Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/11

 

 

Х.Нарантуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                         Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                           Б.Батзориг

                           Шүүгчид                                     Г.Давааренчин                                      

                                                                            Д.Буянжаргал

                         Оролцогчид:

                           Прокурор                                  М.Энхбаатар

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002920222 дугаартай, 148/2018/0225/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 155 тоотод оршин суудаг, Сонсголын 60 хувийн алдагдлаар группэд байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяа /РД.МЮ67111401/

Холбогдсон хэргийн талаар: Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжпагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Ганчимэгээс 13.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.Одончимэгээс 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолоор:

үүгдэгч Х.Нарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Нарантуяагаас 16.000.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 009-6 тоотод оршин суух Дүгээ овогт Мандахын Ганчимэгт /МЮ73012464/ 13.000.000 төгрөг, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг 7 дугаар хэсэг 40-А-501 тоотод оршин суух Дүгээ овогт Мандахын Одончимэгт 3.000.000 төгрөг тус тус олгуулж,

- Шүүгдэгч Х.Нарантуяа 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажпыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

- Энэ гэмт хэргийн улмаас битүүмжпэн ирүүлсэн шүүгдэгч Х.Нарантуяагийн өмчлөлийн 20.6936400 төгрөгийн үнэ бүхий 000092691 тоот гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 155 тоот хаягтай Г-1317001142 дугаарт бүртгэгдсэн 2145,1 метр кв газар, 0000103344 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү-1317007142 дугаарт бүртгэгдсэн 108 метр кв талбайтай хувийн сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дугаар зүйлдүүдэд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж уг үнийн дүнгээс 16.000.000 төгрөг гаргуулан хохирогчоор тогтоогдсон М.Ганчимэгт 13.000.000 төгрөгийн, хохирогч М.Одончимэгт 3.000.000 төгрөгийн хохиролыг тус тус барагдуулж, шүүгдэгч Х.Нарантуяад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хохирогч М.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Уг тогтоолын тогтоох хэсгийн 6-р зүйлд: Х.Нарантуяагийн өмчлөлийн Сэлэнгэ эймгийн Сүхбаатар сумын 04 дүгээр багийн 03 дугаар хэсэг 155 тоот хаягт орших Г-1317001142 улсын бүртгэлийн дугаартай 000092691 тоот гэрчилгээтэй, 2145,1 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт орших Ү-1317007142 улсын бүртгэлийн дугаартай, 0000103344 тоот гэрчилгээтэй, 108 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай ҮХЭХ-үүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж уг үнийн дүнгээс 16.000.000 \арван зургаан сая\ төгрөг гаргуулан хохирогчоор тогтоогдсон М.Ганчимэг-т 13.000.000 \арван гурван сая\ төгрөгийн, хохирогч М.Одончимэгт 3.000.000 \гурван сая\ төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсугай гэж заасан байна.

Мөн тогтоолын.......Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар хэсэгт......хохирогч нарын нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг битүүмжлэн ирүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокурорын санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь илүү зохимжтой гэж шүүх үзэв гэжээ.  Гэтэл дээрхи ҮХЭХ болон газраа бусдад барьцаалсан нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээгээр бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газраас бимтүүмжлэгдсэн байгаа тул эдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулж миний хохиролыг барагдуулах ямарч боломж байхгүй байна. Энэ байдлыг мэдсээр байж шүүгдэгч Х.Нарантуяа нь нуун дарагдуулж ийм тогтоол гаргуулсан байгаа тул миний хохиролыг хэрхэн барагдуулах нь ойлгомжгүй шүүгдэгч Х.Нарантуяа нь ял завшиж байна гэж үзэж гомдлоо гаргаж байна гэжээ.

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг хянан шалгах явцад Х.Нарантуяагийн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авч байшинг нь битүүмжилсэн байгаа. Ингээд шүүхээс Х.Нарантуяад ял оногдуулсан. Өнөөдрийн байдлаар бол Х.Нарантуяа хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй асуудал байгаа, тухайн битүүмжилсэн хөрөнгө маань бусдын өмчлөлд шилжээд хохирол төлбөр төлөгдөх боломжгүй болсон ба ялыг сольж хорих ял болгох боломжтой. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Нарантуяад холбогдох 1831002920222 дугаартай хэргийг  хохирогч М.Ганчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн Х.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Х.Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэн  шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Нарантуяаг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

   Шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийгөө их хөрөнгийн өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч иргэн М.Ганчимэгээс 13.000.000 төгрөгийг бэлнээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, иргэн М.Одончимэгээс 3.000.000 төгрөгийг өөрийн банк дахь дансаар 2017 оны 09 сарын 06-ны өдөр шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.Ганчимэг, М.Одончимэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Жавзандуламын мэдүүлэг, шүүгдэгчийн эзэмшлийн банкны дансны хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч нарын нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг битүүмжлэн ирүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт хохирол төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад  шүүгдэгч Х.Нарантуяагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 3 дугаар хэсэгт байрлах хувийн сууцыг хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэн ирүүлсэн боловч тухайн хувийн сууц нь өөр гэрээ хэлцлийн үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалагдсан эсэх талаар  холбогдох байгууллагаас тодруулж, хохирол төлбөр бодит байдлаар төлөгдөх боломжтой эсэхийг  шалгаагүй, мөн шүүгдэгч нь хохирлоо хэрхэн яаж барагдуулах талаар илэрхийлээгүй байхад шүүх шүүгдэгч Х.Нарантуяад ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн  бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ. 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин  хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2,  39.9 дүгээр зүйлийн  1.3-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ