Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 110/2018/0055/з |
Дугаар | 194 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 194
Г.Д-ын нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга,
Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь
Салбар зөвлөлд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаар “сонгон шалгаруулалт явуулах” захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хуралдааны шийдвэрийн “Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын орон тоонд” холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0158 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д-ын тус шүүхэд гаргасан Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай албан бичиг бүхий тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0158 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.
4. Давж заалдах шатны шүүх Баян-өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн ба миний бие Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн орон тоог “сул орон тоо” гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
5. Г.Д нь Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\07 дугаартай захирамжаар Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн Б\22 дугаар захирамжаар бүр томилогдсон. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул уг орон тоог сул орон тоо гэж үзэхгүй.
6. 3ахиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно", 46.2-т "Захиргааны актыг цуцлах хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах...тухайн акт хүчин төгөлдөр байна" гэж заасны дагуу Г.Д-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн Б\22 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.
7. Г.Д-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангаагүй тул уг албан тушаалыг эрхлэх эрх хамгаалагдахгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Г.Д-ыг ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эрх бүхий этгээдүүд болох Бугат сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нараас баталсан ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баталгаажилт хийгдсэн ажлын байрны тодорхойлолтууд нь маргаан үүссэн цаг үеэс хойш анхан шатны шүүхээс шаардах үед хариуцагчийн гаргаж өгсөн хувь нь маргаан үүссэн үед нөхөн хийсэн нотлох баримтууд байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Д-т хамааралгүй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан.
8. Төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтан болох Бугат сумын Засаг дарга Х.Х нь Г.Д намайг Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилохдоо хууль дүрмээ биелүүлээгүй нь тэр хүний хийсэн үйлдэл болохоос надаас шалтгаалсан зүйл биш, энэ бүх нөхцөл байдлаас болж төрд 35 жил тасралтгүй ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насандаа хүрч байгаа жирийн ажилчин хохирч үлдэх ёсгүй юм.
9. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаар албан бичгээр “сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай” захиалга хүргүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хуралдаанаас “уг орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар” шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “сул орон тоо үүсээгүй, бүр томилогдсон захирамж хүчин төгөлдөр байхад сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх үндэслэлгүй” гэж маргаж байна.
12. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх ба энэ тохиолдолд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан А ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн байгууллагад сул орон тоо үүссэн байна. Гэтэл захиргааны байгууллага нь ийнхүү сул орон тоо үүссэн байхад сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэхэмжлэгчийг уг албан тушаалд шууд томилсон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. Нэхэмжлэгчийн “сул орон тоо үүсээгүй” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу тухайн байгууллагад үүссэн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид давуу байдал олгож, хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим зөрчигдсөн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
14. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд тухайн албан тушаалыг эрхлэх эрхтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мэргэжлийн хувьд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, бага эмч мэргэжилтэй байна. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй этгээд уг чиг үүргийг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн орон тоог “сул орон тоо” гэж үзэх ба нэхэмжлэгчийн “жинхлэн томилогдсон тушаал хүчин төгөлдөр байгаа, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул сул орон тоо үүсээгүй” тухай гомдол үндэслэлгүй юм.
15. Нэхэмжлэгчийн “ажлын байрны тодорхойлолтыг нөхөж бүрдүүлсэн” тухай гомдлын хувьд: Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлын байрны тодорхойлолтыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан, ажлын байрны захиалгыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн буюу “захиалга хүргүүлсний дараа баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэсэн” гэж маргаж байгаа боловч Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 442 дугаар тушаалаар Эрүүл мэндийн эрхлэгч эмчийн ажлын байрны үлгэрчилсэн загварыг батлахдаа “их эмч” мэргэжилтэй байхыг зааж, үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолт батлахыг холбогдох байгууллагад үүрэг болгосон нь агуулгын зөрчилгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “үлгэрчилсэн загварыг мөрдөх албагүй” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
16. Хариуцагч Бугат сумын Засаг даргаас “нэхэмжлэгчийн 2018 оны 190 дүгээр албан бичиг бүхий сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга хүргүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг хяналтын шатны шүүхэд гаргасныг хүлээн авч, хүлээн зөвшөөрснийг батлах боломжгүй байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох байна. Гэвч энэ тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийн батлах хуульд заасан шаардлага хангагдаагүй буюу хуульд харшлах үндэслэл бүрдсэн, тодруулбал, ажлын байрны шаардлага хангаагүй Г.Д-ыг маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт харшлахаар байна.
18. Түүнчлэн уг албан тушаалд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт зарлахад өрсөлдөн оролцох сонирхолтой бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах хууль зүйн үндэслэлгүй.
19. Эдгээр үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэр,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0158 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ