаар | |||
| СШ21/175 СШ21/176 | GT078 |
| ||
| 1 | Цетаны тоо, багагүй | 41.50.1 |
| >45 MNS6861:2020 |
|
| 47.2 | 47 /өвөл/ MNS0216:2017 | ||
| 2 | Нягт 200С-д, кг/м3 | 821.80.1 | 200С-д шинжилгээ хийгээгүй | 840-860 MNS6861:2020 |
| Шатахуун түгээх станцаас авсан дээж, код 210752 | Сорилтын тайлангийн дугаар | |||
| СШ21/129 СШ21/130 | GT055 |
| ||
| 1. | Цетан тоо | 450.1 |
| 45 MNS6861:2020 |
|
| 46.0 | 47 /өвөл/ MNS0216:2017 | ||
| 2. | Дөл үүсэх температур, битүү тигельд, 0С, багагүй | 46.60.2 | - | >55 MNS0216:2017 |
| 3. | Цетаны индекс, багагүй | 10.6 | - | >46 MNS0216:2017 |
6.7. Дээрх байдлаар лабораториудын зөрүүтэй, буруу гаргасан шинжилгээний сорилтын тайланг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авсан атлаа маргаан хагалах зорилгоор хадгалсан 3 дахь дээжийг 45 хоног хадгалах хугацаа дууссан үндэслэлээр устгасан, үүний улмаас дахин шинжилгээ хийх, боломжгүй болсон.
6.8. Улмаар тус сорилтын үр дүнгийн тайлангуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснээр улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар дүгнэлтийг гаргасан, хариуцагчаас тайлбарлахдаа ...улсын байцаагчаас мэргэжлийн дүгнэлт гаргасан учраас лабораторийн тайланг шалгах шаардлагагүй гэх боловч тус дүгнэлтүүдээс үзэхэд, лабораторийн шинжилгээгээр ***** ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс ямар үзүүлэлтүүд нь стандартад нийцээгүй талаар сорилтын үр дүнгийн тайланд хэрхэн тусгасан болохыг тайлбарлаж бичсэн болохоос эрх зүйн өөр үр дагаврыг үүсгэсэн шинжтэй мэргэжлийн дүгнэлтийг хийгээгүй байна.
6.9. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр энэ зөрчлийг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй, тусгай мэдлэг шаардагдах асуудлаар дүгнэлт гаргаагүй, тус дүгнэлт гарсан эсэхээс үл хамаарч сорилтын үр дүнгийн тайланд шинжилгээний үр дүн тодорхой бичигджээ.
6.10. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт өгсөн байдаг.
6.11. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, ***** ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшний чанарын талаар шинжилгээ хийсэн хоёр лабораторийн сорилтын үр дүнгийн тайлангууд зөрүүтэй, өөр, өөр стандартын дагуу шинжилгээний үр дүнг гаргасан байгааг хариуцагч улсын байцаагчаас нягтлан шалгаж, харьцуулан дүгнээгүй, эдгээр тайланд үндэслэж бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хөдөлбөргүй нотлох баримт гэж үзээд зөрчлийг шалган тогтоохгүйгээр шийдвэр гаргасан.
6.12. Түүнчлэн хамтарсан ажлын хэсгээс нэхэмжлэгчийн агуулах дахь автобензин, дизелийн түлшнээс хуванцар саванд дээж авсан нь лабораторийн шинжилгээний хариу бодит бус гарахад нөлөөлсөн байж болохыг харгалзаагүй, учир нь Газрын тосны бүтээгдэхүүн. дээж авах арга MNS0218:2008 стандартын 7.д Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90% хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилэн буюу цагаан төмөр саванд хийнэ. Газрын тосны хатуу бүтээгдэхүүний дээжийг полиэтилен, целлофан уут, хальс, дээж хадгалж болох зузаан цаасанд боох буюу цаасан уутанд хийнэ. гэж заасныг зөрчиж хуванцар саванд дээж авсан, зөрчлийн холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан үйл баримтууд тогтоогдоод байна.
7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ..., уг зүйлийн 4-т эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1.-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.
8. Гэтэл дээр дурдсанчлан хоёр лабораторийн шинжилгээний үр дүнгийн тайлангууд бүрэн бус, зөрүүтэй байхад хариуцагчаас уг зөрүүг арилгах ажиллагаа явуулалгүйгээр тус алдаатай дүгнэлтийг үндэслэн бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасныг зөрчсөн нь мэргэжлийн хяналтын ахлах улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдохгүй, ил тодорхой зөрчил гэж үзэх боломжгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
9. Тодруулбал, улсын байцаагч зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах, зөрчлийн холбогдогчийг оролцуулах байтал энэхүү үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасанд нийцэхгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй алдаа гаргасан, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
10. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй гэж, 4.11 дүгээр зүйлийн 5-д Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно гэж, мөн зүйлийн 6-д Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:, 16.1.6-д барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах; гэж тус тус зааснаар хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж, холбогдогчийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бол лабораторийн зөрүүтэй дүгнэлтүүдийн талаар холбогдогчоос прокурорт гомдол гаргаснаар маргаан хагалах 3 дахь дээжид дахин шинжилгээ хийлгэх, өөр бусад байдлаар зөрчил үйлдэгдсэн эсэхийг бүрэн тогтоох боломжтой байсан, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
11. Ийнхүү хариуцагчаас зохих журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйн улмаас маргаан хагалах 3 дахь дээжид шинжилгээ хийх боломжгүй болсон, хоёр лабораторийн шинжилгээний үр дүн зөрүүтэйн улмаас аль сорилтын тайланг үндэслэж зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооход эргэлзээ үүссэн, уг зөрчлийг нотлоход мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт ач холбогдолгүй энэ тохиолдолд ***** ХХК-ийг стандартын шаардлагад нийцэхгүй автобензин, дизелийн түлшийг худалдан борлуулсан гэж дүгнэх боломжгүй.
12. Учир нь, нэг адил дээжид хийсэн лабораторийн шинжилгээний дүн зөрүүтэй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилон зөрүүг арилгах, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох боломжгүй болсон тул маргааны үйл баримт, холбогдогч зөрчил гаргасан гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн үндэслэлээр эрх зүйн суурь зарчим болох in dubio pro reo зарчмын[2] хүрээнд ***** ХХК-д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Шүүхээс зөрчилд холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох явцад шударга ёсны зарчмыг хангах, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд in dubio pro reo зарчим нь чиглэдэг учраас тухайн этгээдийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ.[3]
14. Иймд ***** ХХК-ийг стандартын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш худалдан борлуулсан зөрчил гаргасныг нотолж байгаа үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдоогүй тул түүнийг зөрчил гаргаагүйд тооцож, түүнд торгох шийтгэл оногдуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***** ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.