Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00699

 

 

 

 

                                  

      Дугаар 00699

                                        Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/00526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дэмчигнямын нэхэмжлэлтэй, хариуцагч З.А-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Дэмчигням нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 онд З.А-тай танилцаж улмаар 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.Хурцбилэг, 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Д.Оюунтунгалаг нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2018 оноос тусдаа амьдарсан. Тусдаа амьдарсан хугацаанд 2 хүүхдийн мөнгийг З.А- авдаг байсан. Хүүхдүүд миний асрамжид байгаа. Миний бие орон нутагт ажлаар явдаг тул хүүхдүүдэд тус дэмтэй гэж хажуу өрөөгөө хүнд түрээслүүлдэг. З.А- өөр хүнтэй амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулна. З.А-гийн асрамжид өмнөх нөхрийн 2 хүүхэд байдаг. З.А- нь мөн нялх хүүхэдтэй. Иймд хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч З.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Дэмчигнямтай 2007 оноос хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Б.Хурцбилэг 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, охин Б.Оюунтунгалаг 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн тус тус төрсөн. Бид 2018 оноос тусдаа амьдарч эхэлсэн. 2 хүүхэд маань эцгийнхээ асрамжид байгаа. Миний бие хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгаа хэдий ч хүүхдүүдийн саналыг хүндэтгэнэ. Миний бие 6 сартай нялх хүүхэдтэй хэдий ч хүүхдүүд маань надтай байна гэвэл хүүхдийнхээ сурдаг сургуулийн хажууд байр түрээслээд амьдарна. Нэхэмжлэгчийг хүүхдүүдээ асарч чадна гэж итгэж хоёр хүүхдээ асрамжид үлдээсэн. Гэвч нэхэмжлэгч нь хүүхдүүдийн дэргэд архи уух, хүүхдүүдийг эхтэйгээ уулзах, утсаар ярихыг хориглодог. 2018 онд Б.Дэмчигням нь хүү Д.Хурцбилэгийг зодож 14 хоног баривчлагдсан. Миний бие багш мэргэжилтэй, ромбо, дипломыг өгөөгүй тул ажиллах боломжгүй болсон. Хүүхдүүд 2 өрөө байранд эцэгтэйгээ амьдардаг боловч хажуу өрөөг бусдад түрээслүүлдэг энэ байдалд санаа зовдог. Мөн түүний дүү н.Тогтохсүрэн хүүхэд зодсон. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд миний асрамжид байна гэвэл асрамждаа авна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Борбандийн Дэмчигням ЙМ72112111, Боржигон овогт Зооёогийн Алимаа РД:КЛ75040109 нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Хурцбилэг, 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Д.Оюунтунгалаг нарыг эцэг Б.Дэмчигнямын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Д.Хурцбилэг, охин Д.Оюунтунгалаг нарыг 11-16 нас, нас хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл 100 хувиар сар бүр эх З.А-гаар тэжээн тэтгүүлж,

Зохигчийн хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Отгонжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Дэмчигням нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн 1072 хувьцааны мөнгө гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал хэргийн материалтай бүрэн танилцаагүй шүүх хуралдаанд орсон ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүйг тодруулахдаа “...Чи хүүхдийн тэтгэлэг тогтоолгох юм байгаа биз дээ...” хэмээн нэг талд илт үйлчилсэн шинжтэй асуусан. Нэхэмжлэгч нь “... тэгнэ, тэтгэлэг тогтоолгоно...” гэсэн тайлбарыг үндэслэн хүү Д.Хурцбилэг, охин Д.Оюунтунгалаг нарт эх З.А-гаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж огт төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бол миний бие нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авч тайлбар гаргах боломж нөхцөлөөр хангаагүй. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг гардуулсан бол тайлбар гаргах хугацаандаа хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн хүүхдийн мөнгө болох 1072 хувьцааны мөнгийг зогсоож, З.А-гаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт огт байхгүй. Мөн уг шийдвэрт хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо хариуцагч З.А-гаас тэтгэлэгтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг тодорхойгүй байхад хариуцагчийн эрхийг зөрчин шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Дэмчигням нь хариуцагч З.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон 1072 хувьцааны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

     Дээрхи нэхэмжлэлийн шаардлагын “төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон 1072 хувьцааны мөнгө гаргуулах тухай” шаардлагаас үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Учир нь хүүхдийн мөнгө болон 1072 хувьцааны мөнгөнд хэдэн төгрөг шаардсан нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл болсон 1072 хувьцааны ногдол ашиг авахаар үнэт цаасны компанитай хэн гэрээ байгуулсан нь тодорхой бус байхад шүүх дээрх шаардлагыг тодруулан, хэргийг шийдвэрлээгүй нь буруу болсон байна.

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл  болох бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Д.Хурцбилэг, охин Д.Оюунтунгалаг нарт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хариуцагчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох ба энэ ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдолд тэтгэлэгтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үндэслэлийг заажээ.

 

Тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэлэг төлөх этгээдээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож гаргуулах эсэхийг шүүх анхаараагүй нь буруу байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                                   Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00699