Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

                        улсын яллагч Н.Уранбайгаль,

                        хохирогч Ш.Баранчулуун, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай

            шүүгдэгч Б.Алтанбагана, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Бат-Л.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010126 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дасгалжуулагчийн ангийн 2 дамжааны оюутан, ам бүл-6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг, Минжийн хангай Шарын голын 59 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 31-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Б.А/регистрийн дугаар МЗ98112536/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Ань 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 20 цаг 55 минутын орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө Арслантай гүүрний баруун замд Б.Сэлэнгийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 35-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 63 настай, эрэгтэй Ш.Баранчулууныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ань шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цаг 55 минутын үед би 35-95 СЭА улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай Жуковоос Дэнжийн 1000 орох гээд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө Арслантай гүүрний зүүн замд 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад гүүрний зүүн талын явган хүний гарцан дээр зогсож хүмүүс гаргаад хөдлөөд гүүрэн дээгүүр явж байтал 2-р эгнээнд миний урд явж байсан машин явган хүний гарцын наана зогссон би гүүр гараад баруун гар тийш эргэх гэж байсан болохоор 1-р эгнээ рүү шилжиж ороод явтал 2-р эгнээнд явж байсан машины урдуур явган хүний гарцаар нэг хүн гүйж гарч ирээд би явган зорчигчийг хараад тормос гишгээд зогсож чадалгүй явган зорчигчийг мөргөөд зогссон. ... Явган зорчигч гарцаар гарч явсан…” гэсэн мэдүүлэг /хх-28/,

           

Хохирогч Ш.Баранчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…09 сарын 03 орой арслантай гүүрний баруун талын гарцаар гарч байсан. Зүүн талаас ачаалал ихтэй машинуудыг гараагаа дохиж өнгөрөөсөн. Голын шугаманд зогсож байтал баруун талаас 2 жижиг тэрэг ирж байсан. Өөр тэрэг байгаагүй. Зам сул чөлөөтэй байсан. Эхний тэргэнд гар өргөтөл тоормослож зогссон. Ард нь явж байсан тэргийг зогсоно байх гэж бодоод зөөлөн алхаад гартал урд талын тэрэгний хажуу талаар мушгиад хурдаа нэмээд мөргөсөн. Тэгээд 19 метр гаруй хол шидэгдсэн. Хажуу талаар гарахдаа шилбэн дээгүүр гараад явсан. Хөл дээгүүр гарахыг мэдээд одоо толгой дээгүүр гарвал үхэх юм байна гэж бодож байтал ухаан алдсан байсан. Хэдэн минутын дараа гэнэт сэргэтэл зам дээр хэвтэж байсан. Тэгээд утсаа гаргаад бэр охин руугаа залгаж хэлчхээд дахиад ухаан алдсан байсан. 1 цаг 40 минутын дараа гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. 77 хоносон. 7 удаа мэс засал хийлгэсэн. Машины дугуйны дор орсон мах нь бяцарсан байна. Гэмтлийн эмнэлэгт 1 хоноод Монгол Хьюндай эмнэлэг рүү шилжин хэвтсэн. Тухайн эмнэлэгт 77 хоног хоносон. 7 удаа мэс ажиллагаа хийгдсэн.Баруун талын шилбэний яс бүгд үүрсэн байсан. Дахин дахин мэс засал хийлгэж ясыг хооронд нь эвлүүлсэн. Эмч нар хэлэхдээ мах нь давтчихсан юм шиг бяцарч бүтэц нь алдагдсан, тайрахаас өөр аргагүй болж байна гэсэн. Шилбэнд 3 босоо булчин байдаг. 1 булчин нь эрүүл байгаа. Үлдсэн 2-ын 1-ийг нь бүтнээр тайраад, нөгөө булчингийн талыг тайрна. Шилбэний яс хоорондоо эвлээгүй зайтай байгаа. Эмчилгээ хийлгэсний дараа арьс нөхүүлсэн. Зүүн талын гуянаас 20х14 см хэмжээтэйг аваад шагайнаас өвдөг хүртэл нөхүүлсэн. Шилбэ гадна талаараа төмөртэй. Ясны хугархай хоорондоо бэхжиж эдгээгүй. Сүүлд зураг авахуулахад 1см хэртэй зайтай байна гэсэн. Баруун талын шилбэний яс нөхөх хагалгаанд оруулна гэсэн. Судсанд бүлэн үүсээд Сонгодо эмнэлэгт очиж зүрхний мэс засалд орсон. Нийт 8 удаа мэс засалд орж байна. Сэтгэл зүй болон бие организмын хувьд хүнд байгаа учир хагалгааг 3 сараар хойшлуулсан. Цаашид 2 мэс засалд орох шаардлагатай байгаа. Баруун гар хэсэг газраа мэдээгүй болсон. Гарын шөрмөс тасарсан. Монголд ийм төрлийн шөрмөс залгах мэс ажиллагаа хийх боломжгүй. Дайрах үед толгой гэмтсэн. Толгойндоо 10 оёдол тавиулсан. Хуйх 2 хэсэг газар хуурсан, Түүнээс болж тархи нугасны гэмтэл авсан. Миний ой санамжийн нэг хэсэг арилсан. Юм ярьж байгаад 1 минутын дараа ярьсан зүйлээ мартдаг болсон. Үүнийг эмч нар ясны хугарал эдгэсний дараа тархи эмчилгээнд эмчлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэмтэл авснаас хойш нойргүйдэлтэй болсон. Нойрны эм, өвчин намдаах эмийг тасралтгүй хэрэглэсэн. 80-90 хоног хэрэглэсэн. Одоо өвчин намдаах лаа хэрэглэх нь багассан. Биеэ дааж явж чадахгүй болсон. Баруун талын хөл нугардаг болох найдвар тун бага гэсэн. Сэргээн засах эмчилгээнд удаан хугацаанд явж байж хагас нугардаг болно гэсэн. Ер нь бол буцааж эдгэрэх боломж байхгүй гэсэн. Учир нь шилбэний яс хугараад дээшээ тойгоны яс руу орсон учраас буцааж нийлүүлэхийн тулд нугардаггүй болгоод тогтоож өгсөн. Амьдралын сүүлийн жилүүдэд хүний гарт орсон нь харамсалтай байна. Осолд орсноос хойш жорлонд ганцаараа ч орж чадахаа байсан. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Дэндүү болгоомжгүй, эсвэл санаатайгаар дайрсан уу гэмээр. Цагдаа хэлэхдээ их хуртай явсан тормос гишгэсэн мөр нэг ч байхгүй байна гэсэн. Цаашид олон жил амьдрах боломжийг ганцхан орой балласан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. 60.000.000 гаруй сая төгрөгийн баримт бүрдүүлж нэхэмжилсэн байгаа. Эмнэлгийн төлбөрийг бүрэн төлж чадаагүй. Байгаа бүх мөнгөө шавхаж төлөөд эмнэлэгт өртэй үлдсэн…” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр орой 20 цаг 30 минутын үед би Сэлбэ гол дагаж гүйх санаатай гэрээсээ гарсан. Би гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Арслантай гүүрний баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд замын урд зогсож байгаад баруунаас зүүн явах урсгал ачаалалтай байхаар нь гараараа дохиж машинуудыг зогсоогоод замын голын тусгаарлах зурвас дээр ирээд зүүнээс баруун чиглэлтэй явах урсгалыг харахад 2 машин ирж байхаар нь 2 дугаар эгнээгээр урд нь явж байсан машиныг гараараа дохиж зогсоогоод уг машины урдуур зам хөндлөн гартал уг машины хойно явж байсан Т.Приус маркийг машин 1 дүгээр эгнээ рүү дарж орж ирээд намайг мөргөсөн. ...Миний баруун хөлийн шаант яс, тахилзуур яс хугарч яс нь үүрсэн байна гэж 2 удаа хагалгаанд орж хадуулаад хиймэл яс хийлгэсэн, баруун хөлийн шилбэнд мах няцарсан, зүүн хөлийн шилбэ орчимд язарсан шархтай байсан ба оёдол тавиулсан, баруун мөрний шөрмөс тасарсан байна гэсэн, мөрөө хөдөлгөж чадахгүй байгаа, эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Ослын улмаас ажил, мөн би төслийн ажил дээр ажиллаж байсан ажил зогссон их харамсалтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-42-44/,

 

Гэрч Б.Отгонбатын “…2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед найз Алтанбаганын хамт түүний 35-95 СЭА дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Дэнжийн 1000 орох гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Арслантай гүүрэн дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 2-р эгнээнд явж байгаад Арслантай гүүрэн дээр гарах үед 1-р эгнээ рүү шилжиж ортол гүүрний баруун талын гарцаар нэг хүн гэнэт гүйж орж ирээд миний сууж явсан машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-147/,

 

Гэрч В.Эрдэнэчимэгийн “…Энэ машиныг анх 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг Сэлэнгэ гэдэг танилаас худалдаж аваад нэрээ шилжүүлж аваагүй байсан. Уг машиныг манай том хүү унадаг байж байгаад энэ зун Алтанбагана жолооны үнэмлэхтэй болонгуут хичээлийнхээ завсар зайгаар таксинд явж мөнгө олж хоол, ундаа залгуулдаг гэж бодоод уг машиныг Алтанбаганд өгөөд явуулсан байсан. Манай дунд хүү Цэрэндашийн цалингийн зээлийг авахуулж 7.200.000 төгрөг олсон байгаа, эхний ээлжид хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-149/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1102 тоот актын “…Ш.Баранчулууны Монгол хьюндай эмнэлгийн өвчний түүхийн хуулбар, баруун шилбэний рентген зурагт ¹11319 дугаартай дүгнэлтэд дурьдагдаагүй шинэ гэмтэл тогтоогдсонгүй. 2.Ш.Баранчулууны биед баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, зулайн хуйханд зулгаралт, баруун зүүн даланд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 561 тоот актын “…Toyota Prius маркийн 35-95 СЭА маркийн улсын дугаартай автомашины жолооч Б овогтой А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ширчин овогтой Баранчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12, 17-18, 22-23, 25-27/, хохирлын баримт /хх-18/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /77-79/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ань 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 20 цаг 55 минутын орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө Арслантай гүүрний баруун замд Б.Сэлэнгийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 35-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 63 настай Ш.Баранчулууныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ш.Баранчулуун, гэрч Б.Отгонбат, В.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.А сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.А тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ш.Баранчулууны биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророор зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ш.Баранчулуунаас эмчилгээ болон бусад зардал гэж 3 удаагийн нэхэмжлэлээр нийт 60.588.871 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүх нэхэмжлэл 1-ээс “сахиурын хоол 600.000 төгрөг, Дугармаагийн цалин 2.828.100 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг, эргэлтээр очих унааны зардал 300.000 төгрөг”-ийг, нэхэмжлэл 2-оос “шатахууны үнэ 286.380 төгрөг, хоолны үнэ 31.000 төгрөг, өвчтөний хувцас үнэ 80.000 төгрөг, эргэлтээр очих таксины зардал 550.000 төгрөг”-ийг, нийт 6.175.480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хасаж, мөн шүүгдэгч Б.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлсөн 7.200.000 төгрөгийг дээрх нэхэмжлэлээс хасаж, бусад зардлыг гаргуулан олгох боломжтой гэж үзэж нийт 47.213.391 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.Баранчулуунд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.    

 

Шүүгдэгч Б.А дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Шүүгдэгч Б.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Шарнууд овогт Бийн Аыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бат-Л.А 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анаас 47.213.391 /дөчин долоон сая хоёр зуун арван гурван мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Баранчулуунд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                   

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР