Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0111

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 128/ШШ2025/0111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М*******

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О******* 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар “С*******с ******* *******” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй болох нь цахим тайлангийн систем болон бусад баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан шийтгэлийн 1,500,000 төгрөгийг төлж биелүүлэхийг даалгажээ.

2.Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М******* гомдлын шаардлагадаа: ... “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******ы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “С*******с ******* *******” ХХК-ийг торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”... гэжээ.

3.Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М******* дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М******* би, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О******* нь ""С*******с ******* *******" ХХК-нь /РД:*******/ 2024 оны 07 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд татварын албанд тайлагнаагүй" гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "С*******с ******* *******" ХХК-ийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад зааснаар 1500 нэгжээр буюу 1.500.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн дугаартай материалыг шалгалтын явцад хянав. Материалд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “С*******с ******* *******” ХХК-ийн итэмжлэл, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ж.П******* “С*******с ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2024 оны 12 сарын 04-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагджээ. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалт "...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах", мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна." гэж, мөн зүйлийн 3 дах хэсэгт "..энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гарсан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул ишкурорин хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******ы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар "С*******с ******* *******" ХХК-ийг торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

4.Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О******* С******* *******  ******* ХХК-д 2024 оны 07 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд татварын албанд тайлагнаагүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн. Уг материалыг прокурорын байгууллагаас шалгалтын хүрээнд хянахад Татварын ерөнхий газрын Том татварын татвар төлөгчийн газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна. Мөн зүйлийн 3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гарсан даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасныг дурдвал зөрчсөн байх тул “С******* ******* *******” ХХК-ийг торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлт гаргасан.” гэв.

5.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Том татвар Төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О******* би, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа зөрчлийн ТТТГ-21/2024/125 дугаартай хэрэгт холбогдогч "С*******с ******* *******" ХХК /регистрийн дугаар-*******, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, овоот 3, 62 тоот хаяганд хаягт үйл ажиллагаа явуулдаг. Утас: *******/-д 2024 оны 07-р сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд ирүүлээгүй нь тайлан ирүүлээгүй нь холбогдогчоос авсан мэдүүлэг, цахим тайлангийн системийн тайлангийн түүх цэс зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 12-р сарын 04-ны өдөр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан тухайн зөрчлийн хэргийн материалыг 2024 оны 12 сарын 05-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргэсэн болно. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг прокроурын нэгдсэн санд бүртгүүлэхдээ программын саатлаас шалтгаалан 2024 оны 12 сарын 13- ны өдөр тул бүртгүүлсэн болно. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй байна. “С******* ******* *******” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд ирүүлээгүй гэсэн зөрчил илрүүлээд тус компани 07 дугаар сараас эхлээд 10 сар хүртэл тайлан ирүүлээгүй зөрчилд нь холбогдох шийтгэлийн хуудсыг ногдуулсан. Хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг ногдуулаад прокурорын байгууллагад хуульд заасны дагуу бүртгүүлнэ гэсний дагуу бүртгүүлэх гэсэн боловч программын саатлаас болоод хугацаа хоцрогдож хүргүүлсэн. Тухайн үед прокурорын байгууллагын туслахад хоцроосон тул хугацааг нь мэдэгдээд түүний дагуу сүүлд нь дахиж би хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгж нь өөрөө Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасны дагуу тайлангаа хуулийн хугацаанд илгээх үүргийг биелүүлээгүй. Зөрчил үйлдсэнээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу хялбаршуулсан журмаар шийтгэлийн зөрчлийн хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Хамгийн гол нь аж ахуйн нэгж маань өөрөө зөрчил үйлдсэн. Хуульд зааснаар хариуцлагаас мултрах үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М*******аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О*******д холбогдуулан ... “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******ы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “С*******с ******* *******” ХХК-ийг торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”  ... гомдлын шаардлага гаргажээ.

            2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, доорх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            3.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О*******ы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “С*******с ******* *******” ХХК-д холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “С*******с ******* *******” ХХК-ийг 2024 оны 07 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй гэх зөрчилд хяналт шалгалтыг явуулж, “С*******с ******* *******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуульд заасан хугацаанд буюу тайлант сарын дараагийн сарын 10-ны дотор цахим тайлангийн системд тайлагнаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М*******аас... “Том татварын татвар төлөгчийн газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна. Мөн зүйлийн 3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гарсан даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн байх тул “С******* ******* *******” ХХК-ийг торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон” гэж,

4.1.Хариуцагчаас ... “С******* ******* *******” компани 07 дугаар сараас эхлээд 10 сар хүртэл тайлан ирүүлээгүй зөрчилд нь холбогдох шийтгэлийн хуудсыг ногдуулсан. Хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг ногдуулаад прокурорын байгууллагад хуульд заасны дагуу бүртгүүлнэ гэсний дагуу бүртгүүлэх гэсэн боловч программын саатлаас болоод хугацаа хоцрогдож хүргүүлсэн. Тухайн үед прокурорын байгууллагын туслахад хоцроосон тул хугацааг нь мэдэгдээд түүний дагуу сүүлд нь дахиж би хүргүүлсэн. ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч нь программын саатлаас болоод зөрчлийн талаарх гомдол мэдээллийг прокурорын нэгдсэн санд бүртгүүлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн, зөрчлийн хэргийн материалыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргэсэн гэх нөхцөл байдлаа шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нотлох баримтаар нотлоогүй, холбогдох баримт байхгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбардаг.

5.1.Харин зөрчлийн материалыг Нийслэлийн прокурорын газар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болох нь түүний ард дарагдсан дардсаар, улмаар прокурор Б.М*******д хянуулахаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цохсон нь зөрчлийн материал дээрх гар бичвэрээр тогтоогдож байна.

6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:” гэж заасан.

6.1.Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О******* нь хуульд заасан нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “С*******с ******* *******” ХХК-д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан зохицуулалтад нийцээгүй байна.

6.2.Хариуцагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” гэж заасан үндэслэлд нийцээгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд хариуцлага тооцох гэж байгаа тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг бүртгүүлснээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулах ёстой байжээ.

6.3.Түүнчлэн “С*******с ******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан, зөрчил үйлдсэнтэй холбоотой бүртгэлийг прокурорын нэгдсэн санд нөхөж хийх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн байна.

7.Харин энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М*******аас дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасантай нийцжээ.

8.1.Тодруулбал, Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;” 3.1.3. “нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;” 4 дүгээр зүйлийн 4.2. “Прокурорын үйл ажиллагааг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачилсан заавраар нарийвчлан зохицуулна.” 5 дугаар зүйлийн 5.1. “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.” гэж тус тус заасны дагуу прокурор чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.

8.2.Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 3.3 дугаар зүйлийн 1.Прокурор нь зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт дараах хяналтыг тавина:1.2.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шалгалт хийх;, 4.14 дүгээр зүйлийн 1.Прокурор нь хяналтын харьяа эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгана., 4.19 дүгээр зүйлийн 1.Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийдвэр гаргуулах зорилгоор прокурор эрх бүхий албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгосон, шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлүүлэхээр шүүхэд прокурорын дүгнэлт бичнэ. гэж тус тус заасан.

8.3.Мөн зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.2. “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянах.” 5.4 дүгээр зүйлийн 2. “Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:” 2.2. “шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар шүүхэд дүгнэлт бичих.” гэж зааснаар дээр дурдсан хяналт шалгалтын удирдамжид үндэслэн прокурорын дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

9.Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.О******* 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:” гэж тус тус заасантай нийцээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10.Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******ы гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10.1.Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор зөрчилд холбогдогч “С*******с ******* *******” ХХК нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд шийтгэлийн хуудсыг биелүүлсэн байх тохиолдолд торгуулийн төлбөрийг зохих журмын дагуу гаргуулан буцааж олгох нь хариуцагчийн үүрэг болохыг дурдах нь зүйтэй.

11.Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар тайлбарласан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын нэгдсэн бүртгүүлд бүртгүүлж, зөрчлийг тогтоосны эцэст дахин шийдвэр гаргах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

12.Зөрчилд холбогдогч “С*******с ******* *******” ХХК нь шийтгэлийн хуудастай танилцсан, хуульд заасан журмын дагуу эс зөвшөөрч маргаагүй байх тул прокурын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж буй хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******ы 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******ы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдасугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА