Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/75

 

Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар

    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч Д.Мөнхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, Ө.Өлзиймаа /цахим/

Шүүгдэгч Б.Төмөрхүүгийн өмгөөлөгч Э.Уянга /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Мөнхбаатарын давж заалдах гомдлоор Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар нарт холбогдох 2332000210038 дугаартай, 149/2023/0056/Э/208/2023/0052 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Бямбажавын Амарбаясгалан, Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн *** хороо, ********** оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/, урьд

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №113 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан.

 Харнууд овгийн Бямбын Төмөрхүү, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын*****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ****настай, ****эгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын****** дугаар баг, ******тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, /РД:******/, урьд

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №155 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.

Харчин овгийн Дашдондогийн Мөнхбаатар, /Монгол Улсын иргэн, *****оны *****дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******суманд төрсөн, ***** настай, ***эгтэй, ****** боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******дугаар баг, ******тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, РД:********/, урьд

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дугаар шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт тус тус зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын баривчлах ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан.

Шүүгдэгч Б.Амарбаясгалан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил" караоке дотор иргэн Д.Мөнхбаатартай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.Төмөрхүү нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн Д.Мөнхбаатартай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан;

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 24 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн Б.Амарбаясгалантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Д.Мөнхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Сартуул овгийн Бямбажавын Амарбаясгаланг Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харнууд овгийн Бямбын Төмөрхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харнууд овгийн Дашдондогийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарбаясгаланг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөрхүүг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарыг 500 /таван зуун/ нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар нар нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нараас 2387867 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 29-02 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Дашдондогийн Мөнхбаатарт олгож шийдвэрлэснийг шүүх хуралдаан дээр дээрх хохирол төлбөр болох 2387867 төгрөгөөс шүүгдэгч Б.Амарбаясгалан 1193933 төгрөг, шүүгдэгч Б.Төмөрхүү 1193933 төгрөг нийт 2387867 төгрөгийг хохирогч Д.Мөнхбаатарт төлсөн бөгөөд нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалин 3360000 төгрөг, нүдний болор суулгах хагалгаа хийлгэхэд гарах зардалд 5800000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд гарах эмчилгээний зардалд 2000000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Мөнхбаатар нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эртэй мөн хохирогч Д.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан,

Энэ хэрэгт Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Мөнхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /СЭ/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж гэм буруутай тооцсоныг Д.Мөнхбаатар би эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Нэгд: 2023 оны 01 сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дахь Оргил караокед үйлчлүүлэхээр орох үеэс тус караокены гадаа нутгийн хүмүүс намайг гадуурхсан байдлаар үг өдөж таарамжгүй харьцаа үүсгэж байсан. Баранд орсон хойно миний сууж байсан ширээн дээр ирж зориуд хэрүүл маргаан үүсгээд байсныг нь би зодуулах хүртлээ тэвчээд байсан ч сүүлдээ намайг хүчээр татаж газарт унаган олуулаа дээрэлхэж миний биед халдаж улмаар Б.Амарбаясгалан гэж залуу над руу пивоны шилэн аяга шидэж миний баруун нүдийг маань гэмтээж эрүүл мэндэд гэм хор учруулсан. Одоо би гэмтсэн баруун нүдээ байнга алчуураар нулимсыг нь арчаад аргаж өвдөх зовиур шаналгааг бие дээрээ амсаад үнэхээр хүнд байдалтай байгаа. Намайг Б.Амарбаясгаланд хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэж буруутгасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нүдэнд шилний хагархай орж гэмтэх үед надад маш их өвдөлт мэдрэгдэж миний ойр хавьд ямар хүмүүс байгааг би олж харах боломжгүй, миний ухаан санаа балартаад яг ямар үйлдэл хийж байгаагаа би мэдээгүй, одоо ч санахгүй байгаа. Харах эрхтнээс цус гоожиж өвдөж байхад ямар ч хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй юу хийж байгаагаа ухамсарлах боломжгүй учир би Амарбаясгаланг санаатайгаар цохиж зодсон зүйл байхгүй учир намайг ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрд: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нарыг ЭХТА-ын 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж. Д.Мөнхбаатар намайг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол бүлэглэж учруулсан шүүгдэгч нарын ял, эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж би үзэж байна. Шүүгдэгч Д.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нарт оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь тэдний гаргасан үйлдэл, учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдснээс хойш огт төлөхгүй эмчилгээ хийлгэх боломжгүй хохироосон, хүний эмзэг харах эрхтнээс салгасан хор уршгаас болоод би баруун нүдний маань цөцгий гоожоогүй боловч хорвоог бүрэн харах чадвараа алдаж гэмтсэн нүдээрээ 1 метрийн зайд цагаан дүрс бүрэлзэж харах төдий болж хохирсон нөхцөл байдалд хүргэчхээд 600,000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, надад маш их гомдолтой байна. Иймд Д.Мөнхбаатар намайг ЭХТА-ын 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч Д.Амарбаясгалан Б.Төмөрхүү нарт оногдуулсан ял эрүүгийн хариуцлагыг тэдгээрийг гэм буруутай үйлдэл тохирсон ял хариуцлагыг оногдуулж өгнө үү, өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Мөнхбаатар нь Б.Амарбаясгаланд хөнгөн зэргийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогоогүй. Хохирогч өөрийг нь зодсон хүнийг сайн харсан гэж мэдүүлсэн  байхад шүүх ямар үндэслэлээр эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн бэ. Бидний зүгээс эргэлзээтэй нотлох баримт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууритай байна.

Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нарт оногдуулсан ял эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохироогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдал  сайнгүй байгаа. Хагалгаа хийлгэсэн нүд нь харааны чадвар байхгүй болсон. 100 хувь хараагаа алдсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт яаж гарч байна вэ? “...6 сарын дараа сэргэх боломжтой...” гэж дүгнэсэн. Хагалгаа хийгэснээс хойш 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Эрүүл нүдрүү гээ халдах маягтай байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойшхи эмчилгээний баримтуудыг жагсаалтаар гаргаж өгөх нь  зүйтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэл буюу шинжээчийн дүгнэлт зөв гарсан уу гэдэгт маш том эргэлзээ үүсэж байна.

... Эрүүийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж” гэж заасан. Энэ гэмт хэргийн шинж нь өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр шийтгүүлж, 600.000 төгрөгөөр торгуулсан Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү нарт дээрх гэмт хэргийн шинж буюу 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тохирч байна. Магадгүй шинжээчийн дүгнэлтийг эргэж харахаас аргагүй байдал үүсээд Д.Мөнхбаатарын гэмтлийн зэрэг нь хүнд гэмтэл учирсан буюу хараа нь эргэж сэргэхээргүй гэж тогтоох юм бол гэмт хэргийн зүйчлэл өөрчлөгдөнө. Үүнийг анхан шатны шүүх хурлаар дахин хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүргээд байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна... гэв.

Шүүгдэгч Б.Төмөрхүүгийн  өмгөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын хувьд гэм буруу дээр маргаагүй. Хавтаст цугларсан нотлох баримтын хүрээнд авагдсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хуульд заасан эдэлбэл зохих хөнгөрүүлэх нөхцөлүүдийг бүгдийг нь хэлж оролцуулсан. Заавал нэг талыг барьсан, хууль бусаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №70 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан нар нь тус бүр 1.193.033 төгрөгийг гаргаад Д.Мөнхбаатарт 2.387.867 төгрөгийг төлсөн байдаг. Үүнд нэхэмжлэлээс авах ёстой байсан цалин 3.360.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгал төлсөн баримт байдаггүй. Хагалгаанд орсон гэх 5.800.000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэсэн эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч олгож шийдвэрлэх үндэслэлгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж тайлбарлаж байна. Энэ гэмт хэргийн шинж байхгүй. Харилцан зодоон болсон.

... Мөн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг шүүхийн шатанд сайн дураараа нөхөж барагдуулсан тул торгох ял шийтгэл оногдуулсан. Д.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, 500 нэгжээр торгосон. Харин үүнд ял шийтгэл нь багадсан гэж бодож байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал яригддаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Амарбаясгалан, Б.Төмөрхүү, Д.Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 2332000210038 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Д.Мөнхбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ. 

2.Шүүх хэргийг хүлээн авч Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан, Д.Мөнхбаатар нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэн тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Мөнхбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Амарбаясгаланг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөрхүүг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарыг 500 /таван зуун/ нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

3.Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж дүгнэв.

Учир нь: Дээрх хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн хэрэг болсон гэх өдрийн камерийн бичлэгийг үзэхэд хавтаст хэргийн 32-34 дүгээр талд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлтэй зөрүүтэй, уг тэмдэглэл хэт товчилсон байдлаар ойлгомжгүй бичигдсэн, анхан шатны шүүх уг тэмдэглэлийг яллах баримт болгон шийтгэх тогтоолд бичсэн нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг бий болгожээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн нөхцлийг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийх учиртай бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа нөхцөлд түүнийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, уг гэмт хэргийн шинжид хэрхэн тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар, шүүгдэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.Төмөрхүү, Б.Амарбаясгалан, Д.Мөнхбаатар нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ