Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/72

 

            Б.Батзоригт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

Нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Б.Батзоригт холбогдох 2331000100096 дугаартай, 175/2023/0142/Э/208/2023/0057 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батхуягийн Батзориг, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд төрсөн, ***** настай, ****эгтэй, ******** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-**** хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ******дугаар баг ***** хэсэг ***** тоотод оршин суух хаягтай, /РД:***********/

 урьд 11 удаа ял шийтгэл эдэлж байсан.

-1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

-2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

-2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

-2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар,

-2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1   дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар,

-2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар,

-2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хорих ялаар,

-2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар,

-2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,

-2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдэж байсан,

Шүүгдэгч Б.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 4-21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Одончимэгийг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоор нь банн, хана мөргүүлж, хэвлий, нуруу хэсэгт нь дэвсэж, цээж, нуруу хэсэгт нь гараараа цохиж зодож биед нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун хэсэг, уруулын баруун хэсэг, цээж нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-2022 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд хохирогч Б.Ганбатыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсныг нь далимдуулан түүний эзэмшдэг Хаан банкны виза картаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Батзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Батзоригт урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №134 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 09 /ес/-н жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Батзоригт оногдуулсан 09 /ес/-н жил, 06 /зургаа/-н сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзоригийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 6           сарын 12-ны өдөр хүртэл, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Батзоригт оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзоригоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 2-09 тоотод оршин суух хаягтай, РД: МЬ68110713 Б.Ганбатад олгож, хохирогч Х.Одончимэг нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Батзоригоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Батзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Б.Батзориг миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08-р сарын 25-ны өдрийн 158 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

Уг шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон нийт 9 жил 06 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 1-р зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг буюу хохирогч Б.Ганбат гэх хүний картнаас 1,000,000 төгрөг аваагүй болохоо анхнаасаа мэдүүлж, энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй болохоо мэдүүлсээр ирсэн. Чухам яагаад намайг энэ гэмт хэрэгт буруутай гэж үзэж байгааг миний бие ойлгохгүй байна. Хохирогчийн картнаас намайг мөнгө авсан гэдгийг нотлох хөдлөшгүй баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Хохирогч л намайг гэж заагаад байгаа боловч би хохирогчийг огт танихгүй, мэдэхгүй мөн тэр хүнтэй хамт архи ууж байсан талаараа ч мэдэхгүй байна. Б.Ганбат нь тухайн өдрийн өглөө ганцхан надтай биш надаас гадна 2 хүнтэй хамт архи уусан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн дурьдагдсан хүмүүсийг ч байцаагаагүй, тэнд би яг байсан нь үнэн эсэхийг юугаар ч нотолж тогтоогоогүй. Камерийн бичлэг дээр намайг байсан гэж мэдүүлсэн байдаг ч уг бичлэг хэрэгт авагдаагүй. Мөн намайг бичлэг дээрээс толгойн хэлбэрээр таньсан гэсэн мөртлөө малгайтай байсан гэдэг. Царай төрхөөр биш малгай өмссөн байхад толгойн хэлбэрээр таньсан гэдэг нь хоорондоо огт авцалдахгүй байна. Иймээс дээрх хэргийг намайг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, нотлоход эргэлзээ үүсч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2023.08.25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолд “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн атлаа миний эдлэх ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр тогтоосон нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн гэж үзэж байна. Миний бие унаж татдаг өвчтэй, энэ өвчнөөрөө 2016 оноос эхлэн шаналж байна. Байнгын таталтын эсрэг эм тариа хийлгэж, эмчийн хяналтанд байж аргацаадаг.

Иймд миний эрүүл мэндийн шалтгаан болон бусад байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээ огт хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хүртэл хэлж байсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар хөдлөшгүй нотлох баримт огт байдаггүй. ...Шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэхдээ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэх дүгнэлт байдаг ч оногдуулсан ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргасан өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч үндэслэл бүхий дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Батзоригт холбогдох эрүүгийн 2331000100096 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Батзоригийн зүгээс гаргасан “...дээрх хулгайн би үйлдээгүй, намайг уг хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, нотлоход эргэлзээ үүсч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2023.08.25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолд “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн атлаа миний эдлэх ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр тогтоосон нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн гэж үзэж байна. Миний бие унаж татдаг өвчтэй, энэ өвчнөөрөө 2016 оноос эхлэн шаналж байна. Байнгын таталтын эсрэг эм тариа хийлгэж, эмчийн хяналтанд байж аргацаадаг. Иймд миний эрүүл мэндийн шалтгаан болон бусад байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Батзоригийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 4-21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Одончимэгийг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоор нь банн, хана мөргүүлж, хэвлий, нуруу хэсэгт нь дэвсэж, цээж, нуруу хэсэгт нь гараараа цохиж зодож биед нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун хэсэг, уруулын баруун хэсэг, цээж нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд хохирогч Б.Ганбатыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсныг нь далимдуулан түүний эзэмшдэг Хаан банкны виза картаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нь хулгайлан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

а/Хохирогч Х.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Батзориг банны өрөөнд орж ирээд миний үснээс зулгааж улмаар миний толгойг банн, хана мөргүүлж миний хэвлий нуруу хэсэг рүү хөлөөрөө дэвсэж зодсон. Мөн гараараа миний бие цээж, нуруу гээд бүх л газар цохисон. Би Амараа, Ганаа нараас туслаарай гэж хэлсэн боловч орж ирээгүй. Тэгээд би ухаан алдчихсан юм шиг байсан. Нэг мэдсэн би 00 өрөө рүү орж байсан бөгөөд Ганаа “Одноо эгчээ та зүгээр үү эмнэлэг дуудах уу” гэж хэлж байсан. Тэгээд Батзориг дахиад агсраад над руу дайртал Ганаа “Та одоо болиоч ээ. Энэ хүнд цохих газар алга” гэж хэлээд Батзоригийг надаас холдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

б/Гэрч Б.Ууганчимэгийн өгсөн “....дээрх үйл явдал болсны дараагаар би ээжийг эмнэлгээр дагуулаад явж байх үеэр ээж “Батзориг намайг эхний удаа зодоогүй. Өмнө нь бас намайг зодож байсан. Би тухайн үед хэнд ч хэлээгүй тас нуучихсан юм. Цагдаад ч энэ талаар хэлээгүй. Миний хувьд дээрх хэрэгт маш их гомдолтой байна. Миний ээж Батзориг гэж хүнд зодуулж толгойдоо гэмтэл авч улмаар хагалгаанд орж гайгүй болсон. Одоо мөн нуруу хүзүүнд нь гэмтэл авсан байна. Энэ гэмтэл нь хагалгаанд орохоор хэмжээний гэмтэл гэдгийг эмч нар хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд эмч нар уламжлалт аргаар эмчилгээ хийж байна. Мөн тархинд учирсан гэмтлийн улмаас цаашдаа тархины эм болон таталтын эмийг байнга л уудаг болоод байна. Манай ээжийг 3 хоног гэрт нь түгжээд зодсон нь үнэхээр зэрлэг аймшигтай байна. Б.Батзориг манай ээжийг зодсоныхоо дараа л эмнэлэгт хандсан бол манай ээжийн эрүүл мэнд одоо бас арай гайгүй байх байсан байх. Тухайн эмээ уухгүй бол амь насаа ч алдаж болзошгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

в/Гэрч Г.Нараагийн өгсөн “...Манай гэрт ирэхэд нь харж байснаар бол архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн л агсан согтуу тавьдаг хүн байна лээ. Б.Батзориг, Х.Одончимэг нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргаж муудалцаад л Б.Батзоригт зодуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/

д/Гэрч Б.Ганзоригийн өгсөн “...Ингээд би өглөө сэртэл Х.Одончимэг эгчийн нүүр нь хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан байсан. Би тухайн үед Х.Одончимэг эгчээс юу болсон талаар асуухад Х.Одончимэг эгч надад юм хэлж чадахгүй толгойгоороо Б.Батзориг ах руу заах дохио үзүүлээд байсан. Миний бодлоор бол Б.Батзориг ах Х.Одончимэг эгчийг зодсон бололтой байсан. Тэгээд л Х.Одончимэг эгч хэлж чадахгүй толгойгоороо дохиод байсан юм шиг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/

е/Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн: “...Х.Одончимэгийн биед баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун хэсэг, уруулын баруун хэсэг, цээж, нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.Одончимэгийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/

ё/Хохирогч Б.Ганбатын өгсөн “...Тэр хүмүүс дунд Зоригоо гэх хүн байсан ба бид хамт шар 5 давхрын 4 дүгээр байр луу явах замдаа Вокзалын замын ард байрлах дэлгүүрээс 0.75 литрийн архи авахад миний картаас уншуулсан. Тухайн үед надтай хамт Зоригоо гэх залуу байсан ба картын нууц үг нь 1008 гэж хэлснийг сонссон. Бид архиа аваад Зоригоо бас 1 үл таних залуугийн хамт таксинд суугаад шар 5 давхрын 4 дүгээр байр руу буюу Одончимэгийн гэрт очсон. Гэрт нь ороод бид авсан архиа хувааж уусан бөгөөд би тухайн үеэс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Одончимэгийн гэрээс би тухайн өдөр 14 цагийн үед гараад эгчийнхээ оёдлын цех дээр ирээд жаахан унтаж амраад маргааш өглөө нь буюу 26-ны өглөө нь гараад өөрийн маань карт байхгүй байгааг мэдсэн. 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө дансыг хартал 800.000 төгрөгөөр нэг, 200.000 төгрөгөөр нэг, мөн бага багаар АТМ-ээс мөнгө гаргаж авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...би өргөдөл Цагдаагийн байгууллагад өгөөд АТМ бичлэгийг Хаан банкны миний картаас мөнгө уншиж гарах үеийн бичлэгийг Хаан банкны намхан шар охинд хандаж байгаад үзсэн. Тэр бичлэгт Зоригоо хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай байсан Зоригоо ганцаараа явж байсан. Би Зоригоог толгойны хэлбэр царайгаар нь таньж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106, 110-111 тал/

ж/Гэрч Х.Одончимэгийн өгсөн “...Миний санаж байгаагаар тухайн өдрийн өглөө Батзориг, Ганаа 2 гаднаас 1 хүнтэй хамт орж ирж гэрт архи уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 115-116 тал/

з/Гэрч С.Түвшинжаргалын өгсөн “...2022 оны 10 сарын үед байх үдээс хойш ажил тарах үеэр нэгэн иргэн манай банканд хандаад “Би данснаасаа мөнгөө алдчихлаа. Би өөрөө мөнгөө аваагүй. Өөр хүн авчихлаа. Хэн авсан талаар би хармаар байна” гэж хэлээд орж ирсэн. Түүний дагуу би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Түшиг” дэлгүүрийн хажуугийн АТМ-ны камерын бичлэгийг үзүүлсэн. Гэтэл тухайн хүн “Энэ өчигдөр надтай хамт архи уусан Батзориг байна.” гэж хэлж байсан. Би “Та энэ хүнийг таних юм уу” гэж асуухад тухайн хүн “Би танина танина” гэж хэлээд гарсан. Тухайн хүн би зургийг нь дараад авчихъя” гэж хэлэхээр нь би “Манайх Цагдаагийн байгууллагад л мэдээлэл өгдөг юмаа” гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118 тал/

и/Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/794 дугаартай албан бичгээр ирүүлсэн 99490701 дугаартай утасны мэдээлэл /хх-ийн 27-28 тал/

й/Скайтел ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/285 дугаартай албан бичгээр ирүүлсэн 91490701 дугаартай утасны мэдээлэл /хх-ийн 29 тал/

к/Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 07 минутад Х.Одончимэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35 тал/

л/Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-74 тал/,

м/Хохирогч Х.Одончимэгийн эмчилгээний баримт зодуулсан үе болон эмчилгээ, хагалгаа хийх үеийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 тал/,

н/Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Х.Одончимэгийн өвчний түүх /хх-ийн 59-72 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Б.Батзоригийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан гэж дүгнэж, 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 07 жилийн хорих ял,  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Б.Батзориг нь Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах хамтран амьдрагч Х.Одончимэгийн гэрт архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрх чөлөөнд санаатай халдаж зодон биед нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, мөн хамтран архидан согтуурсан Б.Ганбатын банкны виза картыг хууль бусаар эзэмшилдээ оруулан сэм аргаар картнаас 1.000.000 төгрөгийг хулгайлан авсан ба анхан шатны шүүх хуралдааны шатанд хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тул түүнд уг үйлдэлд нь 07 жилийн хорих ялыг сонгож оногдуулсан, хулгайлах гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй оролцсон боловч түүнд хулгайлах гэмт хэргийн ялын хэмжээ хүрээнд 06 сарын хорих ял тус тус оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Батзоригт өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг тухайн хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн үндэслэлээр хүчингүй болгож,  түүний нийт эдлэх ялын хэмжээг 09 жил 06 сарын хугацаагаар тогтоож, ял шийтгэлийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д шүүгдэгчийн ял эдлэх дэглэмийг тогтооход түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тогтоодог зарчимтай бөгөөд шүүгдэгч Б.Батзоригийн гэмт үйлдлийн улмаас хамтран амьдрагч эмэгтэйн биед хүнд гэмтэл учирсан, хулгайлах гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг нөхөн төлөөгүй, удаа дараа гэмт хэрэг үйлдэж гэмшиж ухаараагүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний гомдлоор хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.   

5. Шүүгдэгч Б.Батзоригийн зүгээс хохирогч Б.Ганбатын банкны картыг хууль бусаар эзэмшилдээ оруулж 1.000.000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч хохирогч Б.Ганбаттай тухайн өдөр хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Б.Ганбат өөрийн эзэмшлийн картнаас мөнгө авч байгаа хүний бичлэгийг тус банканд хүсэлт гаргаж үзээд шүүгдэгч Б.Батзориг болохыг шууд таньсан, түүнийг нь банкны ажилтан гэрчилж байгаа зэрэг баримтууд түүний гэмт үйлдлийг нотолж байх бөгөөд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй, түүнийг цагаатгах баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

6. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.Батзоригт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ