| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10230/И |
| Дугаар | 191/ШШ2025/02553 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/02553
2025 03 27 191/ШШ2025/02553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************, ************** тоот хаягт байрлах, “Б.*************” ХХК /РД:**********/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Т.*************” ХХК болон түүний төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б.*************” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Б.*************" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Т.*************" ХХК-тай "Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний дагуу *************, ************** тоот нутаг дэвсгэрт байрших "Т.************* ХХК-ийн Орон сууцны барилгын дотор иж бүрэн зураг, төсөл боловсруулж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Орон сууцны барилгын дотор иж бүрэн зураг, төсөл боловсруулах ажилд ерөнхий төлөвлөгөө, тохижилт, авто зам талбай, өндөржилт, барилга архитектур, барилга бүтээц, дотор халаалт, салхивч, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, дотор холбоо, автоматик/зэрэг зургуудыг зурж өгөх, гэрээт ажлын нийт хөлсийг 206,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 3.1, 3.2-т заасан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэж 100 хувийн гүйцэтгэлтэйгээр "Т.*************" ХХК-ийн хүсэлтийн дагуу зураг төслийн ажлыг хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь гэрээт ажлын хөлснөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж ажлын үлдэгдэл төлбөр болох 171,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Иргэний хуулийн 343.1-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсний хөлсийг авах эрх үүсч байна. Гэтэл "Т.*************" ХХК нь гэрээт ажлын гүйцэтгэл болох зураг төслийн ажлыг хүлээн авсан атлаа ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс болох 171,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй биднийг хохироож байна.
"Т.*************" ХХК нь үйл ажиллагаа байнга явуулдаг хаягтаа бүртгэлгүй, холбоо барих утаснууд нь удаа дараа холбогдохгүй, оффисоосоо нүүсэн байсан тул гэрээнд заасан болон үйл ажиллагаа тогтмол явуулдаг байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргаас хаяг тодруулахад "Тус хороонд үйл ажиллагаа явуулдаггүй" гэж хариу ирүүлсэн. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчтай холбоо тогтоож чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу "Т.*************" ХХК-ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Б.*************” ХХК, “Т.*************” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 23/03-02 дугаартай, “Зураг төсөл боловчруулах ажлын гэрээ”, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/11-81 дугаартай, Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, “Х.**********” ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02401 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Т.*************” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ баримтууд,
Шүүхийн мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудасны хариу зэрэг хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Б.*************” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Т.*************” ХХК болон түүний төлөөлөгчийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Б.*************” ХХК нь *************, ************** тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн ********** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч “Т.*************” ХХК-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас ажлын хөлс 171,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, “Б.*************” ХХК, “Т.*************” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 23/03-02 дугаартай, “Зураг төсөл боловчруулах ажлын гэрээ”, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/11-81 дугаартай, Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, “Х.**********” ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар “Т.*************” ХХК нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02401 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Т.*************” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтад хаягийн мэдээлэл гэсэн хэсэгт **************, *************** тоот гэсэн байх бөгөөд уг хаягт “Т.*************” ХХК оршин байрладаггүй, түүний төлөөлөгч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн *, ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, “Т.*************” ХХК-ийн оршин байгаа хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“Т.*************” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтад хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Э.Б************** гэсэн идэвхтэй төлөвтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан “Т.*************” ХХК /РД:************ болон хуулийн этгээдийн төлөөлөгч Э.Б************** /РД:************/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар “Т.*************” ХХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлах, оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Б.*************” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц************, утас ************/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА