Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00697

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00697

 

 

 

Ө.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00131 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ө.М-н нэхэмжлэлтэй хариуцагч М.З-т холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М.З-с 68 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар тохиролцож 2018.3.26-ны өдрөөс 2020.4.30-ны өдрийн хооронд урьдчилгаанд 35 000 000 төгрөгийг М.З Хаан банкны хххххх тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн байдлаа нотлох үүднээс 2018.5.01-ний өдөр Мөнгөн хүлээлцсэн хэлцэл баримт үйлдэж нотариатаар гэрчлүлсэн. Орон сууцандаа 2018.4.10-ны өдөр нүүн орж амьдарч эхэлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг сар болгоны 25-ны өдөр 600 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон.

Ингээд 2020.5.28-ны өдрийг хүртэл нийт 15 600 000 төгрөг төлж урьдчилгаанд өгсөн мөнгөний хамт нийт 50 600 000 төгрөгийг М.З-т төлсөн. Гэтэл 2020.5.28-ны өдөр Голомт банкны эдийн засагч ирж байрны зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байгаа талаар мэдэгдсэн бөгөөд миний сар бүрийн 25-ны өдөр төлж байгаа 600 000 төгрөгөөр банкны зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байгааг тэр үед олж мэдсэн. Дээрх нөхцөл байдлыг М.З-т тайлбарлан тухайн байрнаас гарахаар болж 2020.6.23-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр байрны мөнгөнд төлсөн 50 600 000 төгрөгийг 2020.7.10-ны өдрийн дотор үл маргах журмаар эргүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч 35 000 000 төгрөгийг нь эхнэр н.Б данснаас буцааж шилжүүлсэн боловч үлдэгдэл 15 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд М.З-с15 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  орон сууцыг нэхэмжлэгч нь 68 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, тухайн орон сууцыг 2018.3.26-аас эхлэн ашиглаж эхэлсэн. Орон сууцны урьдчилгаанд 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн орон сууцыг М.З нь уг барилгыг бариулсан компаниас худалдан авахаар тохиролцсон байсан ба байрны төлбөртэй барьцааны зээлийг Ө.М-нэхэмжлэгчийн нэрээр байгуулсан. Учир ньӨ.М, М.З нар урьдчилан тухайн байрыг Ө.М-нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2013.8.15-ны өдөр М.Зын нэр дээр гарсан байсан ба бусдад түрээслүүлэн ашигладаг байсан. Орон сууцны зээлийн гэрээг Голомт банктай 2013.8.26-нд байгуулсан байсан.Ө.М байрыг ашиглаж байгаад 2020 оны 8 дугаар сард буцаан өгсөн ба өгөхдөө байр, цахилгааны төлбөрт оруулсан, байрыг маш муухай болгосон. Байранд бүрэн засвар хийж, санхүүгээр хохирсон. Иймд байранд засвар хийсэн 9 200 000 төгрөгийг хасаад үлдэх 6 400 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.З-с15 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчӨ.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.З-с235 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчӨ.Мд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрч, 9 200 000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүх тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж буруу дүгнэсэн. Учир ньӨ.М манай байрыг бүтэн 2 жил ашиглан амьдарсан. Энэ хугацаанд манай шинэ байрыг их гамгүй ашиглан эдлэж бид өөрөөсөө 9 200 000 төгрөгийн зардал гаргаж засвар үйлчилгээ хийсэн. Энэ зардлаа хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгтээ Иргэний хуулийг 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг зөвтгөсөн ч мөн хуулийн 261 дугаар зүйлийн 261.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эрхийг хангаагүй байна. Энэ байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шаардлагаас 9 200 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

НэхэмжлэгчӨ.М нь хариуцагч М.З-т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 6 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 9 200 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ./хх 1-2, 21/

НэхэмжлэгчӨ.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 58в байрны 20 тоот 42 м.кв 2 өрөө орон сууцыг М.З-снийт 68 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, нийт 50 600 000 төгрөгийг М.З-т төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон./хх 5, 32-54/

Нэхэмжлэгч дээрх 20 тоот сууцанд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нүүн орсон, уг сууцанд 2 жил амьдарсанд талууд маргаангүй.

Нэхэмжлэгчийн орон сууцны үнэд сар бүр төлсөн мөнгийг хариуцагч банкны зээлд дамжуулан төлөхгүй байснаас уг сууц зээлийн барьцаанд хураагдахад хүрсэн тул гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч сууцнаас гарахаар болж талууд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, гэрээгээр байрны үнэд төлсөн нийт 50 600 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч буцаан төлөхөөр үүрэг хүлээснээ үгүйсгээгүй бөгөөд энэ үйл баримт талуудын тайлбар, гэрээ зэргээр нотлогджээ. /хх 6/

 

Хариуцагч М.З нь тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр 35 000 000 төгрөгийг эхнэр гэх И.Б-н данснаас буцаан шилжүүлсэн боловч үлдэгдэл

15 600 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтад маргаангүй. /хх 84-85/

 

Дээрх 15 600 000 төгрөгөөс хариуцагч 6 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 9 200 000 төгрөгийг буцаан төлөхгүй, сууцыг засварлахад зарцуулсан гэж маргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээг цуцалж үнийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. 

Талууд гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаахаар шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч сууцыг буюу гэрээний зүйлийг гэмтээсэн, муутгасан тул 9 200 000 төгрөгөөр засвар хийсэн төлбөрийг төлөхгүй гэж хариуцагч татгалзжээ.

Талуудын хооронд анх 20 тоот сууцыг шинэ байдлаар шилжүүлсэн, сууц биет байдлын доголдолтой байсан талаар дурдаж маргаагүйгээс гадна нэхэмжлэгч сууцыг 2 жил ашиглаж амьдарсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан хохирол, зардлын талаар буюу нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.2-т зааснаар гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан бол үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй юм.

Хэргийн 65-69, 72, 80-81 дүгээр талд хариуцагч нь 20 тоот сууцыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 9 200 000 төгрөгөөр засварлуулах гэрээ байгуулсан, уг сууцанд засвар хийгдсэн үйл баримт тогтоогдож байх боловч хана нураах, плита солих, хаалга угсрах зэрэг засан сайжруулалтын шинжтэй, буюу нэхэмжлэгчийн 2 жилийн амьдрах хугацаанд элэгдүүлж, муутгасантай холбоогүй засвар зарим хэсэгт хийгдсэн. Харин хэргийн 72 дугаар хуудасны зургаас үзэхэд обой муудсан, ханын зарим нүх, сэв зэргийг засварлах шаардлагатай болсон нь нотлох баримтаар тогтоогдож байх тул 9 200 000 төгрөгийн 50 хувь болох 4 600 000 төгрөгийг 6 400 000 төгрөгийн хамт, нийт 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн Нэхэмжлэгч нь 20 тоот сууцыг бусдад хөлслүүлсэн, гамгүй эдэлсэн, хэрэглээний зардлын өр төлбөр үүсгэсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэх баримт гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж хариуцагчийн /хх 91/Ө.М сууцыг бүтэн 2 жил гамгүй ашиглан эдэлсэн, 9 200 000 төгрөгийн зардал гаргаж засвар үйлчилгээ хийсэн зардлаа хасуулж тооцуулна гэх давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00131 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4, 205.4.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.З-с11 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчӨ.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

 

2 дах заалтын ...235 950 төгрөг гэснийг ...190 950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ш.ОЮУНХАНД