| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00004/Э |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 00022
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.От холбогдох 1732000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдрах, * оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шанжин овогт Маамын О. /РД: */
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч М.О нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Төын амь насыг хохироосон, Б.Пийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оын өгсөн ……2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дүү МО манайд ирж түлээний мод бэлтгэе гэж хоносон. Тэгээд өглөө нь манайхаас доор байдаг айлын хүүхэд хүрч ирээд дээд айлаас ямаа хүргээд өгөөч гэхээр нь ямааг нь хүргэж өгсөн. Тэгсэн цас орсон чинь МО дүү намайг машинаа унаад харьчихаарай гээд өөрөө замын унаанд суугаад Түнхэл явсан. Тэгээд би гэртээ хариад байж байгаад үхрээ харах гээд машиныг нь асаагаад цааш талийгаач Төрмандах ахынхаар сонин юу байна гэж очсон чинь талийгаач, П 2 төв явах юм уу гэхээр нь надад ажил байхгүй гээд та хоёр ажилтай бол гурвуулаа явъя гэсэн чинь тэгье тэгье хонио хашчихаад цуг явцгаая гээд гурвуулаа төв явахаар болж Түнхэл орсон. Түнхэлээс гарахын өмнө айлаар орж би 0,33 граммын архи авч талийгаач бид 2 хувааж уусан. Тэгээд явж байгаад замдаа нэг айлаар орсон талийгаач 0,5 граммын архи авсан байсан. Тэрийг нь тэр айлд 2 хүнтэй хамт хувааж уусан. Надад 1 хийж өгөхөөр нь тэрийг нь татчихаад та нар уу гээд би уугаагүй юм.Тэгээд тэд нар архиа хувааж уугаад цааш хөдөлсөн. Цаашаа явж байсан чинь манайд айлын тавиул үхэр байдаг тэрийг явж байна гэж сонсогдоод тэрийг харах гэж явж байгаад нэг мэдсэн чинь машин уначихсан.Тийм л зүйл болсон. Хохирол төлбөр оршуулгын зардалд 9422000 төгрөг төлсөн. МОын машиныг нь янзлуулж амжаагүй. МО машинаа авахгүй мөнгийг нь гаргаад өгчих гэж хэлсэн. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Цын өгсөн …… М.Оаас 9422000 төгрөгийг манайх нэхэмжилсэн байгаа үүнийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн 49 хоног дээр нь 1400000 төгрөгний зардал гарсан байгаа гэхдээ үүнд баримт бүрдүүлээгүй байгаа. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пийн өгсөн ...... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М.О цагаан өнгийн Портер машин унаад манайд ганцаараа ирсэн юм. Тэгтэл М.О Түнхэлийн төврүү явна гэхээр Тө бид хоёр дайгдаж явчаад ирье эгчид нь бензин тосны мөнгө төгрөг байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд М.Оын унаж явсан цагаан өнгийн машинтай Түнхэлийн төвд харанхуй болсон хойно ирсэн. Түнхэлд ирээд би ангийнхаа хүүхэнтэй уулзах ажилтай байсан болохоор тэр хүүхэнтэй утсаар яриад ажлаа амжуулсан. Түнхэлчимэг нэртэй хүнсний дэлгүүрт би эхэлж ороод нэг тамхи нэг ундаа, 05 шилтэй архи авсан. Миний араас О орж ирээд 0.5 шилтэй архи авсан. Дэлгүүрээс гараад бор Мө гэх айлд очоод Тө О нар архиа уусан. Тэгээд Мөгийн гэрээс гараад хөдөө харихаар явсан. Замдаа Да гэх айлд орж миний авсан архийг Тө, О, Да мөн нэг танихгүй хүн 4-лээ хамт уусан. Ингээд Да гуайн гэрээс 22 цаг өнгөрч байхад харихаар гарсан. М.О машинаа жолоодоод би дунд нь суугаад Төрбөт миний хажууд суугаад явсан. М.О доор манай үхэр байж магадгүй хараадахъя гээд жалга уруудсан уг жалга нь жоохон уруу байсан тэгсэн машин налуу хэсгээр нь явж байгаад гэнэт хажуу тийшээ өнхөрсөн тэгээд би ухаан балартсан уу юу болсон нэг мэдсэн машин ослын дараа Н.Төыг дуудсан дугарахгүй байсан тэгээд болохоо байлаа гэж мэдсэн. Ингээд О хамгийн ойр байгаа айл болох Баглат гэх Казак айлд очиж тусламж гуйжэ мотоциклоор нь Тосгоны төврүү би хүргүүлж Цагдаагийн хэсэгт мэдэждэж, дараа нь эмнэлэгт мэдэгдсэн. Одоогоор баруун гар хугарсан болохоор сойлт тавиад эм тариа авч байгаа эмчилгээний зардалд 128.450 төгрөгний зардал гарсан байна уг баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгье цаашид эмчилгээнд гарах зардлыг баримтаар өгөх болно. Би үхрээ сааж сүүгээ зарж орлогоо олдог байсан, нөхөр Н.Тө маань нас барлаа өөрөө гэмтлээ миний эмчилгээнд гарах зардлыг би өөрөө баримтаар өгнө. М.О гэх залуу өөрөө эхнэр, 4 хүүхэдтэй миний эмчилгээний зардлыг дор дор нь гаргаад өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч О.МОын өгсөн ..... Иргэний хариуцагчаар тогтооход татгалзах зүйл байхгүй ослын улмаас эвдэрч гэмтсэн машин нь миний эзэмшлийнх байгаа юм.С.Се гэх Түнхэлийн залуу надтай ярилцаж байгаа тухайн үед өөрт байсан Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр авахаар болоод надад өөрийн Портер маркийн 50-00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1 тооны үхэр, бэлэн 400.000 төгрөг өгсөн юм. Би үнэлгээ тогтоолгож гарсан үнэлгээг М.Оаас нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хйисэн акт № 42 .......
1.Талийгаач Н.Төын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хөмсгөнд шарх, баруун, зүүн хөмсөгний дээд хэсэгт гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, зүүн нүдний зовхины гадна хэсгээсзүүн чихний доод хэсэгрүү чиглэсэн язарсан шарх, баруун гарын чигчий хурууны гадна хэсэгт шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, чихний гадна дээд хэсэг хуйх, хүзүүний зүүн хажуу хэсэг, зүүн мөрний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой амь насанд аюултай, шууд үхэлд хүргэх гэмтэл юм.
2.Талийгаач Н.Төын цогцост үхэлд хүргэхархаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3.Талийгаач Н.Тө нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шинжээчийн дүгнэлт......
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 227.....
1.Пийн биед баруун гарын тохойн, бугуйн үенүүдэд үе дайрсан сэлтзрсэн хугарал, бугуйн үений дор болон тохойн үений ар талд шарх, тархины доргилт,баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт, шуу, алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тоггоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар апдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэх /ХХ-ийн 46 дугаар хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шинжээчийн дүгнэлт: 10480...........
1. Шинжилгээнд ирүүлсэн Найдангийн Тө 49 настай, эрэгтэй Сэлэнгэ Мандал гэсэн хаягтай цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх /ХХ-ийн 49 дүгээр хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шинжээчийн дүгнэлт: 10478...........
1.Шинжилгээнд ирүүлсэн М.О гэсэн хаягтай цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /ХХ-ийн 52 дугаар хуудас/
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шинжээчийн дүгнэлт: 51 ...........
1.Жолооч М.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 2.7.а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.
2. Жолооч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5,
2.7.а/, 9.1 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх /ХХ-ийн 59 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-12 дугаар хуудас/
Хохирогч Н.Төын нас барсаны гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
Хьюндай Портер маркийн 50-00 СЭА улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 28 дугаар хуудас/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ний эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ-ийн 57 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /Хх-н 72 дугаар хуудас/
Н.Оын жолооны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 73 дугаар хуудас/
Н.О нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 75 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай Н.От холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 77-79 дүгээр хуудас/
Н.От холбогдох эрүүгийн хэргийн хохирлын тооцоо /ХХ-ийн 82 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цд хохирол төлсөн баримт /Хх-ийн 83 дугаар хуудас/
Хохирогч Б.Пийн хохирол нэхэмжилсэн баримтууд /ХХ-ийн 87-88, 0-81 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цын хохирол нэхэмжилсэн баримтууд /ХХ-ийн 94-101 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цаас шүүх хуралдаанд ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч М.О нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Төын амь насыг хохироосон, Б.Пийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч М.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон ба уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг уг тусгай ангид заасан доод хугацаагаар хасч, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц, хохирогч Б.П нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Оаас 1471500 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 2-40 тоотод оршин суух Боржигон овогт Оюуны МОт /МР91052829/ олгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч М.Оыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг хохироосон, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 01 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Од оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц, хохирогч Б.П нарт төлөх төлбөргүй дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Оаас 1471500 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 2-40 тоотод оршин суух Боржигон овогт Оюуны МОт /МР91052829/ олгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Оын № 438455 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.