Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 610

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг, Э.Д, гуравдагч этгээд Оросын холбооны улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б*******, орчуулагч И.Н.Чойжамц нарыг оролцу А., Б.Т, Б.Т нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв. 

Нэхэмжлэгч: А., Б.Т, Б.Т

 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Гуравдагч этгээд: Оросын Холбооны Улс

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А., Б.Т, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, Б.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б дүүргийн 4 дүгээр хорооны Оросын 14 гэгдэх байрны нийт түрээс төлөгч Монгол оршин суугчид нь гурав хуваагдан түрээсээ төлж амьдардаг. Түрээс нь хэт ялгавартай, түрээслэгч гэх байгууллагууд нь Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг бөгөөд нэг хэсэг нь хуучнаар Оросын Холбооны Улсын худалдааны төлөөлөгчийн газарт, нөгөө хэсэг нь “Эд” ХХК-д болон үлдсэн хэсэг нь Оросын Холбооны Улсын Монгол дахь РЦНК-д түрээсийн төлбөр төлдөг. Уг байр нь үндсэндээ 3 газрын мэдэлд байгаа юм шиг харагдах боловч Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмшигч байхгүй. Харин А., Б.Т, Б.Т бид шударгаар эзэмшиж засвар үйлчилгээ хийж амьдарч байгаа юм.

Уг байр нь анх 1971 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулсан нууц Протоколын дагуу баригдсан гэдэг бөгөөд тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд амьдарч байсан. 1991 онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцах үед “Ээрмэлийн үйлдвэр” болон “Т” ХК ажилчдадаа шагналын журмаар болон нөхцөл сайжруулах зорилгоор орон сууц хуваарилан гэрээ, эрхийн бичгийн дагуу эзэмшүүлж эхэлсэн.

Гэтэл 14 дүгээр байрны бидний амьдарч буй орон сууц нь хэний өмч гэдэг нь тодорхой бус, 14 дүгээр байр байрлаж буй газар нь Монгол Улсын өмч байтал, тус байр нь бүхэлдээ Оросын Холбооны Улсын өмч гэгдэх юм. Монгол Улсын хуулиар орон сууцыг бүхэлд нь хэн нэгэн этгээдэд өмчлүүлдэггүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгодоггүй. Иргэн бүр өөрийн сууж байгаа орон сууцаа өмчилж авдаг. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24793 дугаартай гэрчилгээнд “Оросын Холбооны Улс нь улсын бүртгэлийн 22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Б, 4 дүгээр хороо, дугаар хороололд орших 6292.18 м.кв талбайтай, 660.060 ам.долларын үнэ бүхий таван давхар угсармал орон сууцны барилга *******-ийн хууль ёсны өмчлөгч мөн тул бүртгэж гэрчилгээ олгов, 1999.12.03-ны өдөр, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/, ерөнхий бүртгэгч Т.П, улсын бүртгэгч Д.” гэсэн байдаг.

Уг байранд А. нь 2010 оноос ээж, дүүгийн хамт, Б.Т нь 2000 оноос эхнэр, охины хамт амьдарч байгаа бөгөөд байраа хувьчилж авах гэхээр Оросын Холбооны Улсын өмч гэх уг байрыг бүхэлд нь Оросын Холбооны Улсад олгосон гэрчилгээ байгаа гэх бөгөөд энэ гэрчилгээ бидний өмчлөх эрхээ эдлэхэд саад болж эрх, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Учир нь дээр дурдсан нууц Протокол нь Монгол Улсын Үндсэн хууль болон 1969 оны Венийн конвенцын 61, 60 дугаар зүйлүүдийг зөрчиж байгаа болох нь Үндсэн Хуулийн цэцийн өгсөн хариугаар тогтоогддог юм.

 Б дүүргийн 4 дүгээр хорооны дугаар хорооллын 14 дүгээр байранд оршин суугч Монгол иргэд давхар түрээс төлж, уг байр нь эзэнгүй тул Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж болохгүй, байрандаа засвар үйлчилгээ хийлгэх эзэн байхгүй, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зам талбай эзгүйдэж үрэгдэх, цахилгаан сантехникийн засвар үйлчилгээ хийгдэхгүй зэрэг асуудлаас үүдэн оршин суугч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үүнтэй холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх ноцтой зөрчигдсөөр байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу түрээсийн гэрээгээр уг 14 дүгээр байрны 108 тоотод оршин сууж буй Монгол Улсын иргэн А., 23 тоотод оршин сууж буй Монгол Улсын иргэн Б.Т би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу уг 108, 23 тоот байрны шударга эзэмшигч мөн билээ.

Б дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Б, С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 20 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/1602 дугаартай “Танай 20 оны 37212 дугаар захирамжид дурдсан Б дүүрэг, 4 дүгээр хороо, дугаар хороолол, Хилчидийн гудамж 14 дүгээр байрны 108 тоот хаягт байрлах орон сууц өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна" гэсэн агуулга бүхий албан бичгээс олж мэдсэн.

 Тухайн үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан ерөнхий бүртгэгч Т.Пүрэвсүрэн нь уг өмчлөлийн маргаантай, хэлэлцээрийн шатанд байгаа объектыг 1999 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсын өмч мэтээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй, илт хууль бус, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг нь Оросын Холбооны Улсын өмчлөлд хамаарах, улсын бүртгэлд бүртгэгдсэн барилга, объектын асуудлыг судалж, шийдвэрлэхээр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа боловч сүүлийн 2 жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ авсангүй өдийг хүрлээ.

Түүнчлэн түрээслүүлэгч тал болох Оросын Холбооны Улсын РЦНК-ийн захирал Михайлов Евгений Георгиевич болон “Эдторг” ХХК нь түрээсийн төлбөрийн талаар маргаан гаргасан, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр манай цахилгааны хэрэглээг хязгаарласан. Энэ хугацаанд бид газ, лаа, дэн гэх мэт зүйлүүдийг хэрэглэж байсан. Энэ нь гэр бүлийн гишүүдийн хооллох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхийг хөндөөд зогсохгүй, цаашлаад галын болон бусад аюулгүй байдал алдагдахгүй байх баталгаагүй болсон учир хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан.

Иймд дээрх гэрчилгээтэй холбогдох нотлох баримтыг Засгийн газар, хариуцагч байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулж, нягтлан шалган Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг, Э.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Б дүүргийн 4 дүгээр хороо дугаар хороолол 6292,18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 14 дүгээр байр нь Оросын Холбооны Улсын өмч гэж бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар "Эд трейд" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ бүртгэлтэй байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын Засгийн газар хоорондын 1971 оны протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 1971-1975 онуудад 50000 м.кв талбай бүхий орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын өмч байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1971 оны 5 дугаар тогтоолоор Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтэн ажилчдын 41000 м.кв талбайд орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байгуулахыг зөвшөөрч газар олгосон зэрэг Оросын Холбооны Улсын өмчлөх эрхийг нотолсон баримт бичгүүдийг хавсаргаж өгснийг үндэслэн Оросын Холбооны Улсын өмчлөлд 1999 оны 12 сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 24793 тоот гэрчилгээ олгосон.

Дээрх бүртгэл нь 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн өмчид хамаарах бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Энэ нь Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчид хамаарах тул гадаад улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн /1994 оны/ 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Гадаад улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч байж болно" гэж заасан байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, өмчийн газрын кадастрын зургийн мэдүүлэгт хавсаргах тухай хуулийн заалт нь 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлтээр орсон бөгөөд 1999 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар эдгээр заалт нь үйлчлээгүй байсан байна. 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн энэхүү хэргийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй Оросын Холбооны Улсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Оросын Холбооны Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А., Б.Т, Б.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул дараах хариу тайлбар гаргаж байна.

Улаанбаатар хотын дугаар бичил хорооллын ******* дүгээр байр нь 1971 оны Засгийн газар хоорондын протоколд нийцүүлэн баригдсан юм. Дээрх заагдсан Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгийн обьектын бүртгэл нь 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Оросын Холбооны Улсын Төрийн өмчийн Сайдын Орлогч дарга Мамигонов В.Г., Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Сайдын Орлогч дарга Сергеев И.И. болон Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Очиржав нар хоорондын ажлын уулзалтын протокол”-оор баталгаажуулсан талуудын хүрсэн тохиролцоонд нийцүүлэн явагдсан бөгөөд энэ талаар 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6774 тоот Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны нот бичигт заагдсан үйлчилж байгаа хууль тогтоомжийн актын үндсэн дээр Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгө болон Оросын Холбооны Улс дахь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийг “багцаар” (цогцолбороор) нь бүртгэхээр болсон юм. Бүртгэл хийх үед шаардлагатай бичиг баримтын багц нь 1997 оны Бүртгэлийн тухай хуулийн шаардлагад бүрэн нийцэж байсан юм.

Тус обьект нь Оросын Холбооны Улсын өмчлөлд байгаа нь Монгол Улсын Засгийн газар болон бусад яам, газрын зүгээс хэзээ ч эргэлзээ төрүүлээгүй байсан юм. 14 дүгээр байрны өмчлөгч нь Оросын Холбооны Улс байх бөгөөд тус эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зохих зарлиг, Оросын Холбооны Улсын Засгийн газрын тогтоол болон бусад норматив актаар Оросын соёл шинжлэх ухааны төв (29 байр), ФГУП “Госзагрансобственность”-д (бусад байр) шилжүүлсэн юм.

Нэхэмжлэгч нь олон улсын гэрээний эрхийн тухай 1969 оны Венийн конвенцийн 60 ба 61 дүгээр зүйлийг иш үндэс болгож 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын протокол нь хүчингүй болсон гэж бичсэн байна. Гэтэл тус Олон улсын Гэрээний эрхийн тухай Венийн конвенцийн (цаашид - Конвенци гэх) 65 дугаар зүйлд нийцүүлэн байгуулсан гэрээний аль нэг тал нь тус гэрээ үйлчлэх эсэх тал дээр маргаан үүсгэж байгаа бол тус гэрээг цуцлах, гарах эсвэл үйлчилгээг түдгэлзүүлэх зорилгоор өөрийн шаардлагаа тус гэрээний нөгөө талдаа журам ёсоор мэдэгдэх үүрэгтэй юм. Тус албан мэдэгдэлд гэрээний хувьд төлөвлөсөн ямар арга хэмжээ авах талаар болон эдгээр арга хэмжээний үндэслэлийг заасан байх ёстой юм.

Дээрхи Конвенцийн 67 дугаар зүйлд нийцүүлэн тус гэрээг цуцлах, гарах эсвэл үйлчилгээг түдгэлзүүлэх зорилгоор аливаа актыг бусад оролцогчид хүргэх зорилгоор албан бичгийн хэлбэрээр бэлтгэгдэх ёстой юм.

Нэгэнт одоо хүртэл Оросын тал нь ийм төрлийн мэдэгдлийг аваагүй тул 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газар хоорондын Протокол нь хүчинтэй тооцогдож байгаа юм.

Аливаа маргаантай асуудал талуудын хоорондын хэлэлцээрээр зохицуулагдана. Ийм учраас, өнөөдөр Монгол Улсын газар нутаг байгаа Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар ажлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн-засаг болон шинжлэх ухаан, техникийн комиссын хүрээнд байгуулсан Монгол, Оросын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа юм.

А., Б.Т, Б.Т нарын зүгээс тус захиргааны ажиллагаанд хамаатай ямар нэгэн нотолгоо гаргаагүй тул тус асуудлыг иргээний нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаанд хамаатай, иш үндэс болох ямар нэгэн нотолгоо гаргаагүй байна.

А., Б.Т, Б.Т нар нь зүй ёс бус нэхэмжлэгч байх бөгөөд учир нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны акт гарсаны улмаас эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн этгээд нэхэмжлэгч байж болно. Гэтэл гадаад улс орны эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгэсэн актаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болон зөрчих боломжгүй юм. Харин тус эд хөрөнгийн өмчлөгч болох Оросын Холбооны Улсын хувьд тус нэхэмжлэлийг хангасан тохиолдолд эрх нь зөрчигдөж, өмчлөлд байгаа тус обьектыг захиран зарцуулах болон аж ахуйн удирдлагыг явуулах эрх нь хязгаалагдах болно. Түнээс гадна, энэ тохиолдолд зөвхөн өмчлөгч бус мөн гэрээний дагуу үүргээ шударгаар биелүүлэж байгаа 100 гаруй өрхийн эрх нь зөрчигдөх болно.

Өмчлөгчийн хувьд эрх нь зөрчигдсөн байна, учир тус Захиргааны шүүхэд тус обьектын хувьд үүсгэсэн хэрэг хангагдаж байгаа хүртэл хугацаанд өмчлөгчийн зүгээс Иргэний шүүхэд хандаж, хууль бус халдлагаас өөрийн өмчөө хамгаалуулах зорилгоор эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн байна. Нэхэмжлэгч нь яг ийм зорилгод хүрэх хүсэлтэй байгаа юм байна.

Нэхэмжлэгчийн зүгээс түүний ямар эрх нь зөрчигдсөн талаар тайлбарлагүй, мөн гэрчилгээ хүчингүй болгосон тохиодолд ямар эрх нь сэргээгдэх тухай тайлбар гаргаагүй юм.

Эд хөрөнгө бүртгэсэн актыг 1999 онд гаргасан бөгөөд тус акт дээр гомдол гаргах талаар хөөн хэлэлцэх хугацаа нь аль дээр өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нар нь тус 14 дүгээр байранд 2010 оноос амьдарч байгаа бөгөөд өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчсөн талаар зөвхөн одоо л мэдсэн нь хачирхалтай байгаа юм.

Ингэснээр, нэхэмжлэлийн гол зорилго нь захиргаан акт дээр маргаан үүсгэх бус харин хууль тогтомжийг ашиглан гадаад улс орны эд хөрөнгийг хууль бусаар авах эсвэл аль болох удаан хугацаанд тус эд хөрөнгийг эдлэх, учир нь байгуулсан гэрээний талаар үүрэгээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн хүрээнд албадан гаргуулах аюултай нүрлэж байгаа юм.

Түүнээс гадна, энэ зүйл дээр мөн л ижил үндэслэлтэй шүүхийн актууд гарсан юм. Үүнд:

1. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхийн Т.Энхмаа 57 дугаар шүүгчийн захирамж;

2. 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргалын 1995 дугаар захирамж;

3. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батсүрэнгийн 522 дугаар шийдвэр зэрэг болно.

Өнөөдрийн байдлаар, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг бүртгэлд А.гийн нэхэмжлэлийн ижил үндэслэлээр Б.Т, Б.Т нарын нэхэмжлэл бүртгэгдсэн байна. Иймд эдгээр нэхэмжлэлийг нэгдсэн хэрэг бүртгэлд нэгтгэж, дараа нь дээрх илэрхийлсэн зүйл болон Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр үлдээх болон тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А., Б.Т, Б.Т нар нь тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогду “Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны Протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж, 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг ЗСБНХУ-ын хөрөнгөөр болон зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар тохиролцсоны дагуу 1971-1975 онуудад Улаанбаатар хот болон Дархан хотод “58 объект” баригдсаны дотор Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороололд байршилтай 6292,18 м.кв талбайтай, орон сууцны 14 дугаартай барилга /5 давхар угсармал/ багтсан байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 22******* дугаарт, Оросын Холбооны Улс /цаашид ОХУ гэнэ/-ын өмчөөр бүртгэж, 24793 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...14 дүгээр байрны газар нь Монгол Улсын өмч байтлаа тус байр нь ... ОХУ-ын өмч гэгдэх юм. Бид 2000, 2010 оноос эхлэн уг байранд ... амьдарч байгаа бөгөөд ... ОХУ-ын өмч гэж уг байранд бүхэлд нь олгосон гэрчилгээ болон бүртгэл нь ... бидний өмчлөх эрхээ эдлэхэд саад болж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь ... нууц Протокол нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна, ... түрээслэгч бид Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч мөн” гэж, хариуцагч нь “...дээрх бүртгэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасныг ... үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Анх Үндсэн хуулийн цэцээс иргэн Б.С*******т 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаар албан бичгээр “ЗСБНХУ-ын болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн “Обьектын дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй хугацаагүй шилжүүлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн зургаадугаар зүйлийн 5, аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж заасны дагуу уг заалт хүчингүйд тооцогдсон байна. Харин Үндсэн хуулийн цэцээс энэ талаар тусгайлан дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлж байжээ. Улмаар иргэн Ц.Монгол, Б.Батцэцэг, Б.С*******, Н.Осоргарав нар нь дээрх Протокол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгох өргөдлийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдлийг урьдчилан шалгаж, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нэр бүхий иргэдийн гаргасан өргөдлөөр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Дээрх нэр бүхий иргэдээс цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 08 дугаар магадлалаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 96 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Улмаар Улсын Их Хурлын гишүүн *******, *******, ******* нараас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн мэдүүлсэн байх бөгөөд чуулганд оролцсон гишүүдийн олонх нь уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, хууль санаачлагчид нь буцаасан, түүнчлэн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас уг Протоколыг нууцлах шаардлагагүй гэж үзэж, дээрх Протоколыг төрийн нууцаас гаргаж, ил болгосон болох нь Монгол Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсад тусламж үзүүлж буй Зөвлөлтийн мэргэжилтнийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай” Протоколыг хүчингүй болгох асуудлыг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд эцэслэн шийдвэрлээгүй, хүчингүй болгосон талаар Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хурлаас ямар нэгэн дүгнэлт, тогтоол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “...нууц Протокол Үндсэн хууль зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 оны/-ийн 2 дугаар зүйлийн 3-д “...эд хөрөнгийг Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ”, 3 дугаар зүйлийн 1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд нь ... үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана”, 11 дүгээр зүйлийн 2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргана...”, 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан ... улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно” гэж, Иргэний хуулийн /1994 оны/ 77 дугаар зүйлийн 3-д “Үл хөдлөх эд хөрөнгийг байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ” гэж тус тус заажээ.

Тухайн үед мөрдөгдөж байсан дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг бүртгэлийн байгууллагад гаргаж, тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэн, хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор түүнд өмчлөх эрх үүсэхээр байна. 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлах нийт 19 барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх А.Я.Киселевийн мэдүүлэг, өргөдөл, Засгийн газар хоорондын 1971 оны Протокол, уг Протоколын дагуу барилга барих 41000 м.кв газар олгосон Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1971 оны 05 дугаар тогтоол, уг барилгуудын байршлын схем зураг, байрны зураг зэргийг үндэслэн маргаан бүхий Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлах 5 давхар , 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байрыг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 24793 дугаар гэрчилгээ олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх бүртгэл болон гэрчилгээ нь хуульд заасан журмаар олгогдоогүй гэж үзэх буюу ийнхүү бүртгэсэн нь “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “...ОХУ-ын өмч мэтээр гэрчилгээ олгосон нь ... илт хууль бус...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

“Эдторт” ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь Өмчийг удирдах үйлдвэрийн газар” Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, Б дүүрэг, 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлалтай 14 дүгээр байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан, улмаар 14 дүгээр байрны 6,7 дугаар орцын 29 орон сууцыг /80-96., 98-109 тоот/-ыг эрх эзэмшигч дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрх бүхий Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлж, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчдийн газар нь дээрх байранд оршин суугчидтай /Д.М*******тэй/ “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, уг байрыг хөлслүүлж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн “...14 дүгээр байранд оршин суугч иргэд нь давхар түрээс төлдөг, түрээс нь хэт ялгавартай, ... оршин суугчдын цахилгааны хэрэглээг хязгаарладаг, оршин суугчдын эрхийг зөрчсөн, ... 14 дүгээр байрны 108, 23 тоотын шударга эзэмшигч мөн “гэх үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж зааснаас үзэхэд “хүн”, “хуулийн этгээд” нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзвэл өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжу Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй байна 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөлийг агуулж байх бөгөөд энэхүү 2 нөхцлийг зэрэг хангасан тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох, хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох ёстой. 

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ нь өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлах 5 давхар, 6292.18 м.кв талбай бүхий 14 дүгээр байрыг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 24793 дугаар гэрчилгээ олгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, барилга, байгууламжийн өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэсэн, хууль ёсны өмчлөгчийг тодорхойлсон гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь уг барилгыг “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу эзэмшиж байгаа этгээдийн /түрээсээр эзэмшиж байгаа этгээдийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. 

Түүнчлэн Улаанбаатар хот, Б дүүрэг, 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлалтай 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байр нь Оросын Холбооны өмч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө / барилгын /-ийн өмчлөх эрхийн талаар хэлэлцээрт оролцогч талууд маргаагүй, нэхэмжлэгч А.д маргаан бүхий 14 дүгээр байрны 108 тоотыг, Б.Т, Б.Т нарт 23 тоотыг өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “...өмчлөх эрхээ эдлэхэд саад болж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэх тайлбар үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын /тухайн үеийн нэрээр/ 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22******* дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

ОХУ-ын Монголын талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон 8 байранд Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороололд байрлах 5 давхар, 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байр хамаарагдаагүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаар захирамжаар Монгол Улс дахь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Харин өмчлөлийн асуудлыг хоёр улсын Засгийн газар шийдвэрлэсний дараа тухайн орон сууцанд оршин суугчид нь уг орон сууцыг өмчлөх /эзэмших, ашиглах/ эрхтэй эсэх талаар гомдол гаргах эрхтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “Б дүүргийн 4 дүгээр хороо, дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч А., Б.Т, Б.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцу сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.ДОЛГОРСҮРЭН