Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/69

 

                                             *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 23310*******52*******43 дугаартай 175/2023/*******34/Э/208/2023/0*******5 индекстэй 1 хавтас хэргийг 2023 оны 09 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт Довдогын Ганзориг, Монгол улсын иргэн, оны ******* дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, ******* дугаар баг, ******* дүгээр хэсэг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЮ78*******75/, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.  

Шүүгдэгч ******* нь 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг сумын ******* дугаар баг ******* дүгээр хэсэг 41 тоотод *******тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж,

Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 60 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №26 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:   

Шийтгэх тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж торгох ялыг 60 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэжээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ. Хэрэв шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзвэл шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ, ТОГТООХ хэсэгт торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ёстой талаар тайлбарлан тусгах нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэг зааснаар шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох” гэж зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын биелүүлэх хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар тогтоох боломжтой мөн шийтгэх тогтоолд торгох ялын биелүүлэх хугацааг заах шаардлагагүй гэж үздэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар 90 хоног хүртэлх хугацаанд биелүүлэх боломжтой гэж тус тус заасан байдаг. Уг шийтгэх тогтоолын хувьд 60 хоногоор хэсэгчлэн тогтоосон нь хуульд байхгүй зохицуулалтаар тухайн шүүгдэгчид хугацаа тогтоосон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн цалин, хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох шийтгэлийг төлөх боломжийг нь хязгаарласан мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээ шатны прокурорын эсэргүүцлээр  *******т холбогдох эрүүгийн 22320*******62*******26 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

                        ******* нь 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг сумын ******* дугаар баг ******* дүгээр хэсэг 41 тоотод *******тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:            Хохирогч ******* /хх-ийн 08-10-р ху/, гэрч ******* /хх-ийн 12-р ху/, гэрч ******* /хх-ийн 15-16-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд явцад өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д торгох ялыг биелүүлэх ерөнхий хугацааг ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй... гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  ...4.Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. 5.Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэсэн заалтуудыг баримтлан *******ийн торгох ял биелүүлэх хугацааг 60 хоногоор тогтоосон нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №26 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтанд өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

3 дугаар заалтыг:

“3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар түүнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            

                                                      

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ