Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00025

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

              Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 

  Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

  Улсын яллагч Б.Эрхэмбаатар

  Шүүгдэгч Б.Г

  Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох 1832000010013 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт /ой 7 сартайгаас 10 насны/ амьдрах, * тоотод оршин суух, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,     

 

  Боржигон овогт Банзрагчийн Г. РД:/*/

           

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийнхөндий гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Б.Г нь согтуурсан үедээ 25-32 ОРХ улсын дугаартай Киа Рино загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а /Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Я.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн өгсөн …… Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Дахиж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийн хийсэн хэргээ маш их ойлгож гэмшиж байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Хохирогч Я.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  …… Миний бие 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Улаанбаатар хотоос хүргэн Б.Ггийн хамт Орхон аймаг руу түүний барьж явсан ачааны машинтай хүмүүсийн барааг ачиж тээвэрлэж явсан юм. Ингээд шөний 02-03 цагийн үед байх гэж бодож байна. Баруун хараа өнгөрсөн байсан билүү дөхөж явсан билүу сайн санахгүй байна. Би зам сайн мэдэхгүй болхоор яг тэнд энд гэж хэлж чадахгүй байна. Ингээд явж байхад замын баруун гар талаас харанхуйгаас цазвэр бор өнгийн 1 тооны адуу зам руу гарч ирсэн юм. Цаахан талд нь мөн 1-2 адуу харагдсан юм. Тэгээд машин хурдаа хасаж амжихын завдалгүй нөгөө адууг мөргөсөн, таг хийсэн чандга дуу гарсан юм. Нэг мэдсэн чинь би машинаас уначихсан газарт хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь миний баруу хөл шилбэ хэсгээрээ хугарчихсан хөдлөж гишгэж болохгүй байсан. Манай машин замын зүүн гар талд дээш хараад уначихсан байсан. Тэгээд манай хүргэн Г над дээр ирж уулзсан юм. Миний биеийг асуусан, өөрийх нь бие гайгүй байх шиг байсан. Тзгээд замд явж байсан машинууд зогсож хүмүүс түргэн дуудаж тэгээд би түргэний машинтай Дархан-Уул аймгийн эмнэлэг рүү явсан юм. Тэгээд ард юу болсныг нь мэдэхгүй байна. Бид хоёр ямар нэг байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Машин нээх хурдтай яваагүй, 60 орчим км/цагийн хурдтайл явж байсан байх. Жолооч машинаа зогсоох арга хэмжээ авсан үгүйг мэдэхгүй байна. Б.Г нь миний терсөн дүү Батдолгортой суусан манай хүргэн байгаа юм. Би түүнтэй хаяа хамт тээвэрт туслахаар явдаг юм. Надад гомдол санал хүсэлт байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Г.Суын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд гэртээ байхад 09 цагийн орчим Замын Цагдаагийн зохицуулагч дэслэгч Л.Наранбаатар надруу утсаар залгаад “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарийн Хөндий гэх газар хүрэн азрагатай содон 2 алаг гүүтэй адуунууд хэнийх вэ? Нэг халиун зүстэй гүү машинд дайрагдсан байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь манай хүрэн азрагатай адуу Нарийн хөндий орчмоор бэлчээрлэж байх ёстой манай адуунд Будсүрэнгийн Эн гэдэг залуу нэг халиун зүстэй гүү тавьсан байна лээ би тэрийг сүүлд хүнээс сонссон Эн надад адуунд чинь гүү тавъя гэж надаас асуулгүйгээр тавьсан байсан. Тэгэхлээр тэр Б.Энын халиун зүстэй гүү манай адуунд явж байгаад авто зам дээр автомашинд дайрагдсан байна. Манай адууг манай хуурай дүү Пүрэв овогтой Ою харж, хариулж өгдөг юм. Бид хоёрын хооронд мал маллах албан ёсны гэрээ байхгүй. Манай адууг малладаг хүн байдаггүй юм. П. Ою өдөрт нэг хаана байгааг нь хардаг. Тэр халиун зүстэй гүү соёолон настай энэ жил анх унагалсан гүү байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Ганбатын Су гэдэг хүний Хүрэн азрагатай адуунд өөрийн Цагаан халиун , Бор халиун зүстэй хоёр гүүгээ 2016 онд тавьсан тэр хоёр гүүний Цагаан халин гүү нь 2017.12.03-аас 2017.12.04-нд шилжих шөнө Нарийн хөндий гэх газарт машинд дайрагдаж үхсэн байсан. Г.Суын адууг П.Ою гэдэг хүн малалдаг Надад малчин байхгүй. Би П.Оюод манай хоёр гүү цуг маллаж байгаарай гэж захисан юм. 2016 онд Г.Суын адуунд тавихдаа П.Оюод хэлээд тавьсан юм. Бид хоёр гэрээ хийгээгүй байсан. Халиун гүү соёолон насны Оросын эрлийз гүү байсан. Би 1 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний зүгээс малчин болон адуу дайрсан жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

/Хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч П.Оюоос мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би Ганбатын Су гэдэг хүнийг танина манай хуурай ах байгаа юм. Су ах хүрэн азрагатай адуутай, Су ах намайг адуугаа харж, хариулж байгаарай гэж захисан юм. Би Г.Су ахын хүрэн азрагатай адууг 2017 оны 12 дугаар сарын 03- ны орой 18 цагийн үед гэрийнхээ гадаа хурааж ирсэн. Намайг орой 21 цагийн үед унтахад адуу гэрийн хойд тал байж байсан шөнө бэлчээрт гараад Нарийн Хөндий гэх газар луу явсан байна лээ. Адууг шөнө хариулж маллах боломжгүй л дээ. Су ахын адуунд байсан халиун гүү Б.Эн гэдэг залуугийн гүү Эн тэр гүүг 2016 онд адуунд нийлүүлсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед мэдээд очиж үзсэн. Би гэрээ байгуулаагүй, би Су ахын хүрэн азрагатай адууг 5-6 жил хариулж маллаж байгаа цалин хөлс авдаггүй, тус болоод малалдаг. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Гаийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Энэ тээврийн хэрэгслийг миний бие 2017 оны 04-05 дугаар сард Орхон аймгийн иргэн болох Б.Г гэдэг хүнд 7.8 сая төгрөгөнд зарсан юм. Одоо бол миний өмч биш. Энэ машин нь БНСАУ-нд үйлдвэрлэгдсэн К1А РНINО маркын ачааны машин байгаа юм. Тухай үедээ уг тээврийн хэрэгслийг Б.Ггийн нэр дээр шилжүүлэн өгөх гэсэн боловч тухайн хүн маань өөрийн бичиг баримтаа гээгдүүлсэн  байсан учир шилжүүлж чадаагүй юм. Ерөнхийдөө бие биенээ таньдаг улс учир яваандаа бичиг баримтыг шилжүүлнэ гэсэн бодлолтой явсан юм. Шилжүүлээгүй учир миний нэр дээр мэдээлэл лавлагаа нь гарч ирсэн байх гэж бодож байна. Бид хоёр ямар нэг байдлаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, шууд амаараа хоорондоо ярилцаж тохирч өгч авалцсан юм. Энэ Б.Гүүрагчаа гэдэг залуутай миний бие ямар нэг холбоо байхгүй, надтай хамт хот хооронд тээвэр хийдэг Га гэдэг надтай адилхан нэртэй залуугийн хамаатны дүү нь юм байна лээ. Тэрнээс ямар нэг холбоо байхгүй. Найзаараа дамжуулан танилцсан юм. Миний бие уг тээврийн хэрэгслийг 2017-04-05 дугаар сарын үед Б.Гд 7.8 сая төгрөгөөр зарчихсан байгаа. Би энэ мөнгөө бүрэн авчихсан юм. Одоо надад ямар нэг хохирол, нэхэмжлэх зүйл бол байхгүй. Нэрээ л шилжүүлээгүй болхоос биш уг тээврийн хэрэгсэл нь Б.Ггийнх юм гэх  мэдүүлэг /Хх-ийн 30 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт № 49 .......

 

           1.Жолооч Б.Г ЗХД-н 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

           2.Малын эзэн Б.Эн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

            3.Малчин П.Ою нь ЗХД-н 23.7 “Засмал замд 50 метрээс дтэтогш хариулгагүй мал байлгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

           4.Энэ осол зам тээврийн осол мөн. “Зам тээврийн осол” гэж “зам дээр тээвриййн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-г хэлнэ.

5.Жолооч Б.Г ЗХД-ийн 2.7, 9.2 дах заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэх /Хх-ийн 32 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт № 48 .......

 

            1.Я.Бын биед баруун шилбэний 2 ясны далд, зөрөөтэй, бутарсан хугарал үүсчээ.

            2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шинэ гэмтэл байна.

            4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

            5.Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

6.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 38 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 07-14 дүгээр хуудас/

Б.Ггийн согтуурлыг шалгахад 0,41 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 15 дугаар хуудас/

            Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 49 дүгээр хуудас/

 Б.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 50 дугаар хуудас/

 Шүүгдэгчийн урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 51 дүгээр хуудас/

 Б.Уранчимэг, Г.Батболд, С.Цэрэнбалжид М.Нацагбадам нарын бараа материалаа бүрэн хүлээн авсан, гомдол санал байхгүй тухай хүсэлт /ХХ-ийн 54-57 дугаар хуудас/

Б.Ггийн жолооны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 59 дүгээр хуудас/

Б.Гаийн эзэмшлийн 25-32 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 60 дугаар хуудас/

Хохирогч Я.Бын гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийнхөндий гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Б.Г нь согтуурсан үедээ 25-32 ОРХ улсын дугаартай Киа Рино загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Я.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Мөн шүүгдэгч Б.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Я.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн ял оногдуулан тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Я.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ¹ 896484 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

           

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Гг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар Б.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дахь хэсэгт зааснаар Б.Г нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Шүүгдэгч Б.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ