Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01896

 

 

 

 

 

 

 

                                                                                        

     2025         **            **                                        197/ШШ2025/****

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ****************

Хариуцагч: ******************

Хариуцагч: ******************

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Ч.Б, Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “С ХХК-тай 2019 оны 12-р сарын 13-ны өдөр ***/*** тоот Мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан 10 сая төгрөгийг төлбөртэйгөөр нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж, 2019 оны 12-р сарын 24-ний өдөр акт үйлдэж, баримт бичгийг хүлээн авсан боловч 2020 оны 01-р сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлын А/** тоот тушаалаар санхүү эрхэлсэн дэд захирлын бэлтгэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээр баталсан.  Үндэсний аудитын газрын 2021 оны 03-р сарын 15-ны өдрийн 84/**** дугаартай актаар дээрх тушаалаар санхүү эрхэлсэн дэд захирлын боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг мөрдүүлэхээр баталсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.6-т “зохицох зарчим”, 20-р зүйлийн 20.2.2-т “аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, санхүүгийн тайлагналын эрх ба үүрэг батламж мэдэгдлийг тус тус хангахгүй байна гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан 10 сая төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж, Үндэсний аудитын газрын төрийн сан дахь дансанд төвлөрүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 84/**** тоот актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх 2021 оны 12-р сарын 08-ны өдрийн ******** тоот шийдвэрээр “байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, энэ талаар хяналт сайтар тавиагүй, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй үйлдэл нь зөрчил мөн болохыг тогтоож, 84/***** тоот актыг хэвээр үлдээсэн. А нь 2021 оны 12-р сарын 31-ний өдөр Үндэсний аудитын газрын дансанд 10 сая төгрөгийг байгууллагын данснаас төлж, Ч.Б-аар төлүүлэхээр авлага үүсгэсэн. Компанийн дотоод журмын 2-р зүйлийн 2.4, 3-р зүйлийн 3.1, 11.1, 11.2-т зааснаар нэгэнт зардал гаргаж боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг байгууллагын хэмжээнд мөрдүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Б, шийдвэрийн төсөл боловсруулах этгээд санхүү эдийн засгийн хэлтсийн дарга буюу ерөнхий нягтлан бодогч Ч.Б нар бөгөөд байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, ирээдүйд үр өгөөж өгнө гэж тооцоолон гаргасан 10 сая төгрөгийн зардлаар захиалга өгч боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглээгүй үйлдэл нь хариуцагч нар хариуцлага хүлээх үндэслэл болно. Иргэний хуулийн 498.5-т зааснаар ажил олгогч нь хохирлыг нөхөн төлсний дараа гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрхтэй тул дээрх 10 сая төгрөгийг Ч.Б, Ш.Б нараар төлүүлж, А-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            2. Хариуцагч Ч.Б хариу тайлбартаа “...2019 онд тус компанийг бие даасан компани болгох саналыг *** гаргасны дагуу тусдаа нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг боловсруулах шаардлага үүссэн. Үүнд зориулан санхүү, эдийн засгийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын тодотгосон төлөвлөгөөнд 10 сая төгрөгийг баталсан. Санхүү хариуцсан дэд захирлын удирдлага, чиглүүлгээр аливаа ажлыг гүйцэтгэж, ажлынхаа гүйцэтгэл явц бүрийг түүнд хянуулдаг байсан. Тухайн оны 12-р сарын 05-ны өдөр санхүү хариуцсан дэд захирал өрөөндөө дуудан компанийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг боловсруулж, батлуулах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, боловсруулах этгээдийг хайж, баталсан зардлын дүнд багтаан ажлыг гүйцэтгэх С ХХК-ийг олсноор гэрээ байгуулагдсан. Би 2019 оны 12-р сарын 13-ны өдрөөс он дуустал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хэдий ч гэрээ байгуулсан компанитай өдөр бүр цахим шуудангаар харилцан боловсруулж буй баримт бичигт санал хүсэлтээ тусган ажилласан. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авахдаа цаашид сэргээн сайжруулах, нягтлан бодогч нарт танилцуулга сургалт хийх шинээр батлагдсан стандартыг тухай бүр нэмж сайжруулах зэрэг ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тусгасан. С ХХК нь гэрээний дагуу 2019 оны 12-р сарын 31-ний өдөр нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг хүлээлгэн өгснийг эдийн засагч Ө.У-ын цахим хаягаар тушаалын хамт илгээсэн. Шинэ он гарсны дараа ажилдаа орж гүйцэтгэсэн ажлын үр дүнг санхүү хариуцсан дэд захиралд албан ёсоор танилцуулж, тушаалын төслийг өгсөн. Тэрээр 2020 оны 01-р сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлаар өөр баримт бичиг батлуулсан байсныг аудитын шалгалтын дүнгээр мэдсэн. Харин жилийн дараа нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтнууд дээр дурдсан танилцуулагдаагүй мөрдөгдөөгүй нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг хүчингүй болгож, С ХХК-ийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг гүйцэтгэх захирлын 2021 оны 03-р сарын 25-ны өдрийн А/** тоот тушаалаар батлан өнөөг хүртэл мөрдөж ажиллаж байгаа гэсэн. Шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн бөгөөд санхүү хариуцсан дэд захирал нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг хэрхэн сонгож батлуулах нь түүний чиг үүрэг тул намайг гэм буруутай гэж үзэж хохирол шаардах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3. Хариуцагч Ш.Б хариу тайлбартаа А-ийн захирлаар ажиллаж байхдаа холбогдох хуулийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гаргуулан 10 сая төгрөгөөр С ХХК-тай гэрээ байгуулан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан одоо хүртэл уг бичиг баримтыг мөрдөн ажиллаж байгаа тул 10 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.  

4. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж Шүүх дүгнэсэн. Тодруулбал,

Нэхэмжлэгч А нь 2019 оны 12-р сарын 13-ны өдөр 124/*** тоот Мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг “С ХХК-тай байгуулан 10 сая төгрөгөөр “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг 14 хоногийн дотор боловсруулж, гүйцэтгэхээр тохиролцон хүлээн авсан акт үйлдсэн атлаа дагаж мөрдөөгүй 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн А/** тоот гүйцэтгэх захирлын тушаалаар өөр баримт бичгийг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй улмаас байгууллагад учирсан хохиролд 10,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б, Ш.Б нараас гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч нар “...10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, одоог хүртэл уг программыг ашиглаж байгаа” гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

А нь С-тай 2019 оны 12-р сарын 13-ны өдөр 124/*** тоот Мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж, хүлээн авсан атлаа Санхүү эрхэлсэн дэд захирлын боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мөрдүүлэхээр гүйцэтгэх захирлын 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн А/** тоот тушаалаар баталж, 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан талаарх Үндэсний аудитын газрын 2021 оны 03-р сарын 15-ны өдрийн 84/****** дугаартай акт, ******** дугаартай албан шаардлага, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 08-ны өдрийн ******* тоот шийдвэр, А-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05-р сарын 12-ны өдрийн *** тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, төлбөрийн даалгавар, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан /1хх11-69,109-140/ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч А нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдсан хохирол нь хариуцагч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийх боломжтой гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, хүлээн зөвшөөрөхгүй талаарх няцаасан тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй, нэгэнт шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын актаар тогтоогдсон үйл баримтыг давхар нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

5. Хариуцагч Ч.Б-ийн өмгөөлөгч У.М-д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчаас ”…хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1,  759.2 дахь хэсэг,  115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Б, Ш.Б нараас нийт 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Ш.Б тус бүрээс 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР