Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 90

 

 

Ж.Гансэлэмд холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны В танхимд хийв.                                                   

Шүүх хуралдаанд оролцсон:

             Нарийн бичгийн дарга          Г.Намуунзул

 Прокурор                               Ц.Лхамсүрэн

 Ялтны өмгөөлөгч                  Д.Урансувд, З.Нямсүрэн

 Ялтан                                     Ж.Гансэлэм

                                 Хохирогч                                Б.Баттөмөр

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016  оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  ялтан Ж.Гансэлэм, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор  Ж.Гансэлэмд  холбогдох эрүүгийн 201511000485  дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 8-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  барилгын техник, технологи мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Дөшийн Нуруу ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 10-01 тоотод  оршин суух, өмнө нь ял шийтгүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жүгдэрцуугийн Гансэлэм   

 

            Ж.Гансэлэм нь 2015 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Парис” баарны гадна танхайн сэдэлтээр Б.Баттөмөрийн толгойг чулуугаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан /ЭХТА-ийн 96.2.1/ гэмт хэрэгт холбогджээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас Ж.Гансэлэмд холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ж.Гансэлэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Гансэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Гансэлэмд  оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Ж.Гансэлэмээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 2415817 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Баттөмөрт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас  2590280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 17030000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Леново маркийн плаш диск 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Ж.Гансэлэм нь цагдан хоригдсон хоноггүй дурдаж, хохирогч Б.Баттөмөрийн амбултороор эмчлүүлэгсдийн карт, тархины томографийн  3 ширхэг зургийг буцаан олгож, Ж.Гансэлэмийн цахим үнэмлэхийг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй  хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан ж.Гансэлэмийн эзэмшлийн хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг Гандангийн 06-01 тоотод байрлах 4550000 төгрөгийн үнэ бүхий 700 м кв газрын битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Гансэлэмд  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Гансэлэм  давж заалдах гомдолдоо:  Би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй. Хохирогчид хэн гэмтэл учруулсныг үзсэн харсан гэрч байхгүй. Шүүх зөвхөн гэрчүүдийн таамаглалд үндэслэж  хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийг газарт унасны дараа намайг гүйсэн гэж хойноос хөөсөн хэрнээ яагаад Батзориг гэх хүнийг чи цохисон гэж дайраад байсан юм бэ. Хохирогч тал гүйсэн гинжтэй залуутай зууралдаж хохирлоо гаргуулж авъя гэсэн хандлагатай байсан. Ингэж намайг хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. Цагаатгаж  өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.3-д заасан энэ гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг нь эргэлзээтэй байхад ял оногдуулсан нь харамсалтай байна. Шүүхээс гэм буруутай гэж үзэхдээ хохирогч Баттөмөр, гэрч Хатанбаатар, Баттулга, Батзориг, Бүжин, Ариунзул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэсэн. Гэвч эдгээрийн хэн нь ч Ж.Гансэлэм чулуугаар шидсэнийг шууд заагаагүй. Тэд олон хүний дундаас  сондгой таниад байсан, урагшаа гүйсэн гэдгээр нь л Ж.Гансэлэмийг гэж заагаад байдаг. Ж.Гансэлэм нь хохирогчийн урд талд 10 гаруй метрт зогсож байгаад хүн аллаа гэж бахирсны дараа гүйсэн нь үнэн боловч түүний зогсож байсан газраас чулуу шидсэн байх боломжгүй. Учир нь хохирогчийн баруун чамархайд чулуу оносноос үзвэл уг чулуу урд зүгээс ирсэн байж таарахгүй байгаа юм. Иймээс гэмт хэрэг үйлдсэн болох нь гарцаагүй нотлогдож чадаагүй байхад Ж.Гансэлэмийг гэм буруутайд тооцсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь;

            Ж.Гансэлэм нь 2015 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Парис” баарны гадна  Б.Баттөмөрийн толгойг чулуугаар цохиж, “баруун чамархай ясны босоо шугаман хугарал, хатуу бүрхүүл дээрх болон тархины таславч хальсан завсар цусан хураа, баруун чамархай, зүүн дух хэсгийн тархилаг эдийн няцрал” гэсэн амь биед нь аюултай  хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч М.Хатанбаатарын “...Яг тэр үед гэнэт миний толгойн хажуугаар баруун урд талаас гинж зүүсэн залуугийн байсан газраас шидсэн чулуу юмуу тоосго юмуу нэг юм орж ирэх шиг болсноо пид хийх чимээ гараад эргээд харахад Баттөмөр ах чулуунд оногдсон бололтой газарт замын голд унасан байсан. Баттулга Баттөмөрийг босгох гэж татсанаа хүн алчихлаа гэж бахирсан, тэгэхэд миний баруун талд зогсож байсан хүзүүндээ гинжтэй залуу замаар урагшаа чигтээ гүйгээд Баттулга араас нь хөөгөөд явсан” гэх мэдүүлэг /1-р хавтасны 51-52-р тал/, гэрч С.Баттулгын “Би Баттөмөрийг босгох гээд өндийлгөхөд ам хамрын алинаас нь мэдэхгүй, цус ихээр гараад бие нь суларчихсан, ухаангүй, буцаад арагшаа унахаар нь хүн алчихлаа гэж хашгирсан. Тэр үед туранхай дээгүүрээ цэнхэр өнгийн цамцтай, хүзүүндээ гинжтэй залуу урагшаа ухас хийгээд гүйсэн. Түүнийг юмаар шидчихлээ гэж бодоод араас нь барих гэж хөөсөн” гэх мэдүүлэг /1-р хавтасны 53-р тал/, сэжигтэн Ж.Гансэлэмийн “Тухайн үед зогсож байгаа газраас жижиг хэмжээтэй чулуу аваад гартаа бариад байж байснаа зам дагуу хойш нь шидсэн” гэх мэдүүлэг/1-р хавтасны 104-р тал/, гэрч Б.Бүжингийн “Гэр рүү харих замдаа Ариунзул эгч Сэлэмээ тэр залууг тоосгоор цохиод зугтаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтасны 66-р тал/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх Ж.Гансэлэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

            Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Ж.Гансэлэм нь  уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байх тул ялтан Ж.Гансэлэм, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон  шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх  тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Ж.Гансэлэм, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболдоос давж заалдах шатны шүүхэд “хохирогч Б.Баттөмөрийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн мөнгөн дүнгээс анхан шатны шүүх 2590280 төгрөг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн, шүүгдэгч Ж.Гансэлэмээс нэхэмжилсэн шууд бус хохирлын мөнгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120, 123 дугаар зүйлд зааснаар гаргуулж өгнө үү” гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь дээрх зардал нь  Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан “хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдон гарсан зайлшгүй зардал”-д хамаарахгүй, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байх  тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, ялтан Ж.Гансэлэм, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                  А.ЭНХБААТАР

 

                                      ШҮҮГЧИД                           Б.СҮХГОМБО

 

                                                         Л.НАРАНБАЯР