Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 124/ШШ2025/0008

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж би, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн дүгнэлттэй, Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-т холбогдох “Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 0252130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор С.Н би, тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-аас “Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э. У 9 давхар 54 айлын орон сууц бариулахаар ажиллаж байгаа тул галын аюулгүй байдлын загвар зургийг хянан баталгаажуулаагүй” гэх бүртгэлийн 03 дугаартай гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Э.У-т 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 0252130 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан Л.Б нь зөрчлийн холбогдогч Э.У-аас мэдүүлэг авсан боловч мэдүүлэгт танилцсан холбогдогч Ц.Ө гэж гарын үсэг зурсан. Мөн Э.У нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрснөө илэрхийлж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд холбогдогч Ц.Ө-өөр гарын үсэг зуруулсан. Шийтгэлийн хуудсанд холбогдогч Э.Ут зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсугай гэсэн боловч шийтгэлийн хуудас танилцсан холбогдогч Ц.Ө гарын үсэг зуруулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” , мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүнийг зөв тогтоон, холбогдогчоос мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, гарын үсэг зуруулаагүй, шийтгэлийн хуудсанд хэнд шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Бын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 0252130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Л.Б би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Уаас “Миний захиалгаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт 9 давхар 54 айлын орон сууц бариулахаар төлөвлөж байна. Иймд тус орон сууцны загвар зургийг хянаж баталгаажуулж өгнө үү” гэж ирүүлсэн өргөдлийн дагуу иргэн Э.У захиалгаар 9 давхар 54 айлын орон сууцны зориулалтаар баригдахаар төлөвлөж байгаа барилгын загвар зургийг хянаж мөн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах газарт үзлэг шалгалт, барилга хоорондын аюулгүйн зай хэмжээнд хэмжилт хийхээр очиход иргэн Э.У нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дах хэсэгт зааснаар “барилга байгууламжийг шинээр барих. өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах”, 21.3 дах хэсэгт зааснаар “Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно” гэх заалтыг зөрчиж барилгын ажил эхлүүлсэн байсан. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Э.У нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрснөө илэрхийлж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дагуу Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал бүрдүүлэн ажиллахдаа миний бие зөрчлийн холбогдогч Э.Уаас мэдүүлэг авсан боловч мэдүүлэгтэй танилцсан холбогдогч Ц.Ө гэж гарын үсэг зуруулсан. Мөн Шийтгэлийн хуудсанд холбогдогч Э.Ут зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсан боловч шийтгэлийн хуудастай танилцсан холбогдогч Ц.Ө гарын үсэг тус тус зуруулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.8 дугаар зүйлийн 3, 14 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг мөрдлөг болгон баримталж ажиллаагүй зөрчил дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй тул харгалзан үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н тус шүүхэд хандаж “Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0252130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-т холбогдуулан гаргасан.

Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0252130 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Э.У-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б прокурорын дүгнэлттэй холбогдуулаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүхэд бичгээр тайлбар гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ахмад Л.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0252130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

   

 

ШҮҮГЧ                                   О.БАТДОРЖ