Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/66

 

 

                                         *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Хохирогч Ж.Давааням /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батзаяа /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох ******* дугаартай, 208/2023/0053 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, *****оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ****мэргэжилтэй, ам бүл ******* хамт Улаанбаатар хот ******* дүүрэг**** хороо ****** тоотод оршин суух, /РД: ******/,

Яллагдагч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Даваанямын урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг нийт 8 гар утсыг 5,000,000 төгрөгөөр бодож авч Түрк улс руу найз руугаа явуулаад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хуурч, 10,817,000 төгрөгийг нэг сарын дотор 15 сая төгрөг болгож өгнө гэж дансаар шилжүүлэн авч нийт 15,817,000 төгрөгийн хохирол учруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын П.Даваасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №03 дугаартай эсэргүүцлээр:  

Шүүгчийн захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цаг 00 минутад прокурор хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамж ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулаагүй, байснаар түүнийг биелүүлэх боломж бүрдэх учиртай. Тэгвэл хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж дээрх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл тус захирамжид яллагдагчийг мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхтэй гэж дурдсан атлаа түүнээс мэдүүлэг авах шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах эрхтэй ба хэргийн талаар нотлох үүрэг хүлээдэггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь “гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй” гэснээр түүнээс мэдүүлэг авах ажиллагааг дуусгавар болгосон. Хэрэв шүүгчийн захирамжид заасны дагуу яллагдагчаар мэдүүлэг авбал түүний Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчихөөс гадна эрүүдэн шүүсэн гэж үзэхийг ч үгүйсэх аргагүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох ажиллагаа нь зөвхөн хохирогчийн мэдүүлгийг тулгуурлан тогтоодог үйл ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн хохирлын талаарх мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шалгасны эцэст хохирлын талаар үнэн зөв бодит хэмжээг тогтоодог. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд олох ёстой байсан ашиг, орлого хүү алдангийг оруулан тооцохгүй бөгөөд энэ хүү алдагдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжпэх эрх нь хохирогчид байгаа болно Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21 -ны өдрийн 2023/ШЗ/97 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгчийн захирамж нь 2 агуулгатай гарсан дүгнэж байна. Яллагдагч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой төдийгүй мэдүүлэгт дурдагдсан асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино гэж дүгнэсэн. Үүнийг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хуулиар үүрэг болгосон энэ үүргээ мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тухайлбал хохирогчийн мэдүүлгээс өөр яллах баримт байдаггүй. Тэдний хооронд зээлийн харилцаа үүсэж, эрсдэл, шалтгааны талаар хэлсээр байхад мэдүүлгийг хэрэгт тусгаагүй, авч шалгаагүй байдаг.

Прокурор эсэргүүцэлдээ яллагдагч *******ээс мэдүүлэг аваагүй байдлаар буцаалаа гэж яриад байна. Мэдүүлэг авах нь ач холбогдолтой. Энэ ажиллагаанууд дутуу байна гэсэн үндэслэлээр буцааж байгаа. Прокурор буруу ойлгоод байх шиг байна. Гэрчээр асуухдаа оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлууд гарсан.  Мөрдөгчийн зүгээс “...та өмгөөлөгч авах хэрэггүй, Хялбаршуулсан журмаар хэргээ  шийдвэрлүүл гэж ятгаж байсан зүйл байдаг. Тэр ч байтугай прокурорын зүгээс өнөөдрийн дотор хохирлоо төлбөл хэргийг шүүх рүү явуулахгүй...” гэсэн зүйлүүдийг ярьсан байдаг.

Хохирлын асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй учраас хэргийн бүрдэл хангагдаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *******т 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг сарын дотор 15.000.000 төгрөг болгож өгье гэж хэлээд авсан. Энэхүү мөнгийг бараа авч эргэлдүүлэх гэж байгаа гэж хэлээд авсан. Миний зарж байсан гар утаснуудаас аваад,  7.817.000 төгрөгийн гар утас авч, бэлэн мөнгөөр 8.000.000 төгрөг авсан. 15.000.000 болгож өгнө гэж хэлээд өгөөгүй, жилийн хугацаа өнгөрч байна. Шүүх буцаасан нь буруу. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү, мөнгөө яаралтай авмаар байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч *******т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 94 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хурлын тов болон шүүх хуралдааны оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдаанаа 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Иймд прокурорын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 2.Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ