Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/369 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох ******* дугаартай, 208/2023/0059 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаяр, Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, , мэргэжилтэй, ******* ******* туслах машинч ажилтай, ам бүл 5, эхнэр, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дүгээр баг, ******* дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/

Яллагдагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн хажууд *******той уулзаж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү хэсгийг гараараа боож улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2023 оны дугаар сарын 25-ны өдрийн №28 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:   Шүүгчийн захирамжийг 2023 оны сарын 19-ний өдөр хүлээн авч, эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлийг баримтлан прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг огт дурдалгүйгээр хэт ерөнхий дүгнэж хуульд заасан заалтыг бичсэнээс шүүгчийн захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчин 2023 оны 06 сарын 28-ний өдөр яллагдагчаар татагдвал зохих *******аас сэжигтнээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил мөн боловч шүүхээс хэргийг прокурорт буцааснаар дахин засуулах боломжгүй бөгөөд дээрх сэжигтний мэдүүлэг нь шүүхээс шүүгдэгчийг цагаатгах эсхүл шийтгэх шийдвэрийн аль нэгийг гарахад нөлөөлөхүйц ажиллагаа бус, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Шүүгчийн захирамж нь шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны сарын 15-ний өдрийн 2023/шз/369 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрч оролцуулахаар хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзсэн. ... Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хуульд нийцсэн байдлаар шийдвэрлэх ёстой. Үнэхээр ийм асуудал байгаа бол тогтоолоо хэрэгсэхгүй болгоод, сэжигтнээр асуусан гэрчийн мэдүүлгээ хүчингүй болгох хэрэгтэй. Миний зүгээс буцаасан нь зөв, буруу гэж хэлэх зүйлгүй байна. Буцааснаараа ашиггүй нөхцөл байна гэж харж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...Шүүгч нь яллагдагч *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцаагүй мөртлөө сэжигтнээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурорын зүгээс уг шүүгчийн захирамжийг хүлээж авах боломжгүй. Хүлээж авсан ч биелүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн гол агуулга нь нэгэнт сэжигтнээр мэдүүлэг авсан, тухайн яллагдагчид сэжигтний эрх, үүрэг танилцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр заалтыг ноцтой зөрчсөн байна. Гэхдээ одоо үүнийг шүүгчийн захирамжаар биелүүлэх боломжгүй гэж үзсэн. Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч *******т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2023 оны дүгээр сарын 08-ны өдөр 360 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч түүнд холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлаж хэрэглэжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан сэжигтний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-д заасан нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж авсан, 6.14-д зааснаар хэрэгт сэрдэгдсэн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болох нь нотлогдож байх тул хэргийг Прокурорт буцааж хууль зөрчиж авсан нотлох баримтаа хүчингүй болгох эсэх асуудлаа шийдвэрлүүлсний эцэст түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/369 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/369 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны дугаар сарын 25-ны өдрийн №28 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг Прокурорт очтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ