| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0016/З |
| Дугаар | 128/ШШ2025/0154 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0154
2025 02 24 128/ШШ2025/0154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** ХХК /РД:****6/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г.О, өмгөөлөгч Б.Эр*******р, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар актыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч ***** ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргаснаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нараас тус компанийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй худалдан авалтыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон 2011 оны 851,539,056.40 төгрөгийн зөрчлийг илрүүлэн 85,153,905.64 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцсон, ийнхүү төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулсан байна.
3. Процессын түүх: Нэхэмжлэгч ***** ХХК-аас тус актад холбогдуулан Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, гомдлыг хангаагүй хариуг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгч ***** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Татварын улсын байцаагч нар дээрх актыг тавихдаа тус компанийн 2009 оноос 2011 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт татварын төлөлтийг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шалгаж татварын улсын байцаагчийн 263467 дугаартай акт үйлдэж, нийт 80,393,100 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан бол 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2011 оноос 2015 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж **** дугаартай улсын байцаагчийн актаар 1,077,500 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан-ыг компани бүрэн төлснийг харгалзан үзээгүй.
4.2. Татварын улсын байцаагч Ц.О, Ц.Б нар 2009 оноос 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах-хэсэгчилсэн шалгалтыг хийхдээ өмнө нь татварын шалгалтад хамрагдсан 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин давхардуулан хяналт шалгалт хийж акт тавьсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гэж заасныг ноцтой зөрчсөн.
4.3. Маргаан бүхий актад 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №**** дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн албан татварын үлдэгдлийг 54,156,700 төгрөгөөр баталгаажуулсныг буцаан олгосон байна гэсэн. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд 2006 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтын буюу төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх замаар хуулийг хэрэгжүүлж ирснийг батлан харуулж байна. Дээрх хуулийн зохицуулалт 2011 онд өөрчлөгдөлгүй хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн байхад татварын улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актад 2011 онд хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан 851,539,056.40 төгрөгийн бараа ажил үйлчилгээнд төлсөн 85,153,905.64 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тайлагнасан нь хууль зөрчсөн мэтээр актаа үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж акт гаргасан нь харагдаж байна.
4.4. Татварын байцаагч нар акт тавихдаа Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д Татвар алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж заасныг баримтлан ***** ХХК-ийн хүсэлтээр илүү төлөлтийг баталгаажуулах хуульд заасан харилцаа үүссэн тул татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй хуулийг буруу хэрэглэж актаа гаргасан.
4.5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт тавигдахаас өмнө хоёр удаа татварын шалгалт хийж хоёр удаа татварын акт тавигдаад актаар тогтоосон мөнгийг төлчихсөн. Энэ хугацаанд татварын улсын байцаагч О , Б нар 2009-2023.08.31-ний өдөр хүртэлх хугацаанд албан татварын төлөлт ногдуулалтын байдалд НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчлэн шалгалтыг хийхдээ өмнө нь татварын шалгалтад хамрагдсан 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах төлөлтийн байдалд дахин давхардуулан хяналт шалгалт хийж акт тавьсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн заасан 5.1-т заасан татвар бий болгох тогтоох ногдуулах тайлагнах төлөх хяналт шалгалт хийх хураах хөнгөлөх чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална 5.1.2-т тодорхой байх шударга байх үр ашигтай байх зарчмууд зөрчигдсөн.
4.6. Татварын харилцаанд 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа байна гэдэг заалт байгаа. Гэтэл өнөөдөр татварын байцаагч нарын акт тавиад байгаа хугацаа нь аль хэдийн арван хэдэн жил өнгөрчихсөн харилцаа. Татварын байцаагч нар хуульч биш учраас энэ зохицуулалтыг буруу ойлгож тайлбарлаж хэрэглэсэн байх гэдэг үүднээс нь шүүхэд хандаж шүүх зөв зүйтэй хуулийн хэрэглээг зохицуулах залруулах байх гэж хандаж байгаа юм. Бодит байдал дээр Татварын ерөнхий хуулийн 15.2-дахь заалт нь уг татварыг буцаан олгох хүсэлт гаргасан нөхцөлд хуульд заасан дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлахгүйгээр хугацаагүйгээр хянан шалгалт хийж дахин баталгаажуулах бүрэн эрхийг татварын байцаагч нарт олгоогүй. Өөрөөр хэлбэл татварын байцаагч нар хөөн хэлэлцэх хугацаандаа баригдах ёстой болохоос биш нөгөө хүсэлт гаргасан учраас дахин шалгах эрхтэй гэсэн байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглээд байгаа нь буруу байна.
4.7. Уг хуулийн заалтад төлсөн татварын мөнгөө авахад нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд өгөхгүй байхыг хориглосон болохоос биш, мөнгө авах гээд хүсэлт гаргаад ирвэл 12 жил өнгөрсөн байсан дахин шалгалт хийгээд дахин хянан баталгаажуулах нэрээр илүү төлсөн татварын мөнгийг нь хасах эрхийг татварын байцаагчид олгосон гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Үүнтэй холбогдуулаад өмнө нь энэ хоёр акт байсан нэг акт нь Маргаан таслах зөвлөл дээр хүчингүй болсон нөгөө актыг тооцооллыг нь дахин хяная гэдэг байдлаар хойшлуулсан. Хойшлуулсан хуралдаан нь 2024 оны 10 сард болоод тэгэхдээ гомдлыг хангахгүй хэвээр үлдээчихсэн. Бид нар болбол нотлох баримтаар Маргаан таслах зөвлөл дээр яг ямар асуудал яригдсан бэ ямар маргааны акт нь хүчингүй болоод ямар акт нь ямар үндэслэлээр хойшлуулсан бэ гэдэг асуудлыг тодруулах гэж нотлох баримт гаргасан байгаа. Татварын байцаагчийн гаргасан 25 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Татварын улсын байцаагч Ц.О, Ц.Б нараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот томилолтын дагуу ***** ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн татварын газартай харьцдаг ****6 тоот регистрийн дугаартай ***** ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд ашигт малтмалын хайгуул, судалгаа, ашиглалт, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн байдаг хэдий ч хяналт шалгалтын хамрах хугацаанд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг.
5.2. Хяналт шалгалтаар тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөнийг тэмдэглэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ***тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн. Энэхүү актаар тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй худалдан авалтыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон 2011 оны 851,539,056.40 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж тус тус заасныг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 85,153,905.64 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтийг бууруулан 2023 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулсан.
5.3. Баянгол дүүргийн татварын хэлтэс тус компанийн 2009-2011 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №263467 тоот татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар 80,393,100.0 төгрөгийг, 2011-2015 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №**** тоот татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар 1,077,500.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн илүү үлдэгдлээс суутган тооцсоныг актын хавсралт болох Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо маягтад тусгасан.
5.4. Тус компанийн 2006-2008 оныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг харьяа татварын алба шалгасныг дахин шалган, 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №**** дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн баталгаажуулсан акт үйлдэж илүү төлөлтийг буцаан олгосныг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай актыг тэмдэглэх хэсэгт дурдсан. Иймд татварын улсын байцаагч нар дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн татвар төлөгчийн хүсэлт, харьяа татварын албаны санал, эрсдэлийн удирдлагын газраас олгосон томилолтын дагуу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ийг дуусталх хамруулан хяналт шалгалт хийсэн.
5.5. Хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдсэн нь зөвхөн АМНАТ-ын НӨАТ-төлөлттэй холбоотой хэсэг дээр нь ногдуулалтыг нь шалгасан. Сая дурдсан хоёр акт гарсан, шалгалт хийсэн, шалгалт давхардаад байна гэдэгт хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр өмнөх хяналт шалгалт хийгдээд гарсан актууд нь өөр зөрчилтэй манай шалгалттай давхардаагүй өөр зөрчилтэй холбоотой хяналт шалгалтууд байгаа. Хууль зүйн хувьд Татварын хуулийн 15.2-т татвар төлөгчийн гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд 15.1-т заасан хамаарахгүй гэж хуульчилсан байгаа.
5.6. Тооцоололтой холбоотой давхардаад төлбөр тавигдчихсан гээд байгаа тухайд, бид хоёр 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бол хуучнаар улсын төсвийн орлого хяналтын газар шалгаж баталгаажуулсан байгаа үлдэгдлийг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтын томилолт маань 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар үүссэн, өмнө нь тэр дурдаад байгаа 57 сая төгрөгийг буцаан олгосон байна гээд актад дурдсан гээд байгаа Том татвар төлөгчийн газрыг баталгаажуулсан учраас бусад татварынхан өрөнд нь суутган тооцоолол хийсэн.
5.7. Том татвар төлөгчийн газрын баталгаажуулснаас хойших хугацааг шалгасан. Баянгол дүүргийн тэр хяналт шалгалт орсон гурван актын төлбөр давхардаагүй. Ямар нэгэн байдлаар давхардаагүй үлдэгдэл 85 сая төгрөг гараад 85 сая төгрөгийг хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалт дээр байна гэдэг үндэслэлийг 0 хувиар баталгаажуулсан байгаа. Хяналт шалгалтын хугацаанд хайгуулын үйл ажиллагаа эрхэлсэн байдаг. Хайгуулын үйл ажиллагаатай холбоотой орлого хүлээн зөвшөөрөөд борлуулалтын орлого дээрээ тавьсан байгаа. Хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг яагаад хасдаг вэ гэхээр өөрөө хайгуулын хайгуулын үйл ажиллагаа дээр нэмүү өртөг шингээгүй бараа борлуулаагүй үйл ажиллагаа эрхлээгүй гэж үздэг. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа хайгуулын хөрөнгө хэсэгт шилждэг дараа нь хайгуулын ажлаа ашиглалтаас өмнөх үйл ажиллагаа, ашиглах хугацаа эхлээд энэ айл худалдан авалтаа хийх юм бол энэ худалдан авалтыг хүлээн зөвшөөрөөд хасалт хийлгэх ёстой. Гэтэл энэ хайгуулын үйл ажиллагаатай холбоотой хасалтыг хийхгүй угаасаа хуульд ч гэсэн ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг хасалт хийхгүй гэдэг заалт байгаа. Тэрний дагуу бид нар татвар ноогдох орлоготой хамааралтай юмнуудыг үзээд татвар ноогдох орлоготой хамааралгүй заалтаар бас хасалт хийгээгүй. Хайгуулын үй ажиллагаатай холбоотой Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нараас ***** ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалгаж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай актаар ...2011 онд албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй худалдан авалтыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон зөрчил гаргасныг тогтоож, 85,153,905.64 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тус нөхөн татварыг тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулжээ.
3. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ***** ХХК-аас ...ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад зориулан худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй гэсэн зохицуулалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй тул зөрчил гаргаагүй, хэрэв зөрчил гэж үзэж буй бол Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг баримтлахгүйгээр 12 жилийн дараа нөхөн татвар ногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн учраас актыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
4. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ ...ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарахгүй учраас төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй... гэж тайлбарласан байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч ***** ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Татварын газарт хандан ...компанийн үйл ажиллагаанд зориулан дотоодоос худалдан авсан бараа, үйлчилгээний худалдан авалтын дүн 2023 оны 05 дугаар сарын байдлаар 84,354,908.91 төгрөг болсон тул илүү төлөлтийн дүнг баталгаажуулах хүсэлтийг гаргасан, Нийслэлийн Татварын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/641 дүгээр албан бичгээр нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянаж, шалган баталгаажуулах саналыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлжээ.
6. Ийнхүү Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нараас ***** ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгахад тайлангийн ноогдлоор /2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар/ 85,153,905.64 төгрөгийн илүү төлөлт үүссэн[1] болохыг хүлээн зөвшөөрсөн боловч 2011 онд ашигт малтмалын олборлолт, борлуулалт хийгээгүй атлаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад зориулан худалдан авсан 851,539,056.40 төгрөгийн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчил гаргасныг тогтоож, зөрчилд холбогдох нөхөн татварыг тайлангийн илүү төлөлтөөс нь суутган тооцсон, үүний улмаас төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулсан, мөн зөрчилд холбогдох торгууль, алдангийг нөхөн ногдуулалтын тусдаа акт[2] үйлдэж тооцсон байна.
7. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т "нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг, 6.1.14.-т "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг; ойлгоно гэж, 42 дугаар зүйлийн 42.1.-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, ... үйлдэх ... гэж зааснаар татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь татвараас зайлсхийсэн, төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлсон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд гаргасан зөрчлийн дүнгээр татварыг нөхөн төлүүлэхээр ногдуулалт хийж, торгууль, алданги тооцохоор зохицуулсан, ингэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...татварын нөхөн ногдуулалт хийх ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил ... гэж заасан хугацааг баримтлах ёстой.
8. Гэтэл татварын улсын байцаагч нараас 2011 онд төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлсон зөрчлийг 2023 онд илрүүлж, тус зөрчилд холбогдуулан 85,153,905.64 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй алдаа гаргажээ.
9. Дээрх үндэслэлээр маргаан бүхий акт нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан нөхөн ногдуулалт хийх харилцааг үүсгэсэн тул хариуцагч нарын ***** ХХК-ийн гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй, татварын улсын байцаагч нараас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн ч тус актаар татварын нөхөн ногдуулалт хийсэн байна.
10. Хэдийгээр ***** ХХК-аас дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргаснаар татварын шалган баталгаажуулах ажиллагаа эхэлсэн ч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан ...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох... харилцаа үүсээгүй, маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
11. Иймд татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай актаар тогтоосон зөрчлийн хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байх тул хуулийг буруу хэрэглэж үйлдсэн актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
12. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмын тухайд, шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас ***** ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг зөвтгөн баталгаажуулах, эсхүл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар ...төсөвт төлөх татвараасаа 85,153,905.64 төгрөгийг хасалт хийх замаар тайлагнаад явах учраас манайх илүү төлөлтөө баталгаажуулах шаардлагагүй гэж үзлээ... гэсэн аль ч тохиолдолд ***** ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн ногдол нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 85,153,905.64 төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн үр дагавар хадгалагдахыг, мөн шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн асуудлаар татгалзах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нөхөн ногдуулалт хийсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож байгаа учраас 2011 онд гаргасан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шүүхээс дүгнэх нь ач холбогдолгүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ