Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01275

 

Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэр,        

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 201/МА2016/00035 дугаар магадлалтай,

Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй

Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт 2013 оны 11 сарын 15-ны өдөр туслах багшаар ажилд орсон ба удирдлагаас болон анги удирдсан багш нараас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан. Гэвч  цэцэрлэгийн удирдлага,  багш нар хэтэрхий хүний эрх зөрчсөн шаардлага тавьсан үед нь хэлэх үгээ хэлдэг, энэ байдал маань тэдэнд таалагдаагүй учир юм л бол үндэслэлгүй зэмлэж, хийх ёсгүй ажлыг хийлгэж, цалин урамшууллаас шалтгаангүй хасдаг байсан. Түүнд нь би гомдол гаргаж яваагүй. Намайг хүнд өртэй гэж сонссон дарга маань 2016 оны 01 сарын 02-ны өдөр бусдад төлөх өрөө төл, мөнгөө аваад ир, 01 сарын 15-ны дотор мөнгө олж ирэхгүй бол ажлаас чинь хална шүү гээд чөлөө өгсөн. Ингээд намайг 15-ны өдөр ирэхэд үйлчлэгчийн ажил хий гэхээр хийж байсан. Энэ үед миний цалин буурсан. Гэтэл 2016 оны 3 сарын 10-ны өдөр тушаал гаргаад ажлаас халсан. Тушаалд эцэг эхээс бэлэн мөнгө авч хүүхэд цэцэрлэгт оруулсан гэсэн. Би хэзээ ч эцэг эхээс бэлэн мөнгө авч хүүхэд оруулаагүй, тэрийг багш, дарга нар л өөрсдөө хийдэг. Намайг тушаал бууруулж үйлчлэгч болгосныг хүлээн зөвшөөрсөн боловч ажлаас халсанд гомдолтой. Миний хувьд хүмүүст өр зээлтэй нь үнэн. Гэхдээ би эцэг эхээс мөнгө авч байгаагүй. Сарантуяа гэдэг хүний хүүхдийг мөнгө авч цэцэрлэгт оруулсан асуудал бол би мөнгийг нь авч Болормаа багшид дамжуулсан л болохоос би мөнгө авч хүүхэд оруулаагүй. Энэ асуудлыг Болормаа багш гаргасан. Дараа нь Болормаа багш надаас гуйгаад байсан болохоор нь би хурал дээр өөрөө авсан мэтээр ярьсан. Мөнгийг нь Болормаа багш буцаагаад надад өгснийг нь би даргад өгсөн. Энэ мэтээр зөвхөн намайг л буруутгадаг. Цагаан сарын дараа намайг ажлаа хийгээд зогсож байхад арга зүйч Оюунцэцэг надтай зүй бусаар харьцаж, загнаж дарамталсан учраас миний сэтгэл санаанд маш хүндээр туссан. Тиймээс намайг Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд буцаан томилж ажилгүй байсан хугацааны цалинд 1.511.376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Юмжирдулам нь тус цэцэрлэгт 2013 оны 11 сарын 15-ны өдрөөс туслах багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 3 сард өөрийн буруугаас ажлаасаа халагдсан. Юмжирдулам нь 2 жил гаруй хугацаанд ажиллахдаа 2014 онд 1 удаа, 2015 онд 3 удаа, 2016 онд 2 удаа байгууллагын нийт ажилчдын болон ёс зүйн хорооны хурлаар орж албан бусаар хэд хэдэн удаа анхааруулга, сануулга авч байсан нь түүний ажлаа чанаргүй гүйцэтгэж, ёс зүйгүй ажиллаж байсныг нь харж болно. Эцэг эхээс мөнгө авсан бөгөөд 560.000 төгрөг олж ирснийг нь өөрийг нь байлцуулж байгаад хүмүүст нь өгүүлсэн. Цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд албан тушаал бууруулж үйлчлэгчээр ажиллуулсан. Энэ нь ёс зүйн хурлаар ороод дандаа анги удирдсан багш нар нь арга хэмжээ авахуулдаг байсан. Арга зүйч ажил дүгнэх болоод хийсэн ажлаа тайлагнаад бичээд ир гэхэд хийсэн ажлаа бичиж ирүүлдэггүй, шаардуулж байж хүнээр бичүүлээд ирдэг байсан. Манайх дотроо дотоодын хяналт шалгалтын комисстой бөгөөд уг комисс багш ажилчдын ажлыг дүгнэдэг. Тэр болгонд урамшууллаас нь хасаад яахав гэж бодож албаар үзүүлэлтийг нь өргөж 70-аас дээш оноо тавьж урамшуулалд нь хамруулдаг байсан. Энэ хүн үнэхээр ажлаа маш хангалтгүй хийдэг. Тэрээр шаардлага тавихад үл тоосон шинжтэй дээшээ хараад зогсоод байхаар нь дуугараач гэж хэлсэн нь ч үнэн. Хамт олон энэ хүнтэй ажиллахгүй гэж үзэн 88 хувийн саналаар ажлаас нь халах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлаас нь халсан. Дахин энэ хүнтэй хамтран ажиллах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Юмжирдуламыг Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 1329697 /нэг сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Юмжирдуламд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Юмжирдуламд олгох 1329697 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн санхүүд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 106425 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 201/МА2016/00035 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ201600752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль зөрчсөн, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 заалтыг огт хэрэглээгүй төрийн байгууллага болон түүний хамт олны хурлаар хэлэлцсэн дотоод журмыг үл хүндэтгэсэн зэргээр буруу шийдвэр гаргасан тул дээрхи шийдвэрүүдэд гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шийдвэрт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл нэхэмжлэгч Э.Юмжирдулам нь Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэг мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд заасан дараах зөрчлүүдийг гаргаж сахилгын шийтгэл хүлээж байжээ гэж дүгнэсэн нь зөв байсан.

Маргааны гол үндэслэл болсон Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2014.11,14-ний өдрийн А/29 тоот тушаал 2015.12.21-ний өдрийн А/35 тоот тушаал 2016.01,18-ний Б/07 тоот тушаал 2016.03.10-ний өдрийн Б/09 тоот тушаал тус бүрийн Э.Юмжирдуламын хөдөлмөрийн хууль, дотоод журам, ёс зүй зөрчсөн зөрчлийн үндэслэл, багшийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, цэцэрлэгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, багш ажилчдын хурлын тэмдэглэл, хуралд зөрчил гаргагч Э.Юмжирдулам биечлэн оролцож буруугаа хүлээж гаргасан зөрчлийн талаар гомдол гаргаагүй зэргийг зэргийг шүүх шийдвэртээ зөв тусгаж өгсөн.

Шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд шүүх: Э.Юмжирдулам нь Хэрлэн сумын 12-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа байнга утсаар ярьж ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөггүй, ажлын байраа орхиж явдаг, багш нарыг шаардлага тавихад харилцааны зөрчил гаргадаг, мөн ажилчид болон хүмүүсээс мөнгө аваад өгдөггүй, цэцэрлэгийн удирдлагууд зохих шаардлага тавихад өөрийгөө боомилох оролдлогыг ажлын байран дээрээ гаргасан зэрэг багшийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргадаг болох нь тус цэцэрлэгийн удаа дараагийн хурлын тэмдэглэлд тэмдэглэгджээ гэж шүүх зөв дүгнэсэн мөртлөө шийдвэр нь хөдөлмөрийн тухай хууль, дотоод журамтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл багш ажилчдын 2014.10.17-ны өдрөөр нэмэлт оруулсан Хэрлэн сумын 12-р цэцэрлэгт мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журам, боловсролын тухай хуулийн зохих заалт, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, хүүхдийн цэцэрлэгийн эрүүл ахуй аваар, осолгүйн дүрэм, хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого зэрэгт нийцүүлэн боловсруулсан манай хамт олны дотоод журмыг удаа дараа зөрчсөн Э.Юмжирдулам хүлээлгэсэн хариуцлагыг буруу гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь хэргийн жинхэнэ байдалд буруу дүгнэлт өгсөн, хуралд оролцсон оролцогч нарын хууль яриагүй хов базсан олон тооны гүтгэлэгүүдийг нотлох баримт болгож буруу шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх дээрхи алдаануудыг засаж залруулахгүй шүүхийн шийдвэрийг хуулж гаргасан явдал нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хэрэгт цугларан нотлох баримтаар нэхэмжлэгч Э.Юмжирдулам нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг зөрчсөн нь Монгол улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлагдаж байгаа ба мөн багшийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл болон дээрхи хуралд өөрөө биечлэн оролцож зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч дахин хөдөлмөрийн хууль дотоод журам зэргийг зөрчихгүй гэж хамт олны өмнө амлалт авч сануулах арга хэмжээгээ зөвшөөрч тэр тушаалд гомдол гаргаагүй ба мөн ёс зүйн болон хөдөлмөрийн хууль дотоод журмыг дахин зөрчихгүй гэж хамт олны өмнө амлалт авч албан тушаал бууруулах сахилгын зөрчилдөө ямар нэгэн гомдол гаргаагүй болно. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд хамт олны дотоод хэрэгт хэтэрхий оролцож нэг талыг барьж байгууллага хамт олны эрх ашгийг хохироож хууль журам, дүрэм зөрчсөн ёс зүйгүй ажилтныг ажилд нь эргүүлэн тавьж байгаа нь хөдөлмөрийн хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл маргааны талаар гомдол гаргах хугацаа өнгөрчихөөд байхад анхан болон давж заалдах шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1. 129.2 заасан дотор зөрчил гаргагч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр аль нэг байгууллагад гомдол гаргаагүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015.12.21-ний өдрийн А/35 тоот тушаалд эрхээ зөрчигдсөний мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, Э.Юмжирдулам нь ҮЭ-ний гишүүн манай байгууллагын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх коммист энэ талаар гомдол ирээгүй. Мөн эрхлэгчийн 2016.01,08-нгы өдрийн Б/07 тоот тушаал өөр ажилд буруу шилжүүлсэн гэсэн гомдлоо шүүхэд гаргаагүй ба харин хамт олны хурлаар өөрөө тушаал буурч ажиллая гэж зөвшөөрсөн, мөн анхан шатны болон давж заалдах шатны хуралд Э.Юмжирдулам болон түүний өмгөөлөгч урьд эрхэлж байсан ажил гэдэгт нь коридорын үйлчлэгчийн ажил албан тушаалдаа томилуулж өгөхийг хүсэж байгаа нь дээрхи тушаалыг өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Зөрчил удаа дараа гаргасан Э.Юмжирдулам нь 2016.03.10-ны өдрийн Б/09 тоот тушаалаас бусад тушаалуудыг хамт олны хуралд өөрөө хүлээн зөвшөөрдөг, дээрхи гурван тушаалд заасан маргааны талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй зэргээр хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх буруу шийдвэр магадлал гарсан тул дээд шүүх цэцэрлэгийн хамт олон тэдний хурлаас гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэж хамт олны хууль ёсны эрх ашгийн хамгаалж өгөхийг хүсэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б/09 дүгээр тушаал гаргаж, үйлчлэгч Э.Юмжирдуламыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хавтаст хэргийн 4 дүгээр дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлийг “ноцтой зөрчил” гэж тодорхойлжээ

Ажил олгогч нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Э.Юмжирдуламыг үйлчлэгчийн ажилд томилсон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн түүнийг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 1.329.697 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсанаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 201/МА2016/00035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төлсөн 106.425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ