Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 05

 

 

 

 

О.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар шийдвэртэй,

“О.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х.О” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “О.Э” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч “Х.О” ХХК-ийн захирал Ү.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О.Э” ХХК-ийн захирал Д.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын болон эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан. Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй Х.О ХХК (захирал Ү.М), эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй О.Э ХХК (захирал Д.С) бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, Х.О ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай Х.О ХХК гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр Х.О ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадалшгүй ажлын зардал, бусад зардалд төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл Х.О ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компанийнхаас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай компанийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд Х.О ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг Х.О ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч Х.О ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний нийт 197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд Х.О ХХК-аас О.Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Х.О” ХХК-ийн захирал Ү.М анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: "2018 оны 7 дугаар сарын 01, 02-ны үеэр зүс таних Б.Б гэх залуу утасдаж “тантай уулзмаар байна” гэж яриад манай байрны гадна ирж уулзсан. Хажуудаа Д.С, Б.Б, У гэсэн 3 хүнтэй цуг машинтай ирсэн. Би Д.С, Б.Б нарыг урьд нь харж байгаагүй бөгөөд тэр үед танилцсан. Тэд надад ярихдаа “7 дугаар сарын 06-ны өдөр 200.000.000 төгрөгийн төсөвтэй, Увс нуурын хөвөөнд баригдах Ариун цэврийн байгууламжийн барилгын тендер шалгаруулалт болох гэж байна, танай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй гэнэ, эднийх цахилгааны шугамын эрхтэй, хамтарч тендерт оръё” гэсэн санал тавьсан. Тэгээд би дотроо эргэлзэж, 3 км гаруй цахилгааны шугамтай юм бол төсөвт өртөгтөө багтахгүй байх, тэгээд ч түрүүн тендер зарлахад нэг ч компани ороогүй дахин зарлаж байгаа гэсэн дэмий байх гэхэд Д.С гадна цахилгааны шугамыг манайх 40.000.000 төгрөгт багтаана. Амархан ажил, ядаад байх юм байхгүй гэж яриад, та өөрөөсөө шалтгаалах материалаа бэлд, би төсвийг хариуцъя. Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй гэсэн. Гэтэл С нэхэмжлэл дээрээ бид төсвөө хамтарч хийлгэсэн гэж худлаа бичсэн байна лээ. Тэр төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр уулзах үед Д.Сийг авч ирэхэд нь анх харсан. Т.А гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн нь үнэн. Хамтарч ажиллах гэрээнд 2 талын хариуцаж гүйцэтгэх ажлын нэр, төрлийг бичсэнээс тоо хэмжээ, үнэ хөлсийг дурдаагүй. Гэрээ хийх үед би Д.С жинхэнэ батлагдсан зураг, төсвийг гэрээнд мөрдөж ажиллана гэдгийг хэлэхэд тэр зөвшөөрсөн. Гэтэл одоо өөрөө амаараа захиалж хийлгэсэн төсвөө бариад нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Уг барилгын ажил гүйцэтгэх гэрээг Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын зураг төсвийг хийлгүүлэхийн тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газраа хүлээн авч Улаанбаатар хотын Х-И гео ХХК-аар инженер геологийн хайгуул хийлгүүлж, 8 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан дүгнэлт гарч, мөн зураг төслийн П-Т ХХК-д зураг, төсвөө захиалан, 8 дугаар сарын 31-ний өдөр ажлын зураг, төсвөө хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилга угсралтын ажлаа эхэлсэн. Уг зураг төсөв 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын экспертээр хянагдаж батлагдсан. Уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63.473.383 төгрөг байгаа, үүнээс туслан гүйцэтгэгч О.Э компанийн захирал Д.С барилгын ажлын гүйцэтгэлийн дагуу гурван үе шаттайгаар нийт 60.094.000 төгрөгийн санхүүжилтийг өөрийнх нь хүссэнээр хувийн хадгаламжийн дансанд нь шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3.379.383 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын баталгааны барьцаанд гурван жилийн хугацаатай татагдаж үлдсэн байгаа. Дээрх төсөвт барилгын гадна бохирын сефтик системийн угсралт, цэвэр усны гүний худгийн ажил, дүүжин тааз, 00-н өрөөнүүдийн таславч хана, цонх, дээврийн хашлага хананы төмөр, суурь, хананы төмөр бетон бүс болон бусад ажлууд хаягдсаныг манай компани бүрэн гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгсөн. Уг барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авах 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр О.Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 8 төрлийн зөрчил дутагдал гарсныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр ашиглалтад авсан. С нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг бүрэн авсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2, 350 дугаар зүйлийн 350.1.5-д зааснаар хариуцагч Х.О ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 /арван найман сая зургаан зуун далан дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч “Б.х” ХХК-иар зураг төсвөө гаргуулахдаа ариун цэврийн байгууламжийн дотор болон гадна гэрэлтүүлгийн ажлын зургийг гаргуулах талаараа мэдээлээгүйгээс энэхүү ажлын зургийг дутуу гаргуулж, улмаар ариун цэврийн байгууламжаас 70 метрийн зайтай цахилгааны ажил дуусчээ” гэж үзсэн байна.

“Х.О” ХХК –ийн Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан УВА ОНӨГ/201812065 дугаартай гэрээ /2-р хавтасны 206-210 тал/ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ бөгөөд тус гэрээний дагуу хийгдэх бүх ажил болон тус ажлуудын зураг төсөв хийгдэхэд зарцуулагдах зардал нь нийт гэрээний үндсэн дүнд багтсан байдаг.

Тус гэрээний дагуу ариун цэврийн байгууламжийн ажил болон цахилгааны ажил хийгдэж эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий ажил гүйцэтгэгч хуулийн этгээдүүд ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж үндсэн гэрээний захиалагч тал болох Аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын албаны холбогдох албан тушаалтнуудад өөр өөрсдийн ажлын зураг төсвийг хянуулж, баталгаажуулаад ажлын зураг төсвийн нэг нэг хувийг ажил гүйцэтгэгч хуулийн этгээдүүд нөгөө нэг нэг хувийг нь УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээний захиалагч тал болох Засаг даргын ажлын албанд хүлээлгэж өгсний үндсэн дээр ажлаа эхэлсэн байна. Учир нь тус батлагдсан зураг төсвийн дагуу ажил гүйцэтгэгч нар ажлаа хийж, захиалагч тал болох Засаг дарга ариун цэврийн байгууламжийн ажлыг хүлээж авахдаа, явцын хяналт хийхдээ тус батлагдсан зураг төсвүүдийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт хийх ажлыг хүлээн авдаг байна.

Хэрэв нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ариун цэврийн байгууламжийн дотор цахилгааны ажил болон гэрэлтүүлэг нь нэхэмжлэгч тал болох “О.Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажилд анхнаасаа багтаж байсан бол нэхэмжлэгч талын хийгдэх цахилгааны ажлын зураг төсөвт тус ажлын зураг орж хийгдэх байсан. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч “О.Э” ХХК Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д зааснаар мэдээлэх үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн гэрээгээр хийж гүйцэтгэх ёстой ажлын зургаа захиалагч тал болох хариуцагч “Х.О” ХХК-д мэдээлэхгүйгээр ажлын зургийг дутуу гаргуулж, улмаар цахилгааны ажлыг дутуу хийсэн байсан бол ариун цэврийн байгууламжийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий үндсэн ажил гүйцэтгэгч “Х.О” ХХК-ийн “П-Т” ХХК-иар хийлгэсэн барилгын ажлын зурагт тус ариун цэврийн байгууламжийн дотор цахилгааны ажлын зураг хийгдэх ёсгүй байсан. Барилгын ажил хийгдэж эхлээгүй байх үед үеийн барилгын ажлын зураг төсөвт тус барилгын дотор цахилгааны ажил багтаж зураг төсөв хийгдэж батлагдсан байгаа нь тус ажил бол хариуцагч “Х.О” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажилд анхнаасаа багтаж байсныг харуулж байна.

Гэтэл хариуцагч талын хийх ажлын зураг төсөвт барилгын дотор цахилгааны ажил багтаж хийгдсэн байгаа нь тус ажлыг анхнаасаа хариуцагч тал хийж гүйцэтгэх үүрэгтэй байсныг нотолж байхад үүнийг нэхэмжлэгч болох “О.Э” ХХК-ийн хийх ажил байсан, үүнийгээ захиалагч тал болох “Х.О” ХХК-д мэдээлэх үүргээ биелүүлэхгүйгээр цахилгааны ажлын зургийг дутуу хийлгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу ажлын үр дүнг захиалагч болох “Х.О” ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тодорхой ажлуудыг дутуу гүйцэтгэсэн гэж үзсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан улсын комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл болон “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” зэргээс нэхэмжлэгч “О.Э” ХХК цахилгаан ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд улсын комисс тус ариун цэврийн байгууламжийн барилгын ажил болон цахилгааны ажлыг 100 хувь саналтайгаар хүлээн авч аймгийн Засаг даргатай хариуцагч “Х.О” ХХК-ийн байгуулсан УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.13 дахь хэсэг, гэрээний тусгай нөхцөлийн 13 дугаар хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлээр буюу гэрээнд заагдсан ажил бүрэн гүйцэт хийгдсэн тул ажлын хөлс болох 197.347.401 төгрөгийг хариуцагч “Х.О” ХХК-д бүрэн шилжүүлсэн болох нь хариуцагч талын хариу тайлбар, гэрч Шинэбаяр, М.Улаанхүү нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогддог:

УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7, 5.2.8, 5.3.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу туслан гүйцэтгэгч “О.Э” ХХК гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй буюу дутуу гүйцэтгэсэн байсан бол хариуцагч “Х.О” ХХК үлдэгдэл санхүүжилтээ бүрэн гүйцэт авч чадахгүй байх байсан мөн улсын комисс тухайн ариун цэврийн байгууламжийн ажлыг хүлээн авахгүй байх байсан.

Хэрэв Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу туслан гүйцэтгэгч “О.Э” ХХК ажлаа бүрэн хийгээгүй, ажлын үр дүнг захиалагчид шилжүүлж өгөөгүй юм бол хариуцагч “Х.О” ХХК улсын комисст ямар ажил хүлээлгэж өгөөд захиалагч болох аймгийн Засаг даргаас гэрээний санхүүжилтийг хэрхэн яаж хүлээж авсан болох нь ойлгомжгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн зардлын баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг хариуцагч “Х.О” ХХК-иас гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзсэн” байна.

Нэхэмжлэгч “О.Э” ХХК-ийн захирал С шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан тайлбарууддаа тухайн ажлыг хийж гүйцэтгэх үедээ ажлын хөлсөн дээр маргаан гарна гэж бодоогүй учраас материал авах жижиг урсгал зардлууд болон цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх үедээ хэрэглэсэн материалуудыг авахдаа нэг бүрчлэн санхүүгийн баримт бүрдүүлээгүй гэдгээ хэлдэг. Нийт гаргасан зардлаа нэг бүрчлэн нотолж чадахгүй байна гэдэг нь зардал гаргаагүй эсхүл төсөвт өртөг бүхий ажлаа хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон тендерт оролцохдоо зохиосон ажлын нийт төсвийн дагуу цахилгааны ажил 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд нэхэмжлэгч “О.Э” ХХК батлагдсан зураг төсвийн дагуу тухайн зураг төсөвт дурдсан материалын түүвэрт багтсан бүх материалын дагуу цахилгааны ажлыг хийж хүлээлгэн өгсөн байхад санхүүгийн баримт байхгүй гэх үндэслэлээр шууд нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг хариуцагч “Х.О” ХХК-иас гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Х.О” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “О.Э” ХХК-ийн захирал Д.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.О ХХК-тай 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хамтарч оролцсон.

О.Э ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхэд 13.000.000 гаруй төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Бусад ажилчдын цалин хөлс болон бусад зардлыг одоогоор нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байна.Тухайн үед цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ хэрэглэсэн материалуудыг авахдаа нэг бүрчлэн санхүүгийн баримт бүрдүүлээгүй бөгөөд нөхөн бүрдүүлбэл хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болчих гээд байсан.

Хэдийгээр 78.768.872 төгрөгийн баримтыг нотолж чадаагүй боловч тухайн батлагдсан зургийн дагуу бүх түүхий эд хэрэгслийг оролцуулан цахилгааны ажлыг 100 хувь хийсэн учир улсын комисс хүлээн авсан байдаг. Улсын комисс тухайн барилгыг хүлээн авахдаа номер дугаар тавих шаардлагатай мөн будаг замаск давхарлах зэрэг жижиг үүрэг даалгаврууд өгсөн учир О.Э ХХК 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үлдсэн жижиг ажлыг хийж гүйцэтгэн Увс цахилгаан түгээх ХХК-д хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар 217, 218 гэсэн хоёр дэд станцыг Увс нуурын хөвөөнд чанарын шаардлага хангасан, ямар нэгэн гомдол саналгүй хэвийн ажиллаж байгаа.

Барилгын ажлыг гэрээнд зааснаар хийж гүйцэтгэж улсын комисс хүлээн авсны дараа Х.О ХХК-ийн захирал Ү.М хэлэхдээ манай компани ашиггүй ажилласан учир О.Э ХХК-д мөнгө өгөх боломжгүй учир заргалдаад мөнгө олоорой гэж хэлж байсан.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

Нэхэмжлэгч “О.Э” ХХК нь хариуцагч “Х.О” ХХК хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн байдаг. Хамтран ажиллах гэрээнд зааснаар нэхэмжлэгч “О.Э” ХХК нь ариун цэврийн байгууламжийн гадна дотно цахилгааны ажлыг хариуцахаар гэрээнд заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э, Ц, Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Х.О” ХХК-ийн хувьд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу санхүүжилт болох 197.347.401 төгрөгийг бүрэн гүйцэт авсан учир “О.Э” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. “О.Э” ХХК хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийсэн цахилгааны ажлын тайлан болон 18.674.872 төгрөгийн санхүү төсөв тооцооллыг нотолж чадаагүй ба анхан шатны шүүхэд 13.000.000 гаруй төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа “Х.О ХХК-ийн хувьд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу санхүүжилт болох 197.347.401 төгрөгийг бүрэн гүйцэт авсан. Гэрээнд заасан санхүүжилтийг олгож байгаа нь тухайн ариун цэврийн байгууламжийг 100 хувийн саналтайгаар улсын комисс хүлээн авч ажлыг бүрэн хийсэн учир санхүүжилтийг гүйцэт олгосон” гэдэг тайлбар гаргасан байдаг.

Улсын комисс уг ариун цэврийн байгууламжийг хүлээн авсан боловч давхар үүрэг даалгавартайгаар авсан. Энэ нь улсын комиссын хурын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан цахилгааны ажил болон бусад жижиг ажлуудыг хийж гүйцэтгэхээр даалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна. Харин “О.Э” ХХК нь барилга хүлээн авсан улсын комиссын үүрэг болгосон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгээгүй байдаг. “О.Э” ХХК нь хамтран ажиллах гэрээнд дотор гэрэлтүүлэг гэсэн заалтыг анзаараагүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч О.Э ХХК-ийг хамтран ажиллах гэрээнд заасны дагуу 18.768.872 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан байдаг. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг “О.Э” ХХК нь “Х.О” ХХК буюу ерөнхий гүйцэтгэгчид тайлагнах ёстой үүргээ биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч “Х.О” ХХК-ийн захирал Ү.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “О.Э” ХХК нь Т.А гэх хүнээр 18.768.872 төгрөгийн төсөв хийлгэсэн байдаг. Хамтран ажиллах гэрээнд зааснаар “О.Э” ХХК барилгын гадна дотно талын нийт 12 үе шаттай цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч 2 үе шаттай ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. 2 шугамыг нэгтгэж техникийн нөхцөлийг өөрчилсөн байдаг. Мөн төмөр бетон нь хөлтэй модон шугам 58 ширхэг угсрах ёстой байсан боловч 38 ширхэг тулгуур угсарч, 2 трансформатор угсарсан. Барилгын дотор гадна гэрэлтүүлэг гэсэн 8 ажлыг хийж гүйцэтгээгүй. Хамтран ажиллах гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бол гэрээнд заасан төсөв мөнгийг авах ёстой байсан. “Х.О” ХХК-ийн зүгээс “О.Э” ХХК-ийн гэрээнд тусгагдсан 90 метр шугам татах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох болно. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй байж 18.768.872 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “О.Э” ХХК нь хариуцагч “Х.О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 18.674.872 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “бид тендерт шалгарсан төсвөөс өөр төсөв буюу экспертээр батлагдсан төсвөөр ажлаа гүйцэтгэсэн, уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63,473,383 төгрөгөөр төсөвлөгдсөнөөс баталгааны барьцаанд 3.379.383 төгрөг үлдээж, “О.Э” ХХК-ийн ажлын хөлсөнд нийт 60.094.000 төгрөгийг Д.Сийн хувийн дансанд шилжүүлж өгсөн. Мөн тус компани нь 12 төрлийн ажил гүйцэтгэхээс 2 ажлыг гүйцэтгэж, 10 ажлыг гүйцэтгээгүй орхисон тул манайх дутуу ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэж өгсөн. Хариуцсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, ажлын үр дүн хангалтгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар /Орон нутгийн өмчийн газар/ -аас 2018 оны 6 дугаар сард зарласан, орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хоёр зуун сая төгрөгийн төсөвт өртөгтэй, “Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих” ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад  барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий  “Х.О” ХХК, мөн  0,4-15 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “О.Э” ХХК  хамтран нэг төсвөөр оролцож, улмаар тендерт шалгарч “Х.О” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчийн хувьд захиалагч Увс аймгийн Засаг даргатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.

Х.О ХХК нь Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, 0,4 болон 0,6 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих ажлыг 197,347,401 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр Увс аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, үүнээс цахилгааны ажлыг хийж гүйцэтггүүлэхээр “О.Э” ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасны дагуу “Х.О” ХХК нь захиалагч Увс аймгийн Засаг дарга /Тамгын газар/-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, харин туслан гүйцэтгэгч “О.Э” ХХК-ийн хувьд захиалагч  бөгөөд маргалдагч талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээг “Хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн  байх боловч тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06/18 дугаар гэрээндээ тус тусын хийх ажлыг тусгасан гэх боловч хийж гүйцэтгэх ажил, уг ажлын төсөв болон  гүйцэтгэсэн ажлын хэмжээ, өртгийн талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал ажил гүйцэтгэгч “О.Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой “цахилгааны ажил”-д ямар ямар ажлууд багтаж байгаа, талуудын маргаж буй  гадна, дотно гэрэлтүүлэг хийх нь барилга байгууламж барих ажилд, эсхүл 0,4 болон 0,6 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих ажлын бүрдэлд хамаарах уу гэдэг нь  тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн хариуцагч “Х.О” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч тал ажлаа дутуу хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч “О.Э” ХХК-ийн дутуу хийсэн, эсхүл огт хийгдээгүй ямар ямар ажлууд байгаа, уг ажлыг өөрөө ямар өртөг зардлаар хийж гүйцэтгэсэн, мөн “О.Э” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг хэд болох талаар нотлоогүй, энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй буюу хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдоогүйгээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг зайлшгүй тодруулж, шаардлагатай тохиолдолд шүүх тусгай мэдлэг бүхий шинжээч томилох, үзлэг хийх, зохигчдыг мэтгэлцүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол

гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “О.Э” ХХК-д олгох үндэслэлтэй байна .

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.

            3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                            Л.АЛТАН