| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00025/Э |
| Дугаар | 00027 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Мд холбогдох 1832000000023 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * багт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай
Боржигон овгийн Дамдингийн М /*/
Шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг бусдад адуу хашиж өглөө гэж шалтаглан эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: ....... гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:. Би Буынд малынх нь ойр зуурын ажилд тусладаг. Намайг 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой Мө намайг адууны хашаа уячих гэж хэлсэн. Би адууны хашаа уяж байтал М автомашинтай ирээд намайг адууны хашаагаа онгойлго би адуугаа авна гэж хэлсэн. Би Мө эгч адууны хашаагаа хаа гэж хэлсэн болохоор үгүй гэж хэлтэл М миний нүүрний баруун хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Нараа эгч Мыг надаас холдуулахаар нь би Буын гэрлүү зугтаагаад цонхоор нь хартал адууны хашааны хажууд бужигналдаад байсан. Тэгээд миний баруун нүд хавдаад жаахан хөхөрчихсөн. Маргааш нь Бу, Мө хоёр намайг Баянголын эмнэлэг дээр аваачиж эмчид үзүүлсэн. Эмч гайгүй гээд хэдэн эм бичиж өгсөн. Би тэр эмийг нь мэдэхгүй. Өдрийн 3 ширхэгийг ууж байсан. Ийм л юм болсон. Би Мтай өмнө нь муудалцаж байгаагүй. М намайг адууны хашаа онгойлгосонгүй гэж цохисон. Намайг Маас өөр хүн цохиогүй. Надад Мд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч А.Со мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… 2017 оны 12 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Мэргэн шувуут гэх газар хөдөө хүргэн Д.Мын гэрт байж байсан юм тэгсэн Мө, На, Бу нар машинтай ирээд адуунууд бөөгнүүлээд өг гэхээр нь бид нар хашаа янзлаад завгүй байна маргааш бөөгнүүлээд өгье гэж хэлсэн чинь өөрсдөө бөөгнүүлнэ гээд цуг авчирсан 2 хүүхдэд морь унуулаад адуу бөөгнүүлэхээр явуулсан би адуучин Төмөрөөд Мд хэлээрэй мэдэж байгаа юм болов уу гэж бодсон тэгээд тус өдөр хагас адууг нь бөөгнүүлээд 2017 оны*12 сарын 03-ны өдөр үлдсэн адууг бөөгнүүлээд явсан тэгэхээр нь би Д.Мтай ярьсан чинь Хөтөлд байна гэхээр нь би Хөтөлд очоод буцаад Д.Мтай адуу бөөгнүүлсэн газар буюу Мөын хаваржаа дээр Д.М, Төмөрөө бид 3 очсон. Тэгээд хашсан адууг гаргахаар болоод адуугаа гаргах гэтэл Мө, На, Бу нар гарч ирээд бөөн маргаан болсон тэгээд цагдаад мэдэгдсэн. Мө, На нар Д.Мруу дайраад байсан тэгсэн тэр Төрөө гэх хүүхэд Д.Мруу дайраад байсан тэр хооронд нь Бу Д.Мын хамарлуу шууд цохиод унагаасан удалгүй цагдаа нар ирсэн. Тиймээ Төрөө гэх залуу нь Д.Мыг араас нь татаад толгойруу нь цохисон тэгсэн урдаас нь Бу хамарлуу цохиод хугалсан. Төрөө Д.Мын толгойны ар хэсэгрүү 2-3 удаа цохиод араас нь боосон тэр хооронд Бу хамарлуу нь 2-3 цохиж гэмтээсэн тэгэхээр нь би очиж салгасан. Манай хүргэн Д.Мын хариулж байгаа адуу нь Жанлав гэх өвгөний адуу байсан юм тэгсэн Жанлав 2017 оны 09 сарын 05-ны өдөр нас барсан тэгсэн түүний охин Мө, На нар адууг нь авна гээд өвлийн хүйтэнд хашаад үүнээс болж маргаан болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Д.Тө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Би 2016 оноос хойш Д.Мын адууг маллаж байна. 2017 оны 12 сарын 02-ны өдөр Д.Мын хамаатан Мө, На, Бу нар адуугаа ялгана гэж ирээд Мөын хаваржаанд адуу бөөгнүүлсэн тэгсэн 2017 оны 12 сарын 03-ны өдөр Д.М ирээд түүний хадам Со, бид 3 Мөын хаваржаа буюу адуу хашсан газар очоод морь барьж аваад адуугаа гаргах гэсэн чинь гаргахгүй байсан тэгсэн На эгч Д.Мтай маргалдсан чинь Төрөө гэх залуу цаанаас ирээд Д.Мын дагзруу хэд хэд цохиод араас нь боосон тэгсэн урдаас нь Мөын нөхөр Бу гэх залуу Д.Мын хамарлуу цохисон тэгээд л Д.Мын хамарнаас цус гарсан тэгэхээр нь Со ах очоод салгасан би машин дотроо хараад сууж байсан. Төрөө гэх залуу нь Д.Мын дагзруу хэд хэд цохиод араас нь боосон тэгсэн урдаас нь Бу хамарлуу нь цохиод цус гаргасан. Төрөө Д.Мын толгойны ар хэсэгрүү 2-3 цохиод араас нь боосон тэр хооронд Бу хамарлуу нь яг хэдэн удаа цохисныг би анзаараагүй хэд хэдэн удаа л цохиж гэмтээсэн санагдаж байна. Адуугаа хувааж авах гээд л маргалдсан юм шиг байна лээ би нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Би машин дотроос харсан Мө, На, Төрөө, Бу мөн тэдний малчин Баа гэх залуу байсан. Б уг нь адууны хашааны тэнд байсан тийшээ хүн очоогүй Быг цохиж гэмтээсэн хүн байхгүй дээ аан нээрээ Д.Мыг хашаанаас адуу гаргах гээд очиход Б зогсож байсан тэгэхэд Д.М Быг мөрөөрөө мөрлөж байгаа харагдсан цохиж зодоогүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Ж.На мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цаг өнгөрөөгөөд Бу, Мө, Хариун бид 4 Сэлэнгэ аймгийн Сайхан сум орж Мыг гэрээс нь очиж авсан. Учир нь Мын адуунаас миний төрсөн дүү Мө адуугаа салгаж авах гээд Мыг Сайхан сумаас олж ирсэн юм. Би Мөыгтөрөх дөхчихсөн болохоор санаа зовоод цуг явсан юм. М бид нарын араас өөрийхөө автомашинтай явсан. М замдаа бид хэдийн урд автомашинтайгаа орсон. Тэгээд замдаа зогсоод шилтэй архи амаар нь уугаад явсан. Бид хэд араас нь гэрэл тусгаад явж байсан болохоор автомашиных нь арын цонхоор хааад явсан. Тэгээд замдаа Мө Мтай бууж уулзаад Мыг нэлээд архи уучихсан байна их архи үнэртэжбайна гэжхэлсэн. М манай хотруу явахгүй өөрийхөө хөдөө гэрлүү явсан. Бид хэд хотондоо ирээд манай гэрт орцгоосон. Тэгээд хоол цай болоод байж байтал гэрийн гадаа их хаазтай автомашин ирсэн. Б түрүүлээд адууны хашаа уяна гээд гарсан. Бид хэд ар араасаа гараад харахад нөгөө хаазтай ирсэн автомашин Мын автомашин байсан. М адууны хашааны өмнөхөн талд ирээд гэрлээ асаалттай нь адууны хашааруу харуулж зогсоод та муусайн гуйлгачингууд адуугаа гарга гээд адууны хашаа уяад зогсож байсан манай малчин Бын нүүрлүү цохиод авсан. Би очоод салгахад амнаас нь их хэмжээний архи үнэртэж байсан. Тэгээд салгасан намайг нуруу руу цохиод хөлрүү өшиглөсөн. Энэ үед манай бага эрэгтэй дүү Мө ирж салгасан. Бу бид хэдийг хэрүүл хийж байхад гэрийн хажууд байсан автомашин аа асаагаад ирээд гэрэлтүүлээд зогсож байсан. Тэр үед Мө автомашинруугаа яваад өгсөн. Харин зөрөөд Бу автомашинаасаа буугаад ирсэн. Буыг ирэхэд Мө Мын араас боль гээд татаад байж байсан. М Булуу чам шиг муу гуйлгачин чам шин муу юманд энд нэг ширхэг ч үс байхгүй. Чи эндээс юм авна гэж байхгүй. Май чи муу гээд салаавч гаргаад байсан. Тэгэхэд Бу Мын хамарлуу цохичих шиг болсон. Мын хамарнаас цус гараад ирсэн. Бу Мыг цохих үед Мө Мын араас татаад байж байсан. Тэгээд Мө Мыг тавиад гэрлүүгээ буюу манай гэрлүү яваад өгсөн. Мө намайг Нараа эгчээ наашаа хүрээд ир гээд намайг дуудаж автомашиндаа суулгасан. Тэгээд М цустай шүлсээ Буын автомашины шилрүү нулимаад байсан. Бу бас автомашин дотроо ороод ирсэн. Мөнхзуул гадаа хашгираад согтуурхаад байсан. Бу бид хоёр Баянголын цагдаа нарыг тосохоор явсан. Мө, Халиунаа, Б гурав адууны хашаан дээр адуу гаргуулахгүй гээд үлдсэн. Бид хэд цагдаа авчрахад үүр цайж байсан. Тэгээд цагдаа нар Мыг аваад явсан. Ийм л юм болсон. Быг Маас өөр цохисон хүн байхгүй. Б Мд цохиулснаас нүүр хөхөрч хавдсан байсан. М манайд ирэхэд нүүр ам нь зүгээр байсан. Мөнхтер Мын араас нь барьж байсан. Тэгэхээр Мө Мыг цохиогүй. Харин Бу урдаас нь намайг харах нэг удаа цохисон. Өөр хүн Мыг цохиогүй. Мын автомашин дотор Мын хадам аав Со, малчин Төмөрөө хоёр нь байсан. Тэр хоёр болсон асуудлыг автомашин дотроос харсан Тэнд байсан хоёр автомашин адууны хашааруу гэрэлтүүлээд зогсож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Ж.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Манай аав аав Жанлав гэх хүн 2017 оны 09 сард нас барсан юм уг манай аавын адууг манай эгч Атархүүгийн хүүхэд Д.М хариулдаг байсан юм тэгээд би өөрийн малаа зүсэлж авахаар болоод Д.Мыг дуудсан чинь ирэхгүй байсан тэгэхээр нь би Д.Мыг Хөтөлөөс олоод Мангирт гэх газар манай өвөлжөөнд ирсэн тэгж замд явж байхдаа Д.М хэсэг хэсэг газар зогсоод архи уугаад яваад байсан юм би тухайн үед жирэмсэн байсан болохоор Д.Мыг чи гэртээ харьж амраад өглөө 2-лаа малаа ялгая би хашсан байгаа гэж хэлсэн тэгсэн Д.М гэртээ хариад буцаж машинтайгаа хадам аав Со, малчин Төмөрөө нартай цуг манай гэрийн гадаа ирсэн би машин ирэх чимээгээр нь би малчин Д.Быг за гараарай наадах чинь мал хашаанаас гаргачихна хашааны амыг уяарай гэж хэлсэн чинь Д.Б эхлээд гарсан араас нь На бид нар гарахад Д.Быг чи муу юу юм барьж аваад нүүрлүү нь хэд хэд цохисон тэгэхээр нь На эгч боль гээд яваад очсон На эгчийг бас цохисон тэгтэл Мө На эгчийг өмөөрөөд Д.Мыг салгасан тэр үед бас Бу яваад очтол Буыг чи муу юу юм чам шиг гуйлгачинд нэг ширхэг ч адуу өгөхгүй гээд шанааруу нь нэг удаа цохиж байгаа харагдсан тэгээд би Баянголын цагдааруу дуудлага өгсөн. Д.М манай нөхөр Буыг доромжлоод цохихоор нь би цагдаа дуудахаар машинруу орсон юм хэн цохиж гэмтээснийг би мэдэхгүй. Д.Быг хашааны уяа татах гээд байж байтал Д.М адуугаа хашаанаас гаргах гээд Д.Бын нүүрлүү гараараа цохиод, нуруулуу өшиглөөд байсан тэр үед На эгч салгах гээд очсон чинь бас зодуулсан. Д.М Хөтөлөөс ирж байхдаа замдаа зогсож архи уугаад байсан тэгээд л манай гэрт ирж агсам тавьж байгаа юм, манай аав Жанлав, Д.М, миний адуу нийлсэн болохоор ялгаж авах гээд хашсан чинь үүнээс болж маргаан болсон яг үнэндээ Д.М надад адуу өгөхгүй гэж л маргаан гарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Ж.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… 2017 оны 12 сарын 03-ны өдөр Мө эгчийнд адуу мал салгана гэхээр нь ирсэн байсан юм тэгсэн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн орой 23 цагийн үед байхаа Д.М машинтайгаа согтуу ирээд адуугаа гаргаж авах гээд маргаан болсон би гэрээс гартал Наийг цохиж зодоод байхаар нь голоор нь ороод салгасан тэгээд би Наийн гэрт ороод унтаад өгсөн. Мэдэхгүй байна би Д.Мыг боль гээд түлхсэн тэгээд салгаад л ороод унтаад өгсөн. Д.М адуунаас болж 2 эгчтэй маргалдсан тэгээд л согтуу ирчихээд агсам тавиад дээрх асуудал болсон юм. Д.Мыг явсны дараа Д.Бын нүүр нь хавдсан байдалтай байхаар нь яасан юм гэсэн чинь Д.М цохисон гэж байсан надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Л.Бу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:....… Би Ж.Мөтай гэр бүл болоод 4 жил болж байна. Манай эцэг хадам аав Жанлив гэдэг хүн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөд болсон юм. Энэ хүний 400 тооны адууг түүний том охин Атархүүгийн хүүхэд Д.М малладаг юм. 2017 оны 11 дүгээр сард Ж.Мө идэшний нэг адуу авахаар Ж.На эгч бид хоёр очход нэг муу туранхай шүдлэн байдас уячихсан байсан. Тэгээд би аваад очтол эхнэр Ж.Мө аав, ээжийхээ буянаас ийм мал идээд яахавдээ өөрийн хэдэн адуугаа ялгаж авъя гэж яриад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 азарга адууг бөөгнүүлж хашаад Д.Мыг дуудсан чинь ирэхгүй байсан. Тэгэхээр нь хөтөл очоод дагуулж ирсэн. Тэгсэн адуун дээрээ очихгүй шууд гэрлүүгээ явсан. Удаачгүй 23 цагийн үед Д.М хадам аав Со, адуучин Төмөрөө нарыг дагуулж ирээд адуугаа гаргана гээд маргаан болсон. Уурлаад Быг цохиод байхаар нь Ж.На эгчийг хөшиглөхөөр нь би очоод салгасан чинь чам шиг нүцгэн гуйлгачинд нэг ширхэг шир байхгүй гээд хөшиглөөд цохисон тэгэхээр нь би зөрүүлж цохиод машиндаа суусан. Миний зүүн хөлийн шилбэрүү хөшиглөөд, баруун шанааруу гараараа цохисон. Хаана цохисоноо санахгүй байна нэг мэдсэн хамраас нь цус гарсан байсан. Надад учирсан гэмтэл байхгүй, эмчид үзүүлээгүй, харин малчин Бын нүд нь хавдсан толгой тархи нь хөдөлсөн гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт:............
2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 13 дугаартай .....
1.Д.Бын тархи доргилт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Хэзээ үүсгэгдсэн нарийвчлан тогтоох боломжгүй эмчийн тодорхойлолтонд тулгуурлан дүгнэлт гаргав.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 45 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 42 дугаар хуудас/,
Хохирогч Д.Бын шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй гэх бичгээр гаргаж ирүүлсэн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг бусдад адуу хашиж өглөө гэж шалтаглан эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч А.Солийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Д.Төын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч Ж.Наийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ж.Мөын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Ж.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, гэрч Л.Буын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Мыг хохирогч Д.Бын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Мыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг бусдад адуу хашиж өглөө гэж шалтаглан эрх чөлөөнд нь халдаж нүүрэн тус газарт цохиж биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Д.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Дамдингийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.Мыг торгох ялыг 02 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.