Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,                                                               

          шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Авгас овогт Б Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709022660282 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ховд аймагт 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр  төрсөн, 32 настай, эрэгтэй,  халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Теди төвд гар утасны наймаа эрхэлдэг, ам бүл-1, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4-р хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 51-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Авгас овогт Б Н /регистрийн дугаар ПО 85061619/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Нямжав нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салм пабад Т.Сэргэлэнгийн нүүр толгой руу нь гараараа цохиж зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямжавыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салм пабад Т.Сэргэлэнгийн нүүр толгой руу нь гараараа цохиж түүний биед нүүр толгой руу нь гараараа цохиж зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч Б.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Нямжав нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салм пабад Т.Сэргэлэнгийн нүүр толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “…зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Сэргэлэнгийн “…Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний 00 цагийн үед удирдлагын ангийн хүмүүстэй буюу Цэнд-Аюуш, Тэмүүлэн, Баярмандах, Цэнд-Аюушийн ажлын хүмүүстэй хамт Салм паб руу орсон юм. Тэгээд уух юм захиалаад бүжиглэж байгаад 20 гаран минутын дараа ширээн дээрээ сууж байтал миний хажууд сууж байсан Бука гээд Цэнд-Аюушийн найзыг нэг залуу цохиод эхэлсэн. Тэгээд би хэсэг шоконд ороод юу билээ гэж байгаад дундуур нь салгах гээд 2 тийшээ болгох гэтэл нөгөө залуу намайг зүүн нүдний дээд хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Тэгээд намайг дээр дарж байгаад толгой руу маань цохиод байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс маань салгаад нүүр рүү бүлээн юм урсахаар нь хартал хөмсөг сэтэрсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-7/,

гэрч Г.Тэмүүлэнгийн “...2017 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө найз Цэнд-Аюушийн төрсөн өдөр Салм пабын хажуу талын GATE гэх ресторанд болсон юм. Тэр газраас гараад Салм паб руу ороод бүжиглэж байгаад сууж байсан ширээ рүүгээ очтол нэг танихгүй залуу бид нартай хамт суусан. Тэгээд байж байтал гэнэт тэр залуу Сэргэлэнг цохиод авсан. Тэгээд би тэр залууг болиулах гээд дундуур нь ороод бариад авсан. ... цагдаа дуудаад Сэргэлэн тэр залуу бид 3 хамт цагдаагийн машинд суугаад цагдаа дээр ирээд тэр залууг эрүүлжүүлсэн юм. Тэгээд Сэргэлэнг би авч яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөмсгөнд нь хоёр оёдол тавиулчхаад буцаж цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн юм. Намайг бүжгийн талбайгаас ширээ явж  байхад тэр залуу Сэргэлэнг нэг цохиж харагдсан. Тэгээд би очоод болиулсан юм…” гэсэн мэдүүлэг /хх 10/,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14644 тоот актын “…Т.Сэргэлэнгийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

          шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Салм пабад орж үйлчлүүлсэн. 3 найзын хамт ууцгаагаад сууж байгаад манай найзууд Салм паб дотроо байх караоке руу яваад орчихон юм. Тэгээд би бие засах өрөө орчихоод буцаж гарч ирээд үл таних хүнтэй маргалдсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан байсан. Би тухайн маргалдсан хүнээ цохиж зодсон асуудал болсон юм шиг байна лээ…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Нд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Нд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Авгас овогт Б Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР